ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Х.Ахмед-Али: Тавдугаар сард цаг агаар тогтворгүй, сэрүүн байна

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-05-05

Тавдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв байдлын талаар Цаг уурч Х.Ахмед-Алигаас тодрууллаа.

-Газар тариалангийн бүс нутгаар олон жилийн дундажтай харьцуулахад бороо хэр их орох төлөвтэй байна гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Тавдугаар сарын урьд­чилсан төлвөөр газар тариалангийн бүс болон төвийн нутгаар хур тунадас их орохоор байна. Энэ нь олон жилийн дунджаас илүү байх төлөвтэй байгаа юм. Өөрөөр хэлбэл, Архангайн хойд хэсэг, Хөвсгөлийн зүүн, Булган, Сэлэнгийн ихэнх нутаг, Төвийн аймгийн хойд хэсгээр олон жилийн дунджаар 21-31 мм хур тунадас  ордог бол үүнээс илүү бороотой байх төлөвтэй.  Харин бусад нутгаар 3-21 мм хүртэл тунадас ордог. Хур тунадас говийн өмнөд хэсгээр буюу Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговийн ихэнх нутгаар болон бусад газраар  олон жилийн дундаж орчим байна.

-Энэ жил хур бороо элбэг байх магадлалтай талаар эх сурвалжууд мэдээлж байсан. Өдийд хур тунадас ахиу орвол, газар чийг сайн авдаг шүү дээ. Тавдугаар сарын урьдчилсан мэдээг хүргэвэл? 
-Тавдугаар сард  агаарын температур нутгийн зүүн өмнөд тал буюу говийн ихэнх нутаг, зүүн аймгуудаар олон жилийн дунджаас 1-1.5 хэмээр дулаан, бусад нутгаар олон жилийн дундаж орчим байх төлөвтэй байна. Сарын хоёрдугаар 10 хоногийн дундуур нутгийн зүүн хагас, зарим газраар бороотой байх юм. Харин уулархаг нутгуудаар цастай байх бөгөөд тавдугаар сард цаг агаар тогтворгүй, сэрүүн байна. Өдөртөө найман градус хүртэл дулаан байх төлөвтэй. Говийн бүс нутгаар өдөртөө 16-20 хэм хүртэл дулаарна.  Нутгийн зүүн өмнөд хэсгээр дулаахан, хур тунадас багатай байх юм

-Ирэх зургаа, долдугаар сарын цаг агаарын мэдээ ерөнхий байдлаар гарсан уу.  Өнгөрсөн жилийн энэ үетэй харьцуулахад ямар түвшинд байх вэ?
-Зургаа болон долдугаар сард нутгийн зүүн  өмнөд болон зүүн хагаст хур тунадас ахиу, бусад нутгаар хур тунадас олон жилийн дундаж орчим байх төлөвтэй байна. Темпратурын хувьд ч олон жилийн дунждын орчим байна. Яг зургадугаар сард  олон жилийн дунджаар төвийн нутгийн хойд тал, зүүн аймгуудын хойд хэсгээр хур тунадас 49-70 мм хүртэл ордог. Харин баруун болон говийн аймгуудын нутгаар 8.3 мм ордог бол,  бусад нутгаар 29-49 мм хүртэл хур тунадас ордог. Үүнээс харахад, ирэх зургадугаар сард нутгийн зүүн өмнөд хэсгээр хур тунадас ахиу байх төлөвтэй байна. Харин бусад нутгаар олон жилийн дундаж орчим байхаар ажиглагдсан. 

-Энэ жил ихэнх нутгаар хур тунадас багатай байгаа нь хуурайшилтын зэрэг өндөр, гал түймрийн аюултай төвшинд хүрснийг Онцгой байдлын ажилтнууд сэрэмжлүүлж байгаа. Дөрөвдүгээр сарын сүүлчээр ихэнх нутгаар бороо орсон ч газарт чийг өгч, хуурайшилтыг дарж чадсан болов уу?
-Дөрөвдүгээр сард Зүүн аймгуудаар хур тунадас барагтай л ороогүй. Тэгэхээр хуурайшилтын зэрэг өндөр, гал түймрийн аюул гарах эрсдэлтэй хэвээрээ байгаа гэсэн үг. Харин бусад нутгуудаар буюу Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, төвийн зүүн хэсэг, говийн нутгуудаар ахиу цас, бороо орсон нь хуурайшилтыг дарж, газрыг чийглэсэн байх.