ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Батцэцэг: Жижиг, дунд, бичил бизнес эрхлэгчдэд тавигдах шаардлага ялгавартай болно

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-04-02

ЖДҮХС-гийн зээлийг тойрсон шуугиантай холбоотойгоор тус сангаас зээл олгох журмыг шинэчилж байгаа билээ. Энэ талаар ЖДҮХС-гийн захирал Б.Батцэцэгтэй ярилцлаа. 

-ЖДҮХС-гийн зээлтэй хол­боо­той шуугианаас үүдэж, танай сангийн талаарх ир­гэдийн мэ­дээлэл эрс нэмэгд­сэн. Тэгэхээр өнөө жил ЖДҮХС-гаас зээл хүсэх ир­гэдийн тоо өмнөхөөсөө ихсэх нь то­дор­хой. Удирдлага солигд­сон учраас иргэд энэ талаар нэ­лээд хүлээлттэй байгаа. Зээл ол­гол­тыг хэрхэн зохион бай­гуу­лах төлөвлөгөөтэй байгаа вэ?

-Надад нэлээд хариуцлагатай үүрэг оногдлоо. Өмнөх жилүүдийг бодвол манай санд бага мөнгө төсөвлөсөн. Түрүү жил ЖДҮХС-д 90 тэрбум төгрөг төсөвлөж, 1600 гаруй төсөл өрсөлдсөн байдаг. ЖДҮ-ийг тойрсон шуугиантай холбоотойгоор мэдээж иргэдийн мэдээлэл сайжирсан. Таны хэлдгээр үүнийг дагаад ЖДҮХС-гаас зээл хүсэх иргэдийн тоо ч нэмэгдлээ. Урьдчилсан  байдлаар зээл хүсэх иргэдийн тоо багадаа хоёр дахин нэмэгдэнэ гэж тооцоолоод байгаа юм. Гэтэл зээл хүсэгчдийн тоо нэмэгдсэн ЖДҮХС-д 47 тэрбум төгрөг төсөвлөсөн. Өмнөх жилийнхээс хоёр дахин бага гэсэн үг. Ийм эгзэгтэй цаг үед нь ажлаа хүлээж авлаа. Төрд ажилласан 22 жилийн туршлага байгаа юм болох байх л гэж найдаж байна. ЖДҮХС-гаас зээл олгох журмыг шинэчилж байгаа учраас шинэ журамд тал бүрийн байр суурийг харгалзан, тусгаж өгөх талаар анхаарч байгаа. Тийм учраас шинэ журам боловсруулж байгаа энэ үед гадны орнуудын туршлага судлах зорилгоор Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага болон Польш улсын ГХЯ-тай хамтран “Монгол Улсын ЖДҮ-ийг хөгжүүлэх бодлогод дэмжлэг үзүүлэх нь” сэдэвт зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа. 

-ЖДҮХС-гаас зээл олгохдоо арил­жааны банкаар дамжуу­лах уу эсвэл сангаараа ол­гох уу гэдэг нь мар­гаан дагуулсан асуудал болоод байна. Энэ асуудалд иргэдийн саналыг цахимаар авч байгаа шүү дээ. Иргэд алийг нь илүү дэмжиж байна вэ?

