ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Ундраа: Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн 10 хувьд ч хүрч ажиллаж чадахгүй байна

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-05-09

Хүүхдийн хүчирхийллийн асуудлаар “Үжин” төвийн захирал Д.Ундраатай ярилцлаа. 

-“Үжин” төв хүчирхийлэлд өртсөн хүүхдийг сэргээн засах эмчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэж байна. Байгуулагдсанаасаа хойш хэчнээн хүүхдэд энэ төрлийн үйлчилгээ үзүүлсэн бэ. Сэргээн засах үйлчилгээ гэдгийг дэлгэрүүлж тайлбарлаач?

-Хүчирхийлэлд өртөж, сэтгэл санааны болоод бие мах бодийн хүнд цохилтод орсон хүүхдүүдийг хамгаалж, тэдэнд сэтгэл заслын болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх зорилгоор 2009 онд “Үжин” төвийг байгуулсан þì. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн бага насны охидод цогц үйлчилгээ үзүүлдэг, нөхөн сэргээх байгууллага  улсын хэмжээнд нэг ч байгаагүй. Хүүхдийн хүчирхийлэл жил ирэх тусам нэмэгдсээр байгаа энэ цагт ийм төв зайлшгүй хэрэгтэй байгаа. Хүчирхийллийн асуудал хэрэгтнийг барьж хориод шийдчихдэг асуудал биш. Хүчирхийлэлд өртсөн ар гэрийн боломжгүй хүүхдүүдэд өмгөөлөгч ч олддоггүй. 2018 онд Засгийн газраас хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд үйлчилгээ үзүүлэх чиглэлээр тендер зарласан. Энэ тендерт манай байгууллага шалгарч, 2018 онд нээлтээ хийж анхныхаа хүүхдийг авч байлаа. Одоогоор 12 төрлийн цогц үйлчилгээг  үзүүлж байгаа. Өнөөдрийн байдлаар манай төвд 13 охин байгаагийн хамгийн бага нь таван настай, том нь 16 настай охид эмчлүүлж байна. Манайд хууль зүйн зөвлөхөөс гадна дөрвөн өмгөөлөгчтэй өмгөөллийн баг ажилладаг. Мөн сэтгэлзүйч эмч, таван нийгмийн ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна. 21 аймгаас хамгийн их эрсдэл өндөртэй, амиа хорлох үйлдэл хийж байсан, буруу зуршилд автсан, бэлгийн хандлага нь өөрчлөгдсөн зэрэг хүүхдүүд аймаг, дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраар дамжин, 108 төвийн дэргэдэх хүүхэд хамгааллын байранд 3-5 хоног сэтгэлзүйн анхны зөвлөгөө аваад манайд ирдэг юм. 2-3 жил хойд эцгийнхээ бэлгийн хүчирхийлэлд өртсөн, бэлгийн замын өвчин нь хүндэрчихсэн, амиа хорлох үйлдэл хийх болсон зэрэг маш хүнд хүүхдийг хүлээн авч байгаа. Хүчирхийлэлд өртөж байгаа мянга, мянган хүүхдүүд байна. Гэтэл тэдгээрийг сэргээн засах үйлчилгээ үзүүлдэг байгууллага бараг байхгүй. Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд цогц үйлчилгээ үзүүлдэг цор ганц байгууллага нь “Үжин” төв. Гэтэл үүний цаана энэ төрлийн үйлчилгээ хэрэгтэй, амиа хорлох гээд явж байгаа маш олон хүүхэд бий. Үүнд төр засгаас анхаарах цаг нь болсон. Манай төв хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд өмгөөллийн болон эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхээс гадна сургуульд хамруулах үйлчилгээг үзүүлдэг. 

-Танай төвөөр үйлчлүүлж байгаа хүүхдүүд байнгын байрлаж үйлчилгээ авдаг уу. Гэр бүлийнхэн нь ирэх үү?

-Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд сэтгэл санааны эдгэшгүй шарх авдаг. Хүчирхийлэлд өртсөн хүүхэд л зөвхөн хохирогч болоод үлддэг юм биш. Түүний цаана гэр бүл, дүү нар нь давхар хохирогч болдог гэдгийг хүмүүс анзаардаггүй. Ийм тохиолдол маш их бий. Тухайлбал, манай төвөөр үйлчлүүлж байгаа охины аав нь хөдөө ажилладаг, ээж нь нялх хүүхдээ хараад гэртээ суудаг байсан юм. Тавдугаар ангид сурч байсан охин ганцаараа гэртээ харьж явтал машинтай хүн таараад дөхүүлээд өгье гэхээр нь суучихсан байгаа юм. Гэтэл тэр хүн охиныг аваад хотоос гарч, хээр хөдөө аваачаад хүчирхийлээд хөл нүцгэн хаячихсан байдаг. Өвлийн сар гарч байхад шүү. Охин хөл нүцгэн гүйсээр цус нөжөө гоожуулаад гэртээ ирэхэд ээж нь шоконд ороод хэлгүй болчихсон. Дахиж хэлд орох эсэхийг нь хэн ч мэдэхгүй. Энэ мэт гэр бүл нь хохирсон тохиолдол маш олон байдаг. Тэгэхээр бодлогын түвшинд бэлгийн хүчирхийлэлд ногдуулж байгаа ялын хэмжээнд анхаарах цаг болсон. 

-Танай төвөөр үйлчлүүлэх хүсэлт хэр их ирдэг вэ. Энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага хэр олон байдаг юм бэ?

-Өмгөөлөл, хууль зүйн зөвлөгөө, нийгмийн ажил, үйлчилгээ зэрэг 12 төрлийн цогц үйлчилгээг нэг дороос өгч байгаа цор ганц байгууллага одоогоор “Үжин” төв л байна. Өмнө нь цагдаагийн байгууллага тухайн хэрэгтнийг бариад, шүүхээс ял өгөөд л болчихдог байсан. Одоо бол хэрэг цагдаагийн байгууллагад очсоноос эхлээд аймаг, дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар амиа хорлох оролдлого хийсэн зэрэг эрсдэлийн түвшин өндөртэй хүүхдүүдийг 108 болон түүний дэргэдэх хамгаалах байраар дамжуулан манай төвд ирүүлж байгаа. Хүчирхийллийн золиос болсон бага насны охид бэлгийн замын өвчин авчихсан, тэр нь хүндэрсэн шатандаа орсон, хэд хэдэн удаа амиа хорлох оролдлого хийсэн гэх мэт маш хүнд байдалтай ирдэг. Гэтэл эдгээр хүүхдүүдэд үйлчилгээ үзүүлж байгаа цор ганц байгууллага нь зургаахан орны багтаамжтай, түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байна. Бид угтаа төрийн өмнөөс хүүхдүүдэд үйлчилж байгаа байгууллага шүү дээ. Тиймээс төр үүнд анхаарал хандуулах шаардлагатай юм. ТОСК-ийн зарагдаагүй маш олон барилгууд байна. Төрийн өмнөөс хүүхдэд үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагын орон байрны асуудлыг шийдээд өгчих бүрэн боломжтой гэж хардаг. Ядаж хямд үнээр түрээслүүлэх арга хэмжээг авах хэрэгтэй байгаа юм. Тэгвэл бид орныхоо тоог нэмж, бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд бүрт сэтгэл заслыг болоод бусад шаардлагатай үйлчилгээг үзүүлэх боломжтой. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн 10 хувьд ч хүрч ажиллаж чадахгүй байгаа. Цаана нь олон зуун хүүхэд хохироод, эсвэл амиа хорлоод насан туршийн сэтгэлийн шархтай үлдэж байна гэхээр үнэхээр эмгэнэлтэй.  Өвчтэй хүүхдүүдийг улсын эмнэлгүүдээр эмчлүүлэхэд багагүй хүндрэл учирдаг гэдгийг энд хэлэх хэрэгтэй юм. Эрүүл мэндийн байгууллагууд, хүн ардын эрүүл энхийн манаанд тангараг өргөсөн эмч нар ийм асуудалд ухамсартай хандаж баймаар санагддаг юм.

-Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн ихэнх нь ураг төрлийн зүгээс хүчирхийлэлд өртсөн байдаг гэж сонссон. Танихгүй хүнд биш ойр дотныхоо хүнд хүчирхийлүүлсэн хүүхэд сэтгэл санааны хувьд маш хүнд байдалд ордог байх?

