ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Цэрэнчимэд: Хөдөөд олон нийтийг хамарсан ажил үгүйлэгддэг

С.ЭРДЭНЭБАТ (сэтгүүлч)
2019-03-05

Галт тэрэг намуухан хөдлөв. Хүн олон болоод тэрүү бөгчим халуун. Нэгэн хэмээр тачигнах галт тэргэний чимээтэй хоршин хамт зорчиж яваа хүмүүс чанга ярьж, инээлдэх нь хэзээний танил хүмүүс байна даа гэх бодол төрүүлж байлаа. Уг нь галт тэрэг дөнгөж хөдөлж байхад нам гүм, хүмүүс бие биенээ ажиж, нэгнээ цэгнэж байгаа мэт дуугүйхэн байдагсан. Гэтэл инээд наргиан хөглөсөн зочидтой хамт суужээ.

Тэнд аваргаа, даргаа гэх үгс олон давтагдаж, нэг залууг дарга хэмээн нас харгалзахгүй хүндэлж байгаа нь харагдав. Тиймээс сэтгүүлч хүний сониуч зангаар түүнтэй танилцахаар суудалдаа урилаа. “Би Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Цагаан хад багийн Засаг даргаар 20 жил ажилласан Д.Цэрэнчимэд гэж хүн байна” хэмээн өөрийгөө танилцууллаа. Д.Цэрэнчимэд энэ сумын уугуул гэнэ.

Арван жилийн сургуулиа 1998 онд төгсөөд цэрэгт татагдаж нийслэлд АА-ийн 029 дүгээр ангид  алба хаагаад нутагтаа ирж, багийн даргын сонгуульд нэрээ дэвшүүлж ялалт байгуулснаас хойш өнөөдрийг хүртэл таван удаа багийн Засаг даргаар сонгогдон ажиллаж байгаа аж. Бидний суусан вагонд Сайншанд руу томилолт өвөртлөн яваа манай сонины ажилтан М.Даваадулам бид хоёроос бусад зорчигчид бүгд Дорноговь аймгийн Дэлгэрэх сумынхан байгаа. Тус сумын аварга малчид нийслэлд ирж нутгийн зөвлөлийн золголт хийдэг уламжлал тогтоод удаж байгаа ажээ. Өнөө жилийнхээ золголтыг хийчихээд нутгийн зүг хөлгийн жолоо залж байгаатай таарсан нь энэ. Тус сумын Цагаан хад буюу нэгдүгээр багийн Засаг дарга Д.Цэрэнчимэдтэй цөөн хором хөөрөлдлөө.

-Дөнгөж цэргээс халагдаж ирсэн залуу яагаад багийн дарга болно гэж шийдвэр гаргасан юм бэ?

-Би 20 настайдаа багийн Засаг даргад нэрээ дэвшүүлж олонхийн санал авч байсан. Намайг дэмжиж явдаг нутгийнхандаа баярлаж явдаг. Өсөж төрсөн нутагтаа оюун бодлоо шингээе гэж бодож явдаг даа. Төрийн байгууллагын анхан шатны нэгжид 20 настай сонгогдоод тасралтгүй 20 жил ажилласан. Над шиг таван удаа багийн Засаг даргаар сонгогдсон хүн Монголд байхгүй. Би төр, ард иргэдийнхээ гүүр нь болж ирсэн гэж боддог юм. Сумынхаа иргэдийн төлөө л ажиллаж ирсэн. Одоо нийгмээ дагаад хөгжиж байна. Намайг анх ажил авахад өмнөх багийн дарга ганц хуудас цаас л өгсөн. Ингэж л ажил хүлээлцсэн. Одоо харин надад хэдэн шуудай цаас байгаа. Цагаан хад багийн иргэдийн бүх бүртгэл, хийсэн ажил, хийхээр төлөвлөсөн ажил гээд л явсаар байгаад ийм олон цаастай болсон хэрэг. Өөрийгөө гайгүй ажилласан гэж үздэг шүү. Намайг ажил авахад манай баг 483 хүнтэй, 14 мянган малтай байсан. Одоо 708 хүнтэй, 66 мянган малтай болоод байна. Багийн Засаг дарга байх хугацаанд Улсын аварга малчин гурав, Аймгийн аварга малчин 18, Сумын аварга малчин 56 төрсөн. Малчин П.Содбаяр хос алтан төлийн эзэн болсон гээд олон сайхан амжилтыг багийнхан гаргаад байна.

-Анхан шатны нэгжид төрийн бодлого хэр хүрч байна. Ер нь төр ийм л шийдвэр гаргамаар юм гэсэн бодол төрж байв уу?

-Хууль гаргаад л байдаг. Гэтэл тэр нь ард түмэнд хүрч чаддаггүй. Мэдээлэл дутуу байна. Хөдөөний иргэдэд чиглэсэн лекц, нийгмийн бодлогыг таниулсан олон нийтийг хамарсан ажил их үгүйлэгддэг. Иргэдийнхээ толгойд юм хийж, соён гэгээрүүлэх талаар төр анхаармаар санагддаг. Хот хөдөө­гийн ялгаа их байна. Малын гаралтай түүхий эд ялангуяа хонины нэхий бараг үнэгүй боллоо. Иймд малчид хоршин ажиллаж арьс ширээ боловсруулдаг жижиг үйлдвэр байгуулах гэх мэт олон ажил дээр хорших бодлогыг барьдаг. Гэсэн ч хорших ажил нэг л явж өгөхгүй байна. Үүнд цаг хугацаа шаардагдах юм билээ. 

-Ийм олон жил багийн даргаар ажиллаад уйдахгүй байна уу. Цаашид багтаа юу хийе гэж боддог вэ?

-Төрөлх нутагтаа ард иргэдийнхээ төлөө ажиллаж байгаа болохоор уйддаггүй. Ирж байгаа онд багийн төвөө тохижуулж соёлын төвтэй болохсон л гэж хүсч явдаг. 

...Тэрбээр ийн ярилаа. Д.Цэрэнчимэд багийнхаа иргэдийн 700 утасны дугаар, 400 техникийн улсын дугаар, бүх иргэдийнхээ регистрийн дугаарыг цээжээрээ мэддэг. Нутгийнхан нь түүнийг амьд лавлах гэж нэрлэдэг ажээ. Ийм л нэг энгийн нэгэн хээгүй эртэй дөрөө харшлаа. Төрсөн эгч сумын Засаг даргаар ажилладаг гэнэ.