ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

А.Эрдэнэцогт: Ерөнхийлөгчийн хориг бол УИХ-ыг алдаагаа эргэж хараасай гэсэн сүүлчийн боломж юм

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-06-03

УИХ-ын чуулганы өнгөрөгч тавдугаар сарын 09-ны өдрийн хуралдаанаар Захиргааны ерөнхий хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж баталсан билээ. Хуулийг батлахаас өмнө Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс саналаа хүргүүлсэн ч УИХ хүлээж аваагүй. Тиймээс тавдугаар сарын 30-нд хуульд бүхэлд нь хориг тавьсан юм. Тэгвэл Захиргааны ерөнхий хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар МУИС-ийн профессор, Хуульзүйн ухааны доктор А.Эрдэнэцогтыг “Ярилцах танхим” буландаа урьж, ярилцлаа. 

-Нэг жилийн өмнөөс Засгийн газрын шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх хянахгүй гэх асуудал яригдаж эхэлсэн байдаг. Засгийн газар хэмжээлшгүй эрх мэдэлтэй болох хуулийн төсөл бүтэн жил дуншсаар өнгөрөгч сарын 09-нд батлагдлаа. Хуулийн нэмэлт өөрч­лөлтийн захиалга юу байв гэдгээс ярилцлагаа эхлэх үү? 

-2018 оноос эхлэн Засгийн газ­рын зүгээс ялангуяа Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж болон УИХ-ын зарим гишүүд Захиргааны хэр­гийн шүүхэд шүүмж­лэл­тэй хандах болсон. Ул­маар, Засгийн газрын шийд­вэрийг Захиргааны хэргийн шүүх хянах ёсгүй гэдэг асуудлыг гаргаж ирсэн юм. 2002 оны Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг энэхүү хууль зөрчиж байна гэдэг асуудлыг хөндсөн. Тухайн үедээ “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбогдон гарч ирсэн байдаг. Жил гаруйн хугацааны дараа 49 хувийн асуудал шийдэгдчихсэн. УИХ-ын тогтоол гараад, Үндсэн хуулийн цэцэд асуудал очсон ч Үндсэн хууль зөрчөөгүй гэдэг шийдвэр гарчихсан юм билээ.

Гэтэл одоо яагаад энэ асуудлыг үргэлжлүүлэн хөндөж, бүр баталчихав. Цаашдаа Засгийн газар өмч хувьчлалын асууд­лыг өргөн хүрээнд шийд­вэр­лэх бололтой. Мөн ашигт малтмалын томоохон ор­дуу­дыг яаж эзэмших вэ гэдэг асуу­дал яригдах нь. Энэ асууд­лаар эрх баригч намын удирд­лагууд үе, үе томоохон мэдэг­дэл хийж байгаа. Ашигт малтмал, уул уурхай, газ­рын тос гэсэн томоохон сал­ба­рууд дээр гарч буй Засгийн газ­рын шийдвэрийг шүүх хянах­гүй болж байна. Хуулийн өөрч­лөл­тийг батлах үед гаргаж тавьсан үндэслэл нь хуулийг өөрчлөх суурь шалтгаан биш. Харин цаашдаа гаргах шийдвэрүүдээ л шүүхийн хяналтад оруулахгүй байлгах зорилго байгаа юм болов уу даа. 

-Хуулийн нэмэлт өөрч­лөлтөд Ерөн­хий­лөгчийн зү­гээс хориг тавилаа. Өмнө нь саналаа хүр­гүүлж байсан ч хүлээж аваагүй юм. Таны хувьд хориг тавьсан нь зөв гэж харж байна уу? 

-Зөв алхам боллоо. Ерөнхий­лөг­чийн хориг бол УИХ-ыг алдаагаа олж хараасай гэж боломж олгож байгаа асуу­дал. Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан маш олон ашиг сонирхол байгаа. Түү­ний томоохон илрэл нь хувь хүний эрх, эрх чөлөөг хам­гаал­сан Үндсэн хуулийн суурь зохицуулалтууд байдаг. Тэр дундаа шүүхэд гомдол гар­гах үндсэн эрх нь Засгийн газ­рын шийдвэр гаргах эрхтэй өр­сөл­дөхүйц Үндсэн хуулиар баталгаажсан заалт юм. Өөрөөр хэлбэл, энэ хуулийн нэмэлт өөрчлөлт нь Үндсэн хуулийн суурь зохицуулалт руу нэлээд халдсан.

