ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

А.Чойжамц: Монгол Улсад шаардлагатай бордооны 20-30 хувийг дотооддоо үйлдвэрлэдэг

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-03-28

Тариалалтын улирал эхэлж байгаатай холбогдуулан бордооны хэрэглээний талаар Монгол Улсын зөвлөх агрономич, доктор А.Чойжамцаас тодрууллаа. 

-Бордооны ач холбогдол, хөрсөнд үзүүлэх нөлөөллийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч. Хөрсийг тэдэн жилд нэг удаа бордох ёстой гэсэн тогтсон стандарт байдаг уу?

-Газар тариалангийн салбарт бордоо гэдэг зүйл хамгийн чухал. Өөрөөр хэлбэл хөрсний эмч гэхэд болно. Ургамлын хоол тэжээл нь бордоо байдаг. Ургамалд хэрэгтэй бүх элементүүдийг бордоо тэтгэдэг гэсэн үг. Ургамлын амьдрах физиологийн процессыг ургамлын хооллолт гэж хэлдэг юм. Тэгэхээр ургамал амьд байх үндэс нь бордоотой шууд холбоотой. Харамсалтай нь манай газар тариалангийн салбарт бордооны хэрэглээ маш хангалтгүй байна. Дэлхийн цаг агаар хурдацтай өөрчлөгдөх болсон. Манай Улс өндөрлөг газар нутагтай, хуурай сэрүүн уур амьсгалтай учраас дэлхийн цаг агаарын өөрчлөлт ирээдүйд Монголын газар тариаланд маш хүнд тусна. Техник оруулж ирээд л газар тариалангийн салбар хөгжиж байна гэж яриад байдаг. Гэтэл хамгийн гол амин сүнс болох хөрсөө мартчихдаг. Манай газар тариалангийн хөрс маш их доройтолд орсон. Ялзмагийн агууламж л гэхэд 60 гаруй хувь буурчихсан байх жишээтэй. Ургамал шинжтэй тэжээлийн бодисын хэмжээ байх ёстой хэмжээнээсээ 60-80 хувиар буурчихсан байна. Ийм хөрсөнд л тариа тариад байгаа юм. Энэ асуудалд төр засаг анхаарах шаардлагатай байна. Хурааж авсан ургацад нь урамшууллын мөнгө өгөх бус хөрсөө бордож байгаад нь урамшуулал олгодог болох хэрэгтэй. Тэгж байж тариаланчид хөрсөө борддог болно. 

-Бордоог манай улс импортоор авдаг гэж дуулсан. Монголд бордооны үйлдвэр хэр олон байдаг юм бэ. Хэчнээн төрлийн бордоо байдаг юм бол?

-Улсын хэмжээнд хэдхэн л бордооны үйлдвэр байдаг. Органик эрдэст бордоо үйлдвэрлэдэг ганцхан үйлдвэр байна. Гэтэл Монгол Улс бордоо үйлдвэрлэх түүхий эдээрээ дэлхийд гайхуулдаг баялаг орон. Харамсалтай нь түүнийгээ ашиглаж чадахгүй байна. Одоо байгаа үйлдвэрүүд газар тариалангийн салбарт шаардлагатай бордооны 20-30 хувийг л хангаж байна. Жилд 150-200 мянган тонн бордоо шаардлагатай. Гэтэл 10-20 мянган тонн бордоо л үйлдвэрлэдэг. Тариачид нь бордоо худалдаж авах эдийн засгийн боломжгүй байна. Үүнийг л төр засгаас зохицуулж өгөх хэрэгтэй юм. Бордооны төрлийн тухайд маш олон төрөл байдаг. Шингэн бордоо ч гэж байдаг.

-Бордооны түүхий эд нь юу юу байдаг юм бэ?

-Фоспор, кали, азот зэрэг олон түүхий эд байдаг. Бордоо үйлдвэрлэлтийг дэмжихийн тулд аж үйлдвэрийн паркыг байгуулж, химийн үйлдвэрлэлээ хөгжүүлэх хэрэгтэй. Ингэж чадвал гаднаас бордоо авах шаардлагагүй. 

-Химийн гаралтай бордоо хөрсөнд болон ургацад сөргөөр нөлөөлнө гэж байх уу? 

-Химийн бордоо гэж нэг их муу юм шиг ярьж огт болохгүй. Химийн тогтоцгүй зүйл гэж нэг ч үгүй. Химийн гаралтай гэхээр л муу гэж ойлгож болохгүй. Химийн бордоо гэж нэрлээд байдаг болохоос биш үндсэн нэр нь эрдэс бордоо юм. Тэгэхээр бүх төрлийн бордоо сайн. Тэр нь муу, энэ нь сайн гэж ялгаж болохгүй. 

-Органик бордоо үйлдвэрлэдэг ганцхан үйлдвэр байдаг гэж байна. Үйлчилгээ нь адилхан юм бол яагаад ингэж олон төрлөөр ангилдаг юм бол?

-Хөрсний үржил шимийг тэтгэх үндсэн бордоог үйлдвэрлэдэг ганцхан үйлдвэр байгаа юм. Органик бордоог хэрэглэж байж, дээр нь бактерийн бордоо зэргийг хамтруулж хэрэглэх ёстой. Түүнээс биш сайн муу гэж ялгаад, аль нэг сайныг нь хэрэглэнэ гэсэн ойлголт байхгүй. Бордоо бүр өөр өөрийн гэсэн зориулалттай учраас шаардлагатай бүх бордоог хамтад нь хэрэглэх ёстой. Үндсэн бордоогоо хэрэглэж байж, түүний хээд бусад бордоогоо хэрэглэнэ гэсэн үг. Түүнээс биш ганцхан бордоо хэрэглэснээр хөрсний үржил шим сайжирна гэж байхгүй.