ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

С.Одонтуяа: Хүүхдэд ээлтэй дүүрэг болох зорилтоо биелүүлж чадлаа

Г.САНЖААХАНД (сэтгүүлч)
2018-06-04

Нийслэлийн Баянгол дүүрэгт орчин үеийн стандартад нийцсэн сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий “Хүүхдийн II эмнэлэг”-ийн нээлт Хүүхдийн баярын өмнөхөн буюу өнгөрсөн сарын 30-ны өдөр боллоо. 
Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, Засаг даргын орлогч Г.Нарангэрэл, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ө.Батжаргал болон эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, Баянгол дүүргийн иргэд оролцсон юм. 


Уг үйл ажиллагааг нээж Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа хэлсэн үгэндээ “2013 оноос өмнө манай дүүрэг хүүхдийн эмнэлэггүй байсны улмаас хүүхдүүд Сонгинохайрхан дүүр­гийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг байсан. С.Эрдэнэ гишүүн бид хоёр эхний ээлжид дүүргийнхээ эмнэлгийн асуудлыг л бүрэн шийдье гэж ярилцсан. Үүний үр дүнд сайхан эмнэлгийг ашиглалтад орууллаа. Хүүхдэд ээлтэй, эрүүл дүүрэг болох зорилтынхоо хүрээнд хүүхдийн шинэ эмнэлгээ нээж байна. Энэ эмнэлгийг барих газар, зураг төсөл, хөрөнгө санхүү гээд бүхий л зүйлийн төлөө бид цаг наргүй зүтгэн, сэтгэл гарган ажилласны үр дүн өнөөдөр гарч байна. Хүүхэд бүр эрүүл, энх байхыг хүсэн ерөөе” гэв. 
Үүний дараа зочид төлөөлөгчид нээлтээ хийж буй эмнэлгийн үйл ажиллагаатай танилцсан юм. Уг эмнэлэг нь “Ахмад настны эмнэлэг”-ийн зургаа, долдугаар давхарт байрладаг бөгөөд нэг өрөөндөө дөрвөн ортой, дотроо угаалгын өрөөтэй байсан юм. Зарим өрөөнд нь хүүхдүүд хэвтэн, эмчилгээ хийлгэж эхэлсэн байв. Тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдэд эмнэлгийн нээлтэд оролцсон хүмүүс хүүхдийн баярын мэнд хүргэж, бэлэг гардуулав. 


Нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар баригдсан “Хүүхдийн II эмнэлэг” нь нэг дор 60 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай аж. Уг эмнэлгийн хүлээн авах, яаралтай тусламж, эрчимт эмчилгээ, ердийн эмчилгээний хэсгүүдэд нийт дөрвөн эмч, 12 сувилагч ажиллаж, тус дүүргийн 0-16 насны 80440 гаруй хүүхдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг хүргэх юм байна. Мөн тус эмнэлэг сүүлийн жилүүдэд манай улсын нярай хүүхдүүдэд ихээр илрэх болсон шарлалтын биллиметрийн аппаратыг шинээр нэвт­рүүлж байгаа аж. Герман улсад үйлдвэрлэгдсэн тус аппаратаар нярай хүүхдүүдийн шарлалтын хэмжээг тогтоон, эмчлэх боломжтой болж байгаа юм байна. Үүнээс гадна, Япон улсад үйлдвэрлэгдсэн нярайн шарлалт хэмжих аппаратыг оношилгоо, эмчилгээндээ ашиглаж, 28 хүртэлх хоногтой нярай хүүхдүүдийг хамруулахаар зорьжээ. Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ө.Батжаргал “Эрчимт эмчилгээ, яаралтай тусламж болон хэвтэн эмчлүүлэх үйлчилгээг бүгдийг нь үзүүлнэ. Сүүлийн үеийн хүүхдийн нярайн шарлага тодорхойлох, яаралтай тусламжийн тоног төхөөрөм­жөөр бүрэн хангагдсан. Мөн яаралтай тусламжийн үйлчилгээнд хүндрэлтэй хүүхдүүд харьяалал харгал­захгүй хэвтэн эмчлүүлэх боломжтой” хэмээн ярьсан юм. 


2012 оноос өнөөг хүртэл Баянгол дүүрэгт том, жижиг нийлсэн нийт 14 эмнэлэг баригдсан байна. Анх 2013 онд 35 ортой “Эмүжин” хүүхдийн эмнэлгийг ашиглалтад оруулж байсан бол 2015 онд хуучин Эрүүл мэндийн төвийн байрыг шинэчлэн бүрэн засварт оруулж 140 ортой хүүхдийн нэгдсэн эмнэлгээ нээн ажиллуулж байжээ. Энэ нь нийслэлийн хэмжээнд 32 жилийн дараа нээгдсэн томоохон хүүхдийн эмнэлэг болсон юм. Мөн өнгөрсөн онд 60 ортой “Ахмад настны эмнэлэг”-ээ ашиглалтад оруулж ахмадын эмнэлэгтэй анхны дүүрэг болсон байна. Түүнчлэн, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 10000 хүн тутамд эмнэлгийн 2-4 ор ногдвол стандарт гэж тогтоосон бөгөөд ийнхүү тус шаардлагыг хангах боломжтой анхны дүүрэг болжээ. Дашрамд дуулгахад, нийслэлийн Баянзүрх дүүрэгт шинээр баригдаж буй хүүхдийн 100 ортой эмнэлэг тун удахгүй ашиглалтад орох аж.