ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Азгүй шумбагч”

А.ОДСҮРЭН
2019-04-17

Ус сувгийн Удирдах газрын харьяа Төв цэвэрлэх байгууламжид үйлдвэрлэлийн осол гарч, ид хийж бүтээх насны дөрвөн залуу нас барлаа. Таван хүн хийнд хордож, өдгөө Цэргийн төв госпиталд хордлогын эмчилгээ хийлгэж байна. Бохироос гарч буй хий гэдэг маш хортой. Золоор энэ таван залуу амьд үлдсэн байлаа ч дараа нь ухаан санаа нь өөрчлөгдөх, биеийн дархлаа муудах, үс цайх гэх мэтээр насан туршдаа тахир дутуу болдог. 2014 онд ч энэ байгууллагад яг л ийм осол гарч, гурван хүн хордсон бөгөөд тэдний хоёр нь ухаан санаа нь өөрчлөлттэй болсон гэдгийг тэнд ажиллаж буй олон хүн нотолдог. Гэвч энэ салбарт ажиллаж буй дарга цэрэг нар өмнөх алдаанаасаа суралцсангүй. Тиймдээ ч бээлий, ажлын хувцаснаас өөр хувцасгүй ажилчдаа түүхий үлдэцийн насос станцыг засуулахаар оруулж, дөрвөн залуугийн амиар “туг тахичихлаа”. Хайран амь, хайран залуус. Хөдөлмөр, аюулгүй байдлын ажиллагаа алдсан энэ үйлдэлд харин буруутан олдсонгүй. “Засвар хийж байхад хий алдсан юм билээ. Харамсалтай байна” гэдэг үгийг л УСУГ-ын дарга Ц.Төрхүү хэлжээ.

Ийм “хөлдүү” дарга гэж байх уу. Энэ харамсаад л өнгөрөх хэрэг огтхон ч биш, дарга аа. Яагаад өмнөх удирдлагынхаа алдаанаас та суралцсангүй вэ. НИТХ дотор өрнөсөн хор, улс төрийн хэрүүлд оройлон оролцдог шигээ ажилдаа бас оройлон оролцсон ч болоосой. Тэгвэл дөрвөн гэр бүл элэг бүтэн, дөрвөн залуу өнөөдөр өглөө ажилдаа үр хүүхэд, ижий, аавыгаа үнсээд гарах байсан юм. Таван залуу ухаан санаа нь эрүүл, хамт олон дундаа инээж явах байлаа. Ойн баяр хийнэ гэж ажилчдаасаа цалинг нь хурааж суухын оронд өдрийн цалингаас нь мөнгө хураагаад ч болов хорт хийнээс сэргийлэх өмсгөл, хүчилтөрөгчтэй баг авчихсан болоосой. Төв цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмж муудсан, ихэнх төхөөрөмж нь гараар ажилладаг гэдгийг бүгд л мэдэж буй. Гэхдээ наад захын хамгаалалтаа хэрэглээд, өмсөөд засвар хийсэн бол эдгээр халуун амь энх тунх байх байлаа.

Тийм ч учраас Ц.Төрхүү та эр хүн шиг хариуцлагаа үүрээд, энэ ажлаа хүлээлгэж өг. Дөрвөн халуун аминаас үнэтэй албан тушаал биш л байлтай. Харин та хор хутгах, улс төр хийх ажлаа НИТХ дотроо хийнэ үү, намдаа явуулна уу бидэнд хамаагүй. Мэргэжил аргазүйгээр хангаж чадаагүй газар зохион байгуулагч та чаддаг ажлаа л хий. Газрын албанаас ус руу шумбаж орсон ч гавьяа байгуулж чадсангүй, энэ салбарт. Ус сувгийн салбар гэдэг хэн бүхний удирддаг, газар зохион байгуулагч орж ирээд хүссэнээрээ самардаг салбар биш гэдгийг ойлгосон гэж найдъя.