-Монгол хүн яагаад гадны инженерүүд шиг ажиллаж болдоггүй юм-
Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал А.Ганбаттай ярилцлаа.
-Төмөр замын бүтээн байгуулалтад цэргүүдийг оролцуулах шийдвэр гарснаас хойш янз бүрээр л хандаж байна, хүмүүс. Цэргүүд яаж барих юм, хүрз бариад газар ухах уу гэж “жадалж” байгаа хэсэг бүлэг ч байгаа. Та энэ талаар тодорхой ойлголт өгөөч?
-Төмөр замын бүтээн байгуулалтад цэргийн албан хаагчдыг оролцуулна гэдгийг эхлээд зөвөөр ойлгох ёстой юм. Цэргийн албан хаагч гэдэгт офицер, ахлагч, хугацаат цэргийн албан хаагч, гэрээт цэргүүд хамаардаг. Манай уншигчдын мэдэх гэж хүсэж байгаа зүйл нь хугацаат цэргийн албан хаагчдыг төмөр замын бүтээн байгуулалтад оролцуулах уу гэдэг асуулт. Хугацаат цэргийн албан хаагчид бүтээн байгуулалтад оролцож болно. Гэхдээ анхан шатны болон мэргэжлийн бэлтгэлээ дуусаад, дараа нь өөрөө хүсэлтээ гаргавал бүтээн байгуулалтад оролцох эрх нь нээлттэй. Тэгэхээр алба хаах хугацааных нь 50 хувь буюу, зургаан сарын дараа л бүтээн байгуулалтад оролцох боломжтой болно гэсэн үг. Тавдугаар сард цэрэгт татагдсан албан хаагч арваннэгдүгээр сараас хойш бүтээн байгуулалтын ажилд оролцох боломж нь нээгдэнэ. Гэхдээ өөрөө хүсэлтээ гаргасан тохиолдолд шүү. Түүнээс өмнө цэргийн албанд татагдаж очсон хүүхэд цэргийн мэргэжлийг заавал сурсан байх ёстой. Манай үндсэн бүрэлдэхүүн буюу офицер, ахлагчид, гэрээт цэргийн албан хаагчид өөрсдөө хүсэлтээ гаргаад, бүтээн байгуулалтын ажилд оролцоно.
Мөн л бүтээн байгуулалтад оролцох шаардлагыг хангасан, заасан мэргэжилтэй албан хаагчид байх юм. Үндэсний бүтээн байгуулалтад оролцож байгаа манай албан хаагчид НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд дотооддоо оролцож буйтай ялгаагүй. Яагаад гэвэл, энэ хүмүүс үндсэн цалингаа авахын хажуугаар бүтээн байгуулалтад ажилласан цалин нь нэмэгдэж орно. Өөрөөр хэлбэл, хоёр цалин авна гэсэн үг байхгүй юу. Тиймээс үндсэн бүрэлдэхүүн болон офицер, ахлагч нар энэ ажлын голыг нугална. Бид эхний ээлжинд хоёр бүтээн байгуулалтын ротыг эмхлэн байгуулж дуусаад, ажиллахад бараг бэлэн болчихоод байгаа. Нэг ротод 29 хугацаат албаны цэрэг багтаж, бүтээн байгуулалтад оролцоно. Энэ хүүхдүүд барилгын мэргэжилтэй, зургаан сарын хугацаанд алба хаачихсан, өөрсдөө хүсэлтээ гаргасан. Хэрвээ цэргийн алба хаахын хажуугаар бүтээн байгуулалтад оролцож ажиллах хүсэлтэй залуучууд байвал юуны өмнө барилгын болон инженерийн мэргэжилтэй байх ёстой. Инженерийн мэргэжил гэхээр индүүчин, өөрөө буулгагч машины жолооч, эксковаторын оператор, ачигч ковшийн жолооч мэргэжилтэй байна гэсэн үг. Ийм мэргэжилтэй залуучууд байвал хугацаат цэргийн албаа хагас жил хаагаад, дараа нь хүсэлтээ гаргавал бүтээн байгуулалтад оролцох эрх нь нээлттэй байгаа.
-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад цэргийн албан хаагчид оролцоно гэж байгаа. Иргэд төмөр замыг тэр чигт нь барина гэж ойлгоод байх шиг байна. Яг ямар бүтээн байгуулалтыг нь хийх юм бэ?
-Бүтээн байгуулалтын ажилд оролцохдоо яг юу хийх вэ гэдгийг нь хуваарилаад өгчихсөн. Зэвсэгт хүчин төмөр замын даланг л босгох юм. Төмөр замын бүтээн байгуулалтыг хийхийн тулд эхлээд далангаа босгоно. Дараа нь рельс төмрөө тавьдаг. Зэвсэгт хүчин зөвхөн далангаа л босгох юм. Ул шороогоо хусаад, дээр нь хайрга, дайргаа дэвсээд, нягтруулаад, тодорхой өндөржилтийг нь хангаж, хэмжилтээ хийлгээд, хяналтын багт хүлээлгэж өгдөг. Энэ ажлыг манай бэлтгэгдсэн албан хаагчид хийх боломжтой. Техникийнхээ асуудлыг л шийдчихвэл ямар ч хүндрэл гарахгүй. Төмөр замын бүтээн байгуулалтад цэргийн албан хаагчдыг оролцуулна гэхээр хүрз бариад, газар ухах юм уу гэж мушгиад байгаа. Тийм юм байхгүй.
