ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Сүхбаатарын талбайн урд хэсэг 24 тэрбумын барьцаанд орсон уу

А.ОДСҮРЭН
2019-04-17

-2.5 га газрыг барьцаалж Улаанбаатар хотын банкинд, 2017, 2018 онд дөрвөн удаа зээл авсан эзэн хэн бэ-

 

Манай сонин энэ сарын 16-ны өдрийн 077/5163 дугаартаа “”Хотын төвийн цэцэрлэгт хүрээлэнгүүдийн хувь заяа” сурвалжлагаараа Сүхбаатарын талбайн өмнөх цэцэрлэг, Хүүхдийн парк, Баянгол дүүр­гийн нутаг дэвсгэр, 10 дугаар хорооллын спорт цогцолбор байсан газар,”Барс” захын арын цэцэрлэгүүд өнөөдөр хэн хэний мэдэлд байдаг, яагаад ямар ч зориулалтгүйгээр тохижуул­даг­­гүй, цэцэрлэгт хүрээлэн бол­го­доггүй талаар мэдээлсэн. Тэгвэл энэ удаа Сүхбаатарын тал­байн машины зогсоол бүхий өм­нөд хэсэг, урдах цэцэрлэгт хүрээ­лэнгийн газрын талаар “баримт тайлбар”-аа хүргэж байна. Сүхбаатарын талбайн урд талын дээрх хэсэг бүхий 2.5 га газар гадны компанид өмчлөгдсөн бөгөөд уг газрыг 2006 онд Нийслэлийн газрын албаныхан гэрээ байгуулж, Ц.Батбаяр Улаанбаатар хотын дарга байхдаа 52 тоот захирамжаар “UB констракшн” компанид өмчлүүлсэн байдаг. Гэхдээ хөгжмийн аялгуут усан оргилуур барина гэсэн амлалтад нь хууртаж өгсөн гэдэг. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу 15 жилийн хугацаатайгаар эзэмших гэрээ хийсэн ч өдгөө усан оргилуур ч үгүй, нэмэгдсэн мод бут сөөг ч үгүй 13 жилийг ардаа орхижээ. Харин ч үйлчилгээний цэг, автомашины зогсоол барих зураг төслийг нь баталж өгснөөр одоо төлбөртэй авто зогсоол болчихоод буй.

“UB констракшн” компани зориулалтын дагуу ашиглаагүй шалтгаанаа “ус цахилгаанаар хангах эх үүсвэр шаардлага хангахгүй байна” хэмээн тайлбарласан байдаг. Хэдхэн метрийн цаана байх “Централ тауэр”-ийн урд усан оргилуур ажиллаж болоод л байна, эргэн тойронд нь гэрэл цахилгааны хангалттай нөөц байгаад л байна. Гэвч “UB констракшн” компанийнхны шаардлагыг л хангахгүй байгаа бололтой. Анх газар эзэмшүүлэх гэрээ хийхдээ ямар зориулалтаар юу барих, яахыг нь харж байж, зураг төслийг нь гаргуулж байж баталсан байх учиртай. Одоо газар эзэмших гэрээ нь дуусахад хоёрхон жилийн хугацаа үлдээд байна. Юу хийнэ, юу босгоно гэж.  Тус компанийн захирал Ч.Орхон гэх монгол залуу байдаг ч, компани нь Хятадын хөрөнгө оруулалттай компани гэдэг. Ямар ч түүхгүй, ийм нэртэй компани нийслэлийн төв цэгт 2,5 га газрыг 15 жилээр ашиглахаар гэрээ байгуулж чадсан нь гайхалтай. Тус компани нийслэлийн бүү хэл, Монгол Улсын зүрхэн тушаа байрлах энэхүү талбайг барьцаалж банкнаас зээл авсан гэгддэг бөгөөд тус банкнаас Солонгосчууд барьцаа өртэй нь худалдаж авсан гэх түүх ч саяхных. Газрын маргаан дэгдэж, солонгосчууд хотын удирдлагуудтай олон улсын шүүхээр шүүхдэлцэх тухай ч яригдаж байгаад намжсан билээ. 

