ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Н.Март: Хүүг минь эхнэр нь хөнөөсөн хэргийг прокурор хэрэгсэхгүй болгосон

Б.ГАНЗОРИГ
2019-04-10

Эхнэр нь хүүгийнх нь аминд хүрсэн гэх хэргийн талаар нэгэн ээж байр сууриа илэрхийллээ. Талийгаачийн ээж Н.Мартын ярьснаар Баянгол дүүргийн иргэн Э буюу түүний хүү  2018 оны арваннэгдүгээр сарын 2-3-нд шилжих шөнө гэртээ зүрхэн тус газраа хутгалуулан нас баржээ. Энэ хэрэгт холбогдуулан Э-гийн эхнэр Ж.Мөнхтулгад эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан ч хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Энэ талаар тэрбээр манай редакцид хандан, дэлгэрэнгүй ярилцлага өглөө. 


-Болсон явдлын талаар тодорхой ярилцъя. Тухайн үед яг юу болсон юм бэ?

-Миний хүү Э нь 2018 оны арван­нэгдүгээр сарын 2-3-нд шилжих шөнө эхнэртэйгээ маргасны улмаас зүрхэн тус газраа хутгалуулан нас барсан. Баруун мөр болон зүрхэндээ хоёр удаа хутгалуулсан байсан. Би хүүгийнхээ гэр бүлтэй хамт амьдардаг ч тухайн үед эмнэлэгт хэвтсэн байсан юм. Хэрэг гарах үед талийгаач хүү маань, эхнэр, манай бэрийн үеэл дүү охин, хоёр хүүхэдтэйгээ байсан. Манай хүү байгууллагынхаа шилдэг ажилтан болоод ажлынхантайгаа тэр өдөр баяраа тэмдэглэсэн. Эхнэр нь мөн гадуур найзуудтайгаа уулзаад явж байсан байдаг.  Манай бэр ажил тараад 19:45 хойш нөхрийнхөө утасны дуудлагыг аваагүй. Ингээд үүнээс хойш нөхөр нь хамт сууж байсан найзуудынхаа утаснаас удаа дараа тасралтгүй залгаад утсаа авахгүй болохоор нь гэртээ 02:00 цагийн үед ирэхэд нь эхнэр нь ирээгүй байсан юм билээ. Эхнэр нь ирээгүй болохоор эргэж хайж гарсан юм шиг байгаа юм.

Эхнэр нь өдөржингөө утсаа авахгүй байгаад тэр хоёр шөнө гэртээ уулзахдаа маргалдсан. Манай бэр надад хэлэхдээ “Согтуу орж ирээд дарамтлаад, зодоод... дараа нь өөрийгөө хутгалж, амиа хорлосон” гэж хэлсэн. Цагдаагийн байгууллага Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйл, хүний амь санаатай хөнөөсөн хэргээр шалгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байсан. Хэргийг хуулийн байгууллага үнэн зөв шийдэх байх гэж бодоод таван сар гаруй хугацаанд хүлээцтэй хандаж ирсэн. Гэвч энэ оны гуравдугаар сарын 29-нд прокурорын тогтоолоор хүн амины хэргийг хэрэгсэхгүй болголоо. “Аргагүй хамгаалалтын улмаас хутгалуулж нас барсан” гэж прокурорын тогтоол гарсанд үнэхээр гомдолтой байна. Ж.Мөнхтулга “Хүүг минь өөрийгөө амиа хорлосон” гэж хэлсэн байтал прокурор “Аргагүй хамгаалалтын улмаас нас барсан” гэж тогтоосонд гомдолтой байна. Миний хүү өөрийгөө хутгалж амиа хорлох хүн яавч биш. Би бол хүүг минь эхнэр нь санаатайгаар урьдчилан төлөвлөж хөнөөсөн гэж үзэж байгаа. Хүн амины хэргийг Хэргийг хянасан А.Баясгалан прокурор хэргийн үнэн зөвийг ололгүй нэг талд үйлчилж , хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоол гаргасанд гомдолтой байгаа. Прокурорын тогтоол хэргийн жинхэнэ бодит байдалтай нийцээгүй, яллагдагч Ж.Мөнхтулгын гэм бурууг үнэн зөвөөр тогтоож чадаагүй, хэрэгтнийг хаацайлсан гэж үзэж байна. Учир нь, хэргийг шалгасан мөрдөгч хүнийг санаатайгаар алсан гэж тогтоогоод шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байдаг юм.