-Машин, техник дутагдах зүйл гарах уу. Улсаас хангаж өгөх юм уу. Зэвсэгт хүчин өөрөө зохицуулах уу?
-750 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт гэж яриад байгаа даа. Энэ мөнгөний тал нь техниктэй холбогдож гарах зардал юм. Бид машин, техникүүдийг худалдаж авна. Эсвэл үндэсний компаниудаасаа түрээсэлнэ. Аль нь ашигтай вэ гэдгээ нарийн судалж үзээд шийднэ. Нэг км төмөр замыг 2.4 тэрбум төгрөгт багтааж барина гэж байгаа. Түүний тал нь далангийн ажил зарцуулагдана шүү дээ. Тиймээс бид хөрөнгө мөнгөндөө тааруулаад бүх тооцоогоо хийнэ. Түүний дараа шинээр авах уу, үндэсний компаниудаас авах уу гэдгээ шийднэ гэсэн үг.
-Гадны компаниуд нэг км төмөр замыг 8-10 тэрбум төгрөгөөр барьдаг. Гэтэл манайхан өөрсдөө, дотоод нөөц бололцоогоо ашиглаад, цэргийн албан хаагчдаа оролцуулаад барьвал 2.4 тэрбумаар л тавина гээд байгаа. Ингээд хэлэхээр манайхан чанаргүй зам барих нь, үнэ дагаж чанар байдаг гэж мушгих ч хүмүүс байгаа. Бид өөрсдөө барихаар гадаадынхнаас хэд дахин бага мөнгө зарцуулж байгаагийн шалтгаан нь юу юм бол. Энэ талаар хүмүүст ойлголт өгөх үү?
-Гадны компаниуд өөрсөддөө хамгийн их ашигтай байхаар л ТЭЗҮ-ээ гаргадаг. Тэгээд инженерүүд, ажилчид нь хамгийн өндөр цалин авдаг. Хамгийн үнэтэй зочид буудалд бууж, тансаг оффист суудаг. Монголоос авч болох бүхий л зүйлийг шингээж аваад гараад явдаг. Монголчууд өөрсдөө хийвэл гадныхан шиг сарын 20, 30 мянган ам.долларын цалинтай зөвлөгөө өгдөг инженер ажиллахгүй. Тэдний хийж байгаа ажлыг монгол инженерүүд, ажилчид хийж чадна. Ийм байхад бид улсаас өгч байгаа мөнгийг үр ашигтай зарцуулаад, гадны компаниудын хийдэг ажлыг 2-2.5 дахин хямдхан хийе гэж байгаа юм. Чанарыг хяналтын багууд нь шалгадаг стандартаараа шалгаад явчихад асуудал гарахгүй. Монгол хүн яагаад гадны инженерүүд шиг ажиллаж болдоггүй юм. Чадна шүү дээ. Тэгээд эдийн засгийн үр өгөөж нь Монголдоо, монгол хүндээ үлдэж байгаа нь давуу талтай.
-Цэргийн албан хаагчид тушаалаар хөдөлдөг. Бүтээн байгуулалтаа богино хугацаанд хийхийн тулд цэргийн албан хаагчдад тушаал өгөөд, цаг наргүй ажиллуулах юм биш үү гэдэг асуудал ч бас байна. Хэдий цэргийн албан хаагчид ч гэсэн Хөдөлмөрийн хуулийн дагуу л ажиллана биз дээ?
-Хөдөлмөрийг хуулийг зөрчих эрх хэнд ч байхгүй. Хөдөлмөр, аюулгүй байдлын байцаагчдыг сургалтад хамруулж байгаа, бид. Дээрээс нь ажиллах үед хяналт тавих УБТЗ болон МТЗ компанийн инженерүүд ч байх юм. Би түрүүнд хоёр ротыг эмхлэн байгуулсан талаар дурьдсан даа. Нэг рот нь 340 хүнтэй байх юм. Бүтээн байгуулалтад оролцох албан хаагчид бүгд ээлжээр ажиллана. 50 өөрөө буулгагч машин байлаа гэхэд хоёр жолооч ажиллана. Эхний жолооч өглөө 08:00 цагаас ажилд гарлаа гэхэд найман цаг ажиллаад бууна. Дараачийн жолооч нь зөрж гараад орой бууна. Яг л хууль, журмынхаа дагуу л ажиллана. Түүнээс биш зарим хүмүүсийн ойлгоод байгаа шиг цэргүүдэд тушаал өгөөд, цаг наргүй ажиллуулна гэж байхгүй. Бид үүнийг тооцоод, ротынхоо орон тоог бүх ажилчид ээлжтэй байхаар зохицуулсан. Нэг хүн хэтэрхий удаан ажиллаад, түүнээс нь болоод осол, зөрчил гарвал энэ том бүтээн байгуулалтын ажлыг нураах эрсдэлтэй. Тиймээс маш өндөр хяналттай, хуулийн хүрээнд л ажиллана.
