ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Р.Сүхбат: Шаардлага хангасан мэргэжилтэй залуус цалинтай цэргийн алба хаана

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-05-01

Улсын хэмжээд 2019 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага эхлэх гэж байна. ЗХЖШ-ын I орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбаттай цэрэг татлага болон цаг үеийн бусад асуудлаар ярилцлаа. 

-Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414 орчим км төмөр замыг барихад цэргүүдийг ажиллуулах боломжтой талаар ярилцлагаа эхэлье?

-Батлан хамгаалах салбарын багц хуулиуд 2016 онд батлагдан хэрэгжиж байна. Эдгээр багц хуулиудыг бүрдүүлж байгаа нэг чухал хуулийн нэг нь “Зэвсэгт хүчний тухай” Монгол Улсын хууль юм. Хуульд “Зэвсэгт хүчний бэлэн байдлыг алдагдуулахгүйгээр цэргийн алба хаагчдыг бүтээн байгуулалтын ажилд  оруулж болно” гэсэн заалттай. Мөн улс, эх орны эдийн засгийн чадавхи, ажиллах хүчний боломжийг судалсны үндсэн дээр төр засгийн зүгээс Зэвсэгт хүчнийг бүтээн байгуулалтад  оролцуулах шийдвэрүүд гарч байгаа. Бид бүтээн байгуулалтын  ажилд  оролцож байгаа асуудал бол шинэ зүйл биш. Монголын Зэвсэгт хүчин 1921 онд байгуулагдсанаас хойш өнөөдрийг хүртэл улс орны бүтээн байгуулалтын ажилд  гар бие  оролцсоор  ирсэн. Тухайлбал Ардын хувьсгал ялсны дараа ардын журамт цэрэгт байрлах байрнаас эхлээд, зэвсэг, галт хэрэглэлээ агуулж, хадгалах зэргээр бүхий л төрлийн барилга, байшин шаардлагатай болсон. Тиймээс дотооддоо зохион байгуулах шийдвэрийг 1922 онд Засгийн Газар гаргаж улмаар анги, салбарууд  дотооддоо барьж байгуулах ажлыг эхлүүлсэн. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооны үед бүхэл бүтэн хот сууринг манай барилгын цэргийн анги, салбарууд бүтээн босгож, эх орныхоо хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн. Нийгмийн шилжилтийн он жилүүдэд Зэвсэгт хүчнийхэн бүтээн байгуулалтад оролцох оролцоо багасч бүдгэрсэн. Гэвч бүтээн байгуулалтад Зэвсэгт хүчнийг дайчлан оролцуулах нь зүйтэй хэмээн төр засгаас үзэж, төмөр замын бүтээн байгуулалтад оролцуулах шийдвэр гаргаад байна.  

-Бүтээн байгуулалтад оролцож, ажиллах хүмүүст тодорхой хэмжээний шаардлага байгаа байх?

-Цэргүүд бүтээн байгуулалтад оролцоно гэхээр иргэдийн дунд өрөөсгөл, ташаа ойлголт яваад байх шиг байна. Цэрэг, зэвсэгт хүчин гэдэг чинь өргөн хүрээтэй ойлголт. Зэвсэгт хүчний бүрэлдэхүүний гол цөмийг мэргэжлийн офицер, ахлагч нар бүрдүүлдэг. Түүнчлэн мэргэжилтэй энгийн албан хаагчид, хугацаат болон гэрээт цэргийн алба хаагчид бий. Энэ бүрэлдэхүүнээс бид шаардлага хангасан,  мэргэжилтэй хүмүүсийг сонгон авч, уг ажиллагаанд оролцуулна. Дан хугацаат цэргийн алба хаагчаар энэ ажлыг хийлгэхгүй. Хугацаат цэргийн албыг одоо хааж байгаа болон шинээр цэргийн албанд ирэх 18-25 насны залуучуудын дотор энэ чиглэлийн ажил гүйцэтгэх  чадвартай, шаардлагатай мэргэжилтэй хүний тоог эхлээд бид гаргах хэрэгтэй болно. Өөрөөр хэлбэл  барилгын инженер, хүнд машин механизмын операторууд, тодорхой түвшинд барилгын мэргэжил  эзэмшсэн,  уул уурхайн салбарт ажиллаж байсан хүмүүсийг сайн дурын үндсэн дээр, гэрээгээр, цалин хөлстэйгээр энэ ажилд татан оролцуулна. 