-Газрын доорх баялаг бол ард түмний өмч гэж Үндсэн хуульдаа заачихсан. Тэгсэн атлаа Засгийн газар нь байгалийн баялагтай холбоотой бидний гаргасан шийдвэрийг ард түмэн хянахгүй. Бүр шүүхэд ч өгч чадахгүй шүү гэдэг шийдвэр гаргаж байгаа нь дарангуйлал биш гэж үү. Хэлэлцүүлгийн явцад Захиргааны хэргийн шүүх нь Засгийн газрын гурван шийдвэрийг л шүүхгүй гэж өөрчилсөн байна билээ? 

-Гурван өөр хувилбараар яригдаж байсан шүү. Эхлээд Засгийн газрын шийдвэр, түүнийг хэрэгжүүлж байгаа байгууллагын шийдвэрийг Захиргааны шүүх хянахгүй гэж томъёолсон. Түүнийгээ өргөн бариад, анхны хэлэлцүүлэг явж байх үед УИХ-ын шийдвэрийг хэрэгжүүлэх зорил­гоор гаргаж байгаа Засгийн газрын шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх хянахгүй гэж өөрчилж үзсэн. Хамгийн сүүлд чуулганы анхдугаар хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын улс төрийн шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын гаргасан шийдвэр болон түүний харьяа байгууллагуудын шийдвэрийг хянахгүй гэж оруулж ирсэн байдаг. Жил гаруйн хугацаанд хэд, хэдэн удаа аргументуудаа өөрчилсөн нь ямар нэг үзэл баримтлал бодлого байхгүй, тухайн үеийн сэтгэлийн хөдөлгөөнөөр хандсан нь тодорхой байгаа. Энэ бүхний цаана Үндсэн хуулиар хамгаалагдсан ямар ашиг сонирхол байна вэ.

Ямар, ямар зүйл заалттай очиж мөргөлдөх вэ гэдгийг огтхон ч тооцоолоогүй. Засгийн газрыг Захиргааны хэргийн шүүхийн хяналтад байх обьект биш гэж анх үзэж байсан. Яг хууль батлахдаа тэр үзэл бодлоосоо зарим талаар ухарч, Захиргааны байгууллага мөн учраас зарим шийдвэрийг хянаж болно гэж оруулсан. Гэхдээ ийм, ийм шийдвэрүүдийг буюу ашигт малтмал, байгалийн баялаг, өмч хувьчлал, батлан хамгаалах болон гадаад бодлоготой холбоотой шийдвэрийг хянахгүй гээд өөрчилчихсөн. Гол, гол иргэдийн эрх ашиг хөндөгддөг салбаруудыг шүүхийн хяналтаас гаргаж, дархалчихлаа. Үндсэн хуульдаа тунхагласан хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм гэдэг чинь эрхзүйт төрийг төлөвшүүлэх тухай юм шүү дээ. Энд яригддаг хамгийн гол зүйл нь төрийн эрх мэдлийн хуваарилалтын асуудал.

Мөн хүний үндсэн эрх, эрх чөлөөг Үндсэн хуулиар баталгаажуулахаас гадна төв, орон нутгийн эрх мэдлийг зөв зохион байгуулах явдал байдаг. Гэтэл энэ бүхний эсрэг л хууль баталчихлаа. УИХ өөрөө бодлого тодорхойлдог газар. Ерөнхий асуудлыг ерөнхийлж шийднэ шүү дээ. Харин тэр тогтоол, хуулийн хүрээнд гарах Засгийн газрын шийдвэр харин хувь хүн рүү чиглэдэг. Энэ шийдвэрээ өмгөөлөхдөө “Бид УИХ-ын шийдвэрийг хэрэгжүүлж байна” гэж хэлээд л хаах юм байна. Буруугаа чихдэг нэг савтай болох нь ээ, янз нь. УИХ, Засгийн газар нэгдмэл цул болж болохгүй. Эрх мэдэл хуваарилах зарчим алдагдана биз дээ. Хууль тогтоох эрх мэдэл ба Гүйцэтгэх эрх мэдэл нийлээд хувь хүний эрхийг зөрчиж, шүүхээ буланд шахаж байна гэсэн үг. Ийм хууль гаргаж, хэрхэвч болохгүй. Үндсэн хуулийнхаа суурь зарчимд халдчих юм бол юунд итгэж цаашаа явах билээ. 