-Өнгөрсөн ням гарагт бүтээн байгуулалтад оролцох бие бүрэлдэхүүнийг үдэж гаргах ёслол боллоо. Эхний ээлжинд эмхлэн байгуулсан хоёр ротоо үдэж гаргасан уу?
-Ням гарагт өглөө 09:00 цагаас Төв аймгийн Зэвсэгт хүчний 016 дугаар ангиас бүтээн байгуулалтад оролцох Зэвсэгт хүчний 7781 дүгээр ангийн эхний ээлжийг үдэх ёслолыг хийлээ. Үндсэндээ бүтээн байгуулалтад оролцох албан хаагчдаа нэгтгэсэн анги байгуулсан. 7781 дүгээр анги бүтээн байгуулалтын ажлаа хариуцаж хийнэ. Бид энэ ангид нийтдээ зургаан ротыг байгуулж өгнө. Нэг рот нь 340 хүнтэй байна. Эхний ээлжинд хоёр ротыг байгуулж, орон тоог нь батлаад, үдэж гаргалаа. Яваандаа 3, 4, 5, 6 дугаар ротыг байгуулах зорилготой байна. Хэрвээ Зэвсэгт хүчний хэмжээнд байгаа мэргэжилтэй боловсон хүрэлцэхгүй, зургаа хүртэл рот байгуулах боломжгүй гэж үзвэл туслан гүйцэтгэгч аваад ажиллуулах эрх нь нээлттэй. Тийм шаардлага гарвал Монголынхоо үндэсний компаниудаас шалгаруулж аваад, ажиллуулна. Ерөнхийдөө бид хөрөнгө мөнгөнийхөө хэмжээг л тооцож үзнэ. Хэрвээ рот байгуулбал хэдий хэмжээний зардал гарах уу. Туслан гүйцэтгэгч авбал ямар байх нь вэ гэдгээ тооцоод, шийдвэрээ гаргана даа. Хэрвээ туслан гүйцэтгэгч авах нь ашигтай гэж үзвэл мэргэжлийн багтай, өөрийн гэсэн техниктэй компаниудтай л хамтарч ажиллана. Компаниудаа ч судалж байгаа. Тэгэхгүй бол зөвхөн компанийн нэр, тамга хоёр л өвөртөлчихсөн нөхдүүд цөөнгүй байна. Тийм хүмүүс яаж ийж байгаад ажил авдаг. Дараа нь өөр компанид дамжуулдаг асуудал гардаг. Тиймээс компаниудын мэдээллийг ч мэдээллийн сандаа цуглуулаад, тодорхой хэмжээнд шалгана. Бидний хийж байгаа өртгөөр ажил хийх боломжтой аж ахуйн нэгжтэй хамтарч ажиллана.
-Зэвсэгт хүчний албан хаагчид Алтанширээ чиглэлд автозамын бүтээн байгуулалтыг хийсэн. Тэнд ажилласан албан хаагчид Зүүнбаянгийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилд оролцоно биз?
-Хүмүүс цэргүүд Алтанширээ чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад оролцсон гэж андуураад байгаа шүү. Манай албан хаагчид төмөр зам бариагүй. Авто зам барьж байгаа. 17 метрийн өргөнтэй, дөрвөн эгнээ авто замыг манай цэргийн албан хаагчид барьж байна. Тэнд ажилласан туршлагатай хүмүүсээ төмөр замын бүтээн байгуулалтад оролцуулгүй яах вэ. Мэргэжлийн инженерийн цэргийн офицеруудыг авто замын бүтээн байгуулалтад оролцуулж, илүү сайн дадлагажуулаад, төмөр замын далан барих 7781 дүгээр анги руугаа татаж байна.
-Энэ сарын 24-ний өдөр Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын нээлтийг хийх гэж байна. Нээлтээ хийгээд л ажлаа эхлэх гэж байна уу?
-Ямар ч байсан газар шорооныхоо ажлын нээлтийг хийнэ. Тэгээд шууд ажлаа эхлэхгүй. Шийдвэрлэх зүйл багагүй байна. Нэгдүгээрт, ус муутай газар. Худаг ус гаргах ажил байна. Эхний худгийг 130 метрийн гүн өрөмдөж байж гаргасан байгаа. Тэр худгийн ус нь стандартын шаардлага хангах уу, үгүй юу. Хүнсэнд хэрэглэх боломж байна уу гэдгийг шинжилж, лабораторийн дүгнэлт гаргуулна. Хайрга, дайрганы олдоц ямар байх нь вэ. Элбэг байлаа гэхэд барьцалдах чадвар нь стандартаа хангаж байна уу гэдгийг ч бас шинжилж үзнэ. 24-ний өдөр бид газраа хөндөх л юм. Түүнээс хойш сая хэлсэн олон ажлыг хийх хэрэгтэй болно. Тэгэхээр яг хэзээнээс ажил албан ёсоор эхлэхийг одоохондоо хэлж мэдэхгүй байна.