ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Тод Каннам” эмнэлэгт хөхний хагалгаанд орсон эмэгтэй шүүхэд хандахаар болжээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-04-12

Өнгөрөгч гуравдугаар 26-ны өдөр Тод Каннам арьс гоо заслын эмнэлэгт өөх соруулах хагалгаа хийлгэсэн 29 настай эмэгтэй харамсалтайгаар нас барсан тухай бид мэдээлсэн.

Талийгаачид өөх соруулах хагалгаа хийх үеэр хүндрэл үүсч улмаар зүрх нь тасалдаж эхэлсэн байдаг. Ийнхүү яаралтай Улсын төв нэгдүгээр эмнэлэгт хүргэгдэн эмчилгээ авалгүй дөрөвдүгээр сарын 1-ний өдөр нас барсан билээ. Тухайн эмнэлэг гоо сайхны хүнд төрөлд хамаарагдах өөх соруулах хагалгааг хийхдээ мэргэжлийн мэс заслын эмчгүй байсан нь тогтоогдсон юм. Иймээс Мэргэжлийн хяналтын байгууллагаас дээрх эмнэлгийн үйл ажиллагааг бүрэн зогсоох шийдвэр гаргасан билээ. Гэтэл өнөөдрийг хүртэл дээрх эмнэлэг үйл ажиллагаагаа явуулсаар байгаад талийгаачийн ар гэрийнхэн гомдолтой байгаа аж. Мөн ар гэрийнхнийх нь зүгээс эмнэлгийн үйл ажиллагааг зогсоохыг хүссэн албан бичгийг холбогдох байгууллагуудад өгөхөөр бэлтгэж байгаа аж.

Манай улсын хэмжээнд гоо сайхны мэс засал хийх тусгай зөвшөөрөлтэй нийт 57 эмнэлэг бий. Дээрх харамсалтай хэрэг гархаас хэдхэн хоногийн өмнө Мэргэжлийн хяналтын газраас гоо сайхны мэс заслын эмнэлгүүдэд шалгалт хийхэд мэс заслын мэргэжлийн эмчгүй, зориулалтын байргүй, хаяг байршил тодорхойгүй гэх нийтлэг зөрчил илэрч байсан тухайн мэдээлж байсан билээ.

Дээрх харамсалтай хэргийн дуулиан намжаагүй байхад саяхан “Гоо сайханд золиос хэрэгтэй” гэх нэртэй цахим хаягт нэгэн эмэгтэй Тод каннам эмнэлгийн хохирогч болсон тухайгаа бичиж шүүхэд хандахаар болсноо мэдэгджээ.

-“МАНАЙ ЭМНЭЛЭГ ГОО САЙХНЫ МЭС ЗАСЛЫН ҮЙЛЧИЛГЭЭГЭЭР ТУРШЛАГАТАЙ” ГЭЖ ХЭЛЖ БАЙСАН-

Тэрээр, дээрх цахим хуудаснаа “Би хоёр жилийн өмнө "Тод каннам" эмнэлэгт хөх сойх мэс засалд орсон. Тухайн үед би анхны хүүхдээ төрүүлээд, жил гаран болсон байсан. Хүүхэд хөхүүлсэн, хөхөө арчилж чадаагүйгээс хөх маань нэлээд унжсан. Тиймээс "Тод каннам" эмнэлэгт очсон юм. Тухайн үед "Тод каннам" эмнэлэг КТМС-ийн ойролцоо, Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хажууханд байдаг байлаа. Намайг очиход тус эмнэлгийн захирал н.Тодномбат эмч надтай уулзаад, "Манай эмнэлэг гоо сайхны мэс заслын үйлчилгээгээр туршлагатай. Хөх сойх үйлчилгээг олон эмэгтэй хийлгэж, гоё болсон" гэж хэлж байсан. Мэс засал хийхдээ хөх тойруулж мэдээгүйжүүлэлт хийгээд, мэс заслаа хийсэн” гэжээ.

-ХӨХ ЧИНЬ ГОЁ БОЛНО ГЭСЭН Ч ОДОО ХАРАХААР ГУТРААД БАЙНА-

Тэрээр мөн хэвлэлд ярихдаа “Хагалгаа хийлгэсний дараа нь боолт хийлгэх хугацаандаа очиход хөхний маань толгойг тойроод улаан хүрэн өнгийн, маш зузаан шарх сорви тогтсон байсан. Эмч маань "Ингэдэг юм, санаа зоволтгүй" гэсэн болохоор эдгэрэхийг нь хүлээгээд нэлээдгүй хугацаа өнгөрсөн. Гэвч ямар ч өөрчлөлт гараагүй. Хөхөө хүнд харуулах нь бүү хэл, өөрөө ч хараад гутардаг.

Охид, бүсгүйчүүд гоё сайхан болох гэж яваад над шиг эрүүл мэнд, гоо сайхнаараа хохирох вий гэсэндээ ярилцлага өгч байгаа юм шүү. Эмнэлгийн зүгээс өөрийн чинь арьс, булчингийн онцлогоос шалтгаалсан байх" гэсэн тайлбар хэлдэг байсан. Сүүлдээ уурлаж, загнаж доромжилддог болсон. "Чамайг манай эмнэлэгт мэс засал хийлгэснийг хэн батлах юм. Мөнгө тушаасан баримт чинь байна уу" гэх мэтээр. Надад тийм баримт байхгүй. Гэхдээ тэр баримт нь надад биш тэр эмнэлэгт байх ёстой биз дээ. Тэр эмнэлэг үйлчилгээ үзүүлсэн хүмүүсийнхээ нэр, хаяг, ямар үйлчилгээ авсан зэрэг мэдээллийг хадгалж байх ёстой биз дээ. Гэтэл эмнэлгийнхээ хаягийг солиод нүүгээд явчихдаг, хүнийг хохироочихоод тоодоггүй, ийм ёс зүйгүй эмнэлэгт хүний амиа алдсаныг сонсоод үнэхээр бухимдаж байна. Ганц би хохироогүй байна. Хүмүүсийг хохирогч болгочихоод дараагийн хүнд мэс засал хийгээд яваад байж болохгүй биздээ. Иймээс би шүүхэд хандахаар болсон” хэмээжээ.

Гоо сайхны эмнэлгүүдийн стандартын бус чанарын шаардлага хангаагүй үйлчилгээ тэр дундаа хөхөнд силикон шахуулах үйлчилгээнээс болж хөхний хорт хавдрын өвчлөл нэмэгдэж буй эрдэмтэд анхааруулсан. Тиймээс энэ төрлийн үйлчилгээг стандартад хангасан эмнэлэгт мэргэжлийн эмчээс авах шаардлага бий болсныг дээрх жишээ харуулж байна.