ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Монголоос бусад нь мэргэжлийн сэтгүүлзүйг усалж тордсоор ирсэн, харин манайх...

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-04-17

2014 онд хэдэн сэтгүүлчдийн хамтаар БНСУ-ын Төв банкны бодлого үйл ажиллагаатай танилцах хувь тохиож билээ. Тус улсын эдийн засаг, мөнгөний бодлого хэрхэн явагддаг, мөн сэтгүүлчидтэйгээ хэрхэн хамтарч ажилладаг талаар туршлага судлав. Солонгосын төв банк нь өдөр тутмын мэдээ, мэдээллээ манайх шиг хүссэн нэг сэтгүүлчээ дуудаж ирүүлээд өгдөггүй. Эсвэл хэвлэлийн баг тусдаа ажиллаж, өөрийнхөө хүссэн өнцгөөр нийтлэл, нэвтрүүлэг цацдаггүй аж. Харин банкны оффис дотроо эдийн засгийн салбараар мэргэшсэн сэтгүүлчдийг байрлуулах өрөөтэй бөгөөд тэнд амрах өрөө, ажлаа явуулах талбай, цайны газар гээд бүх зүйл нь бий. Эдийн засгийн бодлого тэр дундаа банк санхүүгийн чиглэлээр мэргэшсэн сонин, сэтгүүл, телевиз, сайтын сэтгүүлчид нь тэндээ байрлаж судалгаа тооцоотой нийтлэлээ Төв банкнаас бэлтгэж, редакци руугаа өгнө. Төв банк нь сэтгүүлчдээ тодорхой хэмжээнд цалинжуулдаг бөгөөд шаардлагатай гэж үзвэл тухайн телевиз, сонин сайт, телевизэд төлбөрийг нь төлж нийтлэл, мэдээ мэдээллээ түгээдэг хэмээн ярьж билээ. Ерөөс БНСУ хэвлэл мэдээллээ тун ч чухалчилж үздэг бөгөөд хэн нэгнээс, аль нэг гадны компани, хөрөнгө оруулагчаас хараат байлгахгүйн тулд жил бүхэн төсөвтөө хэвлэлд зориулсан мөнгө суулгадаг гэдгийг сонсоод атаархаж сууснаа нуух юун. Бид хэзээ тийм болох бол. Хэзээ муу сайнаараа дуудуулж буй сэтгүүлчид минь ар гэр амьдралдаа санаа зовохгүй, өмнөх ажилдаа л анхаарч, амрах өрөө нь биш юм гэхэд ажлаа тайван хийх цаг хугацаатай болох бол хэмээн бодож билээ. 

Гэвч тийм сайхан цагийг үзэх нь байтугай, өнөөдрийн бодит байдлаасаа ч долоон дор нөхцөлд биднийг ажиллуулах гэж төрийн бодлогоор хүртэл дарамталдаг болжээ. Хэвлэл мэдээлэл төрийн байгууллагатай мэдээ, мэдээллийг нь түгээх гэрээ хийчихээр олон нийт нь “худалдагдсан” гэж дарамтална. Салбар дотроо хүртэл ийм зөрчилтэй. Гэрээ байгуулахгүй ажиллах гэхээр хэдхэн захиалагч, хамтарч ажилладаг хэдэн компанийн сурталчилгаанаас өөр дэмжлэг байхгүй. Яах вэ, том хөрөнгө оруулагчтай телевиз, сайт, сонин нь ажилчдаа цалинжуулаад, татвар нийгмийн даатгалыг нь төлөөд явчихдаг байх. Үүнийг хэн ч үгүйсгэхгүй. Гэвч тийм том эзэнтэй нь энэ салбарт дэндүү цөөхөн юм даа. Дийлэнх нь хамгийн багадаа 10 ба түүнээс дээш хүнийг ажиллуулдаг, тэднийхээ цалин, нийгмийн даатгалыг өөрсдийн багахан орлогоос арай ядан төлдөг хувийн хэвшлийн байгууллага байдаг. Дээрээс нь өөрийн гэсэн байргүй бол түрээс төлнө. Өдөр тутмын сонин гэхэд өдөр тутам хэвлэлтийн зардалд мөнгө төлнө. Энэ мэтээр зардал нь дэндүү их. Гэлээ гэхдээ л бусад шиг гудамжинд гарч жагсахгүй, бор зүрхээрээ түмэн олонд төрийн бодлогыг хүргэж, олон нийтийн дуу хоолой болох ажлаа нэр төртэй хийж явна, бид. Өөрийнх нь гэрт идэх хоолгүй байсан ч өрөөлийн хүүхдийн идэх хоолны төлөө л миний муусайн сэтгүүлчид сэтгэл зовж явдаг юм.

