ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ганцаасаа ч илүүчлэх сэтгэлтэй “Ачлалтай хүүхдүүд”

Ц.ЭНХТҮВШИН
2019-03-21

“Сонгинохайрхан дүүр­гийн XXVIII хороо буюу Баян­хошууны Хөтөлийн автобусны буудлын хойхно хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг асран хамгаалдаг, хооллож ундалж, орон гэр нь болдог нэгэн буянт газар байдаг юм байна. Би өнөөдөр тэнд очиж хэдэн дуу дуулж өгөөд ирье” гэж хэлэх дүүгийнхээ яриаг сонсоод хамт очлоо. “Ачлалт хүүхдүүд” гэж байшингийнхаа орой дээр тодоос тод хаяг хадсан нэгэн байранд очлоо.  Эгэл жирийн нэгэн залуу гэргийнхээ хамт ажиллуулж буй энэ асрамжийн газар бусад асрамжийн газруудаас тэс өөр. Энд асруулагчид өндөр настнууд.  Бас ганц нэг залуус ч бий. Гагцхүү тэдний дийлэнх нь хөгжлийн бэрхшээлтэй. Тэр тусмаа сэтгэцийн өвчтэй хүмүүс. Ганц нэг эрүүл хүн бий бий. Тэд гагцхүү ганц бие, өөрийгөө аваад явах чадамжгүй шахам болсон хүмүүс байдаг юм байна.

Өөрийнхөө аав, ээж, эмээ, өвөө шиг тийм насны, гэхдээ өвчтэй зовлонтой “хүнд, хэцүү” гэх нийгмийн тодорхойлолттой хүмүүсийг  цуглуулж,  асарч хамгаалж, эмчилж сувилж, хайрлаж халамжилж буй хүмүүс бол Б.Саранбаатар гэх идэрхэн эр, түүний гэргий Я.Болор хэмээх эмч бүсгүй хоёр. Тэд энэ ажлаа анх 2015 оноос эхлүүлжээ. Өөрийн аавыг өвчтэй байхад нь асарч байсан багахан туршлага, хүнийг хайрлахын асар том нинжин сэтгэл хоёроос өөр зүйлгүй шахам ажлаа эхлүүлж байсан хоёр залуу өнөөдөр 40 гаран хүний “аав, ээж” болчихсон сууна. Тэр тухайгаа Б.Саранбаатар “Би 2015 онд анх Хан­Уул дүүргийн “Маршал таун” хотхонд “Өндөр настан” төвийг байгуулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг асрах болсон. Миний аав хөгжлийн бэрхшээлтэй хүн байсан. “Ачлалт хүүхдүүд” төвийг байгуулахад аав минь их нөлөөлсөн дөө” хэмээн ярина. Биднийг ярилцаж байх зуурт асруулагчид доод хонгилын давхарт байгуулсан “Соёл амралтын төв” рүүгээ цувцгаалаа. Учир нь тэнд эр цэргийн баяр тэмдэглэж, “залуусаа” баярлуулах маш чухал ажилтай юмсанжээ. Идээ ундаагаар бялхсан эгнүүлж тавьсан ширээний ард тэд жирийтэл сууцгаав. Тэдэнд дуу хуураа зориулахаар очсон цагдаагийн бэлтгэл хурандаа залуу дуулж,  хөгжимдсөөр цаг гаран хугацаанд хөгжилдөцгөөв. Асруулагчид дагаж дуулан хөгжилдөж,  алга нижигнүүлэн ташицгаав. Концертын дараа захирлынх нь зөвшөөрсний дагуу бүхий л өрөө тасалгаагаар нь орж үзлээ. Хэвтрийн өвчтөн олонтой юм. Бодоод байх нь ээ Монголд Батсүмбэрийн ахмадын асрамжийн газраас өөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хүлээн авч,  харж ханддаг газар байдаггүй санагдана. Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй залуус жилээс жилд л нэмэгдээд байдаг. Эдний асрамжийн газрын асруулагчдын нэг хэсэг нь ийм хүмүүс байх юм.  Б.Саранбаатар,  Я.Болороо хоёр руу хороод болон өөр асрамжийн газраас хандан “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг авч асраач” гэсэн санал тавьсан болгоныг шахам л авч байж. Ийм байдлаар энд тэндээс  хүмүүс авсаар өдгөө 40 гаран “хүүхэдтэй” болчихож. Анх л 10 хүнтэй эхлүүлж байсан ажил нь жилээс жилд өргөжиж,  хүрээгээ тэлсээр л байна.

