ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хэрэглээний барааны үнэ өмнөх оны мөн үеэс 6.7 хувиар өсчээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-04-14

Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр 2019 оны гуравдугаар сарын нийгэм, эдийн засгийн байдлын талаар мэдээллээ.  Тус хорооноос өгсөн мэдээллээр өргөн хэрэглээний барааны үнэ өсчээ. Тодруулбал, хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2019 оны 3 дугаар сард улсын хэмжээнд  өмнөх сараас 0.7, өмнөх оны эцсээс 1.8, өмнөх оны мөн үеэс 6.7 хувиар өссөн байна.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2019 оны 3 дугаар сард өмнөх оны мөн үеэс 6.7 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 8.2 хувь (мах, махан бүтээгдхүүний дэд бүлгийн үнэ 20.5, согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 6.2, сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөгний дэд бүлгийн үнэ 3.1 хувь) өссөн нь нөлөөлсөн аж.  Мөн согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 4.1, тээврийн  бүлгийн үнэ дүнгээрээ 4.9, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 8.7 (цахилгаан, хийн болон бусад түлшний дэд бүлгийн үнэ 9.3 хувь), эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 9.9 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2019 оны гуравдугаар сард өмнөх оны эцсээс 1.8 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 6.5  (мах, махан бүтээгдэхүүн 15.1 хувь), согтууруулах ундаа, тамхины бүлэг 1.3, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 1.7 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

Харин хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2019 оны гуравдугаар сард өмнөх сараас 0.7 хувиар өсөхөд,  хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 1.9, согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 0.2, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 0.6 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.