ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Я.Эрдэнэсайхан: ЖДҮХС-гийн зээл олгох журамд иргэдийн саналыг цахимаар авч байна

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-03-24

ЖДҮХС-гийн зээл олгох журмын талаар Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга  Я.Эрдэнэсайханаас тодрууллаа.

-Энэ жил ЖДҮХС-д хэчнээн төгрөг төсөвлөсөн юм бэ. Хэчнээн иргэнд зээл олгох боломжтой вэ?

-Өнгөрсөн жил 1500-1600 төсөл ирүүлснээс 130-140-д нь зээл олгосон. Энэ жил ЖДҮХС-д Улсын төсвөөс 47 тэрбум төгрөг суутгасан. Үүний 20.5 тэрбумыг орон нутагт шилжүүлнэ. Өөрөөр хэлбэл, аймаг бүрт нэг тэрбум, харин Говьсүмбэр аймагт 500 сая төгрөгийн эрхийг шилжүүлсэн. Улаанбаатар хотод 26.5 тэрбум төгрөг төсөвлөсөн. Мөн орон нутгийн 200 саяас дээш төгрөгийн хэмжээтэй төслүүдийн сонгон шалгаруулалтыг Улаанбаатарт хийнэ. Энэ жил хэдэн төсөл ирж, түүнээс хэд нь шалгарахыг урьдчилан хэлэх боломжгүй. 

-Зээл олгох журмыг шинэчлэх гэж байгаа юм байна. Шинэчилсэн журмаар ямар ямар өөрчлөлтүүд орж байгаа вэ?

-Өмнөх журмаас нэлээд дэвшилттэй саналуудыг оруулж байгаа. Жишээлбэл,  төсөл сонгон шалгаруулах хороо долоон хүний бүрэлдэхүүнтэй байдаг. Одоо хүчин төгөлдөр байгаа журмаар төсөл сонгон шалгаруулах бүрэлдэхүүнд төрийн бус байгууллагын нэг л хүн байгаа. Шинэ журмын төсөлд үүнийг гурав болгохоор тусгаад байгаа юм. Энэ саналыг Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос гаргаж, ажлын хэсэг дэмжсэн. Тэгэхээр долоон гишүүний дөрөв нь төрийн байгууллага, гурав нь төрийн бус байгууллагын төлөөлөл байна гэсэн үг. Мөн орон нутагт эрхүүдийг шилжүүлж байгаа. Ингэснээр ямар төслийг дэмжих вэ, ямар төслийг сонгон шалгаруулах вэ гэдэг эрхийг орон нутагт шилжүүлсэн гэсэн үг. 

-Зээл авахаар хүсэлт өгч байгаа жижиг, дунд бизнес эрхлэгчдэд ямар шалгуурыг тавьдаг юм бэ. Барьцаа, шалгуур зэрэгт шинэ жур­маар өөрчлөлт оруулах уу?

-Шаардлага хангасан төс­лүүдийг ирүүлэхэд ЖДҮХС-гийн мэргэжилтнүүд эдийн засгийн судалгааг нь хийж, төсөл сонгон шалгаруулах хороонд оруулдаг. Ингээд 71 хүснэгтээр төслүүдийг үнэлж, оноо тавина. Хамгийн түрүүнд бичиг баримтын бүрдлийг харна. Бичиг баримт дутуу бол шаардлага хангаагүй гээд эхний шатанд уначихаж байгаа юм. Төсөл сонгон шалгаруулах хороо төслүүдэд нарийвчилсан судалгаа хийж, дэмждэг гэсэн үг. 

-Материал дутуу бол эхний шатнаас унадаг гэж байна. Зээл хүсэгчид ямар ямар материал бүрдүүлэх ёстой байдаг юм бэ?