Ухрах эрхгүй

Одоо цагт гэр бүл бүрт гээд хэлчихвэл арай хэтийдсэн болох байх. Ер нь л хөгжлийн бэрхшээлтэй иргэд олон болж байна. Харж хандах хүнгүй буурлууд их болсон. Үр хүүхэд нь байгаа хэр нь асрахаас төвөгшөөсөн “европ сэтгэлгээтэй нөхөд” олширч байна. Яг хөгжлийн бэрх­шээлтэй иргэдийг асрамж­лах, хамгаалах асрам­жийн газрууд төрд алга байна. Гэтэл хоёрхон залуу ийм ажил эхлүүлчихээд, түүнийгээ өргөтгөнө. Илүү олон хүнд тусална гээд зүтгэж байхыг харах үнэхээр л гайхмаар ч юм шиг. Энэ талаар Б.Саранбаатараас асуухад “Бидэнд ухрах газар байхгүй” гээд итгэлтэйгээр хэлэх нь бахархмаар. Энэ олон хүний хоол хүнс, эм тариа, бусад зардлыг яаж барж байна даа гэхэд минь “Манай байгууллага 2017 онд магадлан итгэмжлэгдсэн. Хөдөлмөр, халамж үйлчилгээний газартай хамтран ажиллах гэрээ байгуулснаар тэд өдөрт нэг хүний хоолны зардлыг 5000 төгрөгөөр тооцож даадаг болсон. Манайх ашиглалтын зардлаа өөрсдөө хариуцдаг. Энэ хүмүүс сард 150 мянган төгрөгийн тэтгэмжтэй ч халамжийн мөнгө нь ихэвчлэн эм, тарианд нь таардаг. Эм тарианаас гадна хэвтрийн хүмүүсийнхэээ живхийг авахад багагүй мөнгө зарцуулна. Гэхдээ болно доо” гэсээр инээмсэглэнэ. Ер нь улсын ажлын багагүй хэсгийг үүрэлцэж байна даа гэхэд минь “Тийм шүү. Яг манайтай адил ийм хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асаргааны газар өөр ганц нэгээс хэтрэхгүй. Цаашдаа энэрэнгүй нинжин залууус улам олон болж байгаа болохоор болно доо” гэх. Би шантарчихвал энэ хүмүүсийг хаашаа, хэн рүү явуулах юм. Эднийгээ харахаар зүрх шимшрэх үе бишгүй гарна.Эд чинь хэнд ч гэмгүй мөрөөрөө амьтас шүү дээ.  

Бяцхан Жаак буюу Жамъяндорж

Эндхийн асруулагчдын дотор эрүүл саруул залуу насандаа сайн сайхан ажил хийж явсан олон хүмүүс байна. Тухайлбал, Химийн цэрэгт алба хааж бүр хурандаа цолтой явсан эрхэм Чимэд гуай байх. Ном л уншихын бөөн дур. Авч очсон хэдэн сонинг минь үнсэх нь холгүй тэвэрч аваад л өрөө өөдөө гүйсэн. Энд цэргийн дарга явсан хэд хэдэн буурал байна билээ. Яагаад тэднийг онцлов гэхээр бид цэргийн баяр тохиож очсон тул тэдэнд зориулж онцгойлон дуу дуулж өгсөн. “Манай цэргийн жавхаа” гэдэг дуу хөгжимдөхөд сэтгэл нь илтэд хөдөлж,  дагаж дуулан баярлаж байсан болохоор тэр. Асруулагчдын дотор Жаак буюу Жамъянсүрэн гэж байх. Харахад 50 нэлээд гарсан болов уу гэмээр. Үсэнд нь мөнгөн сор хэдийнэ суужээ. Өрөөсөн гар саажилттайг эс тооцвол бие хаа гайгүй юм шиг харагдана. Гэтэл Жаак маань найман настай хүүхдээс нэг их ялгаагүй ааш авир гаргана. Жижиг машинаар тоглох дуртай, чихэр горьдоно. Гомдвол уйлна. Өрөөнийх нь голд дэвссэн хивсэн дээр машин өнхрүүлж тоглох дуртай нэгэн. Жаак сайхан дуулна. Сонсгол гэж янзтай. “Эгч та дараа ирэхдээ машин авчирч өгөөрэй” хэмээн надад хэлсэн. Жаак шиг тоглоомонд гэхээсээ чихрэнд дуртай сахалтай хөөрхөн хүү хэд хэд байна лээ. Өөрөө үс нь цайсан буурал өвгөн хэдий ч эмчийнхээ өгсөн ганц шил ундааг өөрөө ч ууж чадахгүй “Хорвоод ганцхан ээждээ өгнө” хэмээн ээжийгээ санан өмөлзөж суух нэгэн байхад хаанаас ирсэн, гэр орноо ч мэдэхгүй нэгэн  байна. Хэзээ эргэж ирэхийг нь мэдэхгүй үрсдээ хэдэн төгрөг өгөх гээд хадгалж суух буурал ч байна. Ай хөөрхий, хүний хорвоо хэцүү ч юм даа.   