-Захиргааны хэргийн шүүхэд иргэд хандахдаа Засгийн газрын ийм шийдвэрээр гомдол гаргадаг гэсэн судалгаа байдаг уу. Захиргааны ерөнхий хуулийг шинэчлэн батлахаас өмнө энэ асуудал орхигдож ирсэн юм биш үү? 

-Энэ асуудал нэлээд эртнээс яригдсан байдаг юм. Анх 2002 онд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль батлагдахад түүн дотор Захиргааны шүүхийн хяналтад Засгийн газар байна гэж зааж өгсөн байдаг. Улмаар, 2004 онд хууль үйлчилж эхлээд Монгол Улсад анх удаа Захиргааны хэргийн шүүх байгуулагдсан. Ингээд жил гаруй ажилласны дараа нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргаж, Захиргааны шүүх Засгийн газрын шийдвэрийг хянаж байгаа нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн. Цэц ч хүлээж аваад шийдвэр гаргахдаа Засгийн газар Захиргааны байгууллага биш гэж үзсэн юм. Үндсэн хуулийн цэцэд Үндсэн хуулиар харьяалуулсан маргааны харьяалалд халдсан гэх үндэслэлээр дүгнэлт гарсан байдаг юм. Тодруулбал, Үндсэн хуулийн 45 дугаар зүйлийн 2 дахь заалтыг үндэслэсэн. Тэр нь “Засгийн газрын тогтоол захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар өөрөө буюу УИХ хүчингүй болгоно” гэсэн заалт.

Үүнийг зөрчлөө гэж Цэц шийдсэн. Их хурал хүлээж авснаар 2005 оноос эхлэн Засгийн газар Захиргааны хэргийн шүүхийн хяналтаас гарсан юм шүү дээ. Ингээд 2016 он хүртэл хууль хэвээр явсан. Энэ хугацаанд Засгийн газрын бүх шийдвэрийг шүүх хянаагүй. Цэцээр шийдэх юм болов уу гэсэн ч 2005 оноос хойшхи 14 жилийн хугацаанд Засгийн газрын шийдвэрийг дагнан Цэц хянаагүй. Боломжгүй байсан юм. Хувийн өмчтэй холбоотой Засгийн газрын тогтоол байгаа. Захиргааны албан тушаалтнуудыг томилдог, чөлөөлдөг. Энэ мэт хувь хүнтэй холбоотой болон байгалийн баялаг, лиценз, тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлууд олон байдаг. Энэ бүхнийг Цэц хүлээж авдаггүй авах ч боломжгүй. Харин 2016 он хүртэл эдгээр шийдвэр Иргэний шүүх рүү очиж байсан. 2011-2013 онуудад 17 хэрэг иргэний хэргийн шүүхээр хянагдсан гэсэн судалгаа бий. Зөвхөн хоёр жилийн хугацаанд шүү дээ. Ингээд 2015 онд Захиргааны ерөнхий хуулийг шинэчлэн баталж, улмаар 2016 оноос эхлэн мөрдөж эхэлсэн. Ингэснээр Захиргааны хэргийн шүүх Засгийн газрын захиргааны акттай холбоотой шийдвэрийг шийдэж, өнөөдрийг хүртэл явж байгаа юм. Энэ бол дэвшил байсан. Улстөрчдийн хэлснээр ухралт хэзээ ч байгаагүй.  

-Ц.Нямдорж сайд бол үндэслэлээ яг энэ утгаар тайлбарлаад байгаа шүү дээ? 

-Тэгээд байгаа юм. 2005 оны 02 тоот дүгнэлтийг үндэслэж яриад байгаа. Хүчинтэй байгаа Цэцийн дүгнэлтийг зөрчөөд байгаа учраас хууль бус шийдвэр гаргаад байна гэж тайлбарладаг. Цэцийн дүгнэлт гаргаж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль нь 2016 онд хүчингүй болчихсон. Өөрөөр хэлбэл, Захиргааны ерөнхий хуулийг шинэчлэн баталсан. Мөн Захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг баталсан учраас тухайн хууль хүчингүй болчихсон. Тэгэхээр хүчингүй болсон хуультайгаа хамт Цэцийн дүгнэлт үйлчлэлгүй болж байгаа юм.  Учир нь манайх Англи-Саксоны системтэй улс биш шүү дээ. Өмнө гаргасан Цэцийн шийдвэрийг дараа нь шинээр батлагдсан хуульд шууд дагаж мөрдөх хуульгүй гэсэн үг. Эх газрын эрхзүйн системтэй орон учраас Үндсэн хуулийн болон шүүхийн шийдвэр тухайн хэрэг маргаанд л хүчинтэй байдаг гэсэн үг. 2016 онд хэрэгжиж эхэлсэн хуулийг харин Үндсэн хуулийн цэц Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргачихсан байсан бол тэр дүгнэлтийг хүчинтэй гэж тооцох асуудал байж болно. Хуулиар ингэж тоглож болохгүй ээ. 

