ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

П.Энхчимэг: Сургууль болгонд сэтгэлзүйч ажиллах зайлшгүй шаардлагатай

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-05-13

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхэд, өсвөр үеийн клиникийн эмч П.Энхчимэгийг “Ярилцах танхим” буландаа урьж ярилцлаа.  

-Өсвөр насны хүүхдүүдэд тулгамдаж буй нэг асуудал нь сэтгэлзүйн хямрал болсон талаар мэргэжлийн хүмүүс ярьж байгаа. Сэтгэлийн хямралаа даван туулж чадахгүйгээс болоод амиа хорлох асуудал ч бий. Гэтэл сургуулиудад мэргэжлийн сэтгэлзүйч алга. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Хүүхдийн сэтгэл зүй өсвөр насанд өөрчлөгддөг. Хэвийн хариу урвалууд ч байдаг. Сэтгэл хөдлөл, зан үйлийн хариу урвалууд гэж байдаг. Бас даган дуурайх, бүлгэрхэх хариу урвалууд ч илэрч гарч ирдэг. Энэ бол бие болон физиологийн өөрчлөлттэй холбоотой хэвийн хариу үйлдлүүд байдаг юм. Үүнийг л эцэг, эхчүүд зөвөөр ойлгож, чиглүүлж чадвал хүүхэд ямар нэг асуудалгүй энэ үеэ даваад гарчихдаг. Сайн тусалж, дэмжиж чадахгүй, хэт хараа хяналт тавиад, цагдаад хориод байх. Эсвэл хэт их эрх танхи өсгөж, хүссэн болгоныг нь авч өгөөд, эрх дураар нь тавих. Үгүй бол хайр халамжаар дутааснаас болж сэтгэл зүйн эмгэгээр өвдөх эрсдэлтэй. Үгүй ядаж л пи си тоглоомын газар хэсэхээс сэргийлэх ёстой. Тиймээс эцэг, эхчүүд хамгийн түрүүнд хүүхдийнхээ сэтгэл зүйд гарах өөрчлөлтийг анхаарах хэрэгтэй юм. Хүүхэд бага насандаа гэр бүл, эцэг, эх төвтэй байдаг. Харин өсвөр насандаа найз төвтэй болдог. Гэр бүлээ хайхрахаа больдог. Найзтайгаа уулзана, найзууд тэгээд байна, ангидаа ажилтай гэх мэтээр нийгмийн орчинд тодорхой хэмжээнд байр сууриа олохын төлөө хичээж эхэлдэг. Тиймдээ ч тодорхой хэмжээний өөрчлөлтүүд гарна. Тэр үед нь хил хязгаар, хэмжээ заагийг нь сайн ойлгуулж өгөх ёстой. Гэр бүлдээ ямар үүрэг хариуцлагатай байх юм, сургуулийн орчинд яах вэ. Чөлөөт цагаараа ийм зүйлийг хий гээд ярилцаж, тохиролцох хэрэгтэй юм. Тэгэхгүйгээр өсвөр насны хүүхэд юм чинь ойлгож байна гээд өдөр, шөнөгүй гадуур явуулаад байх нь хэвийн зүйл мөн үү, биш үү гэдгийг бодолцох л хэрэгтэй.  

-Эцэг, эхчүүд хүүхэддээ анхаарал тавих ёстой нь үнэн. Гэхдээ хүүхдүүд ихэнх цагаа сургуульдаа өнгөрүүлж байна. Тэнд нийгмийн ажилтан байдаг. Тийм байтал яагаад сэтгэлзүйч байж болдоггүй юм. Ядаж л хэдэн сургуулийн дунд нэг сэтгэлзүйч хэрэгтэй байна. Энэ талаар таны бодлыг сонсмоор байна л даа?

