ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Охидынхоо сайхан ирээдүйд итгэдэг

Ц.ЭНХТҮВШИН
2019-04-30

Амьдрал баяныхаа хэрээр таашгүй гэдэг. Энэ хос бусдын л адил амьдралыг үүрч, аз жаргалыг мэдэрч, хааяа нэг тохиолдох гунигаа үргээж явна. Тэдний бусдаас арай л ялгаатай  гэх зүйл нь орчлонгийн их нүргээнийг нүдээрээ сонсож яваа юм. Энэ хосын  тавилан нэг юм. Нялх байхдаа хоёулаа хүнд өвчинд нэрвэгдэж, эдгээх гэж эмчлүүлсэн ээж аавынх нь хүсэл талаар өнгөрчээ. Гэхдээ яахав, тэд сонсголын бэрхшээлтэй гээд амьдралд бууж өгөөгүй. Өрхийн тэргүүнийг Долгор­ын Батзориг гэдэг. Эхээс тавуулаа төрсөн энэ хүү айлын хоёр дахь хүү. “Аав чинь багадаа  сайн ярьдаг, ухаан санаа тунгалаг сайхан хүү байсан юм.

Хэрвээ миний хүү хэл, сонсгол­ын бэрхшээлтэй болоогүй байсан­сан бол...” хэмээн түүний тухай ээж нь мэнд сэрүүн байхдаа ач охиддоо ярьдаг байсныг Батзоригийн охин Б.Баярцэцэг дурсав. Д.Батзориг хэл сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тус­гай сургуулийг дүүргээд сургууль­даа үйлчлэгч­ээр ажил­­­ласан аж. Анх туслах мужаанаар ажиллаж байгаад тун удалгүй үйлчлэгч болсон аж.  Д.Батзориг үйлчлэгчийн ажлаа тасралтгүй хийж  31 дэх хавартайгаа золгож  байна. Эндээс өөрийн хань Долгорсүрэнгийн Сэлэнгэ­тамиртайгаа танилцаж, гэр бүл болцгоосон.

Өдгөө дөрвөн охин, нэг зээ, хүргэн хүү гээд өнөр бүлийн тэргүүн болжээ. Д.Батзориг, Д.Сэлэнгэтамир хоёр нэг дор ажилладаг болохоор 25 жил хоёр биенээсээ холдож үзээгүй гэж хэлж болно. Өглөө хамтдаа ажилдаа явж, орой хамтдаа гэр өөдөө алхана. “Анхны хүүхдээ төрөхөд бидэн шиг сонсголын бэрхшээлтэй биш байгаа” хэмээн айсан гэж хэлэхдээ гэргий нь толгойгоо сэгсэрч сууна билээ.

Мэдээж өөрсдийнх энэ бэрхшээл төрөлхийнх биш болохоор үрс нь эрүүл саруул төрнө гэж бодсон ч айдас байж л таарна. Энэ тухай тэдний хоёр дахь охин нь ээж төрчихөөд дүүг хараад надаас “Дүү нь юм сонсож байна уу” гэж асууж байсан гэх нь тэр айдсыг мэдрүүлэх аж. Д.Батзоригийн охид одоо том болцгоосон. Том нь ээж болж, дараагийнх нь МУБИС-ийн тусгай хэрэгцээт боловсролын анг­ийн оюутан, гурав дахь охин нь энэ жил 12 дугаар анги төгсөнө. Харин отгон охин нь дөрөвдүгээр ангид сурдаг. Тэд отгон охиноо “жаахан хожуу гарсан” гэдэг шалтгаанаар нэлээд эрхлүүлдэг гэнэ лээ.  Гэр бүлийн хоёр нэг нь л гэхэд  цалин гэж 400 гаруй мянган төгрөг авна.

