ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Пунцагдулам: “Үүлэн” брэнд дэлхийн зах зээлд гарна

Ц.ЭНХТҮВШИН
2019-05-07

“Хөлсний амт” булангийнхаа энэ удаагийн зочноор хувиараа бизнес эрхлэгч, “Үүлэн”брэндийг үүсгэгч Дорпаламын Пунцагдуламыг урьж ярилцлаа.

-Та хэзээнээс энэ “Үүлэн” брэндийг үүсгэв.  Бүтээг­дэ­хүү­нийхээ тухай танилцуулаач?

-Би 2018 оноос энэхүү “Үүлэн” брэндээ бий болгосон. Энэ маань эхний ээлжинд гарын болон нүүр гарын саван байдлаар гарч эхэлсэн. Нүүр гарын зориулалттай саван нь дотроо бас олон янз бий. Цаашдаа савангаа улам сайжруулахын зэрэгцээ өөр ч зүйл хийнэ гэж мөрөөдөөд л явж байна. 

-Савангийнхаа техно­ло­гийг хаанаас олж авсан бэ. Таны хувьд энэ бизнесийг цаашид хийхэд хүндрэлтэй зүйл хэр их байна вэ? 

-Савангийн технологийг хаанаас ч олох боломжтой. Гэхдээ миний хийж буй “Үүлэн” брэнд бол бас өөр онцлогуудтай. Интернет ашиглаж чаддаг хэнд ч олоод үзчих боломжтой. Yotube. Google гээд олон мэдээллийн сайт байна. Тэнд маш тодорхой заачихсан байдаг. Аливаа ажил тодорхой нэг үеийг давтлаа, олны танил болтлоо амаргүй цаг үеийг туулдаг. Одоогийн байдлаар сав баглаа  боодлын  асуудал   хэцүү. Нэг  захиалахдаа  5000 ширхэгээс нааш захиалга авдаггүй. Түүний үнэ гэхэд л хоёр саяас наашгүй болоод байна.

-Түүхий эдээ хаанаас авдаг вэ,олдоц хэр байх юм бэ?

Савангийн найрлагад орох эфирийн тосоо ОХУ-аас гол төлөв авдаг. Бусад  түүхий  эд  өөхөн тос, сүүлний  тос, чацарганы тос, ганга зэрэг нь эх оронд минь элбэг байна даа.

-Савангийнхаа үйлд­вэр­лэлийг өргөжүүлэх та­лаар ямар бодол санаа­тай явна вэ? 

-Аливаа юм санхүү дээр тогтоод байна. Эхний ээлжинд өнөө ЖДҮДС-гаас  6-8 сая төгрөг зээлчихвэл л болчих гээд байна.  Тэр нь тэгээд санаан зоргоор бүтэхгүй шүү дээ.

-Та яагаад энэ бизнес рүү орох болов. Таны мэрэгжилтэй холбоотой юу?

-Ер нь бол хүний хэрэгцээ байна, чадамж боломж нь байвал юм юмыг хийж үзэж туршиж, өөрийгөө олж авах гэж залуу хүмүүс эрмэлзэх л хэрэгтэй санагддаг. Би эрчим хүчний салбарт 34 жил ажиллаад гавъяаныхаа амралтанд гарсан. Тэтгэврийн хүн гэхээр л ажилд барагтай л бол авахгүй шүү дээ. Тэгээд л янз бүрийн зүйл хийж үзсэн. Гэрээрээ  хүмүүсийн захиалгаар  ажлын  хөвөнтэй  бээлий оёж үзсэн. Өмнө манай гэр бүл тахианы аж ахуй эрхэлж байсан юм. Өндөгний гарц муудаад, тэжээлийн  үнийн  өсөлт, долларын  зөрөө  гээд хүндрэлүүд гарч эхэлсэн. Тэгээд барахаа байгаад больсон.

-Таны саванг ОХУ болон Тайванд тодорхой тооны хэрэглэгчтэй болсон гэж дуулсан. Гадны хэрэг­лэгчид хэр сонирхож байна гэнэ?

Caption

-Экспортын  хэмжээнд  хийж  чадах юм бол  Европын  холбооны  улсууд руу  гарах  гарцыг  Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимаас  дэмжих магадлал өндөр юм байна билээ. Гэхдээ маш өндөр шалгууртай. Олон бичиг баримт бүрдүүлнэ. Тайвань, ОХУ-ын хувьд охид маань тэдгээр улсуудад сурдаг юм. Тэд маань амралтаараа ирэхээр цөөн хэдэн саван  авч яваад найз нөхөддөө бэлэглээд илүү гарвал манай мөнгөөр 10 мянган төгрөг орчмоор борлуулаад хоолондоо нэмэрлэдэг гэсэн. Манай саванг хэрэглэж үзсэн хүмүүс нь “Арьс маш  сайн зөөлөн болж байна. Дахин   ирвэл авна шүү” л гэдэг гэсэн.  

