ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Г.Дарьсүрэн: Миний ажил бол миний бахархал

Ц.ЭНХТҮВШИН
2019-05-27

Ажил төрлийн шугамаар “Хүүхдийн төв номын сан” хэмээх айлын хаалгаар орж гарсаар олон жилийг үдэж тэндхийн бүхий л ажилчидтай ижий, ахай болох нь халаг элгэмсэж. Тэр тусам “Их мэдэхийн танхим” хэмээх багачуудын чуулдаг танхимаар хоног­лох нь холгүй явахдаа танхимын номын санч Гэлэгжамцын Дарьсүрэн хэмээх шавилхан бүсгүйн ажлыг анзаарч, анхаарч явлаа.

Сүүлийн үед очих бүрт зохиолч Л.Түдэв абугайн “Хорвоотой танилцсан түүх” номыг уншиж харагдана. “Хорвоотой танилцаж дуусаагүй л байна уу” хэмээхүйд “Танилцсаар л байна даа” хэмээн даруухан инээмсэглэв.  Тийм ээ, тэр  бусдын нялх үрсийг энэ хорвоотой номоор дамжуулан танилцуулдаг ажилтай хүн юм.

Ажилдаа дуртай, сонирхолтой, сэтгэлтэй байна гэдэг  хүнийг ажилд нь уусгадаг бололтой юм.  Улс орон зах зээлд шилжин олон сайхан зүйл “нээлттэй” болохын хэрээр олон сайхан зүйлээ устгаж, бүдгэрүүлдэг  цагийн золиос болж,  1990-ээд оны төгсгөлд тэрбээр МУБИС-ийг Монгол хэл уран зохиолын багш мэргэжлээр төгсчээ. Тухайн үед Ерөнхий боловсролын сургуулиудын Монгол хэл- уран зохиолын таван багш тутмын хоёрыг нь цомхотгож байсан үед  мэргэжлийн ажлаа хийх боломж гарсангүй.

Ингээд 1998 оноос Үндэсний төв Номын сангийн сэтгүүлийн фондод орж ажилласан нь өнөөгийн ажлынх нь үндэс байжээ. Тэр үед багшийн орон тоо олдоод багшлаад явчихсан бол өнөөдөр ингээд  бяцхан хөөрхөн хүүхдүүдтэй номоор холбогдож ажиллах байсан уу гэж хаа нэг боддогоо ч тэр нуусангүй.  Хаалгаар нь хулган байж орж, ирдэг анхны бяцхан уншигчийг алгаа дэлгэн тосохдоо аядуу зөөлөн мэндэлдэг түүнд хүүхдүүд хайртай.

Номын сан нь тохитой, ном уншуулдаг эгч нь сайхан зантай, дөлгөөн болохоор хүүхэд маань наашаа ирэх дуртай хэмээн бяцхан уншигчийн ээж хэлнэ билээ. Түүний ажилладаг “Их мэдэх”-ийн  танхимаар 2-оос эхлээд 10 хүртэл насны хүүхдүүд үйлчлүүлдэг. Үйлчлүүлэгчид нь  хоорондоо амархан дасаад найз  нөхөд болцгоодог.  “Дан ганц манай танхим гэхгүй  ерөөс манай  Хүүхдийн төв номын сангийн байр танхим их хүрэлцээ муутай. Одоо нэг үеийг бодоход ямар ч насныхан ном уншицгаадаг болсон байна шүү дээ. Манай номын сан гэхэд  л 100.000 хол давсан үйлчлүүлэгчтэй гээд бодохоор бидэнд байр шиг хэрэгтэй юм алга. Манай номын сангийн зарим өрөө танхимууд өвлийн цагт хүйтэн шүү дээ. Энэ нь зарим үед ажилд  нөлөөлөх гээд байх талтай. Гэхдээ манай бүсгүйчүүд дайчин шүү” хэмээн өөрийнх нь тухай яриулах гэхэд л хамт олон, бяцхан уншигчдынхаа тухай ярих аж.  

