ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

"Давос"-ын лидергүй форум

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2019-01-28

Швейцарын Давос хотноо 1971 оноос хойш зохион байгуулагдаж буй 49 дэх удаагийн Дэлхийн эдийн засгийн форум энэ сарын 22-25-ны өдрүүдэд болж өндөрлөлөө.

Уулархаг бүс нутагт байрлах Давос хот жил бүрийн нэгдүгээр сард олон улсын томоохон чуулганы талбар болдог юм. Өнгөрсөн жилийн хувьд  урьд хожид үзэгдээгүй  зузаан цасанд дарагдсан байсан бол энэ жил цаг агаарын хувьд харьцангуй тогтвортой байжээ. 49 дэх удаагийн уулзалтад дэлхийн өнцөг булан бүрээс 110 гаруй улс орны төр, засгийн тэргүүнүүд, олон улсын байгууллагын төлөөлөгчид, пүүс компанийн удирдагууд, нийгмийн идэвхтэнүүд зэрэг гурван мянга гаруй албаны хүн цугларсан байна. 

Харин АНУ, ОХУ, Их Британи, Франц, БНСУ, БНХАУ-ын төрийн тэргүүнүүд энэ удаагийн уулзалтыг өнжив. Өөрөөр хэлбэл, дэлхий дахины өмнө тулгамдаж буй хэд хэдэн чухал асуудлыг хөндөх энэ удаагийн чуулганд шийдвэр гаргах, дэлхий дахинд нөлөө үзүүлэхүйц лидерүүд оролцсонгүй. Өнгөрсөн жил Дэлхийн эдийн засгийн форумын хаалтад ирж, үг хэлээд буцаж байсан АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп улс оронд нь үүссэн төр, захиргааны байгууллагын хэсэгчилсэн түр зогсолтын улмаас чуулганд оролцоогүй юм. Харин Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй БРЕКСИТ-тэй холбоотой асуудал, дотоодын улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан оролцоогүй бол Францын Ерөнхийлөгч ч гэсэн шатахууны үнийг буулгахын шаардсан “Шар хантаазтан”-уудын жагсаалын улмаас энэ удаагийн форумыг алгаслаа. Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНСУ-ын төрийн тэргүүн Мүн Жэ Ин нар ч Давост очоогүй бол БНХАУ-аас урьд урьдынхаасаа цөөн бүрэлдэхүүн оролцсон байв.

Форумд оролцсон төлөөлөгчид дэлхийн дулаарал, эдийн засгийн өсөлтийн удаашралт зэрэг асуудлыг хэлэлцжээ.  Энэ үеэр Шведийн 16 настай Грета Танберг “Бидний байшин шатаж байна” гэх сэдвийн дор дэлхийн дулаарлын асуудлыг хөндөн илтгэл тавьсан бол НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттереш дэлхийн удирдагч, бизнесмэнүүд үүний эсрэг ямар ч дорвитой арга хэмжээ авч чадахгүй байгааг шүүмжилсэн байна. Харин ОУВС-гийн  дарга Кристин Лагарде дэлхийн эдийн засаг хоёр жил тогтвортой өссөний эцэст удааширч эхэлсэн гэдгийг сануулсан бол  Хятадын дэд ерөнхийлөгч Ван Кишан улсынхаа эдийн засгийн өсөлтийг 6.6 хувьтай байгаад тийм ч сэтгэл дундуур биш байгаагаа илэрхийлжээ. Эдийн засгийн чуулга уулзалтад яг одоо халуун сэдэв болж буй Венесуэлийн асуудал ч хөндөгдсөн байна. Тус улс эдүгээ албан хийгээд албан бус хоёр Ерөнхийлөгчтэй болчихоод байгаа юм.

Тодруулбал,нэг нь  өнгөрсөн жилийн тавдугаар сард болсон сонгуульд ялалт байгуулж улиран сонгогдсон Николас Мадуро, нөгөө нь өөрийгөө Ерөнхийлөгчийг түр орлогч гэж зарласан Үндэсний ассамблейн тэргүүн Хуан Гуайдо. Хуан Гуайдог АНУ тэргүүтэй латин америкийн орнууд Венесуэлийн төрийн тэргүүн хэмээн хүлээн зөвшөөрөөд байгаа юм. Тэгвэл Давосын чуулганы үеэр Бразилийн Ерөнхийлөгч Жайр Болсорано, Канадын Гадаад хэргийн сайд Кристиа Фрилэнд нар  Хуан Гуайдог дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Лидерүүдгүй чуулганы үр дүн тийм ч гайхалтай байсангүй. Бас үр дүн ч байсангүй. Гэхдээ оролцсон төлөөлөгчид нь цөөн хэдэн асуудалд санал нэгдсэн байна. Тухайлбал, Японы ерөнхий сайд Шинзо Абэ олон улсын засаглалын үзүүлэлтийг сайжруулах ажлыг хийхээр болсон бол Их Британи нянгийн эсэргүүцлийг сайжруулах талаар арга хэмжээ авна гэдгээ мэдэгджээ. Үүнээс гадна дэлхийн удирдагчид Валкан, Сирийн асуудлаар ярилцсан аж.