ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ч.Наранцэцэг: Москвачууд ном уншдаг хэвээрээ байна

Ц.ЭНХТҮВШИН
2019-04-04

“Харьд байгаа Монголчууд” булангийнхаа энэ удаагийн дугаарт МЗЭ-ийн шагналт, хүүхдийн зохиолч Чойбалсангийн Наранцэцэгийг эх орондоо түр ирээд байхад нь уулзаж зочноор урилаа. 

-Сайн байна уу. Өөрийг тань Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуульд суралцахаар явсныг мэдэх юм байна. Сургуулийнхаа, алдарт улаан Москвагийн сонин сайхнаас хуваалцаач?

-Би хоёр монгол зохиолчийн хамт Москвагийн А.М.Горькийн нэрэмжит утга зохиолын их сургуулийн дээд курст суралцаж байна. Манай сургууль буюу Горькийн утга зохиолын их сургууль нь 1933 онд, дээд курс/ВЛК нь/ 1953 онд байгуулагдсан юм билээ. Горькийн утга зохиолын дээд курс зөвхөн дээд болон тусгай боловсролтой хүмүүст зориулсан сургууль юм. ВЛК-ыг Виктор Астафьев, Алексей Прасолов, Петр Проскурин, Чингиз Айтматов, Николай Тряпкин, Евгений Носов, Юрий Левитанский, Олесь Гончар, Новелла Матвеева, Николай Доризо, Владимир Личутин нар төгссөн. Манай Монголоос Д.Тарваа гуай 1962 онд төгссөнөөс хойш Ц.Мөнх гуай 1965 онд, түүнээс хойш Д.Наваансүрэн, Д.Цоодол, Ш.Сүрэнжав, Д.Урианхай, С.Оюун нарын зэрэг 40 гаруй зохиолч суралцаж төгссөн байдаг. Үндсэн ангийг мөн 40 шахам зохиолч төгсжээ. Үндсэн болон оройн ангийн төгсөгчдөөс эмэгтэй зохиолчид гарын таван хуруунд багтахаар цөөн бөгөөд ихэнх нь эрэгтэйчүүд төгссөн байдаг. 

-Манайхны хувьд нэлээд хуга­цаагаар завсарласан байх шүү?

-Тийм ээ. 1991 онд Монгол Улсын гавьяат багш Д.Галбаатар багш төгссөнөөс хойш үндсэн ангид ч, дээд курс аль алинд нь монголоос оюутан болон сонсогч ирээгүй. 27 жилийн дараа МЗЭ-ийн гишүүн  гурван зохиолч 2018-2019 оны хичээлийн жилд элсэн суралцаж байна.Хичээлийн байранд хоёр жилийн хугацаатай их засвар хийгдэж буй үеэр бид ирж таарлаа.  Ирэх намар дуусах юм билээ. Тийм болоод ч тэр юм уу хичээл ерөнхийдөө орой 18:00 цагаас орж байгаа. Манай ВЛК тусдаа өөрийн байртай, анги танхим, ширээ сандал, шал хана, цонх бүгд шинэчлэгдсэн. Дулаахан тохь тухын талаар ярих юм байхгүй. Долоо хоногийн дөрвөн өдөр хичээлтэй хоёр өдөр нь амарч нэг өдөр нь бие даалттай. Энэ смистрт бүр дөрвөн өдөр нь чөлөөтэй байх шив. Яахав, хичээлдээ гүй­гээд, орчуулах гэж оролдоод л байж бай­на. Бид гурвын аз боло­ход монгол багш долоо хоногийн нэг өдөр орчуул­гын уран зохиолын хичээл орж байгаа.Багш маань мөн энэ сургуулийг орчуулагч мэргэжлээр төгссөн орчуулагч О.Чинбаяр багш

-Та бүхэн сургалтын төлбөрөө өөрсдөө дааж байна уу? Хүндрэл хэр байна?