“Өөрөө “Хорвоотой танилцсан түүх” номыг нэлээд удаан барив даа.  Унших зав ховордоод хугацаа сунжраад байна уу” гэж асуухад “Ажлын хажуугаар тэр бүр бариад суух зав ховор юм. Гэхдээ боломж гарвал л барьж байна. Өмнө нь уншиж үзээгүйдээ биш юм. Хэд ч уншсанаа бараг тоолох юм биш. Энэ миний ажилтай холбоотой юм” гэсээр үгээ ч бүрэн дуусгалгүй  үүдээр орж ирэх бяцхан уншигчаа тосохоор бослоо.  

Түүнээс асуусан асуултдаа хариулт авна гэдэг тийм хялбар биш бололтой.  Г.Дарьсүрэн  хүүхдүүдийг ямар номонд дурлаж буйг, хэрхэн уншиж буйг, эцэг эх тэр дундаа залуу эцэг эхчүүд хүүхдээ хэрхэн уншуулж буйг гярхай ажиглаж, тэмдэглэж  судалгаа хийж суудаг гэнэ. Тухайлбал, А.С.Пушкины зохиосон Ц.Дамдинсүрэнгийн орчуул­­гаар монгол хэлнээ хэвлэгдсэн “Алтан загасны үлгэр” гэхэд л 33 хуудастай.

Тэрхүү үлгэр уран яруу үгтэй, бичгийн хэлээр бичигдсэн бөгөөд нийтдээ 1310 үгтэй аж. “Алтан загасны үлгэр”-ийн нэг онцлог нь шүлгэн хэлбэрээр  нийт 443 мөрөөр  бичигдсэн байдаг. Гэтэл дотор нь сайн ажиглахад нэг мөрөндөө гурван үгтэй 415 мөр, нэг мөрөндөө дөрвөн үгтэй 21 мөр байхад нэг мөрөндөө таван үгтэй долоохон мөр байх жишээтэй. Энэ үлгэрээс хүүхдүүд ойлгохгүй үг 20-25 байдаг гэнэ.

Эрэг, ирмэг, тэвш зэрэг жинхэнэ монгол үгнүүдээ хүүхдүүд мэддэггүй. Ахуйгаас эдгээр зүйлс холджээ гэж зөвтгөх аргагүй хэмээн тэр ярив. Тэгвэл “Цондоолой Цүндээлэй хоёр” хэмээх номыг хүүхдүүд бүгдийг нь ойлгодог аж. Энэ нь 46 хуудастай, 942 үгтэй ярианы хэлээр бичигдсэн ном юм. “Ном ярианы хэлээр бичигдэх нь буруу юм байна гэж ажиглагдаад байгаа. Тийм болохоор үгийн зөв дуудлага, үгийн баялгийг нэмэгдүүлж, хүүхдээ түг таг гэсэн модон үг хэллэгтэй болгохоос эцэг эх татгалзах л хэрэгтэй  дээ” хэмээн Г.Дарьсүрэн мөн л ажлаа ярьсаар байлаа.

Гэхдээ түүний хийсэн энэ ажил, судалгаа сонин бөгөөд сайхан санагдсан юм. Түүний эгэл амьдралыг яриулах гэж яриаг нь үе, үе залахгүй л бол өөрийнх нь тухай биш ажлынх нь тухай л бичих болно. Гэхдээ тэр “миний ажил бол миний бахархал” гэж хэлэхэд нээрээ л аливаа хүнийг бахархалгүйгээр нь яахан бичих билээ хэмээн бодож суулаа. Цаг нар багатай ажлаасаа болж зээ охиндоо гаргах зав тун тааруу байгааг хань нь шүүмжилж “Та гуай түмний хүүхдийн төлөө гүйсээр явтал зээ охин тань томроод л байна шүү.

