ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хобби мөрөөдөл болж, мөрөөдөл зорилго болсон зам

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-05-15

Ерөөс жаргалтай амьдарна гэдэг дуртай зүйлээ хийж, түүнээсээ урам авч, үр шимийг нь хүртэн өөрийн гараар хүсэл мөрөөдлөө бүтээхийн нэр ажээ. Аз жаргал гэдэг хайртай хүмүүстэйгээ хором бүрийг хамт өнгөрүүлж, бүхий л цаг хугацаагаа тэдэндээ зориулж амьдрахыг хэлэх аж. Хөвгүүдтэйгээ үлгэрийн киноны баатрын тухай мэтгэлцээн өрнүүлэн үйл урлаж суух энэ жаргалтай ээжийг П.Чогчиргаваа гэдэг. Эдүгээ дөнгөж 30 шүргэж яваа залуухан нэгэн ч амьдралд аль хэдийн өөрийн гэсэн байр суурийг олж, чамлахааргүй ихийг бүтээж яваа хөдөлмөрч бүсгүй. Зөөлөн сандалд тухлан, компютерийн ард суусан цагаан гартан л бол сайхан ажил гэж дүгнэн, түүн рүү хуйлрах болсон өнөө цагт түүн шиг сэтгэлгээтэй хүн өдрийн од шиг ховор. П.Чогчиргаваа уг нь Эдийн засагч мэргэжилтэй. Их сургуульд сурч, мэргэжил эзэмших үүрэг авч, Хөвсгөлийн тайгаас нийслэлд ирсэн тэрбээр энэ үүргээ амжилттай биелүүлж, сургуулиа төгссөн. Хүн бүхний хүсээд байдаг их сургуулийн дипломыг ядах юмгүй өвөртөлсөн ч энэ нь түүний мөрөөдлөө биелүүлэх зэвсэг байгаагүй аж. Их сургуулийн диплом авах түүний хувьд аав, ээжийнхээ өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлэхээс илүү хальж давсан зүйл байгаагүй гэнэ. Харин жинхэнэ хүсэл мөрөөдөл нь, амьдралынхаа өдөр бүрийг жаргалтай болгох зэвсэг нь утас, зүү байжээ.

Багаасаа оёдол үйлэнд дурлаж, эжийнхээ хувцсыг өөртөө тааруулаад хасаад өмчихдөг, өөрийнхөө хувцсыг дүүдээ тааруулаад урлаад өгчихдөг байсан тэрбээр дунд сургуулиа төгсөхдөө ах, дүү танил талынхаа наадмын гоёлыг урлах хэмжээний үйлчин болжээ. Уран гартай хэмээн магтах олны урмын үг түүний хоббиг мөрөөдөл болгон өөрчилсөн юмсанж. Ингээд эдийн засагч болох даалгавраа биелүүлэхдээ, хичээлийнхээ хажуугаар оёдлын газарт ажиллаж эхэлсэн байна. Туршлагатай үйлчид оюутан оёдолчныг голонгуй эхэндээ зөвхөн индүүдлэг хийлгэж, гар хөлийн үзүүрт зарж, үйл урд төдийлөн дөхүүлдэггүй байж. Индүүчин удалгүй гарын уртай, чамгүй туршлагатай болохоо харуулж, төрөл бүрийн дээл, хүрэм оёхоос гадна,  оёдлынхоо газрын загварыг гаргадаг гол үйлчин болж дэвшжээ. Загвар зохион бүтээгч, эсгүүрчин, оёдолчин гээд тэндхийн гол ажлыг оюутан П.Чогчиргаваа л нугална. Өдрөөс өдөрт ийн дэвжсээр, удалгүй оёдлын газраасаа өрх тусгаарлаж, их сургуулиа төгсөхдөө өөрийн гэсэн жижигхэн оёдлын газар ажиллуулах болж. Оюутны байранд өнгөрүүлсэн дөрвөн жил нь түүнийг хоббигоороо хоолоо олж идэх том суурийг тавьсан хэмээн өөрөө ярина. Байрныхаа охидын урагдсан, томдсон хувцсыг эвлэгхэн оёж янзлаад өгчихдөг тэрбээр охидын шинэ жилийн гоёлыг хүртэл урладаг байсан тухайгаа бахархан ярих аж. Үүнийхээ ачаар хэний ч өмсөөгүй, хаана ч гараагүй ганцхан хувь загварын хувцсыг өөртөө урлан, гоёдог байсан нь үе тэнгийн охидын нүдийг унагаана. Тийм ч учраас оюутны байрны жижигхэн өрөөнд хөлөө олоод байсан оёдлын газар нь захиалгадаа дарагдан хичээлээ ч дийлэхээ больж байсан тухайгаа хуучлав. Оюутны байрнаас гарч хуучин байрны пудвол түрээслэн анхны байнгын үйлчлүүлэгчтэй болж байсан жижигхэн оёдлын газар эдүгээ хэдийнэ өөрийн байр суурийг олж, үндэсний хувцас болон европ хувцасны төрөлжсөн томоохон салон болжээ.