-Та хохирогчийн хувиар хавтаст хэрэгтэй танилцсан уу?

-Танилцсан. Манай бэр Ж.Мөнхтулгын мэдүүлгүүд маш их зөрүүтэй байгаа.

Ж.Мөнхтулга өөрийгөө гэртээ 01:30 цагт ирсэн гэсэн мөртлөө манай хүүг 02:00 цагт ирэхэд гэртээ байгаагүй. Ж.Мөнхтулгын үеэл дүү “Ахыг гэртээ 02:00 цагт ирэхэд эгч ирээгүй байсан” гэж нотолдог. Мэдүүлэг дээр нь ч байгаа.

Манай хажуу айлын хүн “Хөршийн хаалга дуугараад хүн гараад явсан. Цагдаа ирчихлээ гэж бодсон” гэж хэлж байгаа. Гэтэл тэр үед нь цагдаа ирээгүй байсан юм билээ. Тэгэхээр гуравдагч хүн байсан байх нь гэж эргэлзээ төрдөг. Манай доод айлаас цагдаад 03:58-д дуудлага өгөөд 04.03 цагт цагдаа байрны гадаа ирээд орж чадаагүй удсан. Цагдаа ирээд 25 минут хүлээгээд, дуудлага өгсөн доод айлынх руу залгаж байж орц руу нэвтэрсэн байгаа юм. Тэгээд цагдаа, эмнэлгийнхэн гэрт орсон. Цагдаагаас гадаа ирчихээд Ж.Мөнхтулга руу залгаад байхад ерөөсөө утсаа аваагүй байдаг. Тэрээр өчнөөн залгаж байгаа цагдаагийн утсыг аваагүй мөртлөө аавтайгаа Ж.Мөнхтулга ярьсан байгаа юм. Тэгсэн мөртлөө над руу болон манайхан руу хэн рүү нь ч залгаагүй. Үнэхээр миний хүү амиа хорлосон бол эхнэр Ж.Мөнхтулга нь цагдаад дуудлага өгөөд, бидэнд хэлэх ёстой биз дээ. Гэтэл тэгээгүй. Ж.Мөнхтулга эхлээд эмнэлэг рүү л дуудлага өгөөд байсан юм билээ.

Манай урд талын хөрш хөгшний хэлснээр “Би шөнө босч ачийгаа угждаг юм. Тэр үед танай хүү чинь орилж яриад байсан. Яг юу яриад байгаа нь ихэнх нь сонсогдохгүй байсан. Намайг авраач ээ, Энэ миний ээжийн байр” гэх зэргээр хашгирч байхыг сонссон юм билээ. Энэ бүх цаг минутын зөрүүтэй үйл явдлыг Ж.Мөнхтулга худлаа ярьж болох ч хуулийн байгууллага сайн шалгах ёстой. Гэтэл цагдаа, прокурорын байгууллага сайн шалгалгүй, биднээс өгч буй баримт мэдээллийг огт байхгүй юм шиг шийдвэрээ гаргасанд туйлын их гомдолтой байна. 

Мөн манай хүүг гаднаас орж ирээд дөрвөн стакан архи уусан гэж прокурорын тогтоолд худал бичсэн байна. Гэтэл шүүх эмнэлгийн шинжилгээгээр миний хүүгийн цуснаас согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байна гэсэн дүгнэлт гарсан. Тэгэхээр прокурорын байгууллага Ж.Мөнхтулгын худлаа ярьсан мэдүүлгийг үндэслэж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолоо гаргасан нь харагдаж байна.

Тэгэхээр миний хүү өөрийгөө хутгалсан байх ямар ч үндэслэлгүй. Прокурорын тогтоолоос харахад ч хутгалуулсан гэдэг нь ойлгомжтой байна. Харин аргагүй хамгаалалтын улмаас амиа алдсан гэдэгтэй би санал нийлэхгүй. Миний хүү тэгж эхнэрээ зодож дарамтлах хүн биш.

Хууль хяналтын байгууллага хуулиараа хэргийн бодит үнэнийг олж тогтоох үүргийг хүлээсэн ч амьдрал дээр ямар ч прокурор, мөрдөгч үнэн зөвийг олж тогтоож чаддаггүй, танил тал, мөнгө төгрөг харж хэргийг буруу шийдээд өөрсдийнхөө нэр хүндийг ард олны дунд гутааж байгаа тод жишээ гэж бодож байна.