-Төмөр замын бүтээн байгуулалтын ажилд оролцсоноор олон давуу талууд бий болох болов уу гэж харж байна? 

-Тиймээ.  Нэгдүгээрт,  Монголынхоо томоохон бүтээн байгуулалтыг  монгол хүмүүс өөрсдөө хийж байна. Гадны хөрөнгө оруулалтгүйгээр өөрсдийн эдийн засгийн боломжиндоо нийцэж хөрөнгөө гаргаад, ажиллаж байгаа нь давуу тал. Өнөөдөр томоохон бүтээн байгуулалтын ажилд гадны ажилчид ирж ажилладаг нийтлэг жишиг тогтсон. Зэвсэгт хүчний хувьд энэ чиглэлээр цаашид үүрэг гүйцэтгэх дадлага, туршлага, бэлтгэл болно. Үүнээс гадна үүрэг гүйцэтгэх зэвсэг техникийн тоо нэмэгдэнэ гэж харж байгаа. Энэ ажлыг гүйцэтгэхийн бас нэг давуу тал нь цэргийн алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дөхөм болох юм. Манай салбарт алба хааж буй офицер, ахлагчдыг орон сууцаар хангах эрх зүйн зохицуулалт бий. Учир нь тэд амьдрах, алба хаах газраа өөрсдөө сонгох эрхгүй, томилогдож үүрэг гүйцэтгэдэг албаны онцлогтой. Гэвч улсаас энэ асуудлыг бүрэн шийдвэрлэх эдийн засгийн боломж хязгаарлагдмал байгаа. Тиймээс энэ бүтээн байгуулалтын ажилд оролцсоноор манай алба хаагчид ядаж байрны урьдчилгаа төлбөрийг хуримтлуулах,  ахуй амьдралынхаа нөхцлийг сайжруулах боломж бүрдэнэ гэж үзэж байгаа. 

-Хэдэн жилийн  хугацаанд, хичнээн цэргийн бие бүрэл­дэхүүнийг энэ ажилд дайчлах вэ? 

-2017 оноос хойш Монголын төмөр замтай хамтарч тооцоо судалгаа хийсэн. Үүнээс ч өмнө Монголын төмөр замын шугамын чиглэлээр гадаадын хүмүүстэй хамтарч хийсэн судалгаа тооцоо байдаг юм билээ. Энэ ажиллагааг хэрэгжүүлэх тооцоо судалгааны ажил хийж байгаа. Хараахан эцэслээгүй байна. Зохион байгуулалт сайтай, техникийн үзүүлэлт өндөр байх тусам тэр хэмжээгээр хугацаа хожих боломж бүрдэнэ. 

-Хаврын ээлжит цэрэг татлага эхэлж байна. Энэ жилийн хувьд онцлог зүйл юу байна? 

-Өчигдрөөс 2018 оны нэгдүгээр ээлжийн албан хаагчид  цэргийн албаа нэр төртэйгөөр  хаагаад бэлтгэлээр халагдаж байна. Тэднийг нутагт нь хүргэх ажлыг зохион байгуулах ажил үргэлжилж байна. Тавдугаар сарын 3-ны өдрөөс эхлээд 2019 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага албан ёсоор эхэлнэ. Мэргэжлийн зэрэгт суурилсан Зэвсэгт хүчнийг төлөвшүүлэх томоохон зорилтыг бид хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл Зэвсэгт хүчнийг бүрдүүлэгч гол цөм нь мэргэжлийн алба хаагчид буюу офицер, ахлагч нар байх юм. Тиймээс хугацаат цэргийн албанд залуусыг олноор нь татахгүй байгаа. Тодорхой тооны цэргийн албан хаагчдыг татаж, цэргийн бага мэргэжилтэнг бэлтгэж сургаад халдаг тогтолцоотой болсон. 