-ЖДҮХС-гаас зээл олгох асуудлыг нийтэд ил тод, тэгш хүртээмжтэй байлгах үүднээс журамд өөрчлөлт оруулж байгаа. Журмын өөрчлөлттэй холбоотойгоор сар гаруйн хугацаанд гурван удаа олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгууллаа. Мөн энэ сарын 01-ний өдрийг хүртэл иргэдийн саналыг онлайнаар авсан.  Гурав дахь хэлэлцүүлэгт 150 гаруй жижиг, дунд бизнес эрхлэгчид оролцож, санал бодлоо хэлсэн. Эдгээр хүмүүсийн ирүүлж байгаа саналын 90 гаруй хувь нь ЖДҮХС-гийн зээлийг сангаараа дамжуулж олгож өгөөч гэсэн байна. Бид бол ЖДҮХС-гийн зээлийг арилжааны банкаар дамжуулан олгох нь зүйтэй гэсэн байр суурийг баримталж байгаа учраас олон нийтийн зүгээс нэлээд эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм. Арилжааны банкаар дамжуулан зээл олгоход жижиг болон, бичил бизнес эрхлэгчид энэ зээлд хамрагдах боломжгүй болдог учраас иргэд ийм саналыг ирүүлээд байгаа хэрэг. Манай улсын нийт жижиг, дунд бизнес эрхлэгчдийн 80 гаруй хувь нь бичил бизнес эрхлэгчид байна гэсэн албан бус баримт байдаг юм билээ. Гэтэл бичил бизнес эрхлэгчид арилжааны банкаар дамжуулан зээл авах нь барьцаа хөрөнгө, банкны шаардлага гээд маш олон хүндрэлүүдтэй тулгардаг. Тиймээс иргэдийн зүгээс зээлийг сангаараа дамжуулан олгооч гэдэг саналыг ирүүлэхээс гадна төсөл сонгон шалгаруулалтыг ил тод байлгахыг шаардаж байгаа. Энэ хүрээнд журмаа боловсруулсан. Ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, энэ сардаа багтаад шинэ журам батлагдах юм. Тавдугаар сараас төсөл сонгон шалгаруулах ажил эхэлнэ.

-Одоогийн байдлаар хэчнээн төсөл ирсэн байгаа вэ. Төслүүдээ хүлээж аваад эхэлчихсэн биз дээ?

-Энэ жилийн хувьд хүн болгон л зээл авъя гэж бодож байгаа. Гэхдээ хөнжлийнхөө хэрээр хөлөө жий гэдэг шиг байгаа багахан төсвөө аль болох тэгш хүртээмжтэй хуваарилах талаар бүхий л боломж, бололцоог ашиглана. Энэ жил манай санд төсөвлөсөн 47 тэрбум төгрөгийн 21.5 тэрбумыг нь орон нутагт хуваарилсан. Аймгууд ямар бодлогын хүрээнд  ямар салбарын чиглэлээр ЖДҮ-ийг дэмжих вэ гэдэг нь өөрсдийнх нь эрх болж байгаа гэсэн үг. Аймаг бүрт нэг тэрбум төгрөг хуваарилсан. Төслийг сонгон шалгаруулах, ямар төсөлд өгөх нь орон нутгийн эрх. Бид зөвхөн санхүүжилтийг нь олгож, тухайн төсөл хэр үр дүнтэй хэрэгжиж байна вэ гэдэгт хяналт тавих юм. Харин үлдсэн 26 тэрбум төгрөгийг маш олон иргэн, аж ахуйн нэгжүүдэд хүртээх хүнд үүргийг хариуцаж байна. Мэдээж төсөл өгсөн хүн бүр л зээлд хамрагдахыг бодно. Гэтэл байгаа төсөв маань 26 тэрбум төгрөг. Энэ байдлаас үүдэн багагүй хэл ам гарна. Гэхдээ аль болох л тэгш хүртээмжтэй байлгах талаар бодлого баримталж, зохион байгуулалтыг цахимжуулах талаар ажиллаж байна. 

-Гадны орнуудын ЖДҮ-ийг хөгжүүлэх бодлого ямар байдаг юм бэ. Сайн туршлага судалж байгаа талаар сая дуулгалаа. Манай улсын ЖДҮХС-гийн зээл олгох бодлого, журмаас юугаараа ялгаатай байдаг юм бол?

