ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Цагаанжанар:Олон нийт асрамжийн газрын хүүхэд гэхээр эмзэг хүлээж авдаг

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-05-02

Монгол улсын хэмжээнд 18 нас хүртэлх 1000 гаруй хүүхэд 37 асрамжийн газарт хүмүүждэг аж. Эдгээр газруудын томоохон төлөөлөл болсон Монгол Улсын Хүүхэд, гэр бүл хөгжлийн “Өнөр бүл” хүүхдийн төв нь 1974 оноос хойш өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсаар ирсэн билээ. Тус төвд амьдардаг хүүхдүүдийн сэтгэл зүй болон  тэднийг хэрхэн хөгжүүлдэг талаар  “Өнөр бүл” хүүхдийн төвийн Асрамж халамж үйлчилгээний хэлтсийн дарга Д.Цагаанжанартай ярилцлаа. 

-Хүүхэд асран хамгаалах “Өнөр бүл” төвд одоогоор хичнээн хүүхэд амьдарч байна?

-“Өнөр бүл” хүүхдийн төвд нийслэлийн есөн дүүрэг,  21 аймгийн Засгийн даргын захирамжийг үндэслэж 02-18 насны хүүхдүүдийг авдаг. Өнөөдрийн байдлаар 188 хүүхэд манай төвд амьдарч байна. Бүтэн өнчин,  эцэг, эх нь сэтгэцийн өөрчлөлттэй,  хөдөлмөрийн чадвараа 70-аас дээш хувь алдсан, асран хамгаалагч нь хориход ял эдэлдэг, хүчирхийллийн харилцаатай, архины хамааралтай эрсдэлт нөхцөлд амьдардаг хүүхдүүд ирдэг. Манай төв төрийн статустай байгууллагын хувьд, улсын онцгой обьект гэж явдаг. ХНХЯ, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын харьяа байгууллага юм.  Улсын төсвөөр санхүүждэг учраас төрөөс шийдэх боломжгүй зарим зүйлүүдийг олон улсын байгууллагын  төсөл хөтөлбөрийн дэмжлэгээр авдаг. Ингэснээр зарим үйлчилгээний асуудлаа шийдэх боломж бүрддэг юм. 

-Үйлчилгээний асуудал гэдгийг тодруулахгүй юу?

-Нийгмийн ажил, эрүүл мэнд, сэтгэл зүй, хөгжлийн үйлчилгээнүүд үүнд багтдаг. Хүүхдүүдийг сургуульд хамруулахаас гадна чөлөөт цагаар нь  хөгжүүлэх, 15 төрлийн дугуйланг тогт­мол хичээллүүлдэг. Дугуйлан­гаар хүүхдүүдийн авьяасыг нээн илрүүлэх, хөгжүүлэх, урлаг спортоор дамжуулж хүүхдүүдийг нийгэмшүүлэх,  мэргэжлийн чиг баримжаа олгох зорилго­той. Хүүх­дүүд ч өөрсдийнхөө авьяас, хэрэг­цээ, сонирхолдоо тулгуурлан дугуйланд хамрагдана. Хөгжл­ийн үйл ажиллагаа, сэтгэлзүйн үйлчилгээний зардалд хангалт­тай төсөв байдаггүй учир олон улсын байгууллагын дэмжлэгтэй төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг.

-Эрсдэлт нөхцөлд амьдардаг хүүхдүүд ирдэг гэлээ. Мэдээж айсан ичсэн, гунигтай,  сэтгэлзүйн хямралтай хүүх­дүүд ирдэг байх?