-Хүүгийн тань буяны ажилд эхнэр нь оролцоогүй гэсэн. Яагаад ирээгүй юм бол?

-Хоёр хүүхдийг нь ч аавтай нь салах ёс гүйцэтгүүлээгүй. Өөрөө ч ирээгүй. “Ном уншуулъя, аавтай нь салах ёс гүйцэтгүүлье” гээд Ж.Мөнхтулга руу ярьж хэлсэн ч ирээгүйд үнэхээр харамсаж байна. 49 хоног дээр нь би бэрээ загнаж байгаад авчирсан. Түүнээс ерөөсөө бидэнтэй холбоо барихгүй, уулзахгүй байгаа. Гэмт хэрэг хийгээгүй бол яагаад зугтаад байгаа нь сонин байна. “Ээжээ юу болж байна” гээд над руу ирэх ёстой биз дээ.

Анх хэрэг гарсны дараа Ж.Мөнхтулгыг хүний амь хөнөөсөн хэргээр 48 цаг саатуулсан. Тэгээд нэг сар хорихоор мөрдөн байцаагч саналаа прокурорт хүргүүлсэн ч Ж.Мөнхтулга “Нөхрийнхөө ажил явдалд оролцоно. Хоёр жаахан хүүхэдтэй” гэдэг үндэслэлээр түүнийг суулласан. Гэтэл нөхрийнхөө буяны ажилд ирээгүй. Хүний ёсоор хүүгийн маань ажил явдал дээр ирж болно доо. Ж.Мөнхтулгын аав, ээж нь охиноо явуулж болно шүү дээ. Үүнийг үнэхээр ойлгохгүй байна. Үүнээс үзэхэд хууль хяналтын байгууллагад худал хэлэх түүний хувьд юу ч биш бололтой.

-Хэрэгт хяналт тавьсан прокурорт гомдлоо хэлсэн байх. Юу хэлж байх юм?

-“Чи хэдэн цаастай л ноцолдлоо. Хохирогч талын баримт мэдээлэл ямар байна гэдгийг авч үзсэнгүй” гэж би хэлсэн. Гэтэл энэ хэрэгт хяналт тавьсан прокурор А.Баясгалан “Хавтаст хэрэгтэй авагдсан баримтаас үзэж дүгнэлтээ гаргасан. Гомдолтой байвал манай дарга руу ханд” гээд тоохгүй байсан. “Шүүх хурлаар ордоггүй юм уу” гэж асуухад Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйл “Аргагүй хамгаалалтын улмаас амиа алдсан” учраас шүүх хурлаар шийдэх шаардлагагүй гэж тайлбарласан. Хүн хутгалуулж амиа алдчихаад байхад шүүхээр шийдэлгүй нэг прокурор дангаараа тогтоол гаргаж шийдэж болохгүй шүү дээ.

Процессыг үнэн зөв тогтоогоогүй мөртлөө яллагдагч Ж.Мөнхтулгын мэдүүлгээр хэргийг шийдэж байгаа нь харамсалтай байна. Гэтэл яллагдагчийн мэдүүлгийг үндэслэж прокурор шийдвэрээ гаргаж болохгүй гэдгийг хуульчлаад өгчихсөн байдаг юм билээ. Миний хүү өөрийгөө егүүтгэсэн гэсэн нэг ч баримт байхгүй. Хэрэг гарах үед эхлээд Ж.Мөнхтулга хутга авсан гэдгээ хүлээсэн. Мөн аргагүй хамгаалалт байсан уу, довтолгоо эхэлсэн байсан уу, төгссөний дараа хутгалсан уу гэдгийг тогтоож чадаагүй байдаг.

Бидний хүсэлт , гомдлыг ерөөсөө хүлээж авсангүй. Прокурорын байгууллага “Хуулийн хүрээнд хэргийг шалгасан” гэдэг тайлбар өгч байна. Тиймээс хэвлэл мэдээллийн байгууллагад хандахаас өөр арга алга байна. Би нэг хүүтэй. Ганц хүүгээ алдсандаа харамсаж байна.

-Прокурорын байгууллагаас хүүг тань аргагүй хамгаалалтын улмаас нас барсан гэж дүгнэлт гаргажээ. Тэгэхээр талийгаач эхнэрээ зодсон ч юм уу, аргагүй хамгаалалт авах хүртэл үйлдэл хийсэн гэсэн үг биз дээ?