-Тийм ээ. Бид хувийн зардлаараа суралцаж байгаа. Энэ талаар сонирхвол сургуулийн сайт дээр байж байгаа. Оюутны байрны төлбөр сарын манай мөнгөөр 380 мянга. Нааш, цааш ирж очихдоо зардлаа хэмнээд Улаан-Үдээр дамжихаар харьцангуй хямд байдаг. Хоол унд гээд бүх зардал өөрийн халааснаас гарч байгаа ч хүсэл мөрөөдөл зорилгоо биелүүлж яваа хүмүүст нэг их том асуудал биш. Гэхдээ манайхан нэг нэгнээ гадагш дотогш сургуульд явахад бага гэлтгүй дэмждэг шүү. Нөхөртэй минь хамт ажиллаж байсан тэтгэвэртээ гарсан эмч эгч надад сая төгрөг өгч байгаа юм. Би гайхаж баярлаад хүний сайхан итгэл дэмжлэг байна, яагаад ч тааруухан сурч болохгүй гэж боддог.

-Та бол харьцангуй нас ахисан хүн. Ангийнхан чинь хэдий хэ­рийн насны оюутнууд байна вэ?

-Манай ангид миний үеийн хүмүүс хэд хэд байгаа. Харин ч тэд  илүү нээлттэй хөгжилтэй. Тэд залуучуудаасаа идэвх чармайлттай. Манай хичээл их сонирхолтой явагддаг мэдээж ВЛК- д хүүхдүүд биш тодорхой хэмжээний бүтээлтэй зохиолчид сурдаг болохоор сонирхолтой.

-Цаашдаа сургуулиа төгсөж ирээд аль талаа түлхүү барьж ажиллах вэ. Учир нь та бас номын редактор хүн шүү дээ?

-Миний хувьд цаашдаа зохиолоо бичээд редактороо хийгээд л явахаас хойш зохиолчийн хувьд ур чадвараа өсгөе, редакторынхоо хувьд мэргэшье, тэтгэвэрт гарахаараа өөрийн гэсэн редакторынхаа газрыг бүрэн утгаар нь ажиллуулахад Горькийн сургууль өгөөжөө өгнө гэж бодож байгаа даа.

-Гэрээсээ хол байхад, ялангуяа дотуур байрны ахуй нөхцөл ямар байна вэ?

-Дотуур байранд мэдээж өдрийн ангийнхан, аспирантур, докторан­тууд,  дээд курсийнхэн гээд бүгд л хамтдаа амьдарна. Энэ дотуур байр­ны барилга 1958 онд баригдсан юм билээ. Байрны нэг давхрын зочид буудлын хэсэгт бид гурав байр­ла­сан. Манай энэ жигүүр хөл хөдөл­гөөн багатай, өрөөндөө ОО, душ­тэй, зурагт, хөргөгчтэй. Хааяа ганц нэг хүүхэд орж ирээд гайхаж “Ооё холодильник телевизор гээд л” дуу алдана. Миний мэдэхийн хоёр фитнес өрөө байдаг. Бас үнэгүй иог хичээл­лэ­дэг ч сууж амжихгүй юм даа. 

-Москвагийн хүн болжээ, та. Энэ хот дэлхийд амьдралын өртөг өндөртэй хотоор тооцогддог байх аа?

-Москва дэлхийн хамгийн өндөр өртөгтэй хот. Гэхдээ миний ажигласнаар үйлчилгээ их үнэтэй, байр орон сууц бол мэдээж бүр үнэтэй биз. Хүнс харьцангуй хямд. Тухайлбал, талх манай мөнгөөр 700-аас эхлээд 4000-5000 төгрөг. Жимс маш боломжийн үнэтэй. Усан үзэм гэхэд сортоосоо хамаараад манай мөнгөөр  3200-8000, алим 2600-4000, банан 2400-3000 төгрөг орчим байх жишээтэй. Манай төгрөгтэй харьцуулж л хэлээд байна. Таксигаар үйлчлүүлэх үнэтэй. Харин 36 рублээр билет авчихвал метрогоороо  хэд дамжсан ч болно. Энд мах үнэтэй юм билээ. Нэг кг нь Улаан-Үдэд 20 мянга байсан. Москвад бид Монголоос өөрсдөө борцоо махаа шуузлаад ирчихдэг болохоор одоогоор аваагүй байгаа.

-Цаг агаар ямар байна вэ?

