ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ипотекийн зээлийн санхүүжилт өмнөх оныхоос хоёр дахин өсчээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-04-30

Монголбанк орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд энэ оны эхний дөрвөн сарын байдлаар нийт 114 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 1700 гаруй иргэнд олгоод байна. Үүнээс Монголбанкны эх үүсвэрээр 63, Засгийн газрын эх үүсвэрээр 25, банкуудын  эх үүсвэрээр 25 тэрбум төгрөгийг олгожээ.  Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал хоёр дахин өссөн үзүүлэлт юм.   Монгол Улс 2017 онд Олон улсын валютын сангийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдсан.

Хөтөлбөрийн хүрээнд Валютын сангаас Монголбанкийг ипотекийн зээлийн хөтөлбөр болон бусад төсвийн шинж чанартай төсөл хөтөлбөрөөс гарах шаардлагыг тавьсан. Гэсэн ч  Монголбанк нь ипотекийн зээлийн хөтөлбөрийн нийгмийн ач холбогдлыг харгалзан үзэж,  2019 оныг дуустал Засгийн газартай хамтран хэрэгжүүлэх тохиролцоонд хүрсэн юм.  Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн онд УИХ болон ЭЗБХ-ны тогтоол, Засгийн газрын орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн журам зэрэг нэлээд хэдэн эрх зүйн баримт бичгүүд шинээр батлагдсан.

Эдгээр баримт бичгүүдэд Засгийн газраас банкуудад олгох ипотекийн зээлийн эх үүсвэрийн хүүг нэг хувь болгон бууруулж, банкуудын эх үүсвэрийг татан оролцуулах, зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлэх чиглэлийг Монголбанкинд өгсөн билээ.  Нөгөө талаас, Монголбанк нь холбогдох эрх зүйн баримт бичгүүдэд өөрчлөлт оруулж, хөтөлбөрт оролцогч бүх талуудын саналыг бүрэн тусган 2019 онд хөтөлбөрийн нийт санхүүжилтийн хэмжээг 145 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлжээ.

Улмаар энэ онд зээлдэгчийн тоог хоёр дахин нэмж, 7100 гаруйд хүргэх боломж бий болоод байна.  Цаашид  Монголбанк, Засгийн газар болон банкуудын өөрийн эх үүсвэрээр тавдугаар сард нийт 56 тэрбум төгрөг, зургадугаар сараас эхлэн он дуустал сар бүр 36 тэрбум төгрөгийн санхүүжилтийг ипотекийн зээлийн хөтөлбөрт олгох ажээ.