-Маргаан үүсээд талийгаач хүү маань эхнэрээ өшиглөсөн гэж яллагдагч мэдүүлсэн байдаг. Гэхдээ прокурорын дүгнэлтээр Ж.Мөнхтулга хөнгөн гэмтэлтэй гэж гарсан. Ж.Мөнхтулгын баруун шуу, баруун зовхи, бугалга, хонго, гуя, зүүн шилбэнд цус хуралттай, зүүн тохой, бугуй, сарвуу, баруун зовхинд зулгаралт бий болсон гэж дүгнэлт гарсан. Ж.Мөнхтулгад хөнгөн гэмтэл учруулсан гэж тогтоосон мөртлөө аргагүй хамгаалалтын улмаас амиа алдсан гэж дүгнэсэн. Харин миний хүүгийн нүүрийг Ж.Мөнхтулга маажсан байсан. Ж.Мөнхтулга “Орж ирээд намайг нүүр нүдгүй зодоод, үсдэж чирээд байсан” гэсэн мөртлөө Ж.Мөнхтулга зүгээр байсан.

Прокурорын дүгнэлтээр “Талийгаач Э, Ж.Мөнхтулга нар тэмцэлдэх явцдаа Э-ийн цээжний зүүн урд дээд хэсэгт өвчүү, үнхэлцгийг нэвтлэн зүрхний баруун хөндий рүү нэвтэрч орсон, баруун мөрөн дээрээс доош чиглэлтэй хатгагдаж зүсэгдсэн, зүрх хатгагдаж зүсэгдсэний улмаас үнхэлцгийн хөндийд цус алдан зүрх чихэлдэж нас барсан гэж үзсэн. Ноцолдож, хутга булаалдаж байгаад мөр, цээжинд нь ийм хүчтэй гүн хутгалах уу. Амиа хорлосон бол өөрийгөө ингэж хүчтэй хутгалахгүй шүү дээ. Ийм хүн үнэмшмээргүй дүгнэлтийг БГД-ийн хяналтын прокурор А.Баясгалан гаргасанд гомдолтой байна.

 

-Прокурорын дүгнэлтээр “Аргагүй хамгаалалтын улмаас амиа алдсан” гэжээ. Танай өмгөөлөгч юу гэж байх юм. Хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж баймааргүй юм?

-Аргагүй хамгаалалтын улмаас амиа алдсан гэж буруу тогтоол гаргасан нь харин ч Ж.Мөнхтулга буруутай гэдэг нь тогтоогдож байна гэж үзэж байгаа.

-Өмнө нь талийгаач, Ж.Мөнхтулга хоёр маргалддаг байсан уу?

-Манай хүү ээжтэйгээ хоёулахнаа өссөн болохоор эхнэрийнхээ үгэнд ордог хүүхэд байсан. Залуу хүмүүс хойно маргалдах зүйл гарна. Эхнэрээ гадуур гараад архи уухад нь миний хүү “Хүүхэд чинь халуунтай байна. Шөнөжингөө архи уугаад хаачив” гээд маргах үе байна. Бэр бол хааяа пиво уудаг байсан. Ж.Мөнхтулга эрүүлдээ огт дуугарахгүй, даруухан мөртлөө архи дарс уухаар ширүүн болчихдог.

Манай хүү хэзээ ч хутга барьж байгаагүй. Харин манай бэр Ж.Мөнхтулга 2015 онд маслоны хутгаар хүүгийн маань хөлийг дүрж байсан. Тэр үед том хүү нь гарчихсан гурвуулаа тусдаа амьдардаг байсан. Энэ тухай би мэдүүлсээр байтал энэ хэргийн тухай ямар нэг баримт хавтаст хэрэгт авагдаагүй байдаг. .

-Танай хүү архи хэрэглэдэг байв уу?

-Архи уудаггүй. Тэр үед ажлынхаа шилдэг ажилтан болсон учраас гадуур баяраа тэмдэглэж байсан. Гэхдээ архи хэрэглээгүй гэдэг нь шүүх шинжилгээний дүгнэлтээр тогтоогдсон. Манай хүү Японд боловсрол эзэмшсэн. Ээж, эхнэрийнхээ үгэнд ордог сайн хүүхэд байлаа.

