ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Я.Содбаатар: Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлыг энэ хавраас эхлүүлэх хэрэгтэй

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-04-14

Засгийн газрын хуралдаанаар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414 км төмөр замыг барихаар шийдвэр гаргасан. Мөн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлыг эрчимжүүлэх шийдвэрийг ч гаргаад байгаа. Энэ талаар УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд асан Я.Содбаатартай ярилцлаа. 

-Тавантолгойн уурхайгаас 2-3 чиглэлд төмөр зам тавих шийдвэрийг Засгийн газраа гаргасан. Энэ шийдвэртэй холбоотойгоор гишүүд янз бүрийн байр суурь илэрхийлж байна. Таны хувьд салбарын сайдаар нь нэг хэсэг ажилласан хүний хувьд энэ шийдвэрийг юу гэж харж байгаа вэ?

-Монгол Улсад яаралтай барьж байгуулах гурван чиглэлийн төмөр зам байгаа. Нэгдүгээрт, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам. Газар шорооны ажлыг нь 80 орчим  хувьтай хийчихсэн том бүтээн байгуулалтын ажил. Нэгэнт эхэлчихсэн ажлаа гүйцээгээд, бүрэн дуусгах зайлшгүй шаардлага бидэн байна. Тавантолгойгоос-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг барьж дуусгахад хамтарч ажиллах сонирхолтой байгаагаа гадаадын хөрөнгө оруулагчид илэрхийлж байгаа. Ялангуяа экспортын чиглэлийн төмөр замын ажилдаа гадны хөрөнгө оруулагчдын хувийг, сонирхлыг оруулах нь эдийн засаг болоод замын ашиглалтын хувьд хэрэгтэй гэж үзэж байгаа юм. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414 км төмөр замын ажил бас байна. Энэ бол дотооддоо түүхий эдээ тээвэрлэх төмөр зам. Тиймээс барилгын цэргийн ангийг оролцуулж, дотоодын эх үүсвэрээр, арай хямд өртгөөр барья гэдэг шийдвэрийг Засгийн газар гаргасан. Үүнийг би зөв гэж үзэж байгаа. Ялангуяа бид Сайншандад коксжих нүүрсээ авчирч чадвал Дархан, Сэлэнгийн бүсэд байгаа төмрийн хүдэртэйгээ нийлүүлээд цаашид металлургийн үйлдвэрлэлийг бий болгох үндсэн суурь бүрдэнэ. Нэг үгээр хэлбэл, олон жил ярьсан дотоодын томоохон үйлдвэрлэлээ дэмжихэд нэг алхам ойртоно гэж харж байна. Нөгөө талдаа, Сайншандаар дамжуулаад ОХУ-ын Владивосток, Алс дорнодын боомтуудаар нүүрсээ зарах боломж нээгдэнэ гэж бодож байгаа. Нэлээд олон жилийн хэлэлцээрийн үр дүнд ОХУ-ын нутаг дэвсгэр дээгүүр төмөр замаар нэн хөнгөлөлттэй нөхцөлтэйгөөр ачаа тээвэрлэх боломж бүрдсэн. Энэ боломжоо ашиглаж, эдийн засгийн үр өгөөжийг нь хүртэх үүднээс Орос руу ачаа тээвэрлэх боломж гарах байх. Тийм учраас Сайншанд дээр Өмнийн говийн эрдэс баялаг, түүхий эдээ авчрах нь зүйтэй. Ингэснээр хоёр дахь худалдан авагч буюу эх үүсвэртэй болно. Нэг л улсад худалдахаар бид байнга экспортын цохилтод өртөж байдаг. Харин хоёр эх үүсвэртэй болбол өрсөлдөөн бий болгоод, бидэнд боломж гарах байх.  Гурав дахь чиглэл бол Зүүнбаянгаас Хангийн чиглэл рүү 260 гаруй км төмөр зам барих хэрэгтэй. БНХАУ-д өвлийн олимп болох гэж байгаатай холбогдуулаад Сайншандаас Замын-Үүд чиглэлийн төмөр замд ачаалал ихэссэн. Эрээний боомтоор Хятад улс нурмаг ачаа буюу уул уурхайн бүтээгдэхүүнийг авахыг хязгаарлаж эхэлж байгаа. Тийм учраас бид энэ ачаагаа Сайншандаас Хангийн чиглэлд төмөр зам тавьж, явуулах нь хамгийн зөв. Төмөр замтай холбоотой бодлогын хүрээнд бид эхний ээлжинд энэ гурван томоохон бүтээн байгуулалтын ажлыг зэрэг эхлэх байх. 