Өөрийн гэсэн оронтой боллоо л гэсэн үг дээ

Өнөр бүл маань харин дулаахан сайхан гэртэй. Гэр хороололд гэхэд дотроо устай. Сайхан тохижуулсан юм билээ. Өмнө нь граж байсан баймаар том өрөөг фитнесийн байр, соёл амралтын байр болгон тохижуулсан нь өнөө хэдийгээ хөдөлгөөнтэй, хөгжилтэй байлгах гэж тэр. Тэр талаараа Б.Саранбаатар “Бид чинь түрээрээсээр олон жил амьдарсан шүү. Ам бүл нэмэгдээд байдаг. Байр жижигдээд бас дээр нь түрээсийн үнэ жилээс жилд л нэмэгдэж байгаа шүү дээ. Харин энэ байраа Худалдаа хөгжлийн банкнаас лизингээр авсан. Өмнө нь энэ байрны хоёр давхрын том өрөөг, нэг давхрын жижиг өрөөний хамт түрээсэлдэг байлаа. Энэ байранд ороход Худалдаа хөгжлийн банкны хамт олон их тусалсан. Учир нь надад ямар ч барьцаагүй, урьдчилгаагүйгээр найман хувийн зээлд хамрагдах боломжийг олгосон. Энэ байраа  есөн жилийн хугацаатай 375 сая төгрөгөөр лизиндэж авсан. Жилд 60 сая төгрөг төлдөг. Анхны төлөлтөө 2019 оны дөрөвдүгээр сард хийх ёстой. Санаж явахад бүтнэ гэдэг шүү дээ. Бид Ар Гүнтэд бас 2000 ам дөрвөлжин газартай болсон. Тэндээ барилгын ажил эхлүүлсэн. Монголд байтугай Азид яригдах хэмжээний сайхан асрамжийн төвэй болно доо гэчихсэн явж байна” даа гээд итгэл дүүрэн ярина. Б.Саранбаатар, Я.Болор хоёрын нэг сайхан чанар нь “Бид хоё болгосон, бүтээсэн” гэхээсээ илүү “болгоно, бүтээнэ” гэж ярих бөгөөд бусдыг бол манай ажилд тэднийх тэгэж тусладаг, ингэж дэмждэг гээд л уртын урт цувааг үргэлжлүүлэх юм билээ. 