-Цаг агаар зөөлөн чийглэг, цас орохгүй өдөр байхгүй. Бүр нэг ч байхгүй гэж болохоор л өвөл өнгөрлөө. 365 хоног бүхлээрээ шахам нартай улсын иргэд чинь бүрхэг бүүдгэр тэнгэр доор давчидмаар ч тэгсхийгээд дасчих л юм. Манай хоёр “Нараа эгчээ газар тэнгэр хоёр нь нийлчих шахсан энэ бүүдгэр уйтгартай газар ямар бүтээл гарах болоо” гэж байх вэ дээ.

-Оросууд ном их уншдагсан. Тэр уламжлал хэвээрээ биз дээ. Номын сан, номын дэлгүүрээр орох зав хэр байна вэ?

-Уншиж байна аа.Ном барьсан хүмүүстэй их таарна. Номын дэлгүүрт ч үйлчлүүлэгч ихтэй. Манайхан шиг  утсаараа оролдсон хүмүүс ч нэлээд байна. Метронд ном уншиж яваа нь ч нэлээн таарна. Гэхдээ утас нь илүү байна уу гэж ажигласан. Миний  зав зай гарвал номын дэлгүүрүүдээр орно. Сургуулийнхаа номын сангаас хэтрэхгүй шахам л байна. Номын дэлгүүрүүдээр орсон үед хэдэн бор цаасаа шавхаад л гарна даа. Маш гоё номууд ирийтэл өрөөстэй. Маш том зах зээл гэдэг нь ойлгомжтой. Саяхан Арбатын номын захаар “зугаалсан”. Ай мөн ч сайхан номнууд их байна лээ.

-Та чинь хэвлэлийн газрын хүн. Хэвлэх үйлдвэрээр орж сонирхох зав зай гарав уу. Одоо Москвад ямар ном хамгийн сайн борлуулагдаж байна вэ?

-Энд хэвлэлийн газар, хэвлэх үйлдвэр өөр өөрийн статусаар ажилладаг бололтой юм билээ. Сайн судалж амжаагүй. Номын хавтас чимэглэл өнгө дизайны хувьд үнэхээр супер. Үнийн хувьд манайхаас арай хямд. Гузель Яхина “Зулейха открывает глаза” гуравдугаар сарын 30-ны байдлаар “Лидер продаж” тавиур дээр байна лээ. Манайд удахгүй хэвлэгдэх гэж байгаа. 

-Тэр агуу хүмүүсийн сурч байсан сургуульд суралцаж, тэдний гишгэсэн мөрөөр алхаж байна гэхээр бас ч гэж өөрөөрөө бахархана биз?

-Өөрөөрөө бахархах гэхээсээ илүү энэ сайхан сургуульд сурч буй, төгсөж буй хэн ч гэсэн амжилттай сайн уран бүтээл туурвих ёстой гэсэн давхар даалгаврыг өөртөө өгч байгаа. Би байрныхаа номын санд суухаар дээш доош явж байхдаа боддог юм “Д.Цоодол ах, Ш.Сүрэнжав гуай хоёр ингээд л дэвтрээ тольтойгоо сугавчлаад шүлгээ бодоод явж байдаг байсан байх даа” гэх мэтээр олон зүйл бодно. 

-Орос найз олонтой болж байна уу. Хэлний бэрхшээл гайгүй биз дээ?

-Ойр зуурын талх масло гэх зэрэг амьдралын хэрэглээний талаар бэрхшээл гайгүй. Мэргэжлийн үг хэллэг гээд явчихвал бэрхшээл гаралгүй яах вэ. Гэхдээ хичээж л байна. Орос найз нар байна байна. Ангийнхан, дотуур байрны жижүүрүүдтэйгээ үе үе “буу халдаг”юм. Ер нь бол оросууд монголчуудад элэгтэй хэвээрээ. 

-Шинэ уран бүтээлийн олз омгоосоо хуваалцаач?

-Шинэ бүтээлүүдээ хийж байгаа. Монголдоо очоод ямартаа ч Москвагийн өдрүүдэд төрсөн бүтээлээрээ ном гаргана. 

-Тантай хамт байгаа хоёр монгол зохиолч хэн бэ?

-Надтай хамт суралцаж байгаа хоёр зохиолч бол залуу зохиолч хүүхдийн зохиолч П.Наранбаатар, залуу зохиолч Х.Дуламсүрэн нар юм. Хичээл зүтгэлтэй, хөдөлмөрч сайхан залуус даа. 

-Та бүхэнд амжилт хүсье.