-Би хэлсэн дээ, өсвөр насандаа хүүхэд найз төвтэй болдог гэж. Энэ үед сэтгэл зүйн тогтворгүй байдал үүсдэг юм. Түүнийгээ гэр бүл, аав, ээждээ хэлэхээсээ илүү найзууддаа хуваалцдаг. Тулгамдсан асуудал гарсан ч найздаа хэлдэг, эсвэл багшдаа ярина. Өөрөө бие дааж асуудлаа шийдвэрлэх гэж үзнэ. Чадахгүй бол гаднаас тусламж хайдаг. Дунд сургуулийн хүүхдүүд багш нартаа хандах нь бас цөөн. Тийм учраас сургууль болгонд сэтгэлзүйч зайлшгүй байх шаардлагатай байдаг. Нэг үеэ бодвол сургууль болгон нийгмийн ажилтантай болсон. Гэхдээ тэд хүүхэд рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулж, тэднийг дэмжиж, туслахаасаа илүү сургуулийн дотоод ажилд л илүүтэй анхаардаг. Сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай хүүхэд байлаа гэж бодъё. Сургууль дээрээ анги, хамт олныхоо гадуурхалд өртсөн. Цуу яриа тараад, түүнээсээ болоод сэтгэл гутралд орсон байсан гэж үзье. Тийм хүүхэд ирээд, эмнэлэгт хэвтэж байх үед нь ганцаарчилсан сэтгэл заслыг хангалттай хийдэг. Гэтэл эмнэлгээс гараад, буцаад нөгөө орчиндоо очих шаардлагатай болно. Тэр үед нь эцэг, эхийн, анги хамт олны харилцаа, хандлага хэвээрээ байвал эмчилгээ болж чадахгүй. Тэгэхээр гэр бүл, ангийн багш, шаардлагатай бол ангийн хүүхдүүд, сургуулийн болон хороо, дүүргийн сэтгэлзүйч гэсэн хамтарсан багаар ажиллах хэрэгтэй. Тэгж байж тухайн хүүхдийг асуудлаа даван туулахад нь туслах юм. Тэгэхгүй энд эмнэлэгт эмчлээд л байдаг. Гараад орчин нь, бусад хүмүүсийн харилцаа хэвээрээ байвал үр дүнгүй шүү дээ. Хэсэг хугацааны дараа эргээд л сэтгэл зүйн хямралтай болдог. 

-Хамтарсан баг хэлбэрээр ажиллах боломж бүрдэж чадсан уу?

-Тийм тогтолцоо бүрэн дүүрэн бий болсон гэж хэлэхэд хэцүү. Хүчирхийлэлд өртсөн хүүхэд рүүгээ чиглэсэн хороо, дүүргийн хамтарсан баг гэж байгуулаад л байна. Харин сургуулийн орчинд нийгмийн ажилтан, сэтгэлзүйчийн баг дутагдалтай байгаа. Би энд сүүлийн дөрвөн жил ажиллахад үе тэнгийнхний дарамтад орсон хүүхэд цөөнгүй ирж хэвтэж байгаа. Түүнээс хоёрхон тохиолдолд нь сургуулийн нийгмийн ажилтан, багш нь  хүүхдээ эргэх гэж ирсэн. Бодит байдал ийм л байна. Зарим эцэг, эхчүүд гэр бүлийн нэр хүндэд муу гээд Шар хадны эмнэлэгт хэвтэж байгаа гэж хэлэх дургүй байдаг юм билээ. Зарим хүүхдүүд ч өөрсдөө энд хэвтэж байгаагаа нуудаг. “Өнөөх чинь галзуураад Шар хадны эмнэлэгт хэвтсэн” гэж ярих, гадуурхалт нь нэмэгдэх болов уу гэж бодож өөрсдөө хэлэх дургүй байдаг. Нийгмийн хандлага жаахан өөр болбол арай өөр болох байх. Хүмүүс манайхыг галзуугийн эмнэлэг гэж ойлгоод байдаг. Гэтэл бид энд хүүхдүүдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгч, тэдэнд туслахын төлөө ажиллаж байгаа гэдгийг сайн ойлгох хэрэгтэй юм. 

-Ямар сэтгэл зүйн асуудлаа даван  туулах гэж байгаа хүүхэд ихэвчлэн танайд хэвтэж, эмчлүүлдэг юм бэ. Хүмүүс компьютерт донтсон хүүхэд л Сэтгэцийн эрүүл мэндийн төвд очиж хэвтдэг мэтээр ойлгодог тал бий?

-Эмчлүүлж байгаа хүүхдүүдийн 70 орчим хувь нь сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай байдаг. Уг нь урьдчилан сэргийлэх боломжтой асуудал. Цөөн хэдэн хувь нь удамшлын шалтгаантай сэтгэцийн эмгэгтэй хүүхэд байдаг юм. 

-Хүүхэд сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай болж байгаа шалтгааныг та бүхэн тодорхой хэмжээнд судалж үзсэн байх. Ямар хүчин зүйл илүү нөлөөлөөд байна вэ?