-Хамгийн их “хэрүүлийн алим” болоод байгаа нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам. Далангийн ажлыг нь 80 хувьтай гүйцэтгэсэн, одоо төмөр замаа тавих л дутуу байгаа гэдэг. Энэ замыг барих хөрөнгө оруулалтыг яаж шийдэх вэ. Та сая гадны хөрөнгө оруулагчдын талаар дурьдсан. Тэр талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалтын ажилд 280 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг хийсэн. Нийтдээ 270 орчим км төмөр зам барих ёстойгоос 204 км-ынх нь далангийн ажлыг хийчихсэн. Одоо 70 орчим км замын газар шорооны ажлыг хийнэ. Тэгээд бусад бүтээн байгуулалтыг нь хийх ёстой. Энэ ажилд нийтдээ 800 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа. Энэ бол манай улсын экспортын чиглэлийн гол төмөр зам. Тийм учраас гадны хөрөнгө оруулагчид хамтарч ажиллах саналаа их илэрхийлдэг. Нэг ёсондоо хөрөнгө босгоод төмөр замаа барих боломж өндөр байгаа. Хамтарч ажиллах түншээ сонгочихвол энэ бүтээн байгуулалтын ажилд зарцуулах хөрөнгө мөнгө гацахгүй юм байна гэж бодож байгаа. Өнгөрсөн жил Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөл хэрэгжүүлэх аж ахуй нэгжийг байгуулсан. Төмөр замын ажлаа энэ хавартаа эхлүүлэх хэрэгтэй. Манай улсын эдийн засагт, ялангуяа экспортыг нэмэгдүүлэхэд маш өндөр ач холбогдолтой төмөр зам болно.  

-Төсөл хэрэгжүүлэх аж ахуйн нэгжээ байгуулсан гэж байна. Шинээр компани байгуулж байгаа нь ямар учиртай юм бол?

-270 км замын 204-ийнх нь даланг барьчихсан гэж би сая хэлсэн дээ. Одоо бол газар шорооны ажил биш технологийнх эхэлнэ. Далдын монтаж, цахилгаан, холбоо дохиолол, дэр мод, төмөр замаа тавина. Хилээр гарахад гадны улсын хил, гаалийн шугамтай холбогдох, өртөө, зөрлөг гээд мэргэжлийн ажлуудаа хийж эхэлнэ. Тийм учраас илүү мэргэжлийн, бие даасан төрийн өмчит компани байгуулах шаардлагатай. 

-Гадаадын хөрөнгө оруулагчдаас санал ирдэг талаар та бас дурьдлаа. Бодьтой санал ирсэн нь бий юу. Гол санал нь юу вэ?

