ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хүүхдийн дууны дугаар нэг СОБА

Ц.ЭНХТҮВШИН
2019-05-20

... Хүүхдүүд бид сургууль дээрээ 
Хөгжилтэйхэн байдаг даа
Олуулаа бид жаргалтай 
Олуулаа бид хөгжилтэй
Олуулаа олуулаа олуулаа...
гэсээр хангинах хүүхдийн цовоо дуутай цуг томчуудын эрдүү хоолой уралдах мэт хавсран дуулахыг сонсоод өөрийн эрхгүй сэтгэл татаж,  тэр танхимаар шагайвал хүүхэд томчуудгүй эгнэн зогсчихсон дуулж байна. Тэдний гол дунд нэг нөхөр гараараа  эгээ л удирдаач аятай дохин,  нааш цааш алхан,  дуулаачдыг хөгжөөн явна. Сайтар харвал нэг л танил. Байнга шахам цэнхэр дэлгэцээр гарсаар гэж хэлбэл “алдас” болох байх.
Харин хийсэн бүтээснээрээ хэзээний танил болсон нэгэн. Найз нөхдийнхөө дунд СОБА нэрээрээ алдаршсан бол багачууд С.Батболд багш гэдгээр нь андахгүй. Хамгийн сайн тодотгол нь “Цэцэг” хамтлагийн багш С.Батболд гэхэд монголчууд мэднэ. Би ч бас түүнийг 1984 оноос Монголын Хүүхдийн ордны “Цэцэг” хамтлагийн багшаар ажиллаж байх үеэс танина. Тэр үеэс л уран бүтээлийн гараагаа эхэлсэн СОБА маань өдгөө “Хүүхдийн элч хөгжмийн зохиолч”, “Монголын хөгжм­ийн зохиолчд­ын холбооны нэрэмжит шагналт” гээд нэрийнхээ өмнө өчнөөн л олон гуншин дуудуулсан, энэ цаг дор Монголдоо хүүхдэд зориулан хөгжим туурвидаг “ДУГААР НЭГ” хүн болчихож.

Тэрбээр “Дэлхийгээ би мэднэ”, “Цасхан”, “Бага ангийн багшдаа баярлалаа”, “Миний ээж”, “Олуулаа”, “Миний дотны найзууд”, “Говийн өглөө”, “Багачуудын ордон”, ”Анхны хайр”, “Дүүдээ”, “Цаатан хүүгийн дуу” зэрэг 200 гаруй дуу бүтээсэн нь  хүүхдүүдийн дуртай  дуу болжээ. Түүний аав Л.Соронзонболд гэж нэгэн үеийнхнийг зохиол бүтээлээрээ хүмүүжүүлж, баярлуулж байсан хүүхдийн зохиолч хүн байсан юм. Уран бүтээлчийн дэргэд өссөн болгон уран бүтээлч болдог гэвэл худлаа. Гагц авьяасыг усласан, арчилсан байж гэмээнэ тэр нь сайн уран бүтээлчийг төрүүлдэг гэдэг. С.Батболд бол тийм л аавын хөвүүн. Өөрийн бүтээлүүдээр өчнөөн цомог гаргаж, 5-6 ном хэвлүүлсэн бөгөөд жүжиг,  киноны хэд хэдэн хөгжим бичжээ. С.Батболдоос яриа хөөрөө авна гэдэг тийм ч амар биш. Илт татгалзахгүй ч эв аяыг нь олоод бултчихдаг. Тийм л нэг даруухан хүн. Энэ нэг жижиг бичлэгийг хийх гэж олон удаагийн уулзалтаас хамж шимж,  бөөгнүүлсэн гэхэд болно. “Би чинь эгэл л хүн шүү дээ” гэж хэлэх түүнийг эгэл үү, эгэл бус уу гэдгийг монгол түмэн хэдийн мэдэх болжээ.  Тэрбээр, ЕБС-ийн хөгжмийн боловсролын сургуулийн дуу хөгжмийн сурах бичгүүдийг зохиоход оролцсон.   2006 онд 1-3 дугаар ангийн сурах бичиг, 2009 онд 8-9 дүгээр ангийн сурах бичгүүдийг зохиоход багийн ахлагчаар, 2010 онд IV ангийн сурах бичгийн зохиогчийн багт ажилласан байдаг. Эдгээр номууд нь хөгжмийн багш нарын хичээлдээ ашиглах гол бүтээл болсоор байгаа билээ. С.Батболдын эмхэтгэсэн “Монголын хүүхдийн шилдэг дууны түүвэр” ном нь үе үеийн шилдэг 176 дуунаас бүрдсэн. Нэлээд хөдөлмөр,  судалгаа шаардсан энэхүү ном 2009 оны БСШУЯ-ны шилдэг ном болсон байдаг. Багш хүний хөдөлмөрийг түүний сургаж төгсгөсөн шавь нарын амжилт бүтээлээр бас дүгнэж болдог юм хэмээн нэрт сурган хүмүүжүүлэг П.Хорлоо гуай нэгэнтээ хэлж байсан.