Гэтэл Сүхбаатарын талбайн урдах 2.5 га газар Улаанбаатар хотын банкинд зээлийн барьцаанд тавигдсан гэх мэдээлэл чих дэлслээ. Тодруулбал, энэ газрыг барьцаалан 2017, 2018 онд дөрвөн удаа, нийтдээ 8.4 сая ам.доллар болон 2 тэрбум төгрөгийн зээл авсан байна. Хэний ч мэдэхгүй, хэр хөрөнгөтэй, чадамжтай компанидаа бус хотын төвийн А зэрэглэлийн бүсийн 2.5 га газар л чухал учраас зээлийг ямар хяналтгүйгээр гаргасан болж таарах нь.  Улсын бүртгэлээс, “бүхнийг мэдэгч” гүүглээс нь ч ийм нэртэй аж ахуйн нэгж гарч ирэхгүй. Зөвхөн “Ю Би констракшн” ХХК-ийг анх Улсын бүртгэлийн ерөнхий газарт 2005 оны долдугаар сарын 20-ны өдөр ашгийн төлөө байгууллага гэдгээр бүртгүүлж, хувьцаа эзэмшигчнь Чанцалын Орхон гэх Монгол Улсын иргэн байгаа” тухай хэвлэлийн мэдээ л байна. Өөр нэг мэдээлэл гэвэл Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост, Тосонбумбын нуруунд нүүрсний хоёр ч лицензтэй “Саудгоби коэл транс” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагын багийн хувьцаа эзэмшигчээр Чанцалын Орхон гэгч 2014 оны долдугаар сарын 29-нд бүртгүүлсэн байна. Тэгэхээр энэ хоёр Ч.Орхон нэг хүн үү. Мөн бол “Ю би констракшн” компаниа 2005 онд байгуулж, 2006 онд Сүхбаатарын талбайн урдах хэсгийг компанийнхаа нэр дээр авч, удалгүй компаниа, газраа банкны өртэй нь солонгосчуудад худалдчихсан болж таараад байна. 

Юутай ч ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Сүхбаатар дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэр, Сүхбаатарын талбайн урд хэсгийн ногоон байгууламжийг сүйтгэж, шинээр гадны хөрөнгө оруулалтаар барилга, байшин барих нууц зураг төсөл нь бэлэн болсон, МАНАН бүлэглэлийнхэн газар олгох тохироог хийсэн тухай мэдээлж байсан. Мэдээлэл үнэний ортой байж мэднэ. Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийн эзэмшлийн Улаанбаатар хотын банк яагаад дөрвийн дөрвөн удаа нэг газрыг барьцаалж зээл олгосон байх вэ. Хэнд олгосон байх вэ гээд хөөвөл нэлээд учиг тайлагдах бололтой. МАНАН бүлэглэлийнхний л хийж чадах ажил биш гэж үү. Нэг хэсэг нь хотын удирдлагыг гартаа авч байсан эрх мэдлээ ашиглаж, тэр газрыг хувийн компанид 15 жилээр эзэмшүүлэхээр гэрээ хийж л байдаг, нөгөө хэсэг нь банк атгасан, хөрөнгө мөнгөөрөө түрий барьж, барьцаанд тавьж зээл авч л байдаг. Нийтдээ 8.4 сая ам.доллар, хоёр тэрбум төгрөг, нийтдээ 24 тэрбум төгрөг гэдэг бага мөнгө биш. МАНАН бүлэглэл энэ мөнгийг 2017 оны УИХ-ын сонгууль, 2018 оны Ерөнхийлөгчийн сонгуульд зарцуулсан байж магадгүй гэх хар төрж байна. Мөнгөлөг сонгуулиудын учир ч энэ байж мэднэ. Нэгэнт банкны барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгө банкных л болно. Банкны эзэд хотын төвийн ашигтай гэх газар болгоныг хувьдаа авсан, худалдаж авсан, өөрийн болгосон түүхүүд ийм л замаар бий болдог гэх юм билээ.  

Нэг л өглөө сэрэхэд Сүхбаатарын талбайн урд хэсэг машины зогсоолтойгоо, цэцэрлэгт хүрээлэнтэйгээ хашаагаар хашигдахад гайхах юмгүй болчихож. Барилга байшин барих нууц зураг төсөл нь бэлэн болчихсон юм байна. Улаанбаатар хотын банк өөрийн барьцаанд байгаа хөрөнгөө яаж ашиглах нь дурын хэрэг болно. Хотын төвийн зүрх болсон цэцэрлэгт хүрээлэнгийн хувь заяа нэг иймэрхүү. Бид хэчнээн ярьж бичээд ч мөнгөтэй хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү, падлийгүй болох биз. Гэвч Монгол Улс хуультай, журамтай. Монгол Улсын Газар эзэмших, ашиглах тухай хуулийн 38.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана” гэж заасан байдаг. Тэгвэл энэ газрыг эзэмших хугацаа ххоёр жилийн дараа дуусах гэж байна. Мөн хуулийн заалтаар хоёр жилийн дотор анх гэрээ байгуулахдаа заасанчлан зориулалтын дагуу усан оргилуур бүхий цэцэрлэгт хүрээлэнгээ байгуулахгүй бол шууд хураагдах ёстой. Харин хувь хүний мэдэлд, гадаадын хөрөнгө оруулалттай компанийн мэдэлд оччихсон нийслэлийн бус банкны газрыг хэн захирамж гаргаж, яаж хурааж авахыг харах л үлдлээ.