-БНХАУ-ын Баяннуур аймгийн бизнесийн нэгдэл. Хятадын “Шинхуа” групп болон төмөр замын хоёр гурван анги саналаа ирүүлсэн байдаг юм. Тэдгээрээс судалж үзэж байгаад хамгийн сайн санал ирүүлсэн аж ахуйн нэгжтэй хамтарч ажиллаж, бүтээн байгуулалтын ажлаа өрнүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа. Хөрөнгө оруулагчдын ирүүлж байгаа нь санал нь төмөр замын 49 хувийг эзэмших. Монгол Улс 51 хувиа эзэмшинэ. Гадны аж ахуйн нэгж хөрөнгө оруулалтаа нөхөөд, аажмаар манай руу шилжүүлэх юм.  УИХ, Засгийн газраас 49 хувьд нь гадны хөрөнгө оруулагчдыг, 51-д дотоодын хөрөнгө оруулагчыг оруул гэсэн шийдвэр гаргасан. Ер нь бид экспортод чиглэсэн төмөр замдаа гадны хөрөнгө оруулагчдын сонирхлыг ямар нэг хэмжээгээр шингээж байж тэр замыг урт удаан жил ашиглах боломжтой. Ашиглалт талаасаа хэрэгтэй гэж ойлгож болно. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг тавьсны дараа жилдээ 40 сая тонн нурмаг ачаа явна. Хажуугаар нь хүнд даацын автозамаараа мөн 40 сая тонн ачаа явуулна. Одоо нэг зам байгаа даа. Хажуугаар нь энэ жил хос автозам барина. Ингэхээр тухайн бүсэд жилдээ 80 сая тонн нүүрсний экспорт хийх боломж бүрдэж байгаа юм. Манайх автозамаа, төмөр замаа ч бүрэн ашиглахын тулд худалдан авагч талын сонирхлыг оруулах хэрэгтэй байхгүй юу. Тэгж байж тэд бүрэн ашиглана. Нэгэнт хөрөнгөө оруулаад, замаа барьчихсан юм чинь нүүрсээ хурдан, их хэмжээгээр авна шүү дээ. Тэгэхгүй болохоор жилийн эцэс болохоор л экспортод хязгаар тавьдаг. Тэр дундаа сүүлийн жилүүдэд ноцтой биш шалтгаанаар экспорт хязгаарлаж байгаа. Өнгөрсөн жил гэхэд техникийн шинэчлэл хийж байна гэж хязгаарласан. Өмнөх жил нь улстөрийн шалтгаанаар ч гэдэг юм уу хязгаарласан.  Тийм учраас худалдан авагч талынхаа ашиг сонирхлыг энэ замд оруулах нь эдийн засгийн асар өндөр ач холбогдолтой. 

-Тавантолгой-Сайншанд чиглэлийн төмөр замыг цэргүүдээр бариулах шийдвэр гаргасан. Янз бүрийн мэдлэг, мэдээлэлтэй хүмүүс төрөл бүрээр шүүмжилж байна. Цэргүүд төмөр зам барьж чадахгүй гэдэг өнцгөөс нь харж, шүүмжлэх хүн маш их байгаа. Үнэхээр цэргүүд төмөр зам барьж чадах уу. Тийм туршлага бий юу?

-Өнгөрсөн жил Засгийн газар шийдвэр гаргаад, Сайншандаас Алтанширээ буюу нефтийн үйлдвэр рүү чиглэсэн төмөр замыг дотоодын хүчин чадалд түшиглэн барьж байна. Энэхүү 20 км төмөр замын ажил маш эрчимтэй өрнөж байгаа. Энэ бүтээн байгуулалтын ажилд барилгын цэргийн анги ажилласан. Тиймдээ ч өртөг маш хямдхан. Үндсэндээ өнгөрсөн жил бага хэмжээний туршилт хийчихлээ. Барилгын цэргийн ангийнхан ажиллаад, нэг км төмөр замыг хэдэн төгрөгт барьж болохыг ч харлаа. Ойролцоогоор сая гаруй ам.доллараар нэг км төмөр замыг барих боломж бүрдэж байна. Гэтэл гадаадын аж ахуйн нэгж орж ирээд, төмөр зам барьвал нэг км-ыг нь хоёр сая гаруй ам.доллараар барина. Олон улсын жишиг үнэлгээ ч ийм. Тэгэхээд бид дотоодын нөөц бололцоогоо ашиглаад, үндэсний аж ахуйн нэгжүүдээ оролцуулаад, газар шорооны ажлаа хийгээд, бүтээн байгуулалтаа өрнүүлж чадвал төмөр замаа хямд барьж болж байна. Бид УБТЗ, Батлан хамгаалах яамтай хамтраад, 20 км төмөр замаа бариад, энэ онд ашиглалтад өгнө.  Тавантолгойгоос Зүүнбаян руу чиглэсэн буюу дотоодын төмөр замын ажилд гадны хөрөнгө оруулагчдыг татаж оруулахад хүндрэлтэй. Тийм учраас дотоодын боломжоо ашиглаад, бүтээн байгуулалтаа өрнүүлье гэсэн шийдвэр гаргасан. Үүнийг би зөв гэж үзэж байгаа. Үүнийг улстөрийн өнцгөөр хараад, шүүмжлэхээс илүү дотооддоо бид бүтээн байгуулалт өрнүүлж чадаж байна гэдгээр нь харах хэрэгтэй байх. 

