ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Эрчүүдээ хойш тавьж эрхээ эдэлдэггүй юм бүсгүйчүүд ээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-03-17

Өнөөдөр бидний нэрлэж заншсанаар эрчүүдийн буюу цэргийн баярын өдөр. Уг нь эрчүүдийн баяр биш л дээ. Гэхдээ эрчүүдэд хамаатай ганц баяр нь энэ. Эрчүүдийн эрхийг хамгаалах баярын өдөр гэх тэдэнд зориулсан тусгай өдөр гэж байхгүй. Жилдээ нэг эрхээ эдэлж, “архи уулаа, оройтож ирлээ” гэж загнуулах айдасгүй баярлах ганц өдөр нь энэ. Бусад үед тэд амьдралын төлөө морь, нохой мэт зүтгэх үүргээ биелүүлээд завгүй. 

Яагаад ч юм бид амьдралыг элэг бүтэн, дутах гажигдах зовлонгүй байлгах үүрэг зөвхөн эрчүүдэд хамаатай мэтээр ойлгодог. Тэд өөрсдөө ч үүнийг зөвхөн өөртөө хамаатуулж, энэ үүргээ биелүүлэхийн төлөө гадаа гандаж, хөдөө хөхөрч, хийж болох юу л байна голж шилэлгүй хийдэг. Монгол эрчүүдийн наслалт эмэгтэйчүүдийнхээс есөн насаар богино байгаа шалтгаан нь ч үүнтэй холбоотой гэлтэй.

Хүүхэд байхаас нь эхлээд л эрчүүдийн эрхийг ямагт хоёрдугаарт тавьсаар ирсэн. “Эр хүн юу ч хийгээд амьдарна. Охин хүүхэд л мэдлэг, боловсролтой байх ёстой” гэнэ. Ямар ч хэцүү амьдралтай айл яаж ийгээд л охин хүүхдээ их, дээд сургуульд сургаж, мэргэжил эзэмшүүлдэг. Хөдөөд бол эрэгтэй хүүхдийг дунд сургуулийг нь ч төгсгөлгүй мал дээр гаргачихна. Миний л мэдэхийн сүүлийн 20 жилийн турш Монголд энэ жишиг тогтоод байна.

Гэтэл бодит амьдралд ар гэрээ тэжээгээд, амьдралаа аваад явж байгаа эмэгтэй хэр олон байгаа вэ. Дээд боловсрол эзэмшсэн хэрнээ гэртээ суугаад мэргэжилгүй нөхрөөрөө тэжээлгээд сууж байгаа эмэгтэйчүүд хэр олон бий билээ. Эмэгтэйчүүдийн эрх, эрүүл мэндийн талаар дэлхий дахинаараа ярьдаг хэрнээ эрчүүдийн эрхийн талаар жижигхэн хурал болж байсан удаа тоотой болов уу. Эрчүүдийн эрүүл мэнд, боловсролын асуудлыг хойш  тавих энэ жишиг нийгэмд сөрөг нөлөө үзүүлэх болсныг  мэргэжлийн байгууллагууд ч хэлж байна.

Тухайлбал, монгол эмэгтэйчүүдийн дундаж наслалт 73.6 байхад эрчүүдийнх 64.6 байгааг эрүүл мэндийн байгууллагаас тодорхойлжээ. Шалтгаан нь эрчүүд эрүүл мэнддээ  анхаардаггүй, эмнэлэгт үзүүлдэггүй, эрсдэл өндөртэй хүнд хүчир хөдөлмөр эрхэлдэгтэй нь холбоотой гэдгийг ч судалгаагаар тогтоосон байна.

Эрчүүдийн эрт нас баралтын гол шалтгаан нь зүрх судасны болоод бусад төрлийн өвчлөл байдаг бол хоёрдугаарт нь осол гэмтэл, гадны шалтгаантай буюу цаг бусын нас баралт эзэлдэг байна. 2016 оны жилийн эцсийн байдлаар нийт нас баралтын 61.7 хувь нь эрэгтэй, 38.3 хувь нь эмэгтэйчүүд байгаа нь үүнийг нотлох нэг үзүүлэлт. Тэд бүх зүйлд хоёрдугаарт тавигддаг учраас өөрсдөө хүртэл эрүүл мэнд, боловсролоо хойш нь тавиад сурчихсан гэсэн үг.