-Гэхдээ сүүлийн жилүүдэд залуусын цэргийн алба хаах идэвхи нэмэгдээд байгаа шүү дээ?

-Цэргийн насны залуус цэргийн алба хаах хүсэл эрмэлзлэлтэй болсон. Залуусын ухамсар, эх оронч үзэл нэмэгдэж байгаа гэж бид харж байгаа. Нөгөө талаас цэргийн албанаас зайлсхийх залуус ч байна. Олон хүчин зүйл үүнд нөлөөлж байна.  Их дээд  сургуульд суралцах, гадаад улсад ажиллах зэрэг шалтгаанаар цэргийн алба хаалгүй завсардах асуудал гарч байна.  

-Цэргийн албан хаагчдын нийгмийн асуудлыг төр засгаас хэрхэн анхаарч байгаа бол. Хөдөө орон нутагт цэргийн ангид очиход, зарим нь тухтай амьдрах орон сууцыг тухайн ангиас нь бэлдэж өгсөн байдаг. Зарим нь хэцүү байх шиг харагдсан? 

-Нийгмийн асуудлын талаар ярихад  ер нь төвөгтэй. Офицер ахлагчдын нийгмийн асуудал бол манай салбарын мөнхийн сэдэв. Ялангуяа орон байртай холбоотой асуудал их  чухал. Тодорхой бүрэлдэхүүн албаа хааж, шинээр бүрэлдэхүүн томилогдон ирж, төдий хэмжээний хүмүүс бэлтгэлээр тэтгэвэр чөлөөнд гарч байна. Тэр болгонд 100 хувь орон байраар хангахад бэрх. Төсөв ч төдийлөн байдаггүй. Зарим жилүүдэд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар офицер, ахлагчдын нийгмийн асуудлыг шийдэх талаар  байшин барилга барих, эсвэл тэтгэвэр, чөлөөнд гарч буй хүмүүст нийгмийн хамгааллыг дээшлүүлэх талаар хэдэн төгрөгийн дэмжлэг үзүүлэх төсөв тавигддаг. Хүний эрэлт хэрэгцээ гэдэг зүйл үргэлж нэмэгдэж байдаг болохоор энэ мөнгө нь хаанаа ч хүрдэггүй. 

-Цэргийн ангийн ажилчдын хүүхдийн боловсролын асуудал хүнд байсан шүү дээ. Одоо өөрчлөлт гарсан уу?

-Хүүхдийн боловсролын асуудал нэг үеэ бодоход дээрдсэн. Гэхдээ одоо ч тийм асуудал цөөнгүй бий. Олон сургууль дамжих, шинэ орчинд дасах гэж хугацаа алдах зэргээр хүүхдийн сурлагын амжилтад сөргөөр нөлөөлж хүүхэд хохирох тохиолдол бий. Энэ байдлыг өөрчдөхийн тулд  бид олон төрлийн арга хэмжээ авдаг. Тухайлбал,  хөдөө орон нутгийн алслагдсан ангиудад ажиллаж байгаа албан хаагчдын 12 хүртлэх насны хүүхдэд улиралдаа нэг удаагийн мөнгөн дэмжлэг үзүүлдэг. Гэр бүлийнхэн ажилгүй байх тохиолдолд  тодорхой хэмжээгээр ар гэрт  нь мөнгөн тусламж үзүүлэх гэх мэтээр арга хэмжээ авч байна. 

-Цэргийн зарлан дуудах хуудас ирсэн залуус хүндэтгэх шалтгаантайгаар, эсвэл хэнэг­гүйгээс болж дуудсан хугацаанд очиж бүртгүүлдэггүй.  Олон жил даамжруулдаг  тохиолдол их гардаг. Үүнд  ямар арга хэмжээ авдаг вэ? 