-Гэр бүлийн болон сургуулийн тулгамдсан асуудлаас үүдэл­тэйгээр сэтгэл зүйн хямралд өртдөг. Гэр бүлийн таагүй харилцаанаас болоод гэрээсээ дайжаад, үл бүтэх хүүхдүүдтэй нийлээд гадуур тэнэдэг болчихдог. Эсвэл сургуулийн дарамт шахалт, үе тэнгийнх­ний гадуурхалт­аас болоод хичээлдээ явдаггүй. Эцэг, эхдээ хичээлдээ явж байгаа гэж хэлдэг ч явдаггүй. Сургуульдаа очихоор дарамт, дээрэлхэлт, гадуурхалт их байдаг ч түүнийгээ нуугаад, тоглоомын газраар өдрийг өнгөрүүлж байгаад гэртээ харьдаг. Гэх мэт цөөн хэдэн асуудлаас үүдэж хүүхэд сэтгэл зүйн хямралд өртөөд байна. Уг нь аав, ээжүүд хүүхдээ хангалттай сонсоод, юу хийж байна, ямар хүүхэдтэй найзлаад байна вэ гэдэгт анхаарал тавьдаг бол ийм асуудал гарахгүй. 

-Сэтгэл зүйн хямралд өртсөн хүүхдийн тоо Монголд цахим ертөнц илүүтэй идэвхтэй болсноос хойш нэмэгдсэн үү. Тийм статистик, тоо баримт байдаг уу?

-Сүүлийн таван жилийн статистикийг харвал, манайд хандаж, хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдийн тоо 1.5 дахин нэмэгдсэн. 2014, 2015 оны үед жилдээ 290, 300 орчим хүүхэд хэвтэж эмчлүүлдэг байсан. Харин 2017, 2018 онд 450-470 орчим хүүхэд хэвтэж эмчлүүлсэн. Нэг талаар мэдээлэл сайжраад, энд ийм эмнэлэг байдаг, хандах ёстой юм байна гэж ойлгосонтой ч холбоотой байх. Нөгөө талаар цахим ертөнцийн замбараагүй хэрэглээ, түүгээр дамжуулж нэгнийгээ доромжлох, цуурхал тарааж байгаатай ч холбоотой байж болно. Огт холбоогүй гэж хэлэхэд хэцүү л дээ.  Хүн амын өсөлт, нягтаршил, нийгмийн тогтворгүй байдал ч бас нөлөөлж байгаа байх.

-Хүүхдийг эмчлээд гаргахад хуучин байсан орчин нь хүлээж авбал эмчилгээ үр дүнгүй болдог гэж ярилаа. Тиймээс хүүхдийг сэтгэл зүйн хямралтай болгоод байгаа хүмүүст соён гэгээрэл хэрэгтэй байна. Танайхаас аав, ээжүүдэд хүүхдэд яаж хандах талаар сургалт явуулдаг уу. Хүүхдийн эмчилгээний нэг хэсэг болгох маягаар ч юм уу?

-Манайд ирээд сургалт хийгээч гэсэн хүсэлт тавьбал бид өөрсдөө очоод, хүссэн чиглэлийнх нь дагуу мэдээлэл өгөөд, сургалт хийдэг. Хүүхдэд чиглэсэн сэтгэл засал хэд хэдэн төрөл байдаг юм. Ганцаарчилсан гэж байна. Хүүхдийг эмнэлэгт хэвтэж байхад сэтгэлзүйч ганцаарчлан уулздаг. Гэр бүлийн сэтгэл засал гэж бий. Нийгэм, хамт олонд тулгуурласан сэтгэл засал гэсэн том том эмчилгээний арга байдаг. Гэхдээ энэ аргуудыг манайд төдийлөн сайн ашиглаж, хэрэгжүүлж чадахгүй байна. Хүүхдээ анх хэвтүүлэхэд, гаргахад, мөн хэвтэж байх хугацаанд нь аав, ээжтэй нь уулзаад, зөвлөгөө өгдөг. Харин эмчилгээ маягаар явуулж байгаа тогтворжсон үйл ажиллагаа алга. Уг нь тогтвортой үйл ажиллагаа явуулах нь хамгийн чухал л даа. 

-Хүүхэд болгон харилцан адилгүй шалтгаанаар сэтгэл зүйн асуудалтай тулгараад, танайд ирж хэвтэж, эмчлүүлдэг байх. Тоглоомонд донтсон, сургууль дээрээ гадуурхагдсан, цаашлаад бэлгийн хүчир­хийлэлд өртсөн хүүхдүүд ч ирж байгаа. Тэр болгонд чиглэл чиглэлээр мэргэшсэн сэтгэлзүйч ажиллаж чадаж байгаа юу. Эсвэл нэг л сэтгэлзүйч бүх хүүхэдтэй ажилладаг юм уу?