Эхнэр, хүүхдийнхээ сайн сайхны төлөө биеэ үл хайрлан зүтгэх л тэдний нэгдүгээр асуудал. Унаад ойчихгүй л бол эр хүн учраас гүрийх нь эрчүүдийн дунд тогтсон бас нэгэн гаж жишиг. Үүнийхээ балгаар ид хийж бүтээх насандаа хайран залуус харамсалтайгаар хорвоог орхиход хүрч байгаа нь харамсалтай. Баргийн зовиурыг тэд ойр дотныхондоо хэлэхгүй. Яагаад гэвэл бид эрчүүдээ өөрийгөө хойш тавьж, тэвчиж, хатуужихыг нь жинхэнэ эр хүн гэж тодорхойлдог учраас тэр. Өвдөөд хэвтвэл хатуужилгүй хэмээн гоочилж, сул дорой гэх тодотголыг наана. Гэтэл ямар ч монгол эр өвдөлтийг тэсэж чадах ч сул дорой гэж хэлүүлэхийг тэвчихгүй. Энэ нь чухам цусандаа байна уу, үзэлдээ байна уу гэдгийг тодорхойлж хэлэхэд бэрх.

Эр хүн гэдэг ямар ч улс, үндэстний гол дархлаа байдаг. Гэтэл бид явцуу ойлголтоосоо болж эрчүүдээ ийм байдалд хүргэж байна. Өөрөөр хэлбэл, төрийн дархлаандаа аюул учруулж байна гэсэн үг. Өөрийгөө тоохгүй байхыг нь эр хүний “сайхан”-ны үнэлэмж болгож,  өөхшүүлж байгаа нь бидний хамгийн том алдаа гэмээр.

Ихэнх монгол эрчүүдийн бодит амьдрал ийм л байна. Гэтэл “Жинхэнэ эрчүүд ховордлоо”, “хүүхнээс долоон дор боллоо” зэрэг нэгнийхээ үгийг дагаж туйлширсан шүүмжлэл олны дунд түгсээр. Зуун ямаанд зостой төлөг гэгчээр үнэхээр эр гэмээргүй эр байхыг үгүйсгэхгүй. Тэглээ гээд бид эрчүүдээ үгүйсгэх туйлшрад автаж, эртнээс эдүгээг хүрсэн уламжлалаа гишгэх ёсгүй. Монгол түмэн эр хүнээ дээдэлж, хийморь сүлдийг нь доройтуулахаас эмээсээр ирсэн. Гэтэл эмэгтэйчүүдийн эрх гэх нэрийн дор хэт туйлширч, эрчүүдээ үгүйсгэх гажуудал газар аваад байх шиг. Үнэхээр монгол эр хүн хийморь сүлд нь сэргэг байж л сайн сайхан явдаг бол бид тэднийг элдвээр гутааснаар тэрхүү хийморь сүлд нь доройтдог ч юм бил үү, хэн мэдлээ. Цай хоолныхоо дээжийг нөхөртөө барьдаг эмэгтэй одоо хэр олон байгаа бол. Эсрэгээрээ нөхөр нь бөмбөгнөж гүйгээд эхнэртээ хоол цайг нь зөөх дүр зураг захын айлаас л харагдах болсон нь бодит үнэн. Эрчүүдээ үл тооно гэдэг эмэгтэйчүүдийн эрх биш шүү бүсгүйчүүд ээ. Эр хүн гэдэг гэрийн эзэн, төрийн дархлаа байдгийг мартаж үл болно. Өөрийгөө үл тоож, өвчнөө хайхрахгүй байх үндэслэл юунаас үүдэлтэй вэ гэдгийг бодох цаг болсныг дээр дурдсан эрүүл мэндийн үзүүлэлтүүд харуулж байна.