-Та 18 нас хүрсэн Монгол Улсын иргэн бол тухайн аймаг дүүргийн цэргийн штабт очиж бүртгүүлнэ. Ингэхдээ цэргийн үүрэгтний үнэмлэх авах ёстой. Жилдээ нэг удаа хуулиараа цэргийн бэлтгэл үүрэгтний бүртгэлд тогтмол бүртгүүлж байх ёстой. Танд цэргийн зарлан дуудах хуудас өгсөн л бол цэрэг татлагын товчоонд очиж, иргэний үүргээ биелүүлнэ. Тухайн залууг очингуут шууд ачаад явна гэсэн үг биш. Эрүүл мэндийн үзлэгт ороод тэнцсэн эсэх, ар гэрийн гачигдал, гэмт хэрэгт холбогдож байсан эсэх, оюутан эсэх зэргийг нягтлаад бүртгэхийг нь бүртгээд, тэнцээгүйг  нь буцаадаг. Цэргийн албанаас чөлөөлөх хэд хэдэн томоохон заалтууд бий. Тэр заалтуудыг  харгалзаад татах  эсэхийг шийднэ. Залуус санаатайгаар цэргийн албанаас зайлсхийх, эсвэл хуулиа мэдэхгүйгээс болж өөрсдөө мөнгөн торгуульд унах асуудал их гардаг. Цэргийн албанаас зайлсхийх нь эрүүгийн хуулийн заалттай байдаг учир хариуцлага хүлээлгэдэг. Хэдэн төгрөгөөр торгох нь захиргааны хуулиар шийдэгдэнэ. 

-Зарим залуус цэрэгт явах хүсэлтэй байдаг боловч, хяналтын тоонд багтаагүй байдаг. Ийм тохиолдол гарвал яах ёстой вэ?

-Байлгүй яахав. Жилдээ 30 орчим мянган залуу эрүүл мэндийн үзлэгт ордог. Хяналтын тоонд байгаа залуусаа бид авна. Хяналтын тоонд багтаагүй бол дараагийн хяналтын тоонд багтааж, цэрэг татлагад хамруулна. 

-Цэргүүдийг алба хаах хугацаанд үргэлж гүйлгэдэг, дасгал сургуулилт хийлгэдэг мэтээр хүмүүс ойлгодог. Гэтэл тэднийг хөгжүүлэх талаар ихээхэн анхаардаг болсныг тэр бүр мэддэггүй юм шиг санагддаг?

-Бичиг үсэггүй залуусыг бичиг үсэгт сургах, цэргийн алба хаах хугацаанд нь энгийн мэргэжил эзэмшүүлэх бодлого барьдаг. Сүүлийн жилүүдэд аймаг орон нутагт үйл ажиллагаа явуулж буй коллеж, МСҮТ-тэй хамтран цэргүүдийг сургаж, чадамжийн гэрчилгээ олгодог болсон. Барилга, Хөдөө аж ахуй, хүнд машин механизмын оператор зэрэг чиглэлээр түлхүү мэргэжил олгодог. Эх оронч үзэл, ёс суртахуун, гоо зүйн хүмүүжил төлөвшүүлэх олон хэлбэрийн ажил арга хэмжээг бид төлөвлөн хэрэгжүүлдэг. Энэ жил гэхэд л Монгол Улсын өнцөг булан бүрт албаа үлгэр жишээ хааж буй дайчдаас тэргүүний түрүүч, байлдагчдыг шалгаруулан “Тэргүүний байлдагч, түрүүчийн шинэ жил”-ийн арга хэмжээг зохион байгуулж алдаршуулсан бол Зэвсэгт хүчний ойн баяраар анх удаа “Байлдагчийн зүрхнээс дуулж байна” концертыг зохион байгуулсан. Олон залуус цэргийн алба хаах хугацаандаа өөрийн авьяас, чадвараа нээж Зэвсэгт хүчний олон төрлийн урлаг, спортын арга хэмжээнд өндөр амжилт гаргасан олон тохиолдлууд байдаг. Цаашид ч бид энэ талаар онцгой анхаарч ажиллахаар төлөвлөж байгаа.