ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Манайх сонгож, бусад нь татгалзах нь

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2019-06-04

Манай улс бүх сонгуулийг нэг хуулиар хийж ирсэн. Харин 2020 оны босгон дээр сонгуулийн хуульд дахин өөрчлөлт оруулж, Ерөнхийлөгчийн, УИХ-ын, Орон нутаг, нийслэлийн сонгуулийг тусдаа гурван хуулиар явуулах шаардлагатай гэж ажлын хэсэг үзсэн аж. Улмаар УИХ-ын сонгуулийг өмнөхөөс өөр зарчмаар явуулах хувилбарыг дэмжээд байгаа юм. 

Өөрөөр хэлбэл, Монгол Улс бүхэлдээ сонгуулийн нэг тойрог болж, намууд 76 гишүүнээ нэр дэвшүүлэх болох аж. 

Харин сонгогч нэг л нэр дэвшигчийг дугуйлах гэнэ. Ингэхээр УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн нэрс саналын хуудас дээр бичигдэж, иргэд нэг л хүнд саналаа өгөх бөгөөд хамгийн олон санал авсан эхний 76 хүн бидний төлөөлөл болж төр түшилцэх нь. Өнгөрсөн хугацаанд УИХ долоон удаа сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулсны дөрөв нь жижиг мажоритар, гурав нь томсгосон мажоритар /олон мандаттай/ тогтолцоогоор сонгуулиа явуулж байжээ. Гэвч, эдгээр хэлбэрүүдийн аль нь ч манай улсын онцлогт таарахгүй гэж үзсэн учир 76 гишүүн нэг тойрог гэсэн тогтолцоог хэрэгжүүлэхээр ажлын хэсэг санаачилсан байна. Энэ асуудалд удахгүй Засгийн газраас санал авах аж. 

Хууль санаачлагчдын үзэж буйгаар иргэд аль нэг нам гэхээсээ илүүтэй нэр хүндтэй тулхтай хүнээр төрд төлөөлүүлэх сонирхолтой байгааг харгалзаж, мөн жижиг тойргийн жалга довны сэтгэлгээг халах зорилгоор эл хэлбэрийг сонгох нь зүйтэй гэж үзсэн байна. 

Азид манайх шиг парламентын засаглалтай 16 улс байдаг. Харин үүний долоо нь бүх нийтийн парламентын сонгуулиа дээр дурьдсан ажлын хэсгийнхний санал болгож буй “ялагч бүхнийг авах” мажоритар системийн дагуу зохион байгуулдаг аж. Мажоритар нь олонх гэсэн утгатай франц үг бөгөөд эл системийн дагуу сонгогчид намуудыг бус тодорхой нэр дэвшигчийг сонгодог юм. Харин  тив бус дэлхийн хэмжээнд авч үзвэл манайх шиг парламентын нэг танхимтай, гишүүдээ бүх нийтээр сонгодог Болгар, Исланд, Кирибати, Кыргызстан, Литва, Македон, Сингапур, Серби, Словак, Турк, Финланд, Хорват, Чрна Гора, Эстони зэрэг 15 улс байдаг аж.  

Энэ системээр нэг саналаар илүү байхад л сонгогддог учир дахин сонгууль явуулах нэмэгдэл зардал гарахгүй давуу талтай. Мөн гишүүд намаас бус, сонгогчдоос сонгогддог тул илүү хариуцлагатай, албан ёсны болгодог байна. Гэхдээ сул тал ч байна. Тодруулбал, том намуудад илүү ашигтай байх бөгөөд улс орныг цөөн, ерөнхийдөө хоёр намын тогтолцоо руу чирдэг. Тухайлбал, АНУ-д Бүгд найрамдах болон Ардчилсан нам, Их Британид Консерватив болон Лейборист намын тогтвортой тогтолцоо бүрдсэн билээ. 

Томоохон улс төрийн намуудад давуу байдал олгох юм. Нэг хүн нэг л хүнд санал өгснөөр сонгогчдын саналын нэлээд хувь гээгдэж, санал хуваагдсаны улмаас дэмжлэг бага нэр дэвшигч сонгогдох магадлалтай болдог.  Түүнчлэн, олонхийн саналыг цуглуулахын тулд илүү популист амлалт бүхий мөрийн хөтөлбөр дэвшүүлэх хандлагатай байдаг байна. 

Үүнээс гадна, жендерийн тэгш байдал алдагдаж, улс төр дэх эмэгтэйчүүдийн дуу хоолой хумигдах боломжтой. Эл асуудлыг дэлхийн олон орон тодорхой тооны суудлыг эмэгтэйчүүдэд хадгалах замаар шийдвэрлэсэн байдаг.  

Мөн манайх шиг үндэстэн ястны өлгий нутаг эл зарчмын дагуу сонгуулийг явуулахдаа илүү болгоомжтой хандах шаардлагатайг түүх бэлхэнээ харуулсан билээ. 

Аргентин, Австрали, Бельги, Кипр, Дани, Хонконг, Леван, Лесото, Мальта, Балба, Голланд, Шинэ Зеланд, Папуа Шинэ Гвиней, Өмнөд Африк зэрэг улс өмнө нь олонхийн мажоратор системийн дагуу сонгууль явуулдаг байжээ. Тэдгээр нь  манайхтай ижил парламентын засаглалтай. Үүнээс Лесотог жишээ татан дурьдая. Тус улс 1966 онд Их Британиас салан тусгаар тогтносон юм.  1970 онд анхны бүх нийтийн сонгууль болсон байх бөгөөд сонгуулийн анхны тогтолцоо болох мажоритар системийг баримталж байжээ. Гэвч, эл тогтолцоо Лесотод хөгжил дэвшил бус, иргэний дайн самуун, зөрчилдөөн авчирсан гэдэг. Эцэстээ тэд 2002 онд сонгуулийн тогтолцоогоо өөрчлөхөд хүрч байжээ. 

Бусад улс ч мөн адил улс орны онцлог хөгжилд тохиромжтой бус гэсэн шалтгаанаар мажоритар системээс татгалзаж байна.