ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хэн ч бишээс Холливудад гэрэлтсэн Мэйси Уильямс

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2019-05-26

Алдарт зохиолч Жорж Р.Р.Мартины гайхамшигт “Гал мөсний дуун” зохиолоос сэдэвлэн бүтсэн “Хаан ширээний тоглоом” цувралын гол дүрийн жүжигчдийн тухай мэдээллийг манай сонин цувралаар хүргэж буй билээ. Өмнө нь Серсей хатны дүрд тоглосон жүжигчний амьдрал уран бүтээлийн түүхийг хуваалцсан бол энэ удаа үзэгчдийн хайр, хүндэтгэлийг хамгийн их хүлээсэн Арьяа Старкийг бүтээлд амилуулсан Мэйси Уильямсыг онцолж байна. 

Эцгээ “хаясан” бяцхан охин

Caption

Тэр эдүгээ ердөө 22 настай залуу бүсгүй. Гэхдээ түүний амьдралын түүх магадгүй “Хаан ширээний тоглоом” кинонд бүтээсэн дүр шиг нь гайхамшигт адал явдалт үлгэр мэт өрнөсөн гэж хэлэхэд хэтийдсэн болохгүй биз ээ. Өөрийгөө хэзээ ч юм бэ жүжигчин, тэр дундаа шоу бизнесийн хамгийн алдартай бүсгүй болно чинээ төсөөлөөгүй явсан эцэгтээ хаягдсан бяцхан охин 20 насандаа өөрийн гэсэн кино продакшнтай болж, сая сая ам.долларын хөрөнгөтэй од, хүн бүр үгийг нь анхааран сонсдог хүний эрхийн төлөө тэмцэгч болно гэдэг хүн бүрт өгөгдөөгүй их хувь тавилан билээ.

Түүний нэрийг Маргерет Констанс Уильямс гэдэг. 1997 оны дөрөвдүгээр сарын 15 нь Их Британийн Бристолд дөрвөн хүүхэдтэй айлын хамгийн бага нь болж мэндэлжээ. Хэдий нэрийг дээр дурдсан ч гэсэн түүнийг эдүгээ Мэйси Уильямс гэх нэрээр хүмүүс анддаггүй. Мэйси нь “Перишерс” гэх комик цувралын бяцхан охины нэр юм. Ухаалаг, хэрсүү, шонхор шиг зоригтой ч, тагтаа шиг зөөлөн эл дүр Маргеретын дотоод сэтгэл, хувь хүнтэй нь илүү төстэй учир жүжигчний сэтгэлийг татсан байж ч мэднэ.

Тэр багаас эцгийн хайрыг мэдрэлгүй өсчээ. Бага байхад нь эцэг, эх нь салсан бөгөөд эцгээс нь үлдсэн зүйл түүнд гагцхүү овог нь л байна. Тэр эцэгтэйгээ ямар нэг харилцаагүй. Харин ээж нь амьдралынх нь хамгийн том туслагч, менежер, зөвлөгч нь. Хамгийн анх “Хаан ширээний тоглоом” кинотой холбогдсон үеэс төгсгөлийн анги хүртэлх бүхий л зураг авалтад ээж нь түүнээс алхам ч холдоогүй гэдэг. Айлын хамгийн бага нь болохоор ч тэр юмуу гурван ах, эгчтэй ч Мэйси ээжтэйгээ хамгийн эрх нь аж.