-Гадных л бол асуудалгүй сайн зүйл гэж ойлгож болохгүй. Бидэнд ч бас сайн туршлага бий. ЖДҮХС-гаас хөнгөлөлттэй олгох зээлийн журмыг шинэчлэн баталж байгаа учраас мэдээж гадны орнуудын туршлагыг харах нь зүйн хэрэг. Зөвлөгөөний үеэр гадны төлөөллүүдийн илтгэлээс харахад ЖДҮХС-гаас зээл хүсэхдээ бүрдүүлэх материал нь цөөн, дүрэм журам нь тодорхой, ямар ч эргэлзээгүй байдаг гэх мэт давуу тал олон байдаг юм билээ. Дэлхийн ихэнх орнууд ЖДҮ-ийг хөгжүүлэх зээлийг арилжааны банкаар дамжуулан олгодог ч банкны шаардлагад нийцэхгүй бичил бизнес эрхлэгчдэд ЖДҮХС-гаасаа зээл олгоод явдаг талаар Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Евро Азийн төслийн менежер Арно Прете хэлж байна. Мэдээж олон улсын туршлагыг нэвтрүүлэх хэрэгтэй. Гэхдээ Монгол Улсын өөрийн гэсэн онцлогийг харгалзах ёстой. Манай улсын жижиг, дунд бизнес эрхлэгчдийн ихэнх нь бичил бизнес эрхлэгчид байгаа учраас Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааг идэвхжүүлэх шаардлагатай байгаа юм. Зээлийн батлан даалтын сантайгаа хөнгөлөлттэй зээл нь уялдаж байж л ЖДҮ-ийг хөгжүүлэх бодлого ахицтай байна. ЖДҮХС гэдэг зөвхөн зээл олгох бус жижиг, дунд бизнес эрхлэгчдийг бизнесийн чиглэлээр сургах ёстой юм. Бизнесийн бойжилтод нь дэмжлэг үзүүлнэ. Ийм цогц бодлогын алийг нь ч орхигдуулахгүйгээр зэрэг авч явах нь чухал. 

-Хуульдаа жижиг, дунд, бичил гэж тодорхой ялгаж өгнө гэж байна. Тэгэхээр ЖДҮХС-гаас зээл авахад тавигдах шаардлага, барьцаа хөрөнгө зэрэг нь ялгавартай болно гэж ойлгож байгаа?

-Хуульд бичил гэдэг нэр томъёо одоо л орж байгаа. Тиймээс одоогийн байдлаар  аж ахуйн нэгжийн түвшингээс хамаарч өөр, өөр шаардлага тавих, барьцаа хөрөнгө нь өөр байх зохицуулалтыг хийгээгүй байна. 200 хүнтэй аж ахуйн нэгжийн санхүүгийн санхүүгийн эргэлтэд оруулж байгаа хөрөнгө, таван хүн­тэй байгууллагын санхүүгийн чадамж хоёр тэс өөр. Зээл олгохдоо ийм байгууллагуудад ижил шалгуур тавина гэдэг нэг талдаа өрөөсгөл. Тийм учраас хуулиараа ялгаж өгч байгаа юм. Мэдээж хуульдаа ялгаж өгч байгаа учраас тавигдах шаардлага, дагах журамд зохицуулалт хийгдэх нь тодорхой. 

-Иргэд зээлээ сангаараа дамжуулж өгөөч гэх хүсэлтийг ирүүлдэг гэсэн. Иргэдийн энэ хүсэлтийг хүлээж авах уу?

-Засгийн газрын бодлогын зүгээс олон улсын жишиг загварын дагуу зээлийг арилжааны банкаар дамжуулж, банк нь өөрсдөө эрсдэлээ хариуцаад зээл гаргадаг байх зарчмыг баримталж байгаа. ЖДҮХС нь олгосон зээлийн үр дүнд хяналт тавиад, сургалтаа зохион байгуулаад явбал илүү үр дүнтэй. Сангаар дамжуулж олгох тохиолдолд нэгдүгээрт, бидэнд боловсон хүчин байх ёстой. Зээлийн сонгон шалгаруулалтыг олон улсын жишгээр хэрхэн зохион байгуулж явуулах вэ гэдэг нь эрсдэлтэй асуудал. Хоёрдугаарт, тухайн бизнес эрхлэгч тогтвортой бизнес эрхлэгч биш учраас эргэн төлөгдөхөд асуудал үүсдэг. Сүүлийн 10 жилийн байдлаас харахад нийт 930 тэрбум төгрөгийн зээл олгосны таван хувь нь асуудалтай буюу зөрчилтэй зээл байх жишээтэй. Энэ бол олон улсын жишигтэй харьцуулахад маш өндөр үзүүлэлт. Тийм учраас цаашдаа эрсдэл багатай байхыг нь бодож аль болох арилжааны банкаар дамжуулах нь зөв гэж харж байна. Гэхдээ ямар чиглэлийн бизнест олгох, зөвхөн бичилдээ өгөх үү гэдгийг Засгийн газрын бодлогын түвшинд шийддэг байх ёстой юм. 