Хөдөөгийн оюутан их хотод энэ хүртэл явахад мэдээж саад бэршээл мундахгүй. Түрээсийнхээ мөнгийг төлж чадаагүйн улмаас оёлынхоо машиныг тэврээд хөөгдөж байсан удаа ч түүнд хэд хэд бий гэнэ. Дөнгөж эхэлж байгаа бизнест түрээсийн өндөр хүү төлнө гэдэг алдагдалтай байсан учраас хашаандаа оёдлын гэр барьж, гэртээ оёсон бүтээлүүдээ үндэсний хувцас зардаг лангуудад нийлүүлдэг байжээ. Ийм байдлаар хоёр жил гаруй явсны эцэст өөрийн гэсэн лангуутай болъё гэж шийдэн “Дүнжингарав” худалдааны төвд үндэсний хувцасны лангуу түрээслэн ажиллуулж эхэлсэн байна. Өдрөөс өдөрт үйлчлүүлэгч захиалагч нэмэгдэн хоёулахнаа ажиллаж байсан тэрбээр гурван оёдолчин нэмж авчээ. Өдөр шөнөгүй оёдол хийх охиндоо нэмэр болох гэж нойроо хугаслан суудаг ээж нь лангуугаа хариуцах болсон байна. Энэ үеэс эхлэн үйл ажиллагаагаа тэлж, зөвхөн үндэсний хувцас бус төрөл бүрийн европ хувцас оёж эхэлжээ. Одоо хүүхдийн хувцас, гоёлын даашинз, үндэсний хувцас гээд бүх төрлийн хувцас оёдог аж. Сүүлийн үед эрэлтдээ тулгуурлан үндэсний хувцсыг европ загвартай хоршуулж, өдөр тутамд өмсөх өргөн хэрэглээний хувцасуудыг голлон гаргаж байгаа гэнэ. Саяхан Өвөрмонголд болсон үндэсний хувцасны үзэсгэлэнд оролцох үеэрээ хамтрагчтай болж, одоо ихэнх бүтээлүүдээ Өвөрмонгол руу нийлүүлж байгаа аж.

П.Чогчиргаваа оюутны байрнаас эхэлсэн бизнесээ олонд танигдсан брэнд болгохыг мөрөөддөг. Энэ мөрөөдөлдөө ч алхам алхмаар ойртсоор. Ээжийнхээ хуучны орос гар машинтай оюутны байрнаас эхэлж байсан бизнес нь хил дамнан бүтээгдэхүүн нийлүүлэх хүчин чадалтай болох хүртэл багагүй бэрхшээл тулгарсныг хуучлав. Оёдлын машин, дагалдах тоног төхөөрөмж авахаас эхлээд оёдол ажиллуулах байр сууц гээд асуудал олон. Энэ үед ЖДҮХС-гаас зээл авах гэж гурван ч удаа төсөл бичээд амжилтыг эс олж. Гандан буурахгүй энэ жил ч өгнө хэмээн яриад, хөгжилтэй инээнэ. Ээж нь төрийн албанд насаараа ажиллаж, гавъяаны амралтад гарахад төрөөс өгсөн мөнгө түүний бизнест хамгийн том хөрөнгө оруулалт байжээ. Энэ мөнгөөр оёдлын нэлээд хэдэн машин, бусад төхөөрөмж худалдан авсан нь ажлын бүтээмжийг хэд дахин нэмэгдүүлж, төдий чинээ зах зээлийн эргэлтэд ахиц гарч. Эдүгээ тэрбээр гурван оёдолчныг ажлын байраар ханган, сарын 900 мянган төгрөгөөр цалинжуулж байгаа юм. Ээж нь лангуугаа ажиллуулж, өөрөө оёдолчидтойгоо зэрэгцэн үйлээ урлана. Нөхөр нь хөдөө ажилладаг учраас тэрбээр энэ их ажлын хажуугаар сургууль, цэцэрлэгийнхээ хүүхдүүдийг зөөдөг. Гэртээ амрах хугацаанд ч зүгээр суухгүй. Мэдээ үзэж суухдаа хүртэл хөөрөгний даалин хатгаж суудаг ясны хөдөлмөрч бүсгүй юм.

Үүнийхээ ч үр шимийг хүртэн хэнээс ч дутахааргүй сайхан амьдарч явна. Түүний хэлснээр үнэхээр дуртай зүйлээ хийж, түүнийхээ үр шимийг хүртэн, хүссэн үедээ ажиллаж, дуртай цагтаа амарч, хайртай бүхэнтэйгээ хором бүр хамт байх л хамгийн том аз жаргал аж. Яаж босно доо хэмээн нойроо харамлан зүрх алдан сэрэх бус төлөвлөснөө хийх гэж тэмүүлж өглөөг угтах энгийн зүйлээс л аз жаргал эхэлнэ гэж бас нэгэн хөдөлмөрч залуухан охин хэлж байсан юм. Хөдөлмөрлөж, түүнийхээ үр шимийг хүртэж, урам авч, улам тэмүүлэхийг л жинхэнэ хөлсний амт гэх. Хүний дайтай амьдарна гээд компьютерийн ард зөөлөн суудалд суух амархан ажил хайн, ажилгүйчүүдийн тоог нэмж суух биш чадах зүйлээрээ өөрөө өөртөө ажлын байр бий болгох ийм сэтгэлгээтэй залуус олон байвал бид ядуугаа гайхаж, төрөөс горьдож суухын хэрэг байгаач уу. Сайхан амьдралыг бүтээх гэж харь орныг зорьж бусдын боол болох шаардлага гараач уу. Үеийнхээ залуусыг үлгэрлэж, хэвшмэл сэтгэлгээг эвдэн хоббигоо мөрөөдөл болгож, мөрөөдлөө зорилго болгон, түүндээ хүрэх гэж алхам алхмаар урагшилж яваа хөдөлмөрч бүсгүйн мөрөөдөл биелж, монголын брэнд дэлхийд нэрээ дуурсгах цаг ойрхон биз ээ.