-Тэгэлгүй яахав. Сэтгэлзүйн эмгэг асуудлыг шийдэхийн тулд хүүхдүүдэд  энэ төрлийн  үйлчилгээ хамгийн чухал байдаг. Анх ирэхдээ янз бүрийн орчин нөхцлөөс ирдэг учраас, гутралд орсон, айдас түгшүүртэй, санаж гансарсан байдаг. Бүтэн өнчин болоод ирж байгаа хүүхдүүд  маш хүнд сэтгэлзүйтэй ирдэг. Тухайлбал, аав нь ээжийнх нь амийг нүдэн дээр нь хөнөөгөөд, хориход ял эдэлж байгаа айлын хүүхэд шоконд орсон, айдастай байдаг. Энэ хүүхдүүдэд хамгийн түрүүнд сэтгэлзүйн үйлчилгээ үзүүлнэ. Манай төв мэргэжлийн гурван сэтгэлзүйчтэй бөгөөд нас, насны онцлогоор ажилла­даг. Өөрөөр хэлбэл, бага,  дунд, өсвөр насны хүүх­дүүдэд оношлогоо хий­гээд, сэтгэлзүйн ганцаарчил­сан болон бүлгийн зөвлөгөө заслууд хийнэ. Ерөөсөө л хамгийн гол үйлчилгээ нь сэтгэлзүйн засал.   Хүүхдүүдийг эмгэг сэтгэцтэй, сэтгэцийн тулгамдсан асуудалтай, эрүүл сэтгэцтэй гэж гурав ангил­даг. Улмаар сэтгэцийн тулгамдсан асуудалтай хүүхдүүдэд сэтгэл­зүйч нар тусламж үзүүлж үр дүн гаргадаг бол эмгэг сэтгэцтэй хүүхдүүдтэй Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн эмч нар ажилладаг. 

-“Өнөр бүл” хүүхдийн төвийн багш ажилчид хүүхдүүдэд хүрч ажиллахад хангалттай байж чаддаг уу?

-Бүтэц орон тооны хувьд 103 ажилтан, албан хаагчтай, 24 цагийн тасралтгүй үйл ажиллагаатай, олон обьектуудтай байгууллага учир их онцгой л доо. 103 ажилтны 64 нь хүүхэдтэй ажилладаг. Бусад нь захиргаа, аж ахуйгаа хариуцаж ажилладаг хүмүүс бий. Аж ахуй хариуцсан хүмүүс нь ийм олон байгаа шалтгаан нь нас насны ангилалаар гурван обьект, хоёр зуслантай учраас ээлжийн жижүүртэй, хүүхэд хүргэж авдаг жолооч, тогооч нар гээд багагүй хувийг эзэлдэг. Багш, нийгмийн ажилтан,  сэтгэлзүйч эмч гэсэн 64 хүмүүс яг хүүхэдтэй тулж ажилладаг. Ээлжинд орж ажилладаг учир, нэг өдөрт ажиллаж буй хүмүүсийн тоо тийм ч их биш. 24 цагийн тасралтгүй үйл ажиллагаатай болохоор ажилчдын тоо төдийлөн хангалттай биш шүү дээ.  Хичээлийн хоцрогдолтой хүүхдүүд цөөнгүй ирдэг учраас албан бусын багш нарыг ажиллуулдаг. Мөн манайд амьдардаг 188 хүүхдийн 32 нь хөгжлийн бэрхшээлтэй. 32 хүүхдээс ес нь тусгай асаргаа шаардагддаг. Тусгай асаргаа гэдэг нь, ярьж, явж чадахгүй, хоолоо өөрөө идэх боломжгүй, тэргэнцэртэй, хэвтэрт байдаг хүүхдүүдийг хэлж байгаа юм. Энэ хүүхдүүд  нэг, нэг багшид оногдоод ирэхээр маш их ачааллыг өгдөг.  Өнөөдөр 6, 11 настай хэрнээ хөлд ороогүй, живх хэрэглэдэг хүүхдүүд ч бий.

-Эдгээр хүүхдүүдээс гадна бага насны хүүхдүүдэд асаргаа их шаардлагатай байдаг байх даа?

-Хоёр настай гэж байгаа ч ой гаран­тай хүүхдүүд ирнэ шүү дээ. Тэр битгий хэл дөрвөн настай хэрнээ хөлд ороогүй хүүхэд байна. Мөн л багш нарын арчилгаагаар хөлд ордог олон тохиолдол бий. 

