ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Шатахуун литр тутамдаа дунджаар 97-161 төгрөгөөр нэмэгджээ

O.Admin
2019-06-02

Шатахууны худалдаа эрхлэгчид автобензин, дизель түлшний жижиглэн борлуулалтын үнийг удаа дараалан нэмэгдүүлсэн билээ. Үүнтэй холбогдуулан үнийн өсөлт нь бодитой эсэх, Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд нийцэж байгаа эсэхийг шалган тогтоохоор “Шатахууны жижиглэн худалдаа эрхлэгч аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа”-нд хяналт шалгалт хийжээ.


Хяналт шалгалтын хүрээнд тус газрын 2019 оны 1/682 дугаартай албан бичгээр шатахууны томоохон худалдаа эрхлэгч 17 аж ахуйн нэгжүүдээс хяналт шалгалтын ажилд шаардлагатай мэдээллийг гаргуулан авч шалгахад дараах нөхцөл байдал тогтоогдсон. Үүнд: 1. Ашигт малтмал, газрын тосны газраас ирүүлдэг жижиглэн борлуулалтын үнийн мэдээллээс үзэхэд 2019 оны 3 дугаар сарын 26-ны улсын дундаж үнэ:
-А-80 автобензин 1763 төгрөг/литр,

- Аи-92 автобензин 1819 төгрөг/литр,
-Дизель түлш 2348 төгрөг/литр байсан ч 2019 оны 5 дугаар сарын 28-ны байдлаар улсын дундаж үнэ:
-А-80 автобензин 1875 төгрөг/литр,
- Аи-92 автобензин 1980 төгрөг/литр,
-Дизель түлш 2445 төгрөг/литр болж төрөл тус бүр дээр 97-161 төгрөгөөр өссөн байна.

2. 2019 оны 4 дүгээр сард Оросын холбооны Улсын “Роснефть” компанийн хилийн үнэ:
-А-80 автобензин 613 ам. доллар/тн,
-АИ-92 автобензин 643 ам.доллар/тн,
-Дизель түлш 623 ам.доллар/тн байсан ба 2019 оны 5 дугаар сарын хилийн үнэ:
-А-80 автобензин 665 ам. доллар/тн,
-АИ-92 автобензин 695 ам.доллар/тн,
-Дизель түлш 640 ам.доллар/тн болж өмнөх сартай харьцуулахад тонн тутамдаа 17-52 ам.доллар-аар өссөн.

3. Хяналт шалгалтад хамрагдсан 17 аж ахуй эрхлэгчдээс ирүүлсэн жижиглэн борлуулалтын үнийн мэдээлэл, өртөг болон ашиг, алдагдлын тооцооллоос үзэхэд гадаад хилийн үнэ өссөн ч жижиглэн борлуулалтын үнийг 97-161 төгрөгөөр нэмэгдүүлэх нөхцөл үүсээгүй байна. Аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааны зардлыг хянаж үзэхэд Аи-92 автобензин литр тутамдаа дунджаар 30-100, дизель түлш литр тутамдаа дунджаар 270-289 төгрөгийн ашигтай байхад жижиглэн борлуулалтын үнийг нэмэгдүүлсэн байна.

Иймд шатахууны үнэ нэмэгдэх нөхцөл үүссэн тохиолдолд “Хамтарсан зөвлөл”-өөс үнэ нэмэгдэхэд нөлөөлж буй хүчин зүйлсийг судлаж, авч хэрэгжүүлэх боломжтой арга хэмжээний саналыг Засгийн газарт тухай бүрд нь цаг хугацаа алдахгүй, олон нийт, хэрэглэгчдэд үнийн дарамт үүсэхээс, иргэний нийгмийн байгууллагууд жагсаж дуу хоолойгоо гаргахаас нь өмнө танилцуулж, шийдвэрлүүлэх арга хэмжээг авч ажиллах шаардлагатай байна.

Тухайлбал, 2019 онд шатахууны худалдаа эрхлэгчид шатахууны жижиглэнгийн борлуулалтын үнийг 2019 оны
дөрөвдүгээр сард хоёр удаа,  тавдугаар сард нэг удаа нэмэгдүүлснээр 2019 оны гуравдугаар сарын үнэтэй харьцуулахад литр тутамдаа дунджаар 97-161 төгрөгөөр нэмэгдсэн байна.