Төр засаг дэмжихгүй ч сайн сайхан бодлого гаргачихвал уухайлан дэмжиж, буруу шийдвэр гаргавал нийтээрээ эсэргүүцэж, олон түмний төлөө өөрчлүүлж чаддаг. Ингэлээ гээд бид бусдаас хариу нэхэж байсан удаагүй. Хийх ёстой ажил нь учраас тэр. Гэтэл төр улам бүр л сэтгүүлзүйгээ нухчин дарах гэж оролдох боллоо. Мөнгөөр туслахгүй ч сэтгүүлзүйн салбар руу өнгийж, хүчээр дарамталж, хааж боодог нь хэрээс хэтэрч байна. Хэн дуртай нь хууль санаачилна. Сэтгүүлчдийг УИХ-ын чуулганы танхим руу оруулахгүй, тодорхой цэг дээр улстөрчдөөс яриа ав л гэнэ. Энэ мэтээр асар их дарамтыг үүрүүлнэ. Тэр ч байтугай төр түмний хооронд холбогч гүүр болж байдаг сэтгүүлзүйн салбартай ямар нэг хэлбэрээр хамтарч ажиллах гэрээ үзэглэсэн яам, тамгын газар, агентлагт Үндэсний аудитын газар торгууль тавьдаг болжээ. Энэ талаар олон ч хэвлэл хөндөж, шүүмжлэн бичиж байна. Энэ чинь юу гэгчийн дарангуйлал вэ. Төрийн бодлого үйл ажиллагаа олон нийтэд хүрэх ёстой. Гэхдээ түүнийг өдөр болгон үнэгүй хүргээд байх боломж бидэнд байхгүй. Тиймдээ ч тендерийн урилга, сурталчилгаа, дарга цэргийнхээ үгийг тодорхой хэмжээний зай талбайд төлбөр төлж байршуулдаг. Дэлхий нийтийн л жишиг юм, энэ. Төрөөс төсөв авдаг хэвлэл мэдээлэл л биш бол бүх л хувийн хэвлэлдээ улс орнууд мөнгийг нь төлж мэдээллээ гаргуулдаг жишигтэй. Бид үүнээс сондгойрч давхиад юунд хүрэх юм. Үүнийг эвдэх бодол ганцхан Үндэсний аудитын газраас гарч байх юм. Бусдын боддог шиг хаалтын гэрээ огт биш л дээ.

Тухайн яам агентлаг ямар ажил хийсэн, тэр нь олон нийтэд чухал бол хэвлэл мэдээллээр гаргах л ёстой. Баталсан хууль тогтоомж, гаргасан шийдвэрээ Засгийн газар, УИХ ч ялгаагүй олон нийтэд хүргэхийн тулд хэвлэл мэдээллийн зай талбай, цаг минутыг төлбөр төлж авдаг. Харин олон нийтийн дуу хоолой, иргэний эрх, хариуцлагыг ямар ч хэвлэлийн байгууллага өөрсдөө сурвалжилж, олон нийтэд хүргэж ирсэн. Иргэний эрх зөрчигдөж байвал тэнд сэтгүүлчид л байдаг. Дөрвөн халуун амь эрсдэж, мэдээллээ нууцлах гэж оролдож байхад тэнд сэтгүүлчид л хамгийн түрүүнд очлоо. Халуун амины төлөө хариуцлагыг бид нэхэх болно. Үлдэж хоцорсон үр хүүхэд, гэр бүлийнх нь төлөө хэвлэл мэдээллийн олон зуун байгууллага нэгдэж нийлээд тэмцэнэ. Үүнийгээ бид хэнээр ч заалгахгүй. Гагцхүү энэ олон хавчлага, төрийн дарамт дундуур төр, иргэнийг холбох ажлаа хэнд ч гомдоллохгүйгээр хийж яваа биднийг Үндэсний аудитын газрынхан минь ингэж дарамтлахаа боль. Төрийн мэдээлэл соошл сүлжээгээр явдаггүй юм. Ямар ч цензургүй, хяналтгүй тэр орчноос иргэд буруу мэдээлэл авч байгаа учраас дэлхий дахин хэзээ ч мэргэжлийн сэтгүүлзүй рүүгээ нулимахгүй, харин ч усалж тордсоор ирсэн.

