ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Мөрдэстнүүдийн яруу алдар мандан бадраг

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-06-04

Монгол Улсын ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн нэрэмжит “Марш бэлтгэлийн цогцолбор тэмцээн найм дахь удаагаа “Таван толгой”-н цэргийн ангид боллоо. 

Энэ удаагийн тэмцээнд Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий төрийн цэргийн болон хууль сахиулах Зэвсэгт хүчний жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Дотоодын цэрэг, Онцгой байдлын ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Дотоод хэргийн их сургууль зэрэг нийт найман байгууллагын 19 багийн 500 гаруй тамирчин, алба хаагч оролцож, ур чадвар, авхаалж самбаагаа сорив. Тэмцээнд төрийн цэргийн байгууллага болон,  Хууль сахиулах байгууллагын  бие  бүрэлдэхүүн оролцдогоороо онцлогтой бөгөөд жилээс жилд чанаржиж байгааг алба хаагчид хэлж байлаа.  Өөрөөр хэлбэл, мөрдөс зүүсэн хүн  бүр, байгууллага бүрийн төлөөлөл энэ тэмцээнд оролцсоор ирсэн юм. 

Тэмцээний нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Батлан хамгаалах бодлого, аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөх, дэслэгч генерал Д.Даваа, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал А.Ганбат, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлагууд оролцлоо.

Марш тактик, тусгай бэлтгэлийн тэмцээн нь жагсаалын бэлтгэл, буудлага, саадтай зурвас, хөнөөлийн голомтод ажиллах гэх мэт олон төрлөөр үргэлжилж алба хаагчдаас цэргийн бэлтгэл сургуулилт, бие бялдар, сэтгэл зүйн тэсвэр тэвчээр, ур чадвар шаардсан олон сорилтой аж. Цэргүүд ч эдгээр уралдаан тэмцээнүүдэд оролцох хичээл, зүтгэл сайтай, бэлтгэл бүрэн хангагдсан, өөртөө итгэлтэй, жавхаалаг байсныг тэмцээн уралдаанаас харж болохоор байв.  Харсан, үзсэн хүн бүр тэднээр бахархаж, огшиж байсныг нуух юун.

Монгол Улсын ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга нийт оролцогч бие бүрэлдэхүүнд хандаж,  “Монголын цэргийн болон хууль сахиулах алба хаагчид дэлхийн халуун цэгүүдэд үүрэг гүйцэтгэх явцдаа хариуцлага, тэсвэр хатуужил, ур чадвараараа гайхагдаж байдгийн нэгэн шалтгаан нь байнгын бэлтгэл сургуулилалт, харилцан ажиллагааг бий болгодог марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн гэж хэлж болно. Энэ тэмцээнд түрүүлэх нь чухал хэдий ч оролцох, багийн ажиллагаагаа чадваржуулах, бие бүрэлдэхүүнээ сорих, хатуужуулах нь нэн тэргүүний зорилт юм. Тайван цагт хөлс их асгавал дайны цагт цус бага урсана гэж мэргэн үг байдаг. Байнгын бэлтгэл сургуулилалт, ямар ч сорилтод бэлэн байх чадвар бол улс орныг батлан хамгаалах, хууль сахиулах үүргээ хариуцлагатайгаар биелүүлэхийн үндсийн үндэс гэдгийг ямагт санаж яваарай”  хэмээгээд тэдэнд амжилт хүслээ. 

Жилээс жилд байгуул­лагуудын оролцоо, цэргийн алба хаагчдийн ур чадвар сайжирч байна. Гаргаж буй чадвар, гардан тулааны үзүүлэх тоглолт өндөр  зэрэглэлд хүрснийг ч шүүгчид хэлж байлаа.  Энэ тэмцээнд орох нь алба хаагчдын хувьд  аль хэдийнэ нэр хүндийн баталгаа болжээ. Зэвсэгт хүчний жанжин штабын Биеийн тамир спортын тасгийн дарга, Монгол Улсын гавъяат дасгалжуулагч, хурандаа  Д.Цог-Эрдэнэ энэ талаар ярихдаа, “Монгол Улсын төлөө зүтгэх тангарагтай  манай алба хаагчид Марш тактикийн цогцолбор тэмцээнд бие биеэсээ ч ур чадварыг суралцаж байгаа нь сайшаалтай. Тэмцээний гол агуулга нь “Монгол Улсын төлөө зүтгэе” гэдэг  энэ үгэнд оршдог юм. Гардан тулааны тэмцээн нь цэргийн алба хаагчийн бие хамгаалах ур чадвар, сэтгэлзүйн тогтвортой байдал, итгэл үнэмшлээ харуулдаг чухал тэмцээний нэг болсон” гэлээ. 

