МХЕГ-аас энэ оны хяналт шалгалтын төлөвлөгөөний дагуу Налайх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Заламт гол”, “Хос даль”, “Болор Аграмба” компаниудад хяналт шалгалт хийж байна. Эдгээр компаниуд нь аюултай хог хаягдал болох автомашины аккумуляторыг дахин боловсруулж, хар тугалгыг ялган экспортонд гаргадаг. “Хос даль”, “Болор аграмба” компаниудын үйл ажиллагааг 2018 онд мэргэжлийн хяналтын байгууллагаас зогсоосон бол “Заламт гол” компанийн үйл ажиллагааг 2013, 2015 онд түр зогсоож байжээ. “Хос даль” компани нь 2018 онд холбогдох зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байсныг НМХГ-аас зогсоож, хүхрийн хүчил хадгалсан тул цагдаагийн байгууллагад шилжүүлж байжээ.
Хог хаягдлын тухай хууль шинэчлэгдэн, холбогдох журам 2018 оны тавдугаар сард батлагдаж, 2019 оны нэгдүгээр сараас эдгээр компаниуд тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрджээ. Гэтэл “Заламт гол” компани тусгай зөвшөөрөл аваагүй байсан тул зөрчил арилгах хүртэл хугацаанд үйл ажиллагааг улсын байцаагчын актаар зогсоож, лацдав. Тус компани үйл ажиллагаа явуулж байх хугацаандаа хаягдал аккумлятороос 600 тонн хүхрийн хүчлийн шингэнийг “Эрдмин компанид нийлүүлж, 4200 тн хар тугалга экспортолжээ. Швейцар Улсын Базель хотноо 1989 оны 3 дугаар сард "Аюултай хог хаягдлыг хил дамжуулан тээвэрлэх, зайлуулахад хяналт тавих тухай Базелийн конвенц"-ийг баталсан байдаг. Монгол Улс 1996 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Аюултай хог хаягдлыг хил дамжуулан тээвэрлэх, зайлуулахад хяналт тавих тухай Базелийн конвенцийг УИХ-аар соёрхон баталсанаар дагаж мөрдөх болжээ.