-Бүр нарийн мэргэшсэн сэтгэлзүйч байхгүй. Манай тасгийн хэмжээнд үзлэгийн хоёр эмч, нэг сэтгэл засалч эмч ажиллаж байгаа. Сэтгэл заслын эмч бүхий л сэтгэл засал шаардлагатай хүүхдүүдэд эмчилгээ хийж ажилладаг. Уг нь нарийн мэргэшсэн, нэг чиглэлээр дагнаж ажилладаг сэтгэлзүйн эмчтэй бол илүү үр дүнтэй байх. Гэхдээ одоохондоо манайд тийм боломж, бололцоо байхгүй байна. Байгаа сэтгэл заслын эмч маань хүүхэд бүрийн онцлогт тааруулаад ажиллаж байгаа. 

-Монголд сэтгэл зүйн чиглэлээр мэргэшсэн хүмүүс цөөхөн учраас ганцхан сэтгэлзүйчтэй ажиллаад байна уу. Эсвэл төсвийн боломж ийм гэдэг шалтгаанаар ганцхан сэтгэл­зүйч ажиллуулж байгаа юм уу?

-Сэтгэлзүйч байхын хувьд байгаа. Улсын байгууллага учраас төсөв мөнгөндөө захирагддаг. Тэр утгаараа нэг сэтгэлзүйч ажилладаг. Өнөөдөр хүүхэд, өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэнд гэдэг тулгамдсан асуудал болоод байна. Тиймдээ ч энэ асуудалд анхаарал хандуулж, сэтгэлзүйчийн тоогоо нэмэгдүүлэх талаар ярьж эхэлсэн. 

-Саяхан Төрийн ордонд хэлэл­цүүлэг болох үед бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүх­дийг бусад сэтгэл зүйн асуудалтай хүүхдүүдтэй хамтад нь хэвтүүлдэг нь буруу гэж байсан. Маш чухал асуудал хөндлөө гэж бодсон. Танайд ингэж ангилж хэвтүүлэх боломж байдаг юм уу?

-Бидний үйл ажиллагаа чамлалтгүй дээрдэж л байна. 2014 оноос өмнө шинэ байр баригдаагүй байхад 25 ортой тасаг байсан. Тал нь эмнэлгээс огт гардаггүй, байнга хэвтдэг хүүхдүүд. Тал орчимд нь хүүхдүүд хүлээж авч, хэвтүүлж эмчилдэг байлаа. 2014 оноос шинэ байр ашиглалтад орж, өргөтгөл хийснээс хойш байнга хэвтдэг хүүхдүүдээ тусгаарласан. Манайх зөвхөн сэтгэл зүйн тусламж, сэтгэцийн эмчилгээ шаардлагатай хүүхдүүдээ хүлээж аваад, эмчлээд гаргадаг болсон. Улсын хэмжээнд ганцхан л байгаа тасаг. 21 аймаг, нийслэлийн дүүргүүдээс сэтгэцийн эмгэгтэй, сэтгэл зүйн зөвлөгөө, эмчилгээ шаардлагатай бүхий л хүүхдүүдийг хүлээж авах боломжтой ганцхан тасаг нь шүү дээ. 25 ортой, долоон өрөөтэй тасаг. Долоохон тасгаа тусгайлаад салгах боломж бага. Яагаад гэвэл, зарим үед тоглоомын асуудалтай хүүхдүүд их ирнэ. Заримдаа сэтгэл гутралд орсон хүүхдүүд их ирэх жишээтэй.  Эмч нар өөрсдөө үзээд, энэ өрөөнд ийм хүүхдүүд хэвтвэл тохирох юм байна гэж үзээд хамт оруулдаг. Арай өөр төрлийн асуудалтайг тусад нь оруулна. Гэх мэтээр зохицуулалт хийдэг. 25-хан ортой шүү дээ. Тэгээд эрэгтэй, эмэгтэйгээр нь тусад нь хэвтүүлнэ. Хүүхэд л болсон хойно хөгшин хүн шиг өдөржин өрөөндөө суугаад байна гэж байхгүй. Ямар ч асуудалтай хүүхэд ирсэн  хамтдаа тоглоод, номын санд суугаад байж байдаг юм.