-Шүүгчид худалдагдсан байна гэдэг асуудлыг УИХ-ын гишүүд хэлдэг. Эсрэгээрээ Цэц шударга гэж үзээд байна. Цэц улс төрөөс ангид байна уу, шүүх ангид байна уу? 

-Би улс төрийн өнцгөөс тайлбарлахгүй. Ер нь Засгийн газар өөрөө маргааны нэг тал. Нөгөө талд нэг хэсэг иргэд байгаа. Энэ хоёр маргаж байгаа тохиолдолд хоёулаа ялахгүй. Аль нэг нь ялж, нөгөө нь ялагдана. Ялагдсан тал нь янз бүрийн зүйл яриад, давуу эрх бий болгох гээд яваад байгаа нь зохимжтой асуудал биш юм. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудал чинь зүгээр л нэг кейс шүү дээ. Ганц хэргээр далимдуулж, хуулийг бүхэлд нь өөрчилнө гэдэг ардчилсан төртэй улс оронд байж боломгүй асуудал. Тэр дундаа хуулийн хэрэгжилт дор явж байгаа, хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллага нь өөрөө, өөрийгөө шүүхийн хяналтаас гаргаж байгаа нь буруу. Шүүх худалдагдсан гэж ярих нь эрх зүйн үр дагавартай, баримт нотолгоотой ярих асуудал. Хууль тогтоомжийн хууль гэж байгаа. Хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй үндэслэл, үзэл баримтлал, нийгмийн хэрэгцээ шаардлага гээд тодорхой тусгачихсан.

Гэтэл энд бол зөвхөн шалтаг л яриад байгаа юм. Худалдагдсан, худалдагдаагүй гэдэг чинь эрхзүйн маргаан биш л дээ. Ардчилсан төр буюу шинэ Үндсэн хуулийн суурь зохицуулалт Захиргааны ерөнхий хуульд их оройтож орж ирсэн. Бид оруулах гэж олон жил ярьсан. Энэ хуулиар Монголын нийгэмд хөгжил дэвшил авчрах том өөрчлөлт хийгдсэн. Харамсалтай нь эрх баригчид нэг алхам ухарч байна. Захиргааны ерөнхий хуулийн 5.3-д “Монгол Улсын Их хурал, Үндсэн хуулийн цэц, бүх шатны шүүх прокуророос хуульд заасан эрх мэдэл буюу хууль тогтоох, гэмт хэрэг эрхзүйн маргаан хянан шийдвэрлэх онцгой бүрэн эрхийнхээ дагуу гаргасан шийдвэрээс бусад захиргааны чиг үүрэг, шийдвэртэй нь холбогдуулан уг байгууллагыг Захиргааны байгууллагад тооцно” гэж заасан. Өөрөөр хэлбэл, УИХ өөрөө захиргааны байгууллагад тооцогдож байна. Засгийн газраас гадна УИХ нь өөрөө захиргааны шийдвэр гаргавал шүүхийн хяналтад байна гэсэн үг. Гэтэл Засгийн газар нь өөртөө зориулж хууль батлаад, шүүхийн хяналтаас зугтаж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн зорилго, үзэл баримтлалтай огт нийцэхгүй байгаа юм. Энэ өөрчлөлтийн улмаас Захиргааны ерөнхий хуулийн зүйл заалтууд хоорондоо зөрчилдөөнтэй болж, логик уялдаа холбоо нь алдагдчихлаа. 

-Ерөнхийлөгчийн хоригийг МАН-ын бүлэг хүлээж авахгүй гээд мэдэгдчихлээ. Ингээд гүрийсээр байгаад хоригийг хүлээж авахгүй байж магадгүй нь. Цэцэд иргэд гомдол гаргах нь мэдээж. Тэр тохиолдолд иргэний талд шийдвэр гарах гарц байна уу? 

