ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Монголд гадаадын 4.9 мянган иргэн ажиллаж байна

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-04-14

Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр гуравдугаар сарын нийгэм, эдийн засгийн байдлыг мэдээллээ.  Манай улсад 2019 оны нэгдүгээр улирлын байдлаар гадаадын 91 улсын 4.9 мянган иргэн хөдөлмөрийн гэрээгээр цалин хөлс, орлого олох зорилготойгоор хөдөлмөр эрхэлж, мөн цалин, хөлс, орлого олох зорилгогүйгээр сайн дурын ажил хийж байна. Ажил эрхэлж буй гадаадын иргэдийн 4.1 мянга буюу 83.7 хувь нь эрэгтэй, 0.8 мянга буюу 16.3 хувь нь эмэгтэй байгаа ажээ.

Хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй нийт гадаадын иргэдийн 38.1 хувь нь БНХАУ-ын, 9.7 хувь нь Австрали улсын, 6.7 хувь нь ОХУ-ын, 5.6 хувь нь БНСУ-ын, 5.2 хувь нь АНУ-ын, 5.0 хувь нь БНСВУ-ын, 3.9 хувь нь Өмнөд Африк улсын, 3.5 хувь нь Канад улсын, 3.5 хувь нь Филиппин улсын, 3.2 хувь нь Их британи улсын, 15.7 хувь нь бусад улсын харьяат байна.

Ажил эрхэлж буй гадаадын иргэдийг насны бүлгээр авч үзэхэд хамгийн их буюу 16.5 хувь нь 45-49 насны иргэд, хамгийн бага буюу 0.5 хувь нь 20 хүртэлх насныхан байна.  Ажил эрхэлж байгаа гадаадын иргэдийн 2.1 мянга нь Улаанбаатарт, 1.7 мянга нь Төвийн бүсэд, 0.8 мянга нь Зүүн бүсэд, 0.2 мянга нь Хангайн бүсэд, 0.1мянга нь Баруун бүсэд ажиллаж байна.

Ажил эрхэлж байгаа гадаадын иргэдийн 2.5 мянга нь дипломын болон бакалаврын дээд, 1.9 мянга нь техникийн болон мэргэжлийн, 0.2 мянга нь тусгай мэргэжлийн дунд, 0.2 мянга нь бүрэн дунд, 0.1 мянга нь суурь боловсролтой байгаа аж.

Ажил эрхэлж байгаа гадаадын иргэдийг ажил мэргэжлийн ангиллаар авч үзэхэд,  хамгийн их буюу 2.5 мянга нь мэргэжилтэн, хамгийн бага буюу 3 иргэд хөдөө аж ахуй, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтан байна.