ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Эрдэнэс-Тавантолгой” ХК “Шилдэг менежмент”-тэй компаниар шалгарлаа

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-05-14

“Bloomberg Awards 2018”-ийн “Шилдэг менежмент” номинацид “Анд глобал” ХХК, “Эрдэнэс-Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нэр дэвшсэнээс “Эрдэнэс- Тавантолгой” ХК “Шилдэг менежмент”-ийн эзэн болжээ. “Эрдэнэс-Тавантолгой” ХК  2018 онд 1.9 их наяд төгрөгийн борлуулалт хийж, 807 тэрбумын ашигтай ажилласан байна. Ийн амжилт үзүүлэхэд нэгдүгээрт, олборлолт, борлуулалтын төлөвлөгөөг давуулан биелүүлсэн, хоёрдугаарт, үндсэн бүтээгдэхүүн борлуулах бодлогоо тогтвортой байлгах, үнэ өсгөх боломж бүрдүүлсэн, гуравдугаарт, менежментийн зөв бодлого баримталсан нь голлон нөлөөлсөн хэмээн шалгаруулагчид үзсэн байна.

“Шилдэг менежмент” номинацид нэр дэвшсэн “Анд глобал” компани нь дотоодын болон Азийн хөрөнгө оруулагчдаас таван сая ам.долларын хөрөнгө оруулалт татан, компанийн зах зээлийн үнэлгээ 30.4 сая ам.доллар хүрээд байгаа аж.  Хөрөнгийн зах зээлд нээлттэй хувьцаат компани болж, бичил санхүүгийн зах зээлд өндөр өсөлт үзүүлээд байгаа “ЛэндМН”-ийн загварыг Зүүн Өмнөд Ази Филиппин, Индонез, Япон улсад нэвтрүүлэхээр “Анд глобал” ажиллаж байгаа бөгөөд “ЛэндМН ББСБ” ХК 2018 онд хөрөнгийн зах зээлд IPO гаргаж, нээлттэй хувьцаат компани болсон байна. Тайлант жилд зээлийн гэрээтэй харилцагчдын тоогоо дөрөв дахин өсгөж, олгосон зээлийн хэмжээгээ ес дахин өсгөөд байна. Мөн цэвэр ашгийн хэмжээгээ 107 дахин өсгөжээ.

Харин “Эрдэнэт үйлдвэр”-ийн хувьд хүдрийн олборлолт сүүлийн хоёр жилд өсч, 2018 оны байдлаар 36 сая 600 мянган тонн хүрчээ. Мөн 31.4 сая тонн хүдэр боловсруулдаг болоод байгаа аж.  ОХУ-ын талын эзэмшиж байсан 49 хувийг Монголын хувийн хэвшил авснаас хойш буюу 2017 оноос тендерийг ил тод зарладаг болж, бараа, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд зарцуулж байгаа зардал буурчээ.

Тэгвэл, “Эрдэнэс-Тавантолгой” ХК ирэх дөрвөн жилд гарцаа хоёр дахин өсгөж, 70 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөж байгаа аж. IPO хийх бэлтгэл ажилтай холбоотойгоор компанийн менежментийг сайжруулах чиглэлээр шат дараалсан ажлууд хийж байгаа юм байна. Одоогоор нүүрсний нийт нөөцийг 7.4 тэрбум тонн гэж тогтоосон бөгөөд үүний 5.4 тэрбум тонн нь коксжих нүүрс байгаа аж. 2018 онд “Chalco”-д нийлүүлж байгаа нүүрсний үнээ шинэчлэн, тонныг нь 61 ам.доллар болгож нэмэгдүүлжээ. Энэ нь 2016 оны нэгдүгээр улиралтай харьцуулахад 2.5 дахин өссөн үнэ болж байгаа юм. Мөн есөн удаа зарласан нээлттэй сонгон шалгаруулалтаар Баруун Цанхийн нүүрсний үнийг нэг тонн нь 71.2 ам.доллар болгон тогтоогоод байна. 2018 онд уурхайн нөөцийн нэгдсэн тайлангаа Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр баталгаажуулж, блокийн аргачлалаар 5.1 тэрбум байсан нөөцийг 6.3 тэрбум тонн гэж тогтоожээ.

“Шилдэг менежмент” номинацийн шагналыг гардаж авах үеэрээ Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “Дэлхийн 180 гаруй улс оронд эдийн засгийн онцлох үйл явдлыг түргэн шуурхай, үнэн бодитоор хүргэдэг Bloomberg телевизийн  хамгийн бодитой шалгаруулалтын эзэн болж, амжилтыг амжилтаар бататгаж, дэлхийд танигдсан нь бидний  хамтын зүтгэл юм. Манай компани 2016, 2017, 2018 онуудад  эдийн засгийн үзүүлэлтээр амжилт гаргасан бөгөөд төр муу менежер биш юм гэдгийг харуулж чадлаа” гэж онцлон хэллээ.  Мөн  “Татварын Ерөнхий газраас  Монгол Улсын Үндсэн хуульд заасан татвар төлөх үүргээ хэрэгжүүлж 2018 онд төрийн алтан санд нийт 391 тэрбум 979 сая төгрөг  төвлөрүүлж, татвар төлөлтөөрөө улсад хоёрдугаарт, ААНОТ-ын төлөлт болон хамгийн өндөр ашигтай ажилласан байдлаараа  нэгдүгээрт эрэмбэлэгдсэн талархлын батламжийг гардан авлаа. Бидний амжилтад Засгийн газар, Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яам, Төлөөлөн Удирдах Зөвлөлөөс өгсөн оновчтой бодлого, дэмжлэг ихээхэн нөлөөлснийг онцолж байна” хэмээн хэллээ. 

“Эрдэнэс-Тавантолгой” ХК 2018 онд Монголын ААН-үүдээс хамгийн их ашигтай ажилласны зэрэгцээ Олон улсын хөрөнгийн биржид IPO гаргахаар бэлтгэл ажлаа хангаж буй. Энэ ажил нэлээд өндөр хувьтай явж байгаа юм байна. Цаашид Төмөр зам, Авто зам, Нүүрс баяжуулах үйлдвэр, Усан хангамж гэх мэт том төслүүдээ хэрэгжүүлснээр тус компани нүүрснээс гадна дээрх салбаруудаасаа ашиг олдог болно. Тэр хэрээр хувьцаа эзэмшигчдэд өгөх өгөөж нэмэгдэнэ, тухайлбал 1072 хувьцаа эзэмшдэг иргэнд жилд 26 мянган төгрөг биш үүнийг 5-10 дахин өсгөсөн хэмжээний ногдол ашиг хуваарилдаг компани болох боломжтой гэж Б.Ганхуяг захирал хэлсэн юм.