Өдөр тутмын сонин, мэргэжлийн сайт, телевизүүдээс л иргэд мэдээллийг зөв өнцгөөс, сайнтай, муутай нь хүлээж авдаг юм. Ерөөс хэн ч биш байхад нь хэвлэлийнхэн өөд татаж гаргаад ирэхээр эргээд өр лүү өшиглөдөг хүмүүс олон болж байна. Саяхан Оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатар гэдэг залуу “Оюун ухааны тэмцээн явуулах гэж 13 хэвлэлтэй ярилаа. Нэг нь л төлбөргүй гаргаж өгье гэж байна. Бусад нь дандаа мөнгө нэхлээ” хэмээн бичсэн харагдав. Хүмүүс ч шаагиж орж ирээд л сэтгүүлчдийг доромжилж, бахаа хангав. Гэвч энэ залууг хэн ч биш байхад хэвлэлийн бид гаргаж ирсэн. Гаргасан амжилт бүрээр нь огшиж, олон нийтэд сурталчилсан. Үүний үр дүнд хувийн сургалтын төвтэй, цэцэрлэгтэй болсон. Дараа нь улс төрд орж, НИТХ-д сонгогдсон. Тэглээ гээд бид түүнээс мөнгө аваагүй. Гэвч ишиг эврээ ургахаар эхээ мөргөв гэгчээр сэтгүүлчдийн хүчээр олонд танигдчихаад дараа нь өшиглөв. Мэргэжлийн өдөр тутмын 10-аад сонин, 50 гаруй телевиз, мэдээллийн сайтууд ажиллаж байгаа. Тэднээс дөнгөж 13-тай нь холбогдчихоод сэтгүүлзүйг ингэж доромжилж болохгүй. Тэр одоо бизнестэй болчихлоо. Тиймээс мэдээллээ хүргэе, өөрийгөө сурталчилъя гэж байгаа бол төлбөрөө л төл.

Харин олон улсын тэмцээн уралдаан, олимпыг бид Х.Хатанбаатар ярьсан яриагүй очоод сурвалжлаад, амжилтыг нь магтаад мэдээлээд явчихна. Харин өөрийнхөө сургалтын төв, цэцэрлэгийг сурталчлах ажлаа өөрөө л хийх ёстой юм шүү дээ. Энэ мэтээр бичээд байвал олон асуудал бий. Эцэст нь хэлэхэд улс оршин тогтнохын тулд зайлшгүй хэвлэл мэдээлэлтэй, тэр нь хараат бус байх ёстой юм. Тэр орон зайг нь төр хангаж, сэтгүүлзүйгээ дэмжих ч үүрэгтэй. Хуулиар сүрдүүлж, хавчиж шахахгүй байх нь хараат байх нэг үндэс. Төрийн нэг байгууллагатай тендер тавих гэрээ байгуулчихаар тэр хараат бус байдал алдагдчихдаг юм биш шүү дээ, аудитынхаан. Гагцхүү гадны гар хөл болж, тэдэнд үйлчилж, улс эх орныхоо эрх ашгийн эсрэг дуугараад ирвэл тэр чинь л гагцхүү хараат байдалд орж, аажим аажмаар бид тусгаар тогтнолоо алдах аюулын эхлэл рүү явж байгаа хэрэг билээ.