ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хурц хордлогод орсон таван хүний бие сайжирчээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-04-17

Мягмар гарагт буюу дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн 16:00 цагийн үед  Төв цэвэрлэх байгууламжид хорт хий алдагдаж есөн хүн хордсон.  Хордсон ажилчдын дөрөв нь амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.  Үлдсэн таван хүн нь эмнэлэгт хүргэгдсэн юм. Амь үрэгдсэн дөрвөн хүний цогцсыг лагаас гаргаж авчээ. Уг осол Төв цэвэрлэх байгууламжийн лагийг сорох,  шахах хоолойн шахуурын станцад гарсан аж.  Тус хэрэгтэй холбогдуулан Нийслэлийн засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалангаар ахлуулсан ажлын хэсгийг байгуулсан талаар  мэдээлэл хийлээ. Тэд мэргэжлийн байгууллагатай хамтран ослын шалтгаан тогтоох,  мөрдөн шалгах ажиллаанд  дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа аж. Мөн ажил үүргээ гүйцэтгэж яваад  амиа алдсан дөрвөн иргэний ар гэрт  бүх  талаар дэмжлэг үзүүлэхээ мэдэгдлээ.  Харин эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн  биеийн байдал  сайн байгаа бөгөөд,  энгийн тасагт шилжүүлжээ. 

Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан:  “Ажлын хэсэг өчигдөр гарсан үйлдвэрлэлийн ослын улмаас хүний амь нас эрсэдсэн тул үүссэн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, холбогдох арга хэмжээг шуурхай зохион байгуулах үүрэг бүхий юм. Үүнд БХБЯ, МХЕГ, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба гэх мэт мэргэжлийн бүх байгууллагуудыг оролцуулаад байна. Мөрдөн байцаах ажиллагаанд бид хөндлөнгөөс саад болох эрхгүй. Тийм учраас Цагдаа болон Прокурорын газраас өгсөн чиглэлийн дагуу хуульд заасан хэмжээний хүрээнд мэдээллийг өгч байгааг онцлох хэрэгтэй. Амь үрэгдсэн дөрвөн хүнээс гадна тус төвийн дөрвөн ажилтан, гэрээгээр ажиллаж байсан хувийн компанийн нэг ажилтан тухайн үед хурц хордлогод орж эмнэлэгт хүргэгдсэн. Өнөө /2019.04.17/ өглөөний байдлаар нийт найман хүн эмнэлэгт хордлого тайлах болон сэтгэл зүйн үйлчилгээ авахаар эмчлүүлж байгаа. Тэдний биеийн байдал тогтвортой байгаа ч үе шаттайгаар шаардлагатай шинжилгээнүүдийг авна” гэлээ.

Төв цэвэрлэх байгууламжид үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан Ус сувгийн удирдах газрын дарга болон Нийслэлийн засаг даргын гаргасан  шийдвэрийн дагуу  тухайн орчныг тусгай горимд шилжүүлсэн аж. Төв цэвэрлэх байгууламжийн түүхий лаг  хүлээж авдаг насосын станцыг 48 цагийн дотор хэвийн горимд оруулан ажиллах асуудалд ажлын хэсэг байгуулж, шуурхай ажиллаж байна.  Гарсан ослоос үүдэж Төв цэвэрлэх байгууламжид 50-60 сантиметрийн зузаан лаг хуримтлагдаад байгаа аж. Эдгээр лаг  маш өтгөн байгаа юм. Лагийг шингэлж зайлуулах ажлыг түргэн хийж гүйцэтгэх шаардлагатай учир яаравчлан хийж байна. Түүнчлэн хэрэг гарсан насосны станцыг юуны түрүүнд цэвэрлэж, зайчлах хэрэгтэй. Ингэснээр бусад холбогдох байгууллагууд ажлаа хийж, хэргийн мөрдлөгийг үргэлжлүүлэх боломжтой болох юм.

Холбогдох байгууллагын удирдлага, албан хаагч нар амь үрэгдсэн ажилчдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж туслалцаа үзүүлж  байгаа гэлээ. Өчигдөр үдээс өмнө Монгол Улсын  Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан болон  бусад удирдлагууд  эмгэнэл  илэрхийлжээ. Улмаар цаашид дахин осол гарч болзошгүй нөхцөл байдлыг судалж арилгахад Нийслэлийн засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясганлангаар ахлуулсан ажлын хэсгийнхэн анхаарна гэв. Мөн эмнэлэгт эмчлүүлж байгаа  ажилтнуудын эрүүл мэнд, эмчилгээ оношлогооны асуудалд анхаарах, мэргэжлийн байгууллагууд өөр хоорондоо уялдаатай ажиллахыг  тус тус чиглэл болголоо.

Нэмж мэдээллэхэд, Төв цэвэрлэх байгууламжид гарсан уг осол анхных биш бөгөөд 2014 оны аравдугаар сард найман хүн хордож байжээ. Тэд мөн л ажил үүргээ гүйцэтгэж яваад ийнхүү хордсон юм. Улмаар осол  болоход тухайн ажилчид хамгаалах хувцас, хэрэгсэл сайтай байсан  учир шуурхай арга хэмжээ авч, хордлогыг нь тайлж чаджээ.