ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Россия1: А.Булдаков агсан архинд хордоогүй

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2019-05-19

ОХУ-ын Ардын жүжигчин Алексей Булдаков өнгөрсөн сарын 4-нд шилжих шөнө манай улсын нийслэл Улаанбаатар хотноо нас барсан билээ. ОХУ-ын Элчин сайдын яамнаас талийгаачийг зүрхний архаг дутагдлын улмаас нас барсан гэж мэдээлсэн. Гэвч, Оросын зарим иргэд монгол архинаас хордсон байж болзошгүй гэх таамгийг дэвшүүлээд байсан юм.

Тэгвэл тус таамаг үнэн эсэхийг “Россия 1” телевизийн нэвтрүүлэгч, сэтгүүлч Андрей Малахов шоу нэвтрүүлэг хийсэн байна. Уг нэвтрүүлэг өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Оросын телевизээр цацагдав. Сэтгүүлч нэвтрүүлгийн өмнө “Алексей Булдаковын үхлээс 40 хоногийн дараа бид түүний гэрээслэлийг студид зарлан, үхлийн шалтгааныг нь мэдэгдэх болно. Түүний гэргий Людмила, ах Леонид нар үхлийн албан ёсны тайлбарт итгэхгүй байгаа.

Манай телевизийн тусгай баг Улаанбаатарт Булдаковын байрлаж байсан зочид буудалд очсон. Ардын жүжигчний идэж байсан хоол, уусан архины дээжийг Москвад авчирч, биохимийн шинжилгээнд өгсөн. Ямар аймшигтай дүн гарсныг студид зарлах болно” хэмээн мэдэгдсэн. Улмаар нэвтрүүлгийн явцад Алексей Булдаков агсны ойр дотныхон, Элчин сайдын яамны ажилчдын хэргийн талаар ярьсан яриаг гаргав. Тухайлбал, Буриадын дуучин Мэдэгма Доржиева нэвтрүүлэгт оролцож, “Монгол явахаасаа өмнө Буриадад загасчлалын тэмцээний хүндэт зочноор оролцсон. Тайзан дээр гарч дуу дуулахдаа царай нь эвгүй харагдаж байсан” хэмээн ярьсан байна.

Харин сэтгүүлч Андрей Малахов “Яагаад Ардын жүжигчний үхлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг нууцалж байгаа нь сэжигтэй. Бид хувийн мөрдлөгө явуулж, нууцыг задлалаа. Булдаковын нас барсан зочид буудлын бүх камерийн бичлэгийг цагдаа нар хураан авсан нь хачирхалтай. Гэрчүүд ч тэр талаар ярихыг хүсэхгүй байна” гэж ярьж байв. Улмаар Улаанбаатар дахь ОХУ-ын ЭСЯ-ны ажилтан Елена Кара-Сал уг хэрэгт ямар ч учир битүүлэг зүйл байхгүй гэж хэлэх аж. Сэтгүүлч үргэлжлүүлэн “Алексей Булдаков монгол архинд хордсон гэсэн яриа бий. Нас барахаасаа хэдэн цагийн өмнө тэр ресторанд хооллож, архи уусан гэсэн мэдээ бидэнд ирсэн.

Манай багийнхан түүний идсэн хоол, уусан архийг олж авсан. Москвад шинжилгээнд өгсөн” гэж хэлсэн. Улмаар нэвтрүүлгийн гол зангилаа тайлагдах мөчид ОХУ-ын шинжилгээний лабораторийн ажилтан “Бид тэр архины химийн шинжилгээг хийсэн. Ямар ч хортой зүйл гараагүй. Манай улсын стандартын шаардлагад бүрэн таарсан. Хордуулах зүйл байхгүй” гэж мэдэгдсэн билээ. Ийнхүү “Россия 1” нэвтрүүлгийн сэтгүүлч  Булдаков монгол архинд хордсон гэсэн цуу яриа үндэслэлгүй болохыг шоу нэвтрүүлгээрээ баталлаа. Нийтдээ 50 гаруй минут үргэлжлэх нэвтрүүлгийн “Youtube” хуудаснаас хүлээн авч үзэх боломжтой. 

Akipress.com: Монголд БЗХӨ-тэй хүмүүсийн 76 хувь нь залуус

Кыргызстаны “Акипрэсс” мэдээллийн сайт манай улсын бэлгийн замын халдварт өвчин, түүнээс сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны тухай мэдээлэл бэлтгэн хүргэсэн байна. Тус мэдээлэлд “Монгол Улсын Эрүүл мэндийн яамнаас иргэдийн бэлгийн замын халдварт өвчний талаарх мэдлэг, мэдээллийг дээшлүүлэхэд чиглэгдсэн үндэсний хэмжээний кампанит ажлыг эхлүүлж байгаа талаар Шинхуа агентлаг мэдээллээ. Кампанит ажил өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт эхэлсэн бөгөөд хоёр долоо хоногийн хугацаанд үргэлжлэх аж. Зохион байгуулагчдын хэлж буйгаар уг үйл ажиллагааны хүрээнд заг хүйтэн, тэмбүү, трихомониаз зэрэг бэлгийн замаар дамжих халдварт өвчний талаар болон түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаарх мэдээллийг орон нутгийн хэвлэл мэдээллээр дамжуулан иргэдэд хүргэх юм байна. “Хайртай хүмүүсээ хамтдаа хамгаалцгаая” уриатай үндэсний хэмжээний кампанитыг Эрүүл мэндийн яам, Монголын Халдварт өвчин судлалын үндэсний төвтэй хамтран зохион байгуулж байгаа аж. Зөвхөн 2018 онд тус улсад бэлгийн замын халдварт өвчтэй 16000 тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ нь өмнөх оныхоос таван хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм байна. Түүнчлэн, БЗХӨ-тэй хүмүүсийн 76 хувь нь 15-34 насны залуус байжээ” гэжээ.