Бас тэтгэмж 310 мянган төгрөг авдаг аж. Нэг хүний 700 мянга, хоёр хүн гэхээр чамлахаар мөнгө биш. Гэсэн хэдий ч өсч буй охидын хэрэглээ, өдөр тутамд нэмэгдэх өргөн хэрэглээний барааны үнэ  гэдэг ямархан мөнгө шаардахыг бүгд л мэдэх хойно доо. “Гагц сонсголын бэрхшээлтэй биш л дээ, ерөөс хөгжлийн бэрхшээлтэй иргэд олон байна. Тэдэнд ажил олдохгүй, ихэнх нь группын мөнгөөр амь зогоож амьдралаа тээж явна. Тэгэхэд бид хоёр ажилтай байгаа нь аз юм. Уг нь Халамжийн ч билүү нэг хуульд албан  байгууллагууд тодорхой хэмжээний орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг авч ажиллуулах  ёстой юм билээ.

Тэгдэг бол мөн ч олон хүний амьдрал, өөртөө итгэх итгэлийг нэмнэ дээ” хэмээн надад үг дайв. Д.Батзориг Д.Сэлэнгэтамир хоёр цалин, тэтгэмжээ нарийн тооцно. Зайлшгүй шаардлагатай хоол хүнс, хувцсаа аваад түрээс болоод бусад өгвөл зохих өр төлөөсөө цаг тухайд төлөөд үлдсэнийг нь цөөн гэхгүй хадгаламжинд хийдэг аж. Түүгээрээ охидынхоо сургалтын төлбөрийг хүн царайчлахгүйгээр төлчихнө.

Тэд аливаад жин тан хандана. Охиддоо багаас нь цэвэр нямбай, эмх журамтай байхыг сургасан нь охидод сурц болж, нямбай чамбай­гаараа гайхагдсан дөрвөн сай­хан охин  өсч өндийжээ. “Сонсгол­ын бэрхшээлтэй аав ээж байхын хэцүү нь хүүх­дүүд­ийн­хээ багш нартай харьцаж, ойлголцож чадахгүйд байдаг. Гэхдээ манай охид их сайн охид. Хэзээ ч биднийг ичээж байгаагүй.

Харин биднээс ичиж байсан болов уу гэж боддог ч асууж байгаагүй юм байна” хэмээн Д.Сэлэнгэтамирыг хэлэхэд нь яг тэр асуултыг охин Б.Баярцэцэгт тавив. Тэрбээр “Ээж ааваасаа ичих шалтгаан байхгүй ээ. Бидний багш нар манай амьдралыг мэддэг учир аав ээж хоёр маань эцэг эхийн хуралд ганц л удаа очиж суусан. Харин тэр хурлын маргааш ангийнхаа охинтой муудалцаад тэрнээс болж зодолдсон. “Эдний аав ээж хоёр дүлий юм байна лээ.Багшийг хэлэхээр юу ч ойлгохгүй урдаас хараад л мангар юм шиг суугаад байсан” гэж ангийн маань охин хэлэхэд нь “Миний ээж аавыг яах гэж доромжлоод байгаа юм бэ” гээд муудалцаж улмаар жижигхээн “зодоон” болж билээ.

Гэхдээ бид тэр үед 11 дүгээр ангид сурч байсан” хэмээгээд бидний ээж аав хөгжлийн бэрхшээлтэй байгаа нь үр хүүхэд бидний хувьд ичих, гуних шалтгаан биш шүү дээ хэмээв. “Миний эгч эмээ дээр өссөн юм. Би харин дүүтэйгээ ээж аавтайгаа байдаг байсан. Энэ хоёр маань ярьдаггүй, дохиогоор л харьцдаг байсан болохоор дүү бид хоёр ингэж л харьцах ёстой юм байна гээд бодчихсон юм уу, хаашаа юм бэ, ерөөсөө ярьдаггүй, хүн юм асуухаар яг ээж аав шигээ дохиогоор харьцдаг байсан гэдэг.