Тэгвэл С.Батболд нь зөвхөн Монголын хүүхдийн ордонд багшилж байх үеэс түүний гараас төрсөн шавь нар гэхэд Б.Өлзий-Орших/өөжгий/, “Хөсөгтөн” хамтлаг­ийн ахлагч, хөгжм­ийн зохиолч Г.Ариун­болд, “Ники­тон” хамт­лагын гитар­чин Ч.Саруул­сайхан, Б.Цогтбаяр, бөмбөрчин Золбоо, “Цэцэг” хамтлагийн дуучин Ч.Бат­болд, Ч.Мөнхчулуун, “Мар­шал” хамтлагийн ахлагч Ц.Уянга, Л.Байзда... гээд бүгд л алдартай уран бүтээлч болсон. С.Батболд багшийг хаа ч явсан багачууд шавна. 2010 оны эхээр бид бас аяны ганзага нийлж,  Архангай аймагт ажиллаж билээ. Аймгийн Хөгжлийн ордны тэр том танхимыг өргөх нь үү дээ гэлтэй л хүүхдүүд бужигнаж,  СОБА тэр дунд санчиг даган урсах хөлсөө гарынхаа араар нэг шударчихаад л үсэрч харайж,  дуулж,  бүжиглэж байсан. Тэр Монгол Улсын  21 аймагт очоогүй газар үгүй. Нэг аймагт хэд, хэд очих нь энүүхэнд. Түүнийг урих заллагын тоо тасрахгүй. Тэр ч бүү хэл С.Батболд багш 2018 онд Франц, Швед, Белги, Герман орнуудад урилгаар очиж,   эх хэлээ сурч буй монгол сургуулийн хүүхдүүд, эцэг эхтэй нь уулзаж “Аав-Ээж-БИ” уран бүтээлийн цэнгүүн хийгээд иржээ.   Азийн Япон, Өвөрмонголд, Солонгос улсад ч С.Батболд­ын хүүхдийн дуунуудыг багачууд дуулсаар байна. Түүнийг “Хүүхдийн элч” болгосон нь үнэхээр л нүдээ олж дээ гэж бодогдоно. Түүнийг анх хүүхдийн дуунд уруу татсан хүн нь аав яах аргагүй мөн хэмээн Батболд аавыгаа дурсан ярина.

Тэрбээр аавтайгаа хамт “Бид нэг тивийнхэн”, “Багачуудын ордон”, “Миний ээж”, “Говийн өглөө” зэрэг олон бүтээл туурвижээ. С.Батболдыг сайн мэдэхгүй хүмүүс түүнийг хөгжмийн зохиолч л гэж ойлгодог бол тэрбээр бас яруу найрагч юм. “Шинэ жил”, “Миний дотны найзууд”, “Саки” зэрэг хэд хэдэн дууны шүлгээ өөрөө зохиосон. Түүнтэй хамтарч уран бүтээл туурвидаг олон яруу найрагчдын нэг Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч О.Сундуй “Собатай хамтарч уран бүтээл туурвихад цаанаа л нэг сайхан. Тэр яг хүүхэд шиг зан араншинтай хүн. Тиймээс ч түүний бүтээлүүд эзэддээ дороо хүрдэг байх” хэмээсэн бол түүний нэгэн шавь Б.Ганчимэг “Багш маань их л даруухан хүн шиг санагддаг. Тэр хүүхдэд их хайртай” гэж хэлсэн нь ерөөс С.Батболдын хамгийн сайн тодорхойлолт гэлтэй.  Луу Гүний Вандан аваргын нутаг буюу Архангай аймгийн Батцэнгэл суманд төрж өссөн түүний бага нас номон дунд өссөн гэдэг. Түүгээрээ харин нэг бахархаж ярина даа. Номон дунд өссөн учраас ном унших “хэнээтэй” нэгэн. Эгшиг аялгуугаар амьсгалж, эрдэм номыг дээдээлж яваа эгэл хэр нь эгэлгүй нэгэн авьяастан өнөөдөр бидний дунд даруухан амьдарч явна.