Түүний ээжийг Хиллари Питт Франсес гэдэг бөгөөд тэрбээр охиныхоо төлөө ажлаасаа гарч, эдүгээ Мэйсигийн менежер, хувийн туслахын ажлыг нь зэрэг гүйцэтгэж байна. Харин аавынхаа тухай тэр дурсах тун дургүй. Нэгэн хэвлэлд “Би хэзээ ч гэрлэхгүй, гэрлэлт миний хувьд утга учиргүй зүйл” хэмээн дурсч байжээ. Түүнчлэн, 2015 оны “Аавуудын баяр”-аар төрсөн эцэгтээ бус, “Намайг өсгөж, хүмүүжүүлж, эцгийн үүргийг хамт гүйцэтгэж яваа ээждээ Аавуудын баярын мэнд хүргэе” хэмээн жиргэж байв. 2014 онд ч тэр сэтгүүлд эцгийнхээ овгоор бус, ээжийнхээ аав буюу өвөөгөөрөө овоглохыг хүсч байгаагаа ярьж байсан юм. Энэ мэтээр төрсөн эцэг нь түүнд үнэ хүндгүй, болдог бол мартахыг хүсдэг нэгэн байжээ. Бодит амьдралд эцэг нь түүнийг хаясан мэт боловч, тэр эцгийгээ нэгэнт хаясан гэж дүгнэж ч болîхоор. Харин хойд эцэг нь хэдий төрсөнийх нь орон зайг нөхөж чадахгүй ч, түүний карьерыг үргэлж дэмждэг байна. 

“Хаан ширээний тоглоом”-д тэнцээгүй бол тэр бүжигчин болох байжээ

“Хаан ширээний тоглоом” киноны Арьяа Старкийн дүрийн сонгон шалгаруулалтад 300 охинтой өрсөлдсөн Мэйси хэрэв сонгогдоогүй бол эдүгээ гудамжны, театрын бүжигчин, эсвэл балетчин болсон байх байв. Тэр багаасаа л бүжигт дурлаж, бүжгийн спортоор хичээллэдэг байсан аж. 2011 онд ярилцлага өгөхдөө ч тэрбээр “Миний анхны хайр бол бүжиг” хэмээж байжээ. “Хаан ширээний тоглоом” киноны шалга­руулалтад оролцохдоо Мэйси бүжгийн кол­лежид сурч байсан юм.

Caption

Харин хожим хэвлэлд “Би хэр­вээ бүжгээ хөө­сөн бол жү­жиг үргэлж хоёр­дугаарт тавигдах байсан” гэж ярьж байлаа. Анх тэр 11 настайдаа "HBO" сувгийн алдарт цувралын нэг хэсэг болсон юм. Киноны дүрийн шалгаруулалт Их Британид болоход нийтдээ 300 гаруй хүн оролцсон бөгөөд цуврал киноны талаар ямар ч төсөөлөлгүй охин оролцож, шалгарсан байдаг. Кино дэлхий даяар хит болохын хэрээр жилийн есөн сарын турш тэр маш шахуу хөтөлбөртэй ажиллах шаардлага тулгарчээ.

Ингээд 14 насандаа сургуулиасаа завсардсан ч, зураг авалтгүй үедээ сургалтад сурч, үзэж амжаагүй хичээлээ нөхөх болсон байна. Мэйси мөн Арьяагийн дүрд тоглохын тулд зүүн гараараа ажиллаж сурсан гэдэг. “Гал мөсний дуун” зохиолдоо зохиолч түүний дүрийн онцлогийг маш нарийн дүрсэлсэн байдаг билээ. Сонирхолтой нь, төгсгөлийн бүлэгт гардаг секс үзэгдлийг жүжигчин бүсгүй “тоглоом” хэмээн ойлгож байсан гэнэ. Анх зохиолтойгоо танилцахдаа найруулагчид нь түүнийг “чадах” нь гэж хүлээн авсан ч, эцэстээ үнэн гэдгийг ойлгожээ. Тэр энэ талаараа “Тэр хэсгийг үзэхэд хэцүү байвал, миний хойд эцэг, ээж, ах дүү нар минь ч бас үзсэн гэдгийг бодоорой” хэмээн жиргэсэн байв. 