-Энэ журамд иргэний бүрдүүлэх материал, аж ахуйн нэгжийн бүрдүүлэх материалыг тус тусдаа байхаар тогтсон. Энэ бас нэг давуу тал юм. Хуучин бол яг адилхан материал бүрдүүлдэг байсан. Жишээлбэл, иргэн хүнд улсын бүртгэлийн гэрчилгээ гэж байхгүй шүү дээ. Түүнээс гадна бүрдүүлэх материалын жагсаалт нь банкныхтай ижилхэн болсон. Ингэснээр зээлийг банкаар дамжуулж олгох тохиолдолд ЖДҮХС-гаас шаардсан материалд банк нэмж материал бүрдүүл гэж шаардахгүй болно гэсэн үг. Энэ журам манай сайтад байршсан байгаа учраас тэндээс харж болно. Тухайлбал, иргэн бол 10 төрлийн бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай бол аж ахуйн нэгж 12 төрлийн материал бүрдүүлэх юм.

-Өмнө нь төсөл нь шалгарсан хэрнээ төсөв хүрэлцээгүй гэх шалтгаанаар хүлээлттэй байгаа иргэд багагүй байгаа. Эдгээр төслүүдэд энэ жилийн төсөв сонгон шалгаруулалтад шууд шалгаруулах юм уу, арай давуу эрх олгох талаар журамд тусгасан уу. Эсвэл төслөө дахиад шинээр бичиж, сонгон шалгаруулалтад оролцох уу?

-Хэдий өмнө нь шалгарсан байлаа ч давуу эрх олгох боломж хууль, эрхзүйн хүрээнд байхгүй. Өмнө жил төсөл шалгарсан ч төсвийн хүрэлцээгүйгээс зээл олгогдоогүй иргэн энэ жил дахиад зээл хүснэ гэвэл төслөө дахин өгөх боломжтой. Түүнээс биш давуу эрх олгоно гэсэн ойлголт байхгүй. 

-Шинэ журамтай холбоо­тойгоор иргэдийн саналыг цахимаар авах тухай ярьж байна. Энэ талаар мэдээлэл өгөөч. Иргэд журамд тусгах саналаа өгөх юм уу эсвэл банкаар дамжих эсэхэд санал хурааж байгаа юм болов уу?

-ЖДҮХС-гаас зээл олгох журамд олон нийтийн санал авах зорилгоор санал асуулга явуулж байгаа юм. Дөрөвдүгээр сарын 01-ний өдрийг хүртэл манай сайтад байршуулсан санал өгөх хэсэгт иргэн, аж ахуйн нэгжүүд өөрсдийн саналыг оруулах боломжтой. Журмын төсөлд саналаа өгнө гэсэн үг. Ингэхэд маш олон хүнээс маш олон төрлийн санал ирэх нь тодорхой. Үүнээс хууль эрхзүйн хүрээнд нийцсэн, зүйл заалтууд нь хоорондоо зөрчилгүй байх, ЖДҮ эрхлэгчдийн нийтийн эрх ашигт нийцсэн эсэхийг харгалзан шинэ журмын төслийг боловсруулах юм. 

-200 хүртэлх ажилтантай бол жижиг дунд бизнес гэж үзэх эсэхийг хэлэлцэж байна. Есөн ажилтантай аж ахуйн нэгж, 200 ажилтантай байгууллага хоёрын хооронд маш том ялгаа бий шүү дээ. Төсөл сонгон шалгаруулахдаа ийм харьцангуй байгууллагуудад барьцаа хөрөнгө зэрэгт ялгавартай байх уу?

-Аж ахуйн нэгж бол шаардлага нь яг адилхан. ЖДҮ-ийн хуульд 200 хүртэл ажилтантай, жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум байвал жижиг, дунд үйлдвэр эрхлэгч гэж тооцно. Өнөөдөр байгаа хуулийн нэг сул тал нь жижиг, дунд, бичил гэж тодорхой ангилж өгөөгүй. Жижиг, дунд гэх нэг нэрийн дор бүгд ороод байгаа гэсэн үг. Таны хэлээд байгаа есөн ажилтантай, 199 ажилтантай байгууллагууд яг нэг түвшинд тооцогдоод байна гэсэн үг. Ж.Ганбаатар нарын гишүүдийн санаачилсан шинэчилсэн най­руулгад бичил, жижиг, дунд гэд­гийг тус тусад нь ялгаж өг­сөн байгаа. Үүнийхээ дагуу ял­гаатай зохицуулалт хийнэ гэсэн үг.