ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хоол биш хор зарсан “KFC”

Б.БУНДХОРОЛ (сэтгүүлч)
2019-02-17

Дэлхий даяар 135 оронд, 45 мянган  салбар бүхий KFС түргэн хоолны ресторан Монголд 2013 онд нээгдэж байлаа. Тэр цагаас хойш өргөжин тэлсээр эдүгээ Улаанбаатар хотод 11 нэгэн салбартай томоохон түргэн хоолны ресторан болжээ. Тус рестораны Монгол дахь эрхийг “Таван богд” групп эзэмшдэг билээ. Байгуулагдсанаас нь хойш эдний рестораны бүтээгдэхүүнд хордлоо гэх үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл нийгмийн сүлжээнд байсхийгээд л тавигддаг.

Харин өнөөх мэдээллүүдийн үнэн эсэх, гомдол хэрхэн шийдэгдсэн нь мэдэгдэхгүй сураг алдардаг гэхэд болно. Гэтэл энэ удаа Нийслэлийн Хан-Уул дүүрэгт байрлах түргэн хоолны “KFC” сүлжээний Зайсан дахь салбараар үйлчлүүлсэн олон иргэд гэр бүлээрээ хоолны хордлогод орсон талаар мэдээлэл цацагдсан юм. Тодруулбал, “KFC” сүлжээ­ний “Зайсан” салбараар үйлчлүүлсэн, хоол захиалж идсэн гэх халуурах, бөөлжих, суулгах зовиуртай 80 гаруй хүн Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-д ханджээ.

Харин тэднээс 37 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Түүнчлэн уг асуудалтай холбоотойгоор салбар яамнаас тандалт судалгаа хийхэд, хоёрдугаар сарын 9, 10, 11-нд Зайсан дахь “KFC” сүлжээ ресторан­аар үйлчлүүлсэн хүмүүст хордлог­ын шинж тэмдэг илэрсэн нь тогтоогдсон аж. Мөн ЭМЯ-аас мэдээлснээр хордлого авсан иргэдийн дийлэнх нь “Найзууд” багц захиалан идсэн ба тухайн өдөр 300 гаруй багц худалдаанд гаргасан гэх мэдээлэл ч байгаа юм. Иймд, хоёрдугаар сарын 9, 10, 11-нд Зайсан дахь “KFC” салбараар үйлчлүүлсэн хүмүүс харьяа дүүргийн эрүүл мэндийн төв болон ХӨСҮТ-д яаралтай үзүүлэхийг албаны­хан зөвлөв.

Мөн энэ мэдээллийн мөрөөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийсэн бөгөөд НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш “KFC-гийн Зайсан дахь салбараар  хоёрдугаар сарын 8,9,10 өдрүүдэд үйлчлүүлсэн хүмүүс ХӨСҮТ-д  эмчилж байгааг тус байгууллагаас энэ сарын 12-нд анх мэдээлсэн. Мэдээллийн мөрөөр тус салбарт Хан-Уул дүүргийн мэргэжлийн хяналтын байцаагч нар томилогдон ажилласан. Ажил­лах хугацаанд тоног төхөөрөмжөөс нь арчдас, хоолны дээж, ундны уснаас нь дээж авч шинжлүүлсэн.

Мөн “KFC”-гийн Зайсан дахь салбарт ажилладаг 28 хүнээс нян тээгч илрүүлэх шинжилгээ авлаа. Уг шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс гаргаж өгөөгүй байна. Үүссэн асуудал­тай холбоотой Зөрчлийн хэрэг нээж, прокурорын зөвшөөрлөөр тухайн газрын үйл ажиллагааг хоёрдугаар сарын 13-ны өдрөөс түр зогсоосон.  Үүнээс гадна “KFC”-гийн Зайсан дахь салбарын ажилтнуудад шинжилгээ хийж, эрүүл мэндийн төвүүдэд шалгалт хийж, хордлого юунаас болсныг нарийн шалгаж байгаа. Өнөөдрийн байдлаар хордлого юунаас болсныг тогтоогүй байгаа учраас бусад “KFC”-гийн бусад салбарыг шалгахгүй байгаа. Бусад салбарыг шалгах хуулийн заалт ч байхгүй. Бүтээгдэхүүнээс болсон юм уу, тоног төхөөрөмжөөс үү, юунаас болсон бэ гэдэг нь тодорхойгүй.

Мөн тухайн ажилчдаас болсон байхыг ч үгүйсгэхгүй.  Ажилчдаас хэн нэг нь  ямар нэг өвчний нян тээгч байснаас болсон байх­ыг үгүйсгэхгүй. Хэрэглэж байсан уснаас болсон уу, бусад тоног төхөөрөмжөөс нь болсон уу гэдгийг шалгаж тогтоохгүйгээр бусад салбар­ыг нь шалгах үндэслэл байхгүй. Өөрөөр хэлбэл, бусад салбарыг нь шалгах эрх зүйн үндэслэл байхгүй. Ийм учраас бид бусад салбарт шалгалт хийхгүй байгаа. Шинжилгээний эцсийн хариу хоёрдугаар сарын 18-нд гарна” гэсэн юм. Олон хүн хоолонд хордчихоод шинжилгээний хариу гарах болоогүй гэж мэдэгдэж байгаа нь манай төрийн байгууллагынхны ажлын хурдыг илтгэнэ.