-Бага насны хүүхдийн  бас нэг хэрэгцээ шаардлага нь тоглоом байдаг шүү дэ?

-Манайх  дотор болон, гадна талбайдаа тоглоомын  талбай,  өрөөтэй. Тоглоомоор  хүүхэд нийгэмшдэг, хөгждөг учраас аль болох хангалттай байлгахыг хичээж ажилладаг юм. 

-Хүүхдийг насанд хүрлээ гээд асрамжийн газраас шууд явуулчихгүй биз дээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд 18  нас хүрсэн ч асаргаа шаардлагатай байдаг? 

-Статусын хувьд 02-18 нас хүртэлх гэдэг боловч,  тухайн хүүхдээ насанд хүрэхэд нь шууд явуулах ч юм уу, холбоогүй болно гэж байхгүй. Их дээд  сургуулиа төгсөөд,  ажил мэргэжилтэй болсон ч тэдэнтэй холбоотой байдаг. 18 нас хүрээд гарч байгаа хүүхдийн хувьд гэр бүлтэй бол тэдэнтэй нэгтгэх, садан төрлийнх нь асрамжид өгдөг. Бүтэн өнчин, хүлээж авах хүнгүй асар­­гаа шаардлага­тай хүүхдүүд­ийг “Асралт гэр бүл” төвийг сонгох, зарим байгууллагын үйлчилгээнд холбож өгдөг. Одоо­гоор  хөгжлийн бэрх­шээл­тэй, насан туршийн асаргаа шаард­лага­тай, хүүх­дүүд­ийг хүлээж авах байгууллага байх­гүй байна. Монголын хүүх­дийн сан, Ачлал хүүхдийн төвд  эдгээр хүүхдүүдээ шилжүүлж байгаа. 

-Хүүхдүүдийг нийгэмд  бие хүн болж төлөвшихөд хэрхэн анхаардаг вэ?

-Манай нийгмийн ажил, сэтгэлзүйн үйлчилгээний бас нэг хэсэг нь хүүхдүүдээ амьдралд хөл тавихад бэлтгэдэг явдал. Бие даан амьдрах хөтөлбөр, амьдрах ухааны хөтөлбөрүүд байгаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд  хүүхдүүдээ 12 наснаас нь сэтгэлзүйн хувьд,  нийгмийн харилцаанд орох чадвар олгох талаас нь  анхаарч ажилладаг. Яригдахгүй сэдэв, хамрагдахгүй салбар байхгүй дээ.

-Хүүхэд үрчилж авах хүсэлт ирдэг байх. Жилд хэчнээн хүүхэд үрчлүүлдэг вэ? 

-Манайх улсын асрамжийн газар учраас хүүхэд үрчилж авах хүсэлт их тавьдаг л юм. Гэхдээ хүүхэд үрчилж авахаар ирсэн хүмүүс бага насны хүүхэд өргөж авах хүсэлтэй байдаг. Гэтэл бага насны хүүхдэд нэг асуудал байдаг. Өөрөөр хэлбэл, зургаагаас доош насны хүүхдийн сэтгэцийг оношлох боломжгүй байдаг. Тухайн хүүхдийг үрчлүүлж, хувь заяаны асуудлыг шийдэх учраас энэ асуудалд нухацтай хандахыг зорино. Тиймээс хүүхдээ сэтгэцийн хувьд  эрүүл гэдгийг оношилж, үрчилж авах гэж буй хүмүүсийг сэтгэц,  эрүүл мэндийн хувьд хэвийн, хөдөлмөрийн чадвартай, тогтсон орлоготой эсэхийг судлах ёстой болно. Сүүлийн 10 жилд гадаад үрчлэл хийгдээгүй, дотоод үрчлэл 5,6 орчим хийгдсэн. Өмнөх жилүүдэд хүүхдүүд үрчлэгдээд, төвдөө буцаж ирж байсан тохиолдлууд байсан. Яагаад буцаж ирдэг вэ гэхээр, хүүхэд хэвлийд байхдаа эхийн буруу зуршлаас болж ямар нэгэн гажигтай болдог. Тэрийг нь мэдэлгүй үрчилж аваад,  хожим нь буцааж өгсөн тохиолдол гарсан. Бага насны хүүхдийн сэтгэцийг оношлох боломжгүйн жишээ энэ шүү дээ. Тиймээс л үрчлэлийн асуудалд нухацтай хандах ёстой юм. 