-Барих өртөг 50 хувиар буурна гэдэг манайх шиг эдийн засагтай оронд хэрэгтэй нь мэдээж. Харин чанар, стандартын хувьд ямар байх бол?

-Бүтээн байгуулалтын ажилд хяналтаа тавих нь маш чухал. Бид 20 км зам тавиад, цэргүүдээ ажиллуулж үзлээ. Болохгүй биш болж байна. Тийм учраас төмөр замын ажилд барилгын цэргийн ажиллах хүчээ ашиглах боломж байна гэдгийг харууллаа. Нөгөө талдаа цэргийн алба хааж байгаа залуучууд мэргэжил эзэмшээд, цалин аваад халагдана. Дээрээс нь өндөр хүчин чадалтай техникүүдийн оператор мэргэжилтэй болох боломж ч бий. Бас цалин аваад, халагдана. Цэргийн албанд очиж байгаа залуучуудын ихэнх нь хөдөө орон нутгаас ирж байгаа. Тэд цэргийн албаа хаагаад, халагдахдаа хариад амьдралдаа нэмэр болох хэдэн төгрөгтэй, бас мэргэжлийн чиг баримжаатай болно. Энэ талаараа ач холбогдолтой. Олон улсын чанар, стандартад нийцүүлэх ажлыг мэдээж мэргэжлийн хүмүүс хараа хяналт тавина. 

-Энэ замыг дотоодын хөрөнгө оруулалтаар барих боломж бий юу. Засгийн газарт тийм хэмжээний хөрөнгө байгаа юм уу?

-“Эрдэнэс Таван Толгой” компани 800 гаруй тэрбум төгрөгийн ашигтай ажилласан даа. Тэр мөнгөнөөсөө дотоодын замдаа хөрөнгө оруулалт хийе гэж ярьж байгаа юм. Дотоодын замд гадныхан мөнгө өгөхгүй шүү дээ. Манайх нүүрсээ зөөх төмөр замаа бариад, металлургийн үйлдвэр хөгжүүлэх гэж байна гэвэл хэн бидэнд мөнгө өгөх юм, өгөхгүй. Энэ бол маш өндөр ач холбогдолтой төмөр зам. Энэ төмөр замыг тавьсанаар эдийн засгийн талаасаа гурван боломж нээгдэж байгаа. Нэгдүгээрт, шинэ гарц нээж байна. Манайх зөвхөн Хятад руу чиглэсэн л гарцтай байсан. Тэгвэл энэ төмөр замыг тавьсанаар алс дорнод руу чиглэсэн гарцыг нээж өгнө. Хоёрдугаарт, дотоодын металлургийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх эхлэлийг тавина. Үндсэн түүхий эдээ гол бүс нутагтаа аваачих нөхцөл бүрдэнэ.  Сайншанд, Улаанбаатар, цаашлаад Дархан, Эрдэнэт рүү гол түүхий эдээ авчрах боломжийг энэ төмөр зам бий болгоно.  Өнөөдөр бид Хятадын Баяннуур гэдэг аймагтай л харилцаж байгаа. Гэтэл хажууд нь Бугат байна. Металлургийн том үйлдвэрүүд тэнд байгаа. Гэтэл бид өнөөдөр ганцхан Баяннуурынхны л аманд орчихоод байна.  Тэгвэл Тавантолгойгоос Зүүнбаян чиглэлийн төмөр замаа барьчихвал Бугат руу ч гаргах боломжтой болно.  Гуравдугаарт, үндэсний бүтээн байгуулалт өрнөх, дотоодын аж ахуйн нэгжүүд ажилтай болох боломжтой. Зөвхөн цэргүүд барих юм биш дотоодын олон аж ахуйн нэгж энэ ажилд оролцоно. Тиймээс хөрөнгө мөнгөө яаж ийж шийдээд, энэ төмөр замыг тавих л ёстой.