ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

АТГ: Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргалтай холбоотой нотлох баримт Австриас ирсэн байгаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-03-24

АТГ-ын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар  Э.Баасанням, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, эрхэлсэн комиссар Ч.Жаргалбаатар, Хяналт, шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга  эрхэлсэн комиссар  Х.Хашбаатар  нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.  Энэ оны гуравдугаар сард АТГ-ын хийсэн ажлын талаар Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү танилцууллаа. Тэрбээр “АТГ-аас авигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд яам, агентлаг, төрийн байгууллагууд холбогдох удирдамж, чиглэлийн дагуу ажиллаж байгаа. Энэ ажлын хүрээнд МХЕГ-аас олгодог экспорт, импортын гэрчилгээ олгох үйлчилгээнд АТГ-ын иргэний хяналтын зөвлөлөөс хяналт тогтоон ажиллаж байна. Тус үйлчилгээг авахад бүрдүүлэх материал тодорхой бус, олон даргын гар дамждаг. Бүрдүүлсэн материалын хариу хэзээ гарах нь тодорхойгүй. Гомдол мэдээллийг хэрхэн шийдвэрлэсэн талаар хариу өгдөггүй зэрэг зөрчил илэрсэн.

Үндсэндээ өнөөг хүртэл экспорт, импортын гэрчилгээ олгох үйл ажиллагаа ямар ч тогтоосон журамгүй байсан. Журамгүй учраас хэн нэгэн албан тушаалтан үзэмжээрээ бизнес эрхлэгчдийн өргөдөл гомдлыг шийдвэрлэж байсныг АТГ-аас зогсоож, тодорхой журам гаргахыг зөвлөсөн.  Мөн Гаалийн Ерөнхий газрын дотоод хяналт, шалгалтын нэгжтэй хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид хамаарахгүй зарим нэг томоохон аж ахуйн нэгжийн импортолсон тоног төхөөрөмжийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлж байсан нь тогтоогдсон. Энэ талаар мэдээллийг тухай бүрд нь дэлгэрэнгүй өгнө” хэмээн мэдээлсэн юм. Түүний дараа АТГ-ын хэлтсийн дарга нар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-ЖДҮХС-гийн зээлтэй холбоотойгоор таван гишүүнийг яллагдагчаар татсан. Энэ хэрэг ямар шатандаа яваа вэ?

Ч.Жаргалбаатар:  Миний хувьд прокурорын зөвшөөрөлтэй мэдээлэл өгөх үүрэгтэй. Тийм болохоор сэтгүүлчдийн хүссэн асуултад хангалттай хариулт өгөх боломжгүй гэдгийг харгалзан үзэх байх гэж найдаж байна. ЖДҮХС-гаас зээл авсан. Хамаарал бүхий этгээддээ албан тушаал, эрх мэдлээ ашиглаж зээл авч өгсөн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Улмаар дөрвөн гишүүнд Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Нэг албан тушаалтныг бусдын нөлөөнд орж, хууль бус шийдвэр гаргасан гэх үндэслэлээр шалгаж байна. Нийтдээ таван УИХ-ын гишүүнийг яллагдагчаар татсан талаар дэлгэрэнгүй мэдээллийг өмнө нь өгсөн. Энэ хүмүүстэй холбоотой хэргийг прокурор хянаж байна. Удахгүй шийдвэрлэгдэх байх. Мөрдөн шалгах ажиллагаа нь бараг дуусч байгаа. Энэ хэрэгтэй холбоотойгоор нэмэлт тайлбар хийхэд, зээл авсан хүн бүрийг буруутай гэж үзэх боломжгүй. Үнэхээр зээлээ зориулалтын дагуу зарцуулаад, жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлээд явж байгаа хувь хүн, албан байгууллагатай холбоотой, гэмт хэргийн шинжгүй үйлдлүүдийг шалгаад, хэргээс тусгаарлаж, хааж шийдвэрлэж байна.

-Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргалтай холбоотой хэрэг ямар шатандаа яваа вэ. Анх 2017 оны есдүгээр сараас хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн санагдаж байна. Чингис, Самурай бонд, Үнэ тогтворжуулах хөтөлбөртэй холбоотойгоор шалгаж байсан байх аа?

Ч.Жаргалбаатар:  Энэ хүнтэй холбоотой гурван багц асуудлыг шалгаж байна. Нэгдүгээрт, банкуудад тогтоосноос бага хүүтэйгээр зээл өгсөн үйлдэлд нь Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татахаар хэлэлцэж байгаа. Мөн Австри улс руу их хэмжээний мөнгө шилжүүлж, орон сууц худалдаж авсан асуудал бий. Дараачийнх нь хэлцэлтэй холбоотой асуудал. Ийм гурван хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийж байгаа. АТГ гадаад улсад бие даан мөрдөн шалгах ажиллагаа явуулах боломжгүй. Харин эрхзүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээтэй улстай хамтарч ажиллах боломжтой байдаг. Тиймээс мөрдөн шалгах ажиллагаанд нэлээд хүндрэл, бэрхшээл учирдаг. НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид нэгдэж орсон улсуудтай хамтарч ажиллах боломж бий. Энэ хүрээнд бид Австри улс руу санхүүгийн хамтарсан мөрдөн шалгах ажиллагаа явуулах, холбогдох нотлох баримт ирүүлэх хүсэлтээ илэрхийлсэн. Үүний үр дүнд тодорхой нотлох баримтууд бидэнд ирсэн. Хэргийг энэ оны хоёрдугаар улиралд багтаан шийдвэрлэхээр ажиллаж байна.

