ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Монгол дэлхийн хэвлэлд...

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2019-02-11

Xinhua: Монгол сая жуулчин хүлээн авч, тэрбум ам.долларын ашиг олно

БНХАУ болон ОХУ-ын зарим мэдээллийн сайтуудад Хөвсгөл аймагт ирэх сард зохион байгуулагдах мөсний фестивалийн тухай мэдээлэл нийтлэгдсэн байна. 

Тус мэдээлэл Хятадын хэвлэлд “Монгол гадаадын жуулчдыг татах зорилгоор мөсний наадам зохион байгуулна” гэх гарчигтайгаар нийтлэгджээ. Үүнд “Ирэх гуравдугаар сарын 2-4-ний өдрүүдэд Хөвсгөл нууранд “Хөх сувд-2019” сэдэвт мөсний баярыг Монгол Улс зохион байгуулахаар зэхэж байгаа тухай орон нутгийн мэдээллийн сайтууд дамжуулжээ. Гурван өдрийн турш үргэлжлэх үйл ажиллагааг өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, гадны жуулчдыг татах зорилгоор зохион байгуулж байгаа бөгөөд энэ үеэр ардын хөгжмийн концерт, бөө мөргөлийн ёслол, нохойтой чарганы тэмцээн, тэшүүр зэрэг уралдаан болох аж. Монголын Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээлснээр, Монголыг зорих жуулчдын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа гэнэ. Тус улсын Засгийн газар 2020 он хүртэл нэг сая жуулчин хүлээн авч, аялал жуулчлалаас нэг тэрбум ам.долларын ашиг олох зорилт тавьсан байна” гэжээ. 

 

9news.com: Шинэ төрлийн үлэг гүрвэлийн яс олджээ

Манай улсын нутаг дэвсгэрээс маш ховор төрлийн буюу шувуу шиг нисдэг үлэг гүрвэлийн чулуужсан олдвор олдсон тухай гадны томоохон шинжлэх ухааны сэтгүүлүүдэд нийтлэгдсэн байв. Тэдгээрээс “9news.com” сайтад “Шувуутай төстэй өвөрмөц үлэг гүрвэлийн шинэ төрөл Монголын нутаг дэвсгэрээс олджээ. Тодруулбал, Өмнөговь аймгийн Нэмэгтийн хөндийгөөс эрдэмтэд Овираптозавр гэх уг төрлийн олдворыг олсон байна.

Энэхүү шинэ төрөл зүйлийн олдворыг Говьраптор гэж нэрлэсэн бөгөөд судалгааны ажлыг Өмнөд Солонгосын Сөүлийн их сургуулийн Палеонтологийн тэнхим хийж буй аж.  Энэ төрөл зүйл нь шүдгүй, бусад төрлөөс зузаан эрүүтэй, 70 сая жилийн өмнө тухайн цаг үеийн бичил биетэн, ургамлаар хооллодог байсан болохыг тогтоожээ.  Мөн намаг, шалбааг ихтэй буюу нойтон газарт дасан зохицон амьдрах чадвартай байсан гэж судлаачид үзэж байна. Учир нь Говьраптор нуур, голын сав газар бүхий Нэмэгтийн хөндийгөөс олдсон юм. Энэ төрөл зүйлийн олдвор Хятад, Хойд Америкийн нутгаас ихэвчлэн олддог аж” хэмээжээ. 

 

Regnum: Монголоос импортолсон бүх хиамыг устгалд орууллаа

Монгол улсад Африкын гахайн мялзан өвчний халдварын   2019 оны нэгдүгээр сард бүртгэгдэж, одоог хүртэл халдвар авсан гахайнуудыг устгасаар байгаа юм. Тэгвэл манай улсаас уг өвчний вирус хил давсан талаар ОХУ-ын Регнум холбооны агентлаг, Буриадын Востоктелеинформ мэдээл­жээ.

Тодруулбал, энэ оны хоёрдугаар сарын 8-нд Өвөр Байгалийн Петровск-Забайкальскийн аймагт Африкийн гахайн мялзан илэрсэн хиамнуудыг устгасан байна. Хиагт боомтоор Монголоос оруулж ирсэн хиамнуудад уг вирус илэрсэн тул бүх хиамыг устгалд оруулсан болохыг тус аймгийн дарга мэдээлээд гахайн мялзан хэдийгээр хүнд хоргүй ч мал амьтанд сөрөг нөлөөтэй, мөн вирус бүхий хиамыг устгаснаар авч хэрэгжүүлэх ажил дуусаагүй, хүнсний аюулгүй байдалд онцгой анхааран өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа хэмээн онцолжээ.

Өмнө нь ОХУ-ын Абсолют худалдааны төв монголд үйлдвэрлэсэн хиамыг худалдан авсан үйлчлүүлэгчдээ авсан үнээсээ хоёр дахин их мөнгөөр буцаахыг уриалж байсан удаатай. Тус худалдааны төв нь Монгол улсын Хүнс комплексоос 8.1 тонн бүтээгдэхүүн худалдан авсан бөгөөд үүнд “Ханский пир” /Хааны найр/, “Монгольская”, “Улан-Баторская”, “Док­торс­кая из Монголии”, “Дары из Монголии” нэртэй хиамнууд байсан тухай ОХУ-ын Регнум холбооны агентлаг, Буриадын Востоктелеинформ мэдээл­жээ.