ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Бялуу чимэглэх “ур чадвар”-ын улсын уралдаан эхэллээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-03-25

Хүнсний аж үйлдвэрийн ажилтан, ажилчдын 89 жилийн ойн өдрийг угтан ХХААХҮЯ, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Монголын хүнсчдийн холбоо, “Технологийн Дээд Сургууль” -тай хамтран “Бялуу чимэглэх Ур чадварын улсын уралдаан”-ыг өнөөдөр  зохион байгуулж байна.

Бялуу чимэглэх “Ур чадвар”-ын улсын уралдаан нь Нарийн боовны төрлийн ялангуяа бялуун бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн ажилчдын ур чадварыг сайжруулах, харилцан туршлага солилцох, ажил мэргэжлээрээ бахархах, нөхөрсөг хамт олныг бүрдүүлэх, сурталчлах, хэрэглэгчдэд зөв зүйтэй ойлголт төрүүлэх зорилготой юм.

Хүнсний үйлдвэрлэлийн бүх чиглэлээр мэргэжилтэй ажилтан бэлтгэдэг, шаталсан сургалттай Технологийн дээд сургуульд болж буй энэхүү уралдаанд “Талх чихэр” ХК, “Өгөөж” ХК, “Жүр-Үр” ХХК, “Мөнх-Ундармал” ХХК, “Монкек” ХХК, “Тэнгэрийн хишиг” ХХК, “Хөвсгөл титаник” ХХК, Технологийн Дээд Сургууль, Г.Ганзориг (хувиар) нар оролцож байна.

Тус уралдаанд баг бүр 3 гишүүнтэй оролцох бөгөөд мөн  гурван төрлөөр болох юм байна.  Тодруулбал, багийн болон багийн ахлагчийн, ганцаарчилсан гэсэн гурван төрлөөр болох юм.  Багийн төрөлд  багийн бүх гишүүн оролцон,  урьдчилан бэлтгэсэн суурь ашиглан 5 давхар Сүүн хуримын бялууг 120 минутын хугацаанд багтаан чимэглэх ёстой аж. Энэ чимэглэлд урьдчилан бэлтгэсэн бэлдэц ашиглахгүйгээр крем, шоколад, фондантаас дурын сонголтоор ашиглах журамтай юм байна.

Харин багийн ахлагчийн төрөлд зөвхөн ахлагч оролцох бөгөөд “Ээжийн 80 насны ой”, “Хүүхдийн баяр”, “1 насны төрсөн өдөр” гэсэн сэдвээс сугалан зөвхөн кремээр, 60 минутын хугацаанд бялуу чимэглэж өрсөлдөх ажээ. Тэгвэл  ганцаарчилсан төрөлд багийн нэг гишүүн оролцох бөгөөд “Төрсөн өдөр”, “Мартын 8”, “Шинэ жил” гэсэн 3 сэдвээс ахлах шүүгч сугалан,  80 минутанд багтаан шоколад эсвэл фондантын аль нэгийг сонгон шууд чимэглэх ёстой аж. 

Бялууны амт, гадаад үзэмж, чимэглэл, гүйцэтгэгчээс шаардсан ур чадвар зэргийг үндэслэн Нарийн боов, бялууны салбарын мэргэжлийн инженер, технологич нараас бүрдсэн  комисс шалгаруулан ажиллах  болно.  Энэхүү тэмцээн нь БНХАУ-ын Шанхай хотноо зохион байгуулагдах Дэлхийн ур чадварын уралдаанд Нарийн боовны чиглэлээр уралдаанд оролцогчдод дадлага, бэлтгэл болж байгаагаараа онцлог ажээ.