-Ер нь савангийн тухайд манайхаас экспортод гар­гасан байдаг юм болов уу?

-Сайхан эхлэл байгаа юм билээ. Манай монголчуудын хийсэн Lhamor брендийн саван лав Тайваньд очсон байна гэсэн. Энэ талаар Худалдаа аж үйлдвэрийн танхимын ажилтнууд Ү.Наранцэцэг, Долгормаа, Ч.Цэцэгмаа нар иргэддээ олон талаар тусалж, дэмжлэг үзүүлдэг юм байна билээ. 

-Ижил төрлийн бизнес эрхэлж буй хүмүүсээс туршлага судлах, харилцан солилцох талаар та хэрхэн анхаарч байна вэ?

-Савангийн бизнес бол нарийндаа цоо шинэ бизнес биш шүү дээ. Эрт дээр үеэс манайхан, тэр дундаа казахын ард түмэн гар аргаар хийсэн /хар саван гэж хожим нэрлэх болж дээ/ савангаараа алдартай. Манайхан социализмын үед хаягдал өөхөн тосоо хуримтлуулаад үйлдвэрлэлийн шугамаар саван үйлдвэрлэдэг байсан шүү дээ. Нүүр гарын саван гэхэд Намуу цэцэг гээд сайхан үнэртэй саван байсан. Одоо л харин сүүлийн үед үндсэн малын гаралтай тосоор хийхээс гадна янз бүрийн бэлэн бэлдцийг Хятад, Солонгос улсаас оруулж ирж хийдэг болсон байна. Бидний хувьд саван үйлдвэрлэх нь тийм ч их хүнд ажил биш.Гагцхүү түүний сав баглаа боодол дээр л нэлээд цаг зав, хөрөнгө мөнгө шийдэх хэрэгтэй болоод байна. Нэг  дизайнер  залуу савангийн сав  баглаа боодолд хямд төсөр  зардал хэмнэх зөвлөгөө өгнө гэсэн.

-Бэлэн бэлдэцээр саван хийдэг  гээд ярих юм .Энэ нь чухам юу вэ? 

-“Melt and pour soap” гэдэг юм. Нэг ёсондоо савангийн бэлэн суурь, түүхий эд гэж ойлгож болно. Сууриа халаалаа, нэмэлт тос, үнэр, сонгосон  өнгүүдээ хийлээ, хэвэнд, цутгалаа хатлаа. Ингээд л таны  хэрэглэх саван бэлэн болно. Хийхэд хялбархан байгаа биз дээ. Гэхдээ сул тал нь савангийн суурийг хийхэд ордог орцуудыг органик гэхэд хэцүү, Энэ мэдээж массаар буюу олноор үйлдвэрлэхэд өөрийн өртөг нь өндөр гарна.

-Саванг хийх үндсэн аргуудын талаар та манай уншигчдад хэлж өгч болох уу?

-Саванг хүйтэн ба халуун аргаар хийдэг юм. Энэ тухай интернетэд зөндөө бичлэгүүд байгаа. Орчин үед ямар ч арьсанд, тэр дундаа хуурай арьсанд тохиромжтой хатуу саван үйлдвэрлэгддэг болсон. Хуурай арьсанд тохиромжтой хатуу савангийн найрлагад илүү их байгалийн гаралтай тос ба чийгшүүлэгч орц ордог юм. Манай “Үүлэн” савангийн тухайтад цэвэр байгалийн гаралтай эко саван. Бид Улсын мэргэжлийн хяналтын лабораториор бүтээгдэхүүнээ баталгаажуулж, чанарын батламжаа авсан. Мөн зохиогчийн эрхийн гэрчилгээ гээд холбогдох бүхий л бичиг баримтаа ном журмын дагуу авсан. Үүлэн брэнд чацарганатай, идэвхжүүлсэн нүүрстэй, хонины сүүлтэй гэх зэргээр хэд хэдэн төрлөөр гарч байгаа.  Ер нь бол хийх ажил их байна. Мод үржүүлэг, бага хэмжээний талбайн тариалалт гээд санаж бодож буй зүйл их байна.