Түүний шүтээн “Серсей Хатан”

“Шүтээнийхээ өрсөлдөгч болтлоо хөдөлмөрлө”. Энэ үг спортод илүү хэрэглэгддэг байж болох ч, кино урлагт ч энэ үг бодит болсоор байгаа. Түүний тод жишээ ч Мэйси Уильямс. “Хаан ширээний тоглоом” кинонд тоглохоос өмнө, тоглож эхлэхэд түүний шүтээн Серсей Ланнистер хатны дүрд тоглосон Лина Хиди байжээ. Харин бүхэл бүтэн долоон жилийн хөдөлмөрийн дараа Мэйси Уильямсын нэр Лина Хидигийн нэгэн адил дэлхий даяар алдаршиж, тэр авьяасаа шүтээнтэйгээ ижил үнэлүүлж, сая сая ам.долларыг халааслах болжээ. “Хаан ширээний тоглоом” киноны Арьяа Старкийн дүр түүний кино урлагт бүтээсэн хамгийн анхны дүр. Тэр найман жилийн өмнө кино урлагт хэн ч танихгүй “битүү морь” байлаа. Гэсэн ч, чадалтай нь үлдэж, чадваргүй нь арилж үлддэг хатуу дүрэмтэй шоу бизнесийн хаалгыг зөвшөөрөлгүйгээр өшиглөж орж чадсан юм. Улмаар 19-хөн насандаа өөрийн гэсэн кино продакшнтай болсон гээд түүний амжилтыг тоочоод баршгүй. “Би бусад хүмүүст ч гэсэн гайхалтай зүйл хийх боломжийг нь өгмөөр байна” гэж нэгэнтээ дурсч байв. 

“Үхлийн жагсаалт” 

Зөвхөн кино урлагт ч бус, тэр нийгэмд өөрийн дуу хоолойгоо хүргэхийг хүсдэг нэгэн. Хэн нэгэнд хэрэгтэй, илүү сайн сайхан нийгмийг бүтээж чадна гэж итгэсэн зүйлийнхээ төлөө шударга дуугарахаас тэр огт айж байсангүй. 

Caption

Бүр бидний заримын бодлогыг нь шүтэн биширдэг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины “толгойг шонд өлгөх” хүмүүсийн тоонд багтааж явсан гэвэл та итгэх үү. Хэдий хэрцгий  байж мэдэх ч, тэр дэлхийг цус, уй гашуу, дайн дажинд хүргэсэн улстөрчдийн “Үхлийн жагсаалт”-ыг гаргаж байсан юм. Тус жагсаалтад Дэвид Камерон, В.Путин, Тони Блэйр гэх мэт улстөрчид багтаж байв. Мэдээж, ямар үндэслэл буйг ч тэр нарийн тэмдэглэж байсан юм. 

Мөн жүжигчин бүсгүй амьтны эрхийн төлөө тэмцэгч. Тэр бараа бүтээгдэхүүнийг амьтан дээр туршихыг эсэргүүцэж, хэд хэдэн жагсаал цуглаанд оролцож байв. Зөвхөн 2015 онд гэхэд амьтны эрхийн төлөөх хандивын үйл ажиллагаа, эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцохын тулд 15000 фит онгоцоор нисч байжээ. Соошл медиад бүсгүй аль хэдийн өөрийн гэсэн орон зайг эзэлсэн. Хэдий тийм ч олны нүдэн дээр амьдрахыг хүсдэггүй. Дээр Лина Хидиг шүтэн бишрэгч хэмээн өгүүлсэн билээ. Магадгүй Линаг шүтэх шалтгаан нь ч энэ байж мэднэ. Тэр нэгэнтээ “Тэр олны өмнө амьдрахыг хүсдэггүй. Түүний нэрээр гарчигласан ямар ч мэдээ сэтгүүлд гарч байгаагүй” хэмээн дурсч байсан юм. Мөн тэрбээр нийгмийн сүлжээг асар том уран сайхны киноны зураг авалттай зүйрлэж байв. Тэнд тэр гэр бүлийнхэнтэйгээ хамт жүжиглэж, бусад нь түүний ямар утас гартаа барьсан, юу өмссөн зүүсэн талаар ярилцана. Алдартай болох тусам энэ үзэгдэл  бусдын хараал зүхэл, дарамт шахалтыг түүнд дагуулах болжээ. Тиймээс нийгмийн сүлжээний дайралт, доромжлолоос өөрийгөө хамгаалахын тулд бүсгүй өөрийн бизнес хамтрагчтайгаа нийлж, өөрийн гэсэн соошл аппликейшныг ч бүтээгээд амжсан гэдэг.