ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Зорчигчид ачаагаа авахаар улайрч байжээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2019-05-06

-Онгоцны ослоор 41 хүн амиа алдлаа-

ОХУ-ын нийслэл Москва хотын нисэх онгоцны буудалд ням гарагт зорчигч тээврийн “Sukhoi Superjet 100” нисэх онгоц осолдож, 41 хүн амь үрэгджээ. Зорчигчдын тав нь нисэх багийн гишүүд бол 73 нь зорчигчид байсан аж.

Онгоц Москвагаас Мурманский чиглэлд оройн 18:30 цагт нислэг үйлдсэн ч, хөөрсөнөөс хойш хагас цагийн дараа техникийн саатлын улмаас буцаж, Шереметьевогийн нисэх онгоцны буудалд ослын буулт хийсэн байна. Улмаар хүчтэй газардсаны улмаас онгоцны хөдөлгүүр шатаж эхэлжээ. Амь үрэгдсэн зорчигчдын хоёр нь хүүхэд байсан бол аврагдсан хүмүүсээс гурвынх нь биеийн байдал тааруу байгаа аж. Онгоц АероФлот Оросын агаарын тээврийн компанийх юм байна.

Ослын шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа ч, албаныхан урьдчилсан байдлаар хөөрсний дараа онгоцны цахилгааны системд гэмтэл гарч, шатсан хэмээн таамаглаж байна. Интерфакс агентлагт нэгэн нэрээ нууцалсан эх сурвалж “Онгоц яаралтай ослын буулт хийх шаардлагатай болсон. Улмаар эхний удаагийн оролдлого амжилтгүй болж, хоёрдахь удаагийн оролдлогын үеэр газар мөргөж, дараа нь шатсан” хэмээн ярьжээ. Харин өөр нэг эх сурвалж "Онгоц хөөрснийхөө дараа холбоо тасарсан. Москвагийн агаарын орон зайд шатахуунаа асгах маш аюултай байсан учир шатахуунаа асгалгүй газардсан” гэж ярьсан байв. Онгоцноос золоор амьд гарсан зорчигчид ч тухайн үед болсон үйл явцын талаар хэвлэлд ярьжээ. Тухайлбал Петр Эгоров “Онгоц газардсаны дараа цахилгаан цахих шиг болсон. Аймшигтай. Айсандаа үхэх шахсан” гэсэн байна. Харин Эрүүл мэндийн сайд Дмитрий Панычев ослоор 11 хүн шархдсан, тэдний гурав нь эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд амь насанд аюулгүй гэх мэдээллийг өгчээ. Ослын улмаас Мурманскийн бүс нутагт гурван өдрийн турш гашуудал зарлалаа. Москвагийн эмч нар ослын улмаас гэмтэж бэртсэн хүмүүсийн амь насыг аврахаар хүчээ дайчлан ажиллаж байгаа талаар “Вести” мэдээлжээ.

"SSJ-100" зорчигч тээврийн онгоцны осолтой холбоотойгоор ОХУ-ын Онцгой байдлын яамнаас зорчигчдын ойрын хамаатан, төрөл төрөгсдөд мэдээлэл, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор 8-800-775-17-17 дугаарын утас ажиллуулж эхэлсэн байна.

Онгоцны үйлчлэгч Максим Моисеев шатаж буй агаарын хөлгөөс зорчигчдыг гаргаж, амь насыг нь аврахын тулд онгоцны хаалгыг онгойлгохыг оролдон, улмаар амиа алдсан талаар нисэх багийн гишүүд ТАСС-т мэдээлжээ. Эмнэлгийн 10 гаруй ажилтан Мурманскийн нисэх онгоцны буудалд хохирогчдын төрөл төрөгсөд болон бэртэж гэмтэгсдэд тусламж үзүүлэн ажиллаж буй аж. Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич, Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев, Боливийн Ерөнхийлөгч Эво Моралес, Кубын засгийн газраас ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд эмгэнэл илэрхийлсэн байна. Эмгэнэлд "Москвагийн Шереметьевогийн нисэх онгоцны буудалд гарсан ослын улмаас "Аэрофлот"-ын онгоцны багийн гишүүд болон олон хүний амь нас хохирсонд гүн эмгэнэл илэрхийлье” гэжээ. Оросын Холбооны мөрдөх товчоо уг хэргийг нягтлан шалгаж байна. Тус албанаас 37 хүн амьд байгааг мэдээлснээс гадна ослын шалтгааныг тодруулахаар үргэлжлүүлэн ажиллаж байгаа юм.

Зарим хэвлэлд мэдээлснээр энэ ослоос 37-оос ч илүү хүн амьд мэнд үлдэх боломж байжээ. Гэвч, зорчигчдын амиа хичээсэн зангийн улмаас 41 хүн амь үрэгдсэн гэх мэдээлэл байгаа юм. Тодруулбал, ослын буулт хийж, албаныхан зорчигчдыг онгоцноос гаргах үед зарим зорчигчид ачаагаа авахаар улайрч, цаг алдсаны улмаас арын хэсэгт зорчиж байсан хүмүүсийг аврах ажиллагаанд хүндрэл учирч, цаашлаад амь эрсдэхэд нөлөөлсөн аж. Энэ явдал эдүгээ Оросын нийгмийн сүлжээнд ихээхэн шүүмжлэл дагуулж байгаа юм.