ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Судрын домч

Ц.ЭНХТҮВШИН
2019-06-06

Банзрагчийн Эрдэнэцэцэг хэмээх энэ бүсгүй номын сангийн салбарт энэ насныхаа хөдөлмөрийг зориулж яваа эгэл нэгэн. Он цагийн уртад олны гар дамжин хуучирч, гэмтсэн номуудыг сэргээн засварладаг нарийн мэргэжлийн ховорхон ажил хийдэг бүсгүй. Тэрбээр 1982 онд өндөр хэвлэлийн технологич мэргэжлээр тухайн үед Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Узбек улсын нийслэл Ташкент хотноо суралцаж, төгсжээ. 

Сургууль төгссөн шинэхэн технологич инженер бүсгүйг цагтаа хамгийн томд тооцогдох улсын хэвлэлийн компанид мэргэжлийнх нь дагуу томилжээ.Уг үйлдвэрт ажиллаж байгаад 1989 оноос Үндэсний төв номын санд шилжин ажилласан гэдэг. Удалгүй салбар номын санд технологичоор хуваарилагдан ажиллаж, эхэлснээс хойш өнөөг хүртэл Монголын хүүхдийн төв номын санд ажилласаар байна. Гуч гаруй жилийн хугацаанд түүний засч сэлбэж, сэргээж сайжруулсан номын тоо 10 мянгад дөхнө. Өдөрт хамгийн багадаа л дөрвөөс доошгүй ном засварладаг гэхээр энэ тоо бол тийм ч бага тоо биш юм. Ер нь элэгдэж, урагдаж хуучирсан, тэр тусмаа нэн эртний, хуучны номуудыг засч сэлбэхэд тэр чигээрээ  гар ажиллагаа орно.

Түүнийг номоо сэргээн засварлах гээд хамаг багажаа дэлгээд, халат, маскаа/ амны хаалт/ өмсөөд сууж буйг нь харахад аргагүй л чамбай ажил юм даа гэж бодмоор. Хуучин ном сэргээн засварлах талаар  ямар ч ойлголтгүй надад бол нэг сайн цавуу, жонхуу, наалддаг тууз/ скоч/ байхад л болчихмоор санагдав. Гэтэл миний төсөөллөөс хол зөрж, өчнөөн олон багаж зэвсгийг ашигладаг аж.

Мэс заслын хутга / скальпель/, төрөл бүрийн багс байх юм. Энэ нь адууны дэл, сүүл зэрэг амьтны гаралтай үсээр хийсэн байвал бүр ч сайн гэнэ. Төрөл бүрийн цавуунууд, ялангуяа улаан буудайн болон төмсний гурилаар /крахмал/ хийсэн цавуу нь гол түүхий эд бололтой. Сэргээн засварлагчид хамгийн их хэрэг болдог зүйл цаас гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ японы цаас буюу муутуу, паприус буюу тамхины цаас, хулсан цаас гэх мэт олон төрлийн цаас хамгийн чухал хэрэгсэл нь болдог тухай Б.Эрдэнэцэцэг ярив. Номыг угаадаг гэвэл танд сонин сонсогдож байгаа биз. Тэгвэл их хиртэй, бохирдсон номыг угаадаг гэнэ шүү. Тодорхой хувиар найруулсан савангийн уусмалд номыг угаадаг юм байна. Орчин үеийн номуудыг угаахаас бус хуучны, бүр эртний номыг угаадаггүй.

Тэрбээр Улсын төв номын санд ажиллаж байхдаа зөвхөн цор ганц хувь байх эртний гар бичмэлүүдийг сэргээн засварлаж байсан тухайгаа хуучилсны дээр 1662 онд анх зохиогдсон алдарт Саганцэцэнийн  “Эрдэнийн товч”-ийг гурван сар гаруй сэргээн зассан нь түүний нэг бахархал гэнэ лээ. Арга ч үгүй биз. Хагас мянганы өмнө бичигдсэн тэр үнэт бүтээлийг нүдээр үзсэн нь бахархаж, байхад гар хүрэх хувь хэн хүнд амар тохиох уу. Үнэхээр л бахархахаас ч яах вэ. Энэ талаар ярихдаа “1662 онд бичигдсэн гэх энэ “Эрдэнийн товч” хуйлмал судар бол Ордосын түүхч Сагансэцэн туурвисан “Хаадын үндэсний эрдэнийн товч” нэрт түүхэн сурвалжийн хуйлмал хувилбар. Уг түүхэн сурвалж олон янзын хуулбар эхээр уламжилж ирсэн байдаг.