Мөн хоолонд хордсоноос бусад салбарыг шалгахгүй, тийм боломж байхгүй гэж байгаа нь хүн хордохоос нааш шалгаж болдоггүй манай хуулийн мөн чанарыг харуулах аж. Үүнээс гадна нийслэлийн шуурхай удирдлагын утсанд энэ сарын 14-нд “KFC”-гийн “Home plaza”-гийн салбараар үйлчлүүлсэн иргэн 2-3 хоног халуурч гүйлгэсэн гэсэн гомдол иржээ. Гомдлын мөрөөр Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс “Home plaza” дахь салбарт шалгалт хийж, гомдол өгсөн хүний худалдаж авсан хүнсний бүтээгдэхүүнээс дээж авч, лабораторид шинжлүүлэхээр өгчээ. Энэ асуудаар ч зөрчлийн хэрэг нээн шалгаж байгаа хэмээв.

Харин ХӨСҮТ-ийн халдварт өвчин тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэвлэлд өгсөн мэдээлэлдээ “Одоогоор хоолны хордлогын шинж тэмдэгтэй 30 гаруй хүн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Үүний 10 гаруй нь 3-14 насны хүүхдүүд бол үлдсэн нь насанд хүрэгчид. Өвчтөнүүд эхлээд өндөр халуурсан, усан суулгалтын шинж тэмдэгтэйгээр хүрч ирсэн” гэжээ.

Хоолонд хордсон иргэн Х.А-тай холбогдоход “Хоёрдугаар сарын 11-ний өдөр нөхөр, хоёр хүүхдийн хамт Зайсангийн “KFC” салбарт очиж, тахиа, бургер, шарсан төмс захиалж идсэн. Уух зүйлээр кола ундаа авсан. Хооллосноос хойш ердөө цаг хүрэхгүй хугацааны дараа долоон настай хүү маань халуурч, бөөлжиж эхэлсэн. Удалгүй нөхөр бид хоёр бөөлжиж, гүйлгэж эхэлсэн учраас түргэн дуудаж, Халдвар өвчин судлалын үндэсний төвд хүргүүлж очсон. Биднийг очиход эмч нар шууд л “KFC-гээр үйлчлүүлсэн үү” гэж асуугаад, “Яаралтай хэвт” гэсэн. Манай хоёр ойтой хүүхэд тахиа огт идээгүй. Зөвхөн шарсан төмс идсэн болохоор хордлого аваагүй.

Харин нөхөр, том хүү бид гурав тахиа идсэн учраас хордсон юм гэж бодож байна. Эмнэлэгт хэвтсэнээс хойш “KFC”-гээр үйлчлүүлсэн гэсэн маш олон хүн ирж байгаа. Гэхдээ зарим нь ажилтай гээд гэрээр эмчилгээ бичүүлээд явж байна лээ. Бид маш их гомдолтой байна. Одоо хүртэл гүйлгэлт зогсохгүй, зовуурьтай байна. Том хүн ийм их зовуурьтай байхад хүүхдүүдэд маш хүнд тусч байгаа нь ойлгомжтой. Эмнэлэгт ирсэн хүмүүсийн дийлэнх нь хүүхдүүд байгаа харагдсан” гэжээ.

Дэлхий даяар олон мянган салбартай томоохон түргэн хоолны ресторанаас болж  олон хүнийг хамарсан хоолны хордлого гарсан байхад тус рестораны Монгол дахь эрхийг эзэмшдэг Таван богд группээс “Олон нийтийн сүлжээгээр KFC Зайсан дахь салбараар үйлчлүүлсэн иргэд хоолны хордлогод орсон тухай мэдээлэл гарсанд бид маш их харамсаж байна” гэсэн хачин мэдэгдэл хийлээ. Хоолонд хордсон хүмүүсийн эрүүл мэндэд санаа зовох бус тийм мэдээлэл гарсанд нь харамсаж буйгаа илэрхийлэв.

Түүгээр ч зогсохгүй хоолны хордлогод өчнөөн хүн хордсон байхад Тус мэдэгдэлд “Бид сайн дураараа Хан-Уул дүүр­гийн мэргэжлийн хяналтын хэлтэст хандсан” гэх зэр­гээр өөрсдийгөө өмөөрсөн мэдэгдлийг гаргасан нь дэндүү хариуцлагагүй үйл­дэл байлаа. Нэг ёсондоо манай хоолонд олон хүн хордчихлоо. Гэтэл мэдээлэл нь тарчихлаа. Энэ мэдээллийг тарааж буйд чинь харамсаж байна. Харин ч тэгж ярих юм бол бид өөрсдөө мэргэж­лийн хяналтын байгууллагад хандаж шалгуулсан шүү. Одоогоор хариу нь гараагүй байхад олон юм битгий яриарай” гэсэн утгатай мэдэгдэл гаргаад сууж байна, тэд. Харамсалтай...