ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Ард түмний зарц”

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2019-04-22

“Би итгэлийг чинь хөсөрдүүлэхгүй. Хэдий албан ёсоор Ерөнхийлөгч болоогүй байгаа ч гэсэн Украины иргэн хүний хувиар Зөвлөлтийн дараах улсуудад хандаж хэлэхэд биднийг хараарай. Боломжгүй зүйл гэж үгүй”. Энэ үгийг Украины Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж, үнэмлэхүй ялалт байгуулсан инээдмийн киноны жүжигчин Владимир Зеленский саналын хуудсын ихэнхийг тоолж дууссаны дараа ялалтаа зарлахдаа хэлэв. 

Түүнийг Украины сонгуульд нэр дэвших үед хэн ч Ерөнхийлөгч болно гэж төсөөлж байсангүй. Улс төр, олон улсын шинжээчид ч бараг боломжгүй хэмээн тайлбарлаж байв. Гэсэн ч, улс төрийн туршлагагүй 41 настай инээдмийн жүжигчин,  хэдийнэ байр сууриа эзэлсэн туршлагатай улстөрч, “Шоколадны хаан” гэгддэг тэрбумтан Петро Порошенког хол хаяж, ялалт байгуулсан нь түүний хэлсэнчлэн амьдралд боломжгүй зүйл гэж байдаггүй гэдгийг баталсан юм. 

Украинд гуравдугаар сарын 31-нд ээлжит Ерөнхийлөгчийн сонгууль болсон билээ. Тус сонгуульд 37 улстөрч өрсөлдсөн бөгөөд хэн нь ч 50-иас илүү хувийн санал авч чадаагүй тул дахин шийдвэрлэх шатны санал хураалт явуулахаар болсон. Үүнд хамгийн их санал авсан Петро Порошенко, Владимир Зеленский нар тунаж үлдсэн юм. Улмаар өнгөрөгч ням гарагт хоёрдахь шатны сонгууль болсон бөгөөд саналын хуудасны ихэнхийг тоолж дууссаны дараа Владимир Зеленский үнэмлэхүй буюу 73.7 хувийн саналаар тэргүүлжээ. Харин Украиныг таван жил тэргүүлсэн Ерөнхийлөгч асан П.Порошенко ердөө 24.6 хувийн дэмжлэг авсан байна. Засаг захиргааны нэгжээр авч үзвэл П.Порошенко ганц Квивт л өрсөлдөгчөөсөө илүү санал авсан байв. 

Шинэ Ерөнхийлөгч В.Зеленский эх орноо авлигаас ангижруулж, Донбасст энхтайван тогтоохоо амласан юм. Ямар ч туршлагагүй атлаа төрийн тэргүүнээр сонгогдож, Украины улс төрд урилгагүйгээр орж ирсэн түүний сонгуулийн кампанит эхнээсээ төгсгөл хүртлээ санаанд оромгүй байв. В.Зеленский “Ард түмний зарц” хэмээх телевизийн хошин цувралд авлигатай тэмцсэнийхээ үр дүнд Ерөнхийлөгч болж буй багшийн дүрийг бүтээдэг аж. Тус цуврал Украинд хит болж, ард түмний дунд жүжигчин эр хэдийнэ шударга багшийн дүрээр хоногшиж чаджээ. Улмаар эл нөлөөллөө ашиглан нэгхэн жилийн өмнө байгуулагдсан “Ард түмний зарц” гэх намаас анх удаагаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн бөгөөд түүнийг сонгогчдын дийлэнх нь залуу үеийнхэн байв. Сонгуулийн сурталчилгааны хугацаанд тэрбээр улс орны бодлого ярих телевизийн нэвтрүүлэг мэтгэлцээнүүдээс аль болох зайгаа барьж, чөлөөт уулзалтуудад ихэвчлэн оролцож байлаа. Түүнчлэн, П.Порошенкод шахалт үзүүлж, хачирхалтай зүйл хийлгэж дөнгөсөн байдаг. Тодруулбал, мэтгэлцээнд оролцохыг санал болгосон экс төрийн тэргүүний урилгыг хүлээж авахдаа цусны шинжилгээ хийлгэх болзол тавьж байв.

Ингэснээр Украин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид цусны ерөнхий шинжилгээ өгсөн анхны орон болсон юм. Санал хураалтын дүн нэгэнт тодорхой болсны дараа Порошенко ялагдлаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Тэрбээр “Сонгуулийн дүн биднийг урьдчилан таамаглах боломжгүй, тодорхой бус нөхцөл байдалд хүргэлээ. Би албан тушаалаасаа буух болно. Гэхдээ шахаж шаардаж ажиллана. Улс төрөөс гарахгүй” хэмээжээ. Харин твиттер хуудастаа “Украины шинэ туршлагагүй Ерөнхийлөгч ОХУ-ын тойрогт маш хурдан эргүүлж оруулах вий” гэж жиргэсэн байв. Тэгвэл түүний эл жиргээний дараа ОХУ-ын Гадаад хэргийн сайд Украины ард иргэд улс төрд өөрчлөлтийг хүсч байна хэмээн мэдэгдэл хийсэн байна. Таван жил Украины Ерөнхийлөгчөөр ажилласан, хэдэн арван жил улс төрд зүтгэсэн П.Порошенкогийн эсрэг ямар ч туршлагагүй өрсөлдөн ялалт байгуулсан инээдмийн жүжигчин ийнхүү Украины хамгийн хүчирхэг хүн боллоо. Зеленский эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг бөгөөд бага насаа Монгол Улсад, тэр дундаа Эрдэнэт хотод өнгөрүүлсэн байдаг. Тэрбээр аав ээжийгээ дагаж, дөрвөн жил Эрдэнэт хотод амьдарч байсан юм.