Энэ эрхмийн хүмүүжилд анхаарахгүй бол оройтлоо шүү”  хэмээн хэлдэг гэнэ лээ. Зээгийнхээ төлөө одооноос хичээх л болох нь дээ гэхэд минь “Миний хамгийн их санаа зовж байгаа ирээдүй хойч үе маань гэгээлэг, оюунлаг, ухаалаг, соёлтой хүмүүс болж өсөөсэй гэх бодол. Тиймээс  хүүхдүүдийг номонд дуртай, номыг хайрладаг, хүмүүжилтэй болгохын тулд аль болох багаас нь номтой нөхөрлүүлэх юмсан гэж бодоод л ажиллаад байна даа.   Хүүхдийг номонд  дуртай болгоход эцэг, эх, өвөө эмээ гэх зэрэг томчуудын нөлөө маш их.

Тэднийг номын сан руу татах ажлыг эрчимжүүлмээр санагдах юм” гэж ярих зуураа баахан өнгийн цаас гаргаад ширээн дээгүүр тараагаад явчихлаа.  Төд удалгүй өнөө уншигч хүүхдүүд цаасыг нь хуйлаад, наагаад, хайчлаад имрээд эхлэв. Юу хийх нь вэ гэтэл “Хүүхдүүдээр номыг нь уншуулсны дараа гар урлал хийлгэдэг юм. Тэд их хөөрхөн бүтээлүүд хийдэг. Түүгээр нь энэ  танхимаа насны онцлогт нь тааруулаад тохижуулахыг хичээдэг. Нэг их мөнгө зарахгүй голдуу хүүхдүүдийн хийсэн бүтээлээр чимдэг манай танхим гоё байгаа биз дээ” гэсээр даруухан инээв.

Тэрбээр цааш нь “Хагас сайн болгонд явуулдаг үлгэрийн цагийн дараа хүүхдүүдийг хөгжүүлэх санаатай бүтээлийн цаг явуулдаг юм.  Танхим дотроо хөөрхөн зургийн уралдаан зарлаад түрүүлсэн бүтээлээр нь чимдэг. Манай зарим уншигчид номын сандаа ирж хонож, уншдаг өдөртэй юм. Бага насны дурсамжит цаг хэзээ ч мартагдашгүй билээ.  Яг тэр номын санд хоносон мөч насан туршид мартагдалгүй номын сангийн талаар сайхан сэтгэгдэлтэй үлддэг санагддаг.  Нэгэн оройг утасгүй, телеизгүй өнгөрүүлэх ховор мөч шүү дээ” гэсээр өнөөх л ажлаа ярьж эхлэв.

Түүний ханийг Шаравын Батсайхан гэдгийг хэл амыг нь сугалах нь халаг болж, хэлүүлж авлаа. Харин хажууд нь байсан нэгэн ажилтан “Эдний нөхөр монгол гутал, гөлөм оёдог уран хүн бий. Тэд  охин, хүү хоёртой. Охин нь япон хэлний багш, орчуулагч, дуурийн дуулаач мэргэжилтэй. Батсайханы Баяржаргал гэдэг  сайхан охин энэ жил Хөгжим бүжгийн коллежийн дуурийн дуучны ангийг төгсөж байгаа.

Хүү  Б.Баяр-Эрдэнэ  нь СУИС-ийн Радио телевизийн сургуульд дууны инженер мэргэжлээр сурдаг.  Морин хуурыг мөн ч  сайхан тоглоно шүү” хэмээн үгийн “хандив” өргөв.  Түүний аавыг  Гэлэгжамц гэдэг, эмч хүн аж.  Харин ээж нь  насаараа багш хийсэн хөгжмийн багш ажээ. Ойрд   хоёр хөгшин дээрээ очсон уу гэхэд  “Өнөөдөр орж уулзаад ирсэн.  Ямар ч завгүй байсан ээж аавдаа цаг нар гаргана шүү дээ” гээд яриа ид сайхан болох нь уу гэтэл хэлтсийнх нь хэдэн бүсгүй дэвтэр, үзгээ барьсаар хуралдахаар ороод ирлээ. Г.Дарьсүрэн “Манай номын сангийн нэг тогтмол ажил болсон соёл олон түмний арга хэмжээний энэ удаагийн ажлыг бид хариуцаж байгаа юм. Тэгээд манайхан ажлаа зөвлөлдөхөөр орж ирж байна” гэснээр бидний яриа өндөрлөв.