ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Тавдугаар сарын 1-нээс Налайхын замыг бүрэн хаана

С.ЭРДЭНЭБАТ (сэтгүүлч)
2019-04-22

Налайх - Гачууртын уулзвар хүртэлх 20.9 км автозамыг шинээр тавихтай холбогдуулан хуучин бетон замыг хуулах ажил энэ сарын 15-нд эхэлсэн. Өнөөдрөөс тус замын Налайхын уулзвар - Ургах наран хороолол хүртэлх замыг хаалаа. Иймд түр замаар тээврийн хэрэгсэл зорчих юм байна. Ингэхдээ 3.5 тонноос бага жинтэй, наймаас доош хүний суудалтай автомашин явахыг зөвшөөрчээ. Харин дээрх шаардлагаас илүү суудал, жинтэй тээврийн хэрэгсэл Налайхаас Төв аймгийн Зуунмод хотоор дайрч нийслэл рүү орно. Нийслэлийн авто замын хөгжлийн газрын мэдээлснээр, ирэх сарын 01-нээс Баянзүрхийн товчооноос Налайх, Чойрын уулзвар хүртэлх 20.9 км автозамыг бүрэн хааж, зам тавих ажлыг эрчимжүүлэх аж.

Налайхаас Улаанбаатарын чиглэлд нийтийн тээврийн хоёр чиглэлээс иргэд сонгон үйлчлүүлэх юм байна. Тодруулбал, Налайхын авто зам дагуу гаргасан түр замаар “Налайх-Офицеруудын ордон” чиглэлд бага оврын 12 автобус 06:20 цагаас 22:30 цаг хүртэл 13-14 минут тутамд үйлчлэх аж. Мөн Налайхаас Төв аймгаар дайрах хатуу хучилттай замаар “Налайх-Төв аймаг-120 мянгат” чиглэлд том оврын 10 автобус 06:20 цагаас 22:00 цаг хүртэл 26 минут тутамд явна. Налайх дүүргийн 5 дугаар хороо буюу Городок, тус дүүргийн 6 дугаар хороо буюу Тэрэлжийн иргэд Налайхын “10 шар байр” хүртэл богино эргэлтээр зорчиж, Налайх - Улаанбаатар хүртэл дээрх хоёр чиглэлийн автобусанд дамжин суух юм байна. Харин Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо буюу Хонхорын иргэд, “Хонхор-Офицеруудын ордон” чиглэлд бага оврын автобусаар зорчино.