-Хүүхдүүд тойргийнхоо сур­гууль, цэцэрлэгт хамрагдаж байна уу?

-Бүх хүүхдүүд  жирийн сургууль, цэцэрлэгт сурдаг. СӨБ эзэмшихийн тулд, манай хүүхдүүд тойргийн долоон цэцэрлэгт сурдаг. Харин дунд болон тусгай, МСҮТ, лицей сургуулиудад хүүхдүүдийн түвшн­­ийг тодорхойлоод сурга­даг. 

-Жирийн айлын хүүхдүүдтэй нэг орчинд,  нэг сургуульд сурахад дарамтад өртөх, гадуурхагдах явдал их гардаг байх. Гадуурхагдсанаас болж сэтгэл зүйн хувьд  их өөрчлөгддөг байх? 

-Зарим хүүхдүүд сургуулийн орчинд асрамжийн газрын хүүхэд гэдгээрээ  ялгаварлан,  гадуурхагдах явдал их бий. Иргэд олон нийт асрамжийн газрын хүүхэд гэхээр эмзэгээр хүлээж авдаг. Жишээлбэл, манай хүүхдүүд жирийн хүүхдүүтэй хамт сурч байхад багш нь ч юм уу, хэн нэгэн “Энэ хүүхэд асрамжийн газарт амьдардаг” гээд хэлчихэд бусад хүмүүс эмзэгээр хүлээж аваад өрөвдөх хандлагатай болчихдог.  Энэ нь хүүхдийг эвгүй байдалд оруулна. Үүнээс гадна манай төсөвт хүүхдүүдийн төгсөлтийн баяр, зургийн цомог, анги засварын мөнгө багтдаггүй л дээ. Манай төвөөс “Танай ангид асрамжийн газарт амьдардаг тийм хүүхэд суралцдаг учраас төлбөрөөс чөлөөлж өгнө үү” гэх агуулгатай албан бичиг явуулдаг. Түүнийг  ойлгох нь ч байна. Ойлгохгүй нь ч байна. Сургуулийн орчинд  ялгаварлан гадуурхалд өртдөг бас нэг зүйл тэдний хичээлийн хэрэгсэл, хувцас хэрэглэл тендер, худалдан авалтаар хийгддэг. Төвдөө цай хоолоо иддэг учраас, манай хүүхдүүд бэлэн мөнгөтэй харьцдаггүй. Гэтэл айлын хүүхдүүд хичээлдээ мөнгөтэй ирээд хоол авч идэх, дуртай зүйлээ аваад хэрэглэхэд л манай хүүхдүүдийн нүд  нь бүлтэлзэх тохиолдол өдөр тутам тохиолддог. 

-Бусад хүүхдүүдтэй адил их дээд сургуульд орж, мэргэжил боловсрол эзэмших хүсэл байлгүй яахав. Үүнийг салбар яамнаас анхаардаг уу, эсвэл тухайн сургуульд нь ханддаг уу? 

-Манай гол анхаардаг зүйл бол хүүхдийн боловсролын асуудал байдаг. 18 нас хүрээд гарч байгаа хүүхдээ бүгдийг нь их дээд сургуульд оруулдаг ч, сургалтын төлбөрийн асуудал гарна. Түүнийг бид  байгууллагынхаа онцлогыг танилцуулаад, албан тоот илгээх, очиж уулзах байдлаар шийддэг. Хүүхдүүдийг  маань дөрвөн жилийн хугацаанд үнэгүй сургах, дотуур байрандаа амьдруулах нөхцлийг хангаж өгдөг томоохон сургуулиуд бий. Харин хувийн сургуулиудад бага зэрэг асуудал гардаг юм.