ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ц.Амартөгс: 40 гаруй мянган ажлын байр бий болгоно

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-02-27

“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-гаас иргэдийг ажлын байртай болгоход  хэрхэн анхаарч ажиллаж байгаа талаар НХХЯ-ны Хөдөлмөр эрхлэлтийн  бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Амартөгсөөс тодрууллаа. 

-Засгийн газрын тусгай сангуудын нэг нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан байдаг. Энэ сан хаанаас хөрөнгө мөнгөө төвлөрүүлдэг вэ? 

-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хуулийн хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагаанаас орлого олдог. Энэ санд төвлөрүүлсэн нийт хөрөнгийг хөдөлмөрийн зах зээлийг дэмжих  олон арга хэмжээнд зарцуулах учиртай. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нийтлэг үйлчилгээ гэж бий. Уг үйлчилгээнд ажил мэргэжлийн  чиг баримжаа олгох үйлчилгээ үзүүлэх,  мөн  ажилд зуучлах, ЕБС-ийн  сургуульд  суралцаж буй хүүхдүүдэд ажил мэргэжлээ хэрхэн зөв сонгох, хөдөлмөрийн зах зээл дээр байгаа иргэдэд онцлог  хэрэгцээнд  нь тохируулсан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүдийг  хэрэг­жүүл­дэг. Иргэд хүүгүй зээлээр санхүүгийн дэмжлэг олгох үйл ажиллагаанд  хамрагдах нь элбэг. Энэ ажлыг бүх аймаг, есөн дүүрэгт чиглүүлж зохион байгуулж байна. 

-Санхүүгийн дэмжлэг гэхээр хэрхэн олгоно гэсэн үг вэ.  Эргэн  төлөлт хэр их  хугацаанд үргэлжлэх вэ? 

-Хөтөлбөр тус бүрт гурав хүртэлх сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг буюу хүүгүй зээлийг олгодог. Бага хэмжээтэй боловч хувиараа бизнес эрхэлдэг иргэдэд олгодог үйлчилгээ юм. Хоёр жилийн хугацаанд эргэн төлөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулж хамтарч ажиллаж байгаа. 

-2019 онд хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд хэчнээн ажлын байр бий болгох  вэ?

-Өнгөрсөн жил 13  мянган иргэнд санхүүгийн дэмжлэг болон зөвлөгөө олгох  үйлчилгээг үзүүлсэн. Ажлын байр хадгалагдаж шинэ ажлын байр бий болсон гэсэн судалгааны үндсэн дээр тооцоогоо гаргалаа.  2019 онд улсын  эдийн засгийн  хэмжээнд 40 гаруй мянган ажлын  байрыг  бий болгоно гэсэн тооцоо гаргасан. Гэхдээ хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн  хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдэд 10 гаруй мянган  ажлын  байр  бий болно гэж тооцсон. Үүнд хувиараа хөдөлмөр  эрхлэх,  хоршоо  байгуулах,  бичил  бизнес эрхлэх үйлчилгээний хүрээнд  явж байгаа. Аж ахуй нэгж гэхээсээ илүү хувиараа хөдөлмөр эрхэлж буй иргэд түлхүү  хамрагдаж байна. 

-Манай улсад гадаадаас ажиллах хүч сүүлийн  жилүүдэд ихсэх хандлагатай байна. Энэ талаар  ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа вэ? 

-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих  тухай хууль болон НХХЯ-аас баримталж буй бодлогод аль  болох  иргэдийг хүртээмжтэй, ажилтай орлоготой, сайн цалин хөлстэй болгох гэсэн чиглэлийг барьж ажилладаг. Бодлогын хүрээнд гадаадаас авах ажиллах хүчний тоог бууруулахыг  зорьж байгаа. Ялангуяа нийгэмд  нийтлэг байдаг мэргэжилтэй ажлын  байруудад  гадаадын  иргэн  авахаас илүү, монгол ажилтнаа сургаж, дадлагажуулж авах үйл ажиллагааг дэмжихээр төлөвлөсөн. Засгийн  газрын  зорилтын  хүрээнд  ч тэр гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний тоог 2016-2020 он хүртэл 50 хүртэлх хувиар  бууруулсан байх ёстой гэсэн зорилт дэвшүүлсэн.  Энэ зорилтын хүрээнд зөвхөн тоог  хязгаарлахаас гадна, тогтвортой ажлын  байртай болгох  талаар  аж ахуй нэгж байгууллагуудтай хамтарч ажиллах  бодлого барьж байна.