ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Н.Учрал: Үндэсний дата төв төрийн мэдээллийг хакердуулсан

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-02-17

УИХ-ын Цахим бодлогын түр хорооноос “Үндэсний дата төв” төрийн мэдээллийг хакердуулсан болон “Хур” системийг яаралтай зогсоох асуудлаар мэдээлэл хийлээ. Тус ажлын хэсгийг Н.Учрал гишүүн ахалдаг бөгөөд өнгөрсөн хугацаанд дөрвөн хэсэг болон хуваагдаж, дөрвөн асуудлаар ажлын хэсэг гарган ажиллажээ. Тодруулбал, мэдээллийн аюулгүй байдалд дүн шинжилгээ хийж, цаашид холбогдох бичиг баримт гаргах. Хоёрдугаарт, Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалд бэлтгэх, төрийн нэгдсэн бодлогыг боловсруулах, гуравдугаарт, хууль эрхзүйн орчинг боловсронгуй болгох, дөрөвдүгээрт, төрийн цахим шилжилттэй холбоотой ажлыг хийж хэрэгжүүлжээ.

Үүнээс гадна Хүүхдийг түүний хөгжил, эрүүл мэнд, сэтгэхүйд саад болохуйц мэдээллээс хамгаалах тухай хуулийн төсөл боловсруулснаа хаврын чуулганаар оруулж ирэхэд бэлэн болжээ. УИХ-ын гишүүн Н.Учралын тухайд өнгөрсөн хугацаанд буюу 2017 онд “Монгол Улсын төрийн мэдээллийг хакерджээ” гэсэн мэдээлэл дэлхийн мэдээллийн сайтуудад гарсны дараа Үндэсний дата төв, Тагнуулын Ерөнхий газар, УБЕГ-т хандаж, мэдээлэл авахыг хүсчээ. Гэсэн ч Тагнуулын Ерөнхий газар хариу ирүүлээгүй бөгөөд “Үндэсний дата төв” 2018 оны ажлын тайлангаа ирүүлсэн аж.

Энэ тайланд дурьдсанаар Казахстан улсад байрлалтай “Касперский Лайв” компанийн Зүүн Ази болон Монгол Улсын асуудал хариуцсан захирал нь танай улсын төрийн мэдээлэл чинь халдлагад өртлөө гэх мэдээллийг явуулжээ. Манайх хариуд нь “Мэдээлэл авъя” гэсэн хариу явуулсан ч төлбөр нэхсэн байгаа юм. Гэтэл төлбөр төлөх боломжгүй гэсэн хариуг Дата төв явуулсны дараа гурван сарын дараа дэлхийн томоохон гурван сайтаар Монгол Улсын төрийн мэдээллийн систем, сервер халдлагад өртлөө гэдэг мэдээлэл гарсан.

Н.Учрал гишүүн энэ талаар хэлэхдээ “Зүгээр ч нэг сайт биш дэлхий дахинд 400 гаруй сая хүн, 270 гаруй мянган компанийн мэдээллийг хадгалдаг мэдээллийн сайтад гарсан. Канадад төвтэй сайт, мөн АНУ-ын томоохон сайтаар өнгөрсөн зургаан сард гарсан. Цахим аюулгүй байдлын индексээр манай улс 15-д жагсдаг байсан бол энэ мэдээлэл гарсны дараа дэлхийд 103-д жагссан. Албан мэдээлэл авна гэхээр нэр хүндээ бодоод дандаа ийм тайлан явуулдаг. Мэдээллийн аюулгүй байдал ноцтой болсон. Тиймээс энэ асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандана.

Төрийн мэдээллийн нэгдсэн сан бүхий байгууллагаар “Үндэсний дата төв”-ийг нэрлэж, хуульчилж өгсөн. Гэтэл энэ байгууллага өнөөдөр ямар байдалтай үйл ажиллагаа явуулж байна гэхээр мөнгө олох гэж ажиллаж байна. Улсын төсөвт 240 сая төгрөг олох ёстой гэж энэ байгууллагыг тусгасан. Тэр мөнгөө олохын тулд төрийн 1000 гаруй байгууллагын бүх мэдээллийг өөр дээрээ хадгалж байна. Иргэний бүх мэдээлэл гэсэн үг шүү. Мэдээллийг хадгалж байгаа байгууллагад хувийн байгууллагууд ч мэдээллээ мөнгө төлж хадгалуулдаг. Нэг ёсондоо процесороо оруулж, дата төвд хадгалуулдаг гэсэн үг. Сая Австралийн компани хүртэл мөнгөө төлөөд манай төрийн мэдээллийг хадгалдаг дата төв дээр мэдээллээ хадгалуулчихсан байна. Энэ бол уг нь тусгай обьект юм шүү дээ. Төрийн ордонд ямар нэг гадны компани өрөө түрээсэлж байгаатай яг адилхан” гэв.

Тиймээс энэ асуудлыг УИХ-аар яаралтай хэлэлцэж, “Хур” системийг түр хойшлуулах ёстой гэж үзжээ. “Хур” систем хэрэгжихдээ төрийн 27 байгууллагын мэдээллийг багтаана гэсэн мэдээлэл өгсөн аж. Хурууны хээ уншигч байршуулж, иргэдэд нээлттэй болгоно гэсэн ч татварын байгууллагаас бусад нь хурууны хээний системээ хэрэгжүүлээгүй байгаа аж. Гэтэл банк санхүүгийн байгууллага энэ системийг хэрэгжүүлчихсэн бөгөөд хууч өвчнөөс эхлээд иргэнтэй холбоотой дахин давтагдашгүй мэдээллийг ингэж хамаагүй тарааж байгаа нь болохгүй асуудал гэж үзжээ. Хур систем бүрэн хэрэгжиж эхэлснээр өвчний түүхээс эхлээд НӨАТ-аас мөнгө авсан, ямар үл хөдлөх хөрөнгөтэй, хэнд өр тавьсан нь хүртэл ил болох учраас мэдээллийн аюулгүй байдлаа бататгаж, чангалж чадаагүй атлаа энэ системийг хэрэгжүүлж, ямар ч бэлтгэлгүй эхлүүлэх нь дэндүү аюултай гэж Цахим бодлогын түр хороо үзсэн байна. Тиймээс энэ асуудлыг УИХ-ын чуулганаар хаалттай хэлэлцэж, Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд ярина гэлээ.