ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ж.Цэвээнжав: Газрын тосыг химийн биш нано түвшинд боловсруулдаг арга олох хэрэгтэй

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-05-08

Монголын газрын тосны инженерүүдийн нийгэмлэгийн Гүйцэтгэх захирал, доктор, профессор Ж.Цэвээнжавтай ярилцлаа.

-Монгол Улс нефть боловсруулах үйлдвэр барихаар хэд хэдэн удаа ТЭЗҮ боловсруулсан. Эцэстээ Дорноговь аймагт барихаар болоод, төмөр замаа тавьж байна. Жилдээ 1.5 сая тонн нефть боловсруулах хүчин чадалтай гээд байгаа. Ийм хэмжээний чадалтай боловсруулах үйлдвэр барихад Монголд ашигтай юу?

-Эх орондоо газрын тос боловсруулах үйлдвэртэй болно гэдэг Монгол Улсын нэн чухал асуудал. Монголд сүүлийн 100 жилд “Эрдэнэт” үйлдвэр, “Говь комбинат” гэсэн хоёр том аж үйлдвэрийн бүтээн байгуулалтыг хийсэн. Нэг нь хүнд, нөгөө нь хөнгөн үйлдвэр. Сүүлийн жилүүдэд хэдэн цементийн үйлдвэртэй болох шиг боллоо. Гэтэл газрын тос боловсруулах үйлдвэр гэдэг амин чухал асуудал. Үүнтэй хэн ч маргахгүй. Би судлаач хүний хувьд тавилдаа алдаа байна уу гэж харж байгаа. Монгол Улсын нефтийн бүтээгдэхүүний хэрэгцээ жилдээ 1.2 сая тонн. Үүнтэй уялдуулаад 1.5 сая тонн газрын тос боловсруулах үйлдвэр барихаар болсон байх. Өөрөөр хэлбэл, нэг л үйлдвэрээр бүх хэрэгцээгээ хангах гээд байна. Салбар яам, агентлагийнхантай хамт Солонгос явж, газрын тосны үйлдвэрлэлийн чиглэлээр номын дуу сонссон юм.  Газрын тосны салбарт олон талын хамаарал гэж нэг юм бий.

Манайх бол Орос, Хятад, нэмээд Солонгосоос хамаарах жишээтэй. Гэтэл Солонгос шатахууныхаа хангамжийг олон янзаар шийддэг. Ойрхи Дорнодоос гол түүхий эдээ аваад, эх орондоо үйлдвэрлэдэг. Далайн эргээ өрөмдөөд, мөсөн хий буюу хийн гедратыг ашигладаг. Орос, Хятадаасаа бага зэрэг бүтээгдэхүүн авч байх шиг байгаа юм. Тэгсэн мөртлөө манай руу экспортолдог. Олон талын хамаарал гэдэг энэ. Манайх бол Оросоос хамаарч болно. Өөрсдөө газрын тосоо үйлдвэрлэж болно. Занараас бас түлш гаргаж болж байна. Нүүрснээс метан хийг нь гаргаад ашиглаж болно шүү дээ, бас. Үүнийг чинь л олон талын хамаарал гээд байгаа юм. Гэтэл манайх нэг амьсгаагаар л асуудлаа шийдчих гээд үзээд байна. Цөөн хүн амтай улс болохоор ганцхан үйлдвэр бариад шийдэж болно гэж тооцсон байх. Тавил нь буруу гээд байгаа нь энэ юм. 

-Эхлээд газрын тос боловсруулах үйлдвэрээ барьчихвал дараа нь олон талт хамааралтай болж болох байлгүй дээ?

-Хятад улс жилдээ хоёр сая тонн газрын тос боловсруулах чадалтай жижиг үйлдвэрүүдээ хааж эхэллээ. Учир нь дэлхийн нийтлэг технологи нь одоо болтол газрын тосыг нэрэх, дахин нэрэх л байгаа. Аарцыг нэрээд архи, архийг нэрээд арз, арзыг нэрээд хорз, хорзыг нэрээд хор болдог. Яг энэ маягаар л газрын тосыг дахин дахин нэрдэг. Тийм болохоор багадаа л тав болон түүнээс дээш сая тонн бүтээгдэхүүн боловсруулахгүй бол ашиггүй тусна. Энэ утгаараа манайх өөр технологи ашиглах хэрэгтэй байна. Дор хаяж 1.5-2 сая тонн газрын тос боловсруулж байж л ашигтай ажиллана. Гэтэл манайх үйлдвэрээ барилаа ч энэ хэмжээний бүтээгдэхүүн боловсруулах нь эргэлзээтэй. Тиймдээ ч Монголд үйлдвэрлэсэн шатахуун гаднаас оруулж ирснээс үнэтэй гарна гэдэг яриа гарч байгаа юм. Манай хэрэгцээ одоохондоо 1.2 сая тонн. Ойрын 10 жилдээ өсөөд өсөөд хоёр сая тонн л болно.