Гардан тулааны тэмцээнд үзүүлэх тоглолтоо тун чадварлагаар үзүүлсэн Дотоодын цэргийн 05 дугаар ангийнхан маш эрч хүчтэй оролцож байв. Тус хамт олон долоо дахь удаагаа оролцож байгаа аж. Тэмцээний талаар тус ангийн  обьект хамгаалах гуравдугаар салбарын харуулчин, ахлагч  Б.Гантулга ийнхүү ярьж байна. “Манай байгууллага 97 жилийн турш зэвсэгт хүчний салбарт үйл ажиллагаа явуулж байна. Энэ удаагийн тэмцээнд илүү их амжилт гаргана гэсэн сэтгэлээр хамт олон маань хичээж байгаа. Дотоодын цэргийн 13 мянган бие бүрэлдэхүүний нэр хүндийг авч гарах гэж энэ тэмцээнд оролцож байгаадаа баяртай байна.  Сая бид жагсаалын өмнөх ажиллагааны гардан тулааны үзүүлэх тоглолтыг үзүүллээ. Хамгийн чухал тэмцээн нь эрчүүдийн тэсвэр тэвчээрийг шалгах, 10 километрийн гүйлт,  марш тактикийн тэмцээн байдаг. Мөрдөс зүүн хүчний байгууллагад  ажиллаж,  марш тактикийн тэмцээнд оролцож байгаа нь хамгийн бахархалтай зүйл гэж би боддог. Бүх хүмүүс энэ тэмцээнд амжилт үзүүлэх нь чухалч гэлээ, оролцох нь маш том нэр хүнд байдаг. Тиймээс тэмцээнд оролцож байгаадаа маш их баяртай байна.” гэлээ.  

Тэмцээний үеэр Хошууч генерал Г.Рагчаагийн нэрэмжит Зэвсэгт хүчний 0311 дүгээр ангид Цэргийн гавъяаны улаан тугийн одонг гардуулах чухал ёслол боллоо. Энэхүү хүндтэй ёслол Монголы улсын ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга тэргүүтэй албаны хүмүүс оролцсон юм. Монгол Улсын Ерөнхийлөгч тус ангийн байлдааны туганд Цэргийн гавъяаны улаан тугийн одонг зүүж, мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр хэлэхдээ, Тус ангид ажиллаж байгаад бэлтгэл болон чөлөөндөө гарсан ахмад  дайчид, Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвийн хамт олонд 33 жилийн ойн баярын мэндийг хүргэж, ажил амьдралд нь өрнүүн амжилтыг хүсье.  0311 ангийн офицер дайчид, бие бүрэлдэхүүн Улаанбаатар цэргийн хүрээний анги нэгтгэлийн байлдааны бэлтгэн сургууль,  буудлага,  жолоодлого, команд штабын сургууль,  тактикийн сургуулиудын бэлтгэл ажил, ар талын  хангалтыг амжилттай гүйцэтгэж ирсэн юм. Тус хамт олон Ирак, Сьерра-Леоне, Косово, Афганистан, 

Чад, Өмнөд Судан, судан  зэрэг дэлхийн халуун цэгүүдэд үүрэг гүйцэтгэсэн 100 гаруй цэргийн баг 17 мянга орчим албан хаагчийг ажиллагааны өмнө сургалтад оруулж энх­ийг  дэмжиж,  ажиллагааны сургалт явуулах зэвсэгт хүчний аварга шалгаруулах цэрэгжилтийн спортын уралдаан тэмцээнүүдийг тогт­мол зохион байгуулж ирсэн анги хамт олон билээ. “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийг зохион байгуулах болсноор гадаадын цэргийн 15 мянга орчим албан хаагчдийг дадлагажуулж, дэлхийн цэрэг хэмээн хүндлэгдэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн хамт олонд энэхүү одонг гардуулж байгаадаа баяртай байна. Дахин баяр хүргэж, улам их амжилтыг  хүсэн ерөөе” гэсэн юм. 

Харин Зэвсэгт хүчний 0311 дүгээр ангийн захирагч, хурандаа Д.Дугаррагчаа “Өнөөдрийн  үйл явдал бол манай ангийн үе үеийн захирагч, дарга, хамт олны хийсэн амжилт бүтээлийг үнэлсэн түүхэн өдөр байлаа.   “Тавантолгой”-н сургалт бэлтгэлд хамрагддаг Монгол Улсын зэвсэгт хүчний цэргийн алба  хаагч, ажиллагааны өмнөх бэлтгэлээ хангаад дэлхийн халуун цэгүүдэд үүрэг гүйцэтгэж буй цэргүүдийн үйл ажиллагааг үнэлсэн,  урам зориг нэмсэн  шагнал гэж бид  харж байна. Удахгүй “Хааны эрэл” сургууль  болно.  Энэ хүрээнд 16 мянган цэргийн албан хаагчийг бэлтгэсэн арвин туршлагатай хамт олон билээ.” гэдгийг онцоллоо

Ийнхүү төрийн цэргийн байгууллага болон,  хууль сахиулах байгууллагын  бие  бүрэлдэхүүн хоёр өдрийн турш хоорондоо өрсөлдөх юм. Нэгдсэн дүн өнөөдөр гарна.