Би 2016 онд элэгний С вирусны шинжилгээгээ өгсөн чинь хавдартай нь тогтоогдоод, “Яаралтай хагалгаанд ор, эсвэл элгээ соль” гэдэг онош гарсан. Тэгээд хүүгээ шинжилгээнд өгсөн чинь манай хүүгийн элэг таарахаар гарсан. Тэгээд хүү минь надад донор болох гэж байсан. Гэтэл эхнэр нь “Донор өгсөн хүндээ муу байдаг. Чи хагалгаа хийлгэж яах гээд байгаа юм” гэсэн ч миний хүү ээждээ элгээ өгнө гээд миний донор болсон байсан юм. Ганц хүүгийнхээ эрүүл мэндийг бодоод би элэг шилжүүлэн суулгах хагалгаагаа хойшлуулаад байсан юм. Тэгээд хавдрынхаа хяналтад эмнэлэгт хэвтсэн хойно хүүгээ алдчихлаа. Хүү минь ээждээ хайртай, гэр бүлдээ хайртай хүн байсан. Миний хүү яавч өөрийнхөө амийг хөнөөх хүүхэд биш.

-Юунаас болж маргалдсан юм бол?

-Эхнэр нөхөр хоёр юунаас болж маргалдаж болох уу. Айсан хүн, хүн ална гэж зүйр үг байдаг. Ж.Мөнхтулгын “но”-г нь миний хүү мэдсэн учраас амийг нь хөнөөсөн байхыг үгүйсгэхгүй. Ж.Мөнхтулга хүүд минь тэр өдөр гардуулсан байх, ийм зүйл хийсэн байж болно шүү дээ. Манай хүү аливаа зүйлд шударга, зарчимтай ханддаг. Тиймээс үнэнийг нь мэдээд эхнэртээ хэлсэн байх. Тэгээд ийм зүйл болсон гэж би хардаж байгаа.

Миний хүү тэр өдөр хаана орж баяраа тэмдэглэсэн, хэдийд гэртээ орж ирсэн нь тодорхой байгаа. Гэтэл Ж.Мөнхтулга хаана, хэнтэй уулзаад юу хийж явсан нь ерөөсөө тодорхойгүй. Найзуудтайгаа уулзсан л гэдэг. Найзуудаа таксинд суулгаад машиных нь зургийг авснаа “Би энэ таксигаар гэртээ ирсэн” гэдэг. Гэтэл өөрийнхөө сууж явсан таксиныхаа зургийг авах уу. Найзуудаа таксинд суулгачхаад зургийг нь авснаа тэгж ярьдаг. Тэгээд найзуудаа явуулаад өөр хүнтэй зугаалж, улмаар гэртээ авчирсан байхыг үгүйсгэхгүй. Учир нь, том өрөөнд унтаж байсан үеэл дүү нь түүний утсанд мессэж ирсний дараа унтаж байсан хоёр хүүхдийг жижиг өрөө рүү зөөж оруулсан гэдгээ мэдүүлсэн байсан. Энэ талаар огт шалгаагүй.

-Танай худууд ямар хүмүүс байдаг вэ?

-Ж.Мөнхтулгын аав цагдаагаас тэтгэвэртээ гарсан цагдаагийн ажил хийж байсан юм билээ. Ээж нь багш мэргэжилтэй. Одоо тэтгэвэртээ гарсан хүмүүс бий.

Хүүгийн маань амийг хөнөөчхөөд юу ч болоогүй юм шиг байгаад гомдолтой байна. Хэргийг прокуророос хэрэгсэхгүй болгоод, тэр хүүхэн өнөөдөр зүгээр банкиндаа ажлаад явж байгаа. Хамгийн аймаар нь энэ хүн хүүг минь бүрэлгэснээ ойлгохгүй гэмгүй яваад байна. Миний хүүг өөрийгөө егүүтгэсэн гэж гүтгэж байна шүү дээ. Миний хүү амиа алдсан мөртлөө дахиад нэр хүндэд нь халдаж байгаад гомдолтой байна. Би хуулийн байгууллагаар үнэн зөв шийдүүлэхийн төлөө асуудлыг тавина. Намайг хэн ч “ээжээ” гэж дуудахгүй болохоор амьдрахад надад хэцүү байна.

Дэлгэрэнгүйг "ӨГЛӨӨНИЙ СОНИН"-оос унших боломжтой!