-Н.Золжаргалтай холбоотойгоор Улаанбаатар хотын банкнаас их хэмжээний мөнгө гарсан гэсэн мэдээлэл гарсан. Энэ үнэн үү?

Ч.Жаргалбаатар:  Би түрүүнд банкуудад зээл олгосон асуудал гэж хариултынхаа эхэнд дурьдсан. Үүнтэй холбоотой асуудлуудыг шалгаж байна. Арилжааны банкуудад зээл олгохдоо тогтоосноос бага хүүтэй өгсөн нь тогтоогдсон. 2018 оны зургадугаар сард АТГ-аас хууль бус шийдвэр гаргасан байна. Тиймээс хянаж үзээч гэдэг мэдэгдлийг Монголбанкинд хүргүүлсэн. Энэ дагуу Монголбанкнаас ажлын хэсэг байгуулж, асуудлыг шалгаж үзэж байгаа байх.

 -Монголбанк болон СЗХ-ны нэр бүхий албан тушаалтнуудыг шалгаж байгаа талаар дурьдлаа. Монголбанкны нэр бүхий албан тушаалтнууд өөрсдөө ББСБ-тай гэдэг мэдээлэл гарсан. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөөч?

Х.Хашбаатар:  Монголбанк болон СЗХ-ны зарим гишүүд, Төрийн банкны зарим удирдах албан тушаалтнууд ББСБ-тай гэдэг мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарсан. Бид энэ мэдээлэлтэй холбоотойгоор Хөрөнгө,  орлогын мэдүүлгийг нь шалгаж байгаа. Тодруулбал, Хөрөнгө, орлогын мэдүүлэгт нь нэмэлт шалгалт хийж байна.  Ер нь нийтийн албан тушаалтан аливаа компани, аж ахуйн нэгжид хувь эзэмших нь хориотой зүйл биш. Ямар нэг хориглосон хуулийн заалт байхгүй.  Харин өөрийн хамаарал бүхий аж ахуйн нэгж, нэгдмэл сонирхол бүхий этгээдтэй үйл ажиллагааныхаа хүрээнд хяналт шалгалт хийх, эрхзүйн акт гаргах, хэлэлцэх явцад Ашиг сонирхлын зөрчлийн хуулийн дагуу мэдэгдэл гаргах ёстой. Мэдэгдэл гаргаж, татгалзах үүрэгтэй юм. Хэрэв мэдэгдэл гаргахгүйгээр энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулсан бол Ашиг сонирхлын зөрчлийн хуулийн 11-т заасан хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн гэх үндэслэлээр шалгаж болно. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээлэлд ББСБ-тай нь өөрөө ашиг сонирхлын зөрчил мэтээр дурьдсан байна билээ. Үүнийг ялгаж, салгаж ойлгох хэрэгтэй. Ямар ч байсан бид ХОМ-т нь төлөвлөгөөт шалгалт хийж байна. Хэвлэл мэдээллээр нэр нь гарсан бүх хүний Хөрөнгө, орлогын мэдүүлэгт шалгалт хийж байгаа.

-УЕП Д.Дорлигжавтай холбоотой хэрэг ямар шатандаа байгаа вэ. С.Зоригийн хэрэгтэй холбоотой асуудлаар хуулийн байгууллагын ажилтнуудыг шалгаж байгаа гэсэн. Мөн Эрдэнэт үйлдвэртэй холбоотой шүүгчдийг шалгаж байгаа асуудлаар тайлбар өгнө үү? 

Ч.Жаргалбаатар: УЕП асан Д.Дорлигжавт холбоотой хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Тухайн цаг бүрт нь мэдээлэл өгнө.  С.Зоригийн амиа алдсан хэргийг гурван шатны шүүхээр эцэслэн шийдэгдсэн. Хэргийг шалгаж байх явцдаа зарим хүнийг эрүүдэн шүүсэн гэсэн асуудлыг шалгаж байгаа. Нотлох баримтуудаа үнэлэх, бэхжүүлэх ажил хийгдэж байгаа. Тухайн хэргийг шалгасан ажлын хэсэгт багтаж байсан нэр бүхий хоёр хүнийг шалгаж байгаа. ШШГЕГ-ын нэг ажилтныг баривчлан шалгаж байгаад сулласан.  “Эрдэнэт” үйлдвэрийн асуудалд нэр бүхий шүүгчдийг шалгуулахаар ирүүлсэн хүсэлт байхгүй байна. Зарим нэр бүхий шүүгч өөрийгөө шалгуулья гэсэн хүсэлт тавьсны дагуу шалгаж байгаа асуудал бийАТГ-аас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үндэслэлээр найман шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр прокурорын байгууллагад хандаад байна