-Цэцийн гаргах дүгнэлтэд эргэлзэж байгаа. Өмнө хэлсэнчлэн, Ерөнхийлөгч­ийн тавьж буй хориг бол УИХ-ыг алдаагаа эргэж хараасай гэсэн сүүлчийн боломж шүү. 2002 онд Үндсэн хуулийн цэц 02 дүгнэлт гаргаад, түүнийгээ улайран хамгаалж байсан. Тэр нь амьдралд нийцэхгүй гэдгийг өнгөрсөн 14 жил харуулсан юм. Ингээд л 2016 онд өөрчилсөн хэрэг. Засгийн газар өөрөө санаачилж, түүнийгээ батлуулчихсан байхад Цэц буруу гэж дүгнэлт гаргана гэдэгт би хувьдаа эргэлзэж байгаа. Ардчилсан төр эргэлзээтэй болж байна шүү дээ. Салбар, салбараар нь Засгийн газар эрх мэдлээ тогтоох гэж байна. Цэц дээр унана гэдгийг мэдсэн бол батлахгүй шүү дээ. Цаана нь хамгаалах хүн байгаа л гэсэн үг. 

-Ер нь сүүлийн үед Засгийн газраас гаргаж буй шийдвэрүүд хэр хуульд нийцэж байна вэ. Засгийн газрын сайд нь давхиж очоод л лиценз цуцлаад, онц байдал тогтоогоод байгаа нь хэр зохистой юм бэ? 

-Ер нь бол Засгийн газар хуулийг биелүүлж, хэрэгжүүлэх зорилгоор үйл ажиллагаа явуулах ёстой. Тэр утгаараа үйл ажиллагааг нь хориглосон, тусгай зөвшөөрлийг нь цуцласан шийдвэр гаргаж байгаа бол маш тодорхой хуулийн заалтыг үндэслэх ёстой юм. Тэр хуулийн гол зохицуулалт нь Захиргааны ерөнхий хуульд суучихсан. Хувь хүний эрх, эрх чөлөө, амь нас, өмч хөрөнгө. Тэнд нь халдахдаа хуулийн зарчмаа л баримтлах ёстой юм. Эрүүгийн эрхзүйн чиглэлийн үйл ажиллагааг бол тусдаа яригдах асуудал. 

-Нөгөөтээгүүр, УИХ-аас гаргаж буй хуулиуд сүүлийн үед дандаа Цэц дээр унаж байна. Мөн Ерөнхийлөгч таван ч хуульд хориг тавилаа. Хууль боловсруулах, батлах УИХ-ын үндсэн үүрэг суларчээ гэж хуульчид дүгнээд байгаа. Та юу гэж дүгнэв. Захиргааны ерөнхий хуулийг ч 20 гишүүн л баталчихлаа? 

-Ерөнхийлөгчийн хориг бүр тодорхой үндэслэлтэй байсан. Сэтгэл хөөрлөөр хориг тавиад байдаг гэж бодохгүй байгаа. УИХ-ын хууль боловсруулах, батлах үйл ажиллагаа маш их суларсан. Салбар, салбарын хуулийг боловсруулах чадвар, байнгын хороогоор хэлэлцэж байгаа чадамж, УИХ-аар оруулж ирээд шүүсийг нь шахаж, хийгүй болгох талаар маш хангалтгүй байгаа. Хуудуутай, тохиолдлын асуудал зохицуулсан хууль гаргадаг болсон. Ийм хуулиуд урт наслахгүй дээ. Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалд нийцэхгүй, чанаргүй хууль их гарч байна. Үүнийг нуух аргагүй болсон. Үүний нэг жишээ л Захиргааны ерөнхий хуулийн өөрчлөлт боллоо. Монгол Улс ардчилсан, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн улс орон гэдгээсээ нэг алхам ухарчихлаа. Ухраад зогсохгүй Үндсэн хуульдаа гар хүрч байгаатай ялгаа байхгүй. Ингээд ухарчихаар одоо хүрсэн байсан түвшингээ эргэж олж авах гэж асар их хугацаа шаардана. Жагсаж тэмцэж, нэг хэсэг хүн хохирсны дараа л буруу байжээ гэж ойлгох байх даа.