Монгол хэзээ 10 сая хүнтэй болж, жилдээ таван сая тонн бүтээгдэхүүн хэрэглэхийг хэлж мэдэхгүй. Тийм учраас өнөөдрөөрөө амьдрах ёстой. Гэтэл манайхан Евро стандартын шатахуун гаргана гээд л яриад байна. Тэр хүмүүс ердөө л сонссон зүйлээ ярьж байгаа юм. Манай улсын шатахууны хэрэглээний 60 хувь нь түлш. Түлшийг Дорнод, Дорноговь, Өмнөговь орчимд л хэрэглэж байна. Уул уурхайн ажиллаж байгаа газар гэсэн үг. Тиймээс бид дагнасан бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулбал илүү ашигтай юм. Газрын тос нэрэхээр эхлээд хамгийн хөнгөн хий нь гарна. Дараа нь шатахуун гарна. Дундуур нь жаахан дизель гарах байх. Газрын тосны 30-40 хувь мазут болдог. Тэрийг нь хаях газар ч байхгүй. Гэтэл албаныхан мазутаа дахин нэрнэ гээд л замраах гээд байгаа. 

-Дахин нэрэхээр ашиггүй гэсэн үг үү?

-Миний санаа өөр. Дэлхий нийтийн уламжлалт арга болох нэрлэгийн технологиос татгалзах хэрэгтэй. Огт өөр технологийг бид ашиглах ёстой юм. Америкт нано нэмэлт гэдгийг ашиглаад эхэлчихэж. Өөрөөр хэлбэл, газрын тосыг химийн аргаар биш нано түвшинд боловсруулдаг арга олох л хэрэгтэй байна даа. Тэгвэл монгол хүн Нобелийн шагнал шууд авна.  Жишээ нь, жүд, еврейчүүд дэлхийн хамгийн ухаантай үндэстэн гэдэг. Тэд ямар нэг уналтыг сэргэлтийн эхлэл болгосон. Түүнтэй адил технологийн шийдлийг олох ёстой юм. Өмнөх Засгийн газар газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээний мөнгөөр 140 хүнийг гадагш явуулж сургасан байна. Үүний 14 нь ажилтай. Цаана нь 80 гаруй хүн ажилгүй байгаа. Үүний оронд 14 хүнийг технологийн шийдэл олох тодорхой чиглэлээр сургаж болно. Мэдэж болох бүх багш, эрдэмтэн нараас асуу, ийм технологи бүтээхийн төлөө суралцаад ир гэж явуулах ёстой. Яагаад гэвэл бидэнд өөр зам байхгүй. Хэзээ нэгэн цагт хүнээс хамааралтай амьдарна гэдэг хамгийн хэцүү.

-Газрын тос боловсруулах үйлдвэрийг Дорноговьд барих нь зөв байсан уу. Та энэ талаар юу хэлэх вэ?

-Би зөв, буруу гэж шууд хэлэхэд хэцүү байна. Шийдвэр гаргаж байгаа хүмүүс нь тодорхой хэмжээнд судлаад, шийдсэн байх. Гэхдээ л газрын тос хаа байсан Дорнодын Тамсагт байхад Дорноговьд боловсруулах үйлдвэр барьж байгааг ойлгохгүй л байна. 

-Жилдээ 1.5 сая тонн газрын тос боловсруулах үйлдвэр барина гээд байгаа. Түүхий эдийн хүрэлцээ манайд байгаа юу?

-Байгаа, хангалттай. Монгол Улсын хэмжээнд 332.6 сая тонн газрын тосны нөөц байгааг илрүүлсэн. Дорнод аймагт бол 178 сая тонн газрын тосны нөөц байна. Түүнээс яг аваад ашиглачих боломжтой, баттай тогтоогдсон нь 41 сая тонн. Манай газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ өсөөд, жилдээ хоёр сая тонныг хэрэглэнэ гэсэн ч 20 жилийн хэрэгцээ. 1.5 саяар тооцоход 30 жилийн нөөцтэй байна шүү дээ. Тэр хооронд шатахуунаар явдаг машин байхгүй болно. Бүгд цахилгаанаар явдаг болно доо. Тэр утгаараа нөөцийн хувьд асуудалгүй. Манайхан болохоор жилдээ 5, 10 сая тонн газрын тос боловсруулъя гэхээр нөөц алга гэж мэдэмхийрээд байдаг. Үнэндээ манайх жилдээ таван сая тонн газрын тос боловсруулаад, бүтээгдэхүүн гаргалаа гэхэд авах хүн олдохгүй. Асгасан ч авахгүй. Хоёр “ах” авна гэж бодож байна уу. Зүгээр өгье гэсэн ч авахгүй. Австралийн мярнуусан хонийг хятадууд зүгээр өгье ч гэсэн авдаггүй. Тийм учраас тээвэрлэж зардал гаргаснаас далай руугаа хаячихдаг юм билээ. 

-Тамсагаас газрын тосоо яаж зөөх юм бол. Манай газрын тос хэт өтгөн, тээвэрлэх явцад царцах магадлалтай гээд л зарим эрдэмтэд яриад байх юм?

-Монгол, Орос хоёр өөрсөддөө хүндрэл үүсгэдэг. Дараа нь түүнийгээ давж гарах гэж зүдэрдэг гэдэг. Би түрүүнд хэлсэн дээ, Тамсагт нь үйлдвэр барьчихаж яагаад болоогүй юм.