-Бэлгийн хүчирхийлэлд өртөж байгаа хүүхдүүдийн 70 гаруй хувь нь ойр дотны хүний зүгээс хүчирхийлэлд өртсөн байдаг. Хойд эцэг, ах дүү, тэр бүү хэл төрсөн эцэг, төрсөн ахдаа хүчирхийлүүлсэн хүүхэд ч цөөнгүй байна. “Үжин” төвд байгаа хүүхдүүдийн 80 орчим хувь нь ураг төрлийн буюу гэр бүлийн хүрээллээс хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд байдаг. Бүр төрсөн аавдаа гурван жилийн турш хүчирхийлүүлсэн хүүхэд ч байна. Эдгээр хүүхдүүд анх ирэхдээ маш хүнд байдалтай ирдэг. Амиа хорлох гэсэн, өөртөө итгэх итгэлгүй болчихсон байдаг юм. Манай төвд байгаа хүүхдүүдийн дээд тал нь долоон сар болсон хүүхэд байна. Энэ хугацаанд архи ууж, тамхи татдаг буруу зуршлаас салж, амиа хорлох оролдлого хийхээ больж, бүр өөр шигээ хүүхдүүдэд сэтгэл зүйн зөвлөгөө үзүүлдэг хүн болох талаар ярьдаг болсон. Өөртөө итгэх итгэл нь нэмэгдэж, цаашдын амьдралаа төсөөлж, мөрөөдөж эхэлсэн. Ээж нь нас барсан, төрсөн аав нь хүчирхийлсэн асран хамгаалах хүнгүй хүүхэд ч бий. Бид ийм хүүхдүүдээ эмчилгээ, үйлчилгээ үзүүлж хэвийн болсных нь дараа хүүхдийн асрамжийн төвүүдэд хүлээлгэж өгдөг юм. “Үжин” төв хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийг 3-12 сарын хугацаатай байрлуулж үйлчилгээ үзүүлж байгаа.

-Өвчтэй хүүхдүүдийг эмчлүүлдэг гэж байна. Эмчилгээний зардал болоод бусад үйлчилгээний зардлыг хаанаас санхүүжүүлдэг вэ?

-Засгийн газрын тендерт шалгараад үйл ажиллагаа явуулж байгаа гэж хэлсэн дээ. Үүний хүрээнд 49 сая төгрөг төсөвлөсөн. Үүний 18.2 хувь нь түрээсэнд явчихаж байгаа юм. 20 гаруй хувь нь цалин, 7-8 хувь нь нийгмийн даатгал, урсгал зардалд зарцуулагдаж байгаа. Хүүхдэд үзүүлэх үйлчилгээний зардалд 24.2 орчим хувийг л зарцуулсан. Тэгэхээр санхүүжилт маш хангалтгүй. Тиймээс манай төв ном  гаргаж зарах, орон нутгуудаар явж төрийн албан хаагчдад сургалт зохион байгуулж түүнийхээ мөнгөөр үйл ажиллагаагаа явуулж байна. Асар өндөр зардалтай. Хүүхэд хамгааллын түр байруудаас тэс ондоо. Тэд бол хамгийн дээд тал нь нэг сар л байлгадаг. Гэтэл “Үжин” төв жилийн хугацаанд хүүхдийг байршуулж, гэртээ байгаа мэт бүх зүйлээр хангаж үйлчилдэг. 

-Хүчирхийлэлд өртсөн хэдий ч сэргээн засах үйлчилгээ авч чадахгүй байгаа, хамгаалалтад орж чадахгүй байгаа хүүхэд хөдөө орон нутагт байгаа. Та нарыг орон нутгуудаар явж байхад нөхцөл байдал ямар байв?

-Гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулах чиг үүрэгтэй субьектууд байдаг. Багийн Засаг даргаас эхлээд хамтарсан баг гэр бүл, хүүхдийн хүчирхийллийн эсрэг ажиллах ёстой. Гэвч эдгээр хамтарсан байгуудад ямар ч санхүүжилт байдаггүй. Утсаар ярих, бензин авах мөнгөгүй хүмүүсийг ажил хий гээд байх хэцүү. Тэгсэн мөртлөө хуульдаа заагаад өгчихсөн байдаг. Уг нь хамтарсан багийг орон нутгийн болон, Улсын төсвөөс санхүүжүүл гээд заагаад өгчихсөн. Үүнийг баталж өгдөг ИТХ-ын дарга гэж байдаггүй. Нэг суманд л гэхэд дөрвөн өөр тоо хэлээд сууж байх жишээтэй. Хэсгийн төлөөлөгчгүй хагас жил болж байгаа сумд ч байна. Ийм байхад хүчирхийлэл газар авах нь аргагүй шүү дээ.