Дарга, менежер, асраг Б.Саранбаатар, Я.Болор хоёр

Б.Саранбаатар, Я.Болор хоёр гэж энэ хоёр залууг танихгүй нь бүү хэл таньдаг нь гайхмаар үе олон гардаг хэмээн нэгэн найз нь надад ярив. Нэг л их багтаж ядсан баячууд юм шиг хэдэн төгрөгөө хэнийг нь танихгүй шахам хүмүүст цацаад өөрсдөө өр ширэнд ороод хүртэл явж байсан удаатай гэдэг. Мөнгө бол харин ч юу ч биш гэнэ. Мөнөөх Я.Болор төрсөн дүүдээ өрөөсөн бөөрөө өгчихөөд өнөөдөр өрөөсөн бөөртэй л явна. Ийм л нэг энгийн хэр нь эгэлгүй нинжин хосууд их хотын дунд “гээгдэгсэд” шахуу болчихоод байгаа хэдэн хүний аав, ээж болоод явж байна. Я.Болор бол АШУИС-ийг дүүргэсэн их эмч хүн. Харин Саранбаатар маань өөрийгөө “Би тавдугаар ангийн боловсролтой. Эзэмшсэн мэр­гэжилгүй...” хүн шүү дээ хэмээн инээвхийлнэ. Гэхдээ тэр энэ асрах төвийнхөө дарга, менежер, за тэгээд асрагч ... юу ч хийх ёстой гэснээ л хийнэ. Тэд хоёр сайхан хүүхэдтэй. Хүүхдүүд нь хүртэл ээж ааваа дагаж энэ л асрамжийн газрынхаа асруулагчдыг хайр­лаж, тусалж, жижиг гэлтгүй нинжин сэтгэлтнүүд болон өсч байна. 

“Бидэн дээр ирээд биднээр үдүүлдэг”

Айл гэрийн л амьдрал шүү дээ. Бидэн хоёрыг гэж энд ирээд бидэн хоёроороо үдүүлсэн хэд хэдэн хүн байна гэсээр гуниглах Б.Саранбаатар, Я.Болор хоёр маань “Маргааш бид нэг хүнээ хөдөөлүүлэх ажилтай” гэсээр ярих зуурт бас ажил амжуулж байв. Нээрээ л ар гэргүй, харж хандах ах дүү, үр хүүхэдгүй учраас ээж,аав нь болсон энэ хоёр залуу л буяны нь ажлыг хийхээс өөр яалтай. Үр хүүхэдгүй нь байтугай зарим нэг үр хүүхэдтэйд нь “танай хүн бурхан болчихлоо...” гээд хэлэхэд “Та нар наагуураа ажил явдлыг нь болгочих доо.Бид очиж чадахгүй”гэдэг хүмүүс ч байдаг тухай харамсан ярьсан. Гэсэн ч бид хүний ёсоор нутаглуулахыг л боддог гэхийг нь сонсоод тэр хүмүүсийн өмнөөс өөрөө буруутай юм шиг сэтгэл минь хачин эмзэглэснийг нуух юун. 

Залуу хүний хувьд аливаад томоор бас гэгээлгээр харахыг хүсдэг 

“Улс орон маань төдийлөн ийм хүмүүс рүүгээ анхаарал хандуулахгүй байхад гадныхан энэ чиглэлд анхаарул хандуулж байгаа. Тухайлбал, Японы “М Линк Холдинс” группийн асаргааны мэргэжилтэн Касай Наоки Монголд ирж, манай байгууллагын үйл ажиллагаатай танилцсан. Энэ хүн манай төвтэй хамтарч ажиллах хүсэлт тавьсан. Энэ хүний урилгаар би Япон улсад зочилж тодорхой хэмжээнд туршлага судлаад ирлээ. Бид гаднын туршлагаас нэвтрүүлж байж чадварлаг хамт олонтой болно. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асаргаа, сувилгаагаар эх орондоо тэргүүлэгч төв болохыг хүсч байгаа. Өөрөө өөртөө туслах чадамжгүй энэ хүмүүсийг хамгаалах талаар өнөөдөр харьцангуй бага ярьж байна. Тиймээс энэ хандлагыг өөрчлөхийг хүсдэг. Тиймээс л зөвхөн ахмадуудыг асрах биш, бүх насны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг асрах чиглэлд анхаарна” гэсээр мөрөөдлөө, ирээдүйгээ харсан, түүндээ хүрэх чин хүсэл нь оргилж буй хоёр залуугаар үнэхээр их бахарлаа. Тэд айлаар явж, хэвтрийн хүнд асаргаа хийж, таксинд гүйж олсон хэдэн төгрөгөө энэ л асрамжийн төв дэх хүүхдүүддээ зориулдаг. Нэг талдаа аав,  ээжээ асарч буй үнэхээр л “Ачлалтай хүүхдүүд” юм даа.