-Арилжааны банкаар дамжуулан зээл олгоход барьцаа хөрөнгө, банкнаас тавих шаардлага өндөр учраас жижиг болон бичил бизнес эрхлэгчид хамрагдах боломжгүй. Тэгвэл арилжааны банкуудтай гэрээ хэлцэл хийж, барьцаа хөрөнгө, тавигдах шаардлагыг бууруулах боломж бий юу. Цаашид энэ талаар ямар бодлого баримтлах вэ?

-Арилжааны банк ч гэсэн ашгийн төлөө үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж. Хэн ч хөрөнгөө эрсдэлд оруулахыг хүсэхгүй шүү дээ. Эрсдэлгүй бизнест л арилжааны банк зээл өгнө. Энэ бол бизнесийн зарчим. Гэхдээ төрийн зүгээс бодлогыг дэмжих хүрээнд арай илүү хөнгөлөлттэй, шалгуурыг багасгасан түвшинд бодлогоор дэмжих асуудал байгаа юм. Ингэхийн тулд Зээлийн батлан даалтын санг оруулж ирж, итгэл үзүүлэн хөнгөлөлттэй зээл олгох нь зүйтэй юм. 

-Тэгэхээр ЖДҮХС-гийн зээлийг арилжааны банкаар дамжуулан олгох юм байна гэж ойлголоо?

-Одоохондоо журмаар бол арилжааны банкаар болон ЖДҮХС-гаар гэсэн хоёр сонголт байна. Гэхдээ Засгийн газрын шийдвэрээс шалтгаална. Арилжааны банкаар ямар зээлийг олгох вэ, ЖДҮХС-гаас ямар зээлийг өгөх вэ гэдгийг нь журмын хүрээнд Засгийн газрын шийдвэрээр зохицуулна гэсэн үг. 

-200 хүртэл ажилтантай бол жижиг, дунд бизнес гэж үзнэ гэдэг юм билээ. Гурван ажилтантай, 200 ажилтантай хоёр аж ахуйн нэгжийн санхүүгийн чадамж эрс тэс. Гэтэл зээл авах шаардлага нь яг адилхан байдаг. Энэ асуудлыг хэрхэн зохицуулав?

-Бид хуулиа л баримтална шүү дээ. Одоогийн жижиг, дунд үйлдвэрлэлийн тухай хуулиар 200 хүртэл ажилтантай бол жижиг дунд бизнес гэж үздэг. Энэ хуулиараа л явна. Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад бичил гэдэг нэр томъёо оруулж байгаа. Энэ хүрээнд санхүүгийн чадамжаар нь тодорхой ялгаж өгөх байх. Хууль батлагдвал өөрчлөлтийг дагаад тавигдах шаардлагад мэдээж өөрчлөлт орно. Бичил бизнест тавигдах шаардлага, дунд бизнест тавигдах шаардлага өөрчлөгдөнө гэсэн үг. 

-Өмнөх жил төсөл нь шалгарсан ч санхүүжилт байхгүйгээс зээлд хамрагдаж чадаагүй маш олон хүмүүс байгаа шүү дээ. Эдгээр хүмүүс энэ жилийн төсөл сонгон шалгаруулалтад дахин төслөө өгч өрсөлдөх үү. Эсвэл шууд зээлд хамрагдаад явах уу?

-Төсөл нь шалгарсан ч гэсэн санхүүжилт байхгүй шалтгаанаар зээл авч чадаагүй иргэд энэ жил төслөө дахин өгч өрсөлдөнө. Түүнээс биш өмнө нь төсөл нь шалгарсан гээд ямар нэг байдлаар давуу эрх олгохгүй.