Үүнийг авга ах маань анзаараад дүү бид хоёрыг 100 айлд байрлах 24 дүгээр цэцэрлэгт оруулсанд үе тэнгийнхэнтэйгээ харьц­саар байгаад ярь­даг болсон. Аав ээж хоёр минь хэдий сонсголын бэрхшээлтэй ч ярьж сонсохоос бусдыг бүгдийг чадна. Миний аав чинь модоор ямар гоё юм хийдэг гэж санана. Шүүгээ сандал зэрэг ахуйн хэрэглээний зүйлээс гадна бас морь мал сийлнэ. Өөрсдөө  их нямбай болохоор биднийг бас зүгээр суул­гахгүй. Бямба гарагт манай гэрийн хувьд их цэвэрлэгээний өдөр.

Ер нь ганц энэ өдөр ч биш байнга л юмаа арчиж, угааж цэвэрлэнэ. Жаахан л  замбараагүй байвал уурлаад явчихна шүү дээ, энэ хоёр хүн” гэсээр ээж аав руугаа харж инээх охиныхоо болон миний амны хайрцгийг нүд салгалгүй даган харж байлаа.  Д.Батзориг уурлахаараа гар нь салгалж, хуруугаа инчиддэг бол Д.Сэлэнгэтамир хөмсгөө зангидаж өөр тийшээ харж суудаг гэнэ. Охидын завгүй үед ээж нь хоолоо хийх ба цуйванг ёстой л нэг сэгсэрч өгдөг аж.  

Д.Батзориг аавын тухайд хиамтай хуурга хийхдээ гаргуун. Сүүлийн үед хиам эрүүл мэндэд муу гэж мэдсэн тул хиамтай хуурга хийхээ больж оронд нь цагаан будаатай хуургыг харин ч нэг “хашраадаг” болжээ. Тэдний ганц бэрхшээл гэвэл охидынхоо эзгүйд хоёулхнаа ажил хөөцөлдөж, дүүрэг зэрэг газраар явах хэцүү. Хэл нэвтрэлцдэггүй. Санаагаар болдог бол хот дүүрэг зэрэг нийтлэг үйлчилгээний газруудын ажил хариуцсан “дарга” нар ядаж дохионы хэлтэй ганц ч болов ажилтантай баймаар санагддаг гэдгээ хэлж байлаа.

Д.Батзориг Д.Сэлэнгэтамир хоёрын хувьд өөрийн гэсэн орон байргүй байгаа нь хүндрэл бий болгодог ажээ. Уг нь 29 дүгээр сургуулийн ажилчны байр гээд нийтийн хашаанд жижиг байшинд амьдардаг байсан ч харааны бэрхшээлтэйгээрээ далимдуу­лан архи уугаад агсан тавьдаг хөрштэй, байнгын хэрүүл зодоонтой байхаар нь залхаж тэндээсээ гарсан аж. Хэдийгээр маш жижиг, түрээсийн байр ч гэлээ тайван амар байх нь чухал байна  гэж гэргий Д.Сэлэнгэтамир бас хуучлаад амжив. “Удахгүй охидын  маань ирээдүй сайхан болно оо. Манай багын дээдэх охиныг Б.Ариунзаяа гэдэг. Тэр маш мундаг сагс тоглодог. Бас хичээлдээ сайн сурдаг.

Хятад улсад сургуульд удахгүй явна” хэмээн дохиж суух Д.Сэлэнгэтамир ээжийн сэтгэл баяртай байна.  Тэдэнтэй ярилцах явцад байсхийгээд л “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг өрөвд­мөөр амьтан болгож бүү бодоорой, бүгдэд  боломж бий шүү. Харин тэднийг ажилтай л болгочихвол” гэсэн үгийг байсхийгээд л ярьж байна лээ. Үүнээс улбаалаад сонирхож үзэхэд  29 дүгээр сургууль 120 гаруй  багш ажилтантай, тэдний бараг  шахуу хөгжлийн бэрхшээлтэй хүн байдаг нь олон хөгжлийн бэрхшээлтэй  залуусыг өөртөө итгэлтэйгээр амьдрах сайхан боломж олгож буй юм билээ. Тийм ээ, хэдийгээр хөгжлийн бэрхшээл хэмээх хатуухан хувь тавиланг үүрч яваа ч та бүхэнд  үргэлж сайхан зүйл тохиох болтугай.