Монголчуудын ном соёлын түүхэн дэх хамгийн урт ном болох энэхүү хуйлмал өвийг хэдэн онд хэн бичсэн нь тодорхойгүй гэдэг ч бичгийн тиг хэлбэрээс үзвэл XIX зууны сүүл, XX зууны эхэн үеийнх байх магадлалтай хэмээн номын мэргэд үздэг юм билээ.  Судар бичгийн хүрээлэнгийн анхны дарга Онхудын Жамьян гүн 1924 онд Авга нараас олж ирсэн түүхтэй гэдэг. Монгол Улсын Засгийн Газрын 2012 оны 105 дугаар тогтоолоор түүх соёлын ‘ХОСГҮЙ ҮНЭТ’ өвд бүртгэсэн байдаг юм. Энэхүү хуйлмал ном нь одоо Монголын Үндэсний төв номын сангийн ховор үнэт номын музейд байдаг юм шүү дээ. Энэ ном цэвэр муутуу цаасан дээр хар бэхээр бичсэн ном юм.

Хэсэг, хэсэг болоод урагдчихсан байсан” хэмээлээ. Энэ хуйлмал номын урт нь 71.1 метр бол өргөн нь 21.8 см, номын жин нь 825 грамм бөгөөд энэ номыг Б.Эрдэнэцэцэг 2006 онд сэргээн засварлажээ. Сүүлийн үеийн номын чанарын талаар тодруулахад “Номын элэгдэл, хоргодол гэж ярихаас илүүтэй сүүлийн үед цавуун бэхэлгээний чанар маш их муудсан байна. Номыг нээнгүүт л шилээ дагаад ном хуудас, хуудсаараа салдаг болсон. Энэ нь дахиад нэг хэвлэх үйлдвэр ажиллах шаардлагатай болж байна гэсэн үг шүү дээ.

Ном сэргээн засварлах гэдэг нь өөрөө маш их нарийн ажил. Номын санд ямар ном их гэмтэж байна вэ гэхээр гэрээр олгогдсон номонд ихээхэн гэмтэл их гардаг. Хүүхдийн номонд хэвлэх үйлдвэрүүд ихээхэн анхаарах хэрэгтэй. Айхтар зузаан шохойтой цаасан дээр хэвлээд ном нь даах аргагүй хачин хүнд хавтас хийчих юм. Ном нь хавтсаа дийлэхгүй, хэвлэлийн чанараас болж амархан гэмтдэг номуудыг сүүлийн үед их засч байна. Биднийг чадавхжуулах, шинэ технологитой танилцуулах, суралцуулахад манай номын сангаас их анхаардаг юм. Намайг гэхэд  АНУ, ОХУ-д ном судар сэргээн засварлах чиглэлээр сургалтад хамруулан сургасан.

Гадны тэр сургалтууд хэн дуртай нь очоод зүгээр юу ч хамаагүй нэг лекц энэ тэрд суусан болоод ирдэггүй нь их сайхан юм билээ. Бүгд программтай. Би гэхэд л хатуу хавтас, ширэн хавтсаар номыг хэрхэн хавтаслах, тийм номуудыг хэрхэн засварлаж, сэргээх чиглэлээр гүнзгийрүүлэн суралцаад ирсэн. Ном сэлбэх сэргээн засах материал, багаж хэрэгсэл зэрэг нэг үеийг бодоход элбэг болсон. Улсын архив нэгэн төсөл хэрэгжүүлж тэр шугамаараа төрөл бүрийн цаас, материалууд оруулж ирдэг,бүх материалууд нь хангалттай” хэмээв.

Ном засварлахад цавуу, жонхуу байхад болно доо хэмээн ташаа бодож явсныг минь таах шиг л болж “Номын хуудсыг сэргээн засварлана гэдэг чинь номыг хуудас нэг бүрээр нь салгаж номын хуудсаа нэг нэгээр нь сэргээн засварлана гэсэн үг юм. Эхлээд тухайн номоо сайтар шинжинэ. Ямар гэмтэл байна, ямар материалаар яаж засах вэ гэх мэт. Савангийн уусмалаар угаана, дараа нь урагдсан хэсгүүдийг нөхнө, бэхэлнэ. Урагдсан хэсгийг нөхөхдөө уг ном шиг цаасыг олно. Үсэг дутсан бол ижил номноос харж нөхөж бичнэ. Зураг дутсан бол зурна гэх мэт ажиллагаа их шүү дээ. Хавтасны цаас, картон гээд маш олон зүйлийн материал их хэрэгтэй” хэмээн нэгбүрчлэн тайлбарлаж өгөв.  Номын гэмтэл нь арьс, ширэн хавтастай гэдгээрээ өөр, өөр.

Мөн шохойтой цаас уу, хими физик талаас нь бол муудсан, шарласан, харласан, хөгцөрсөн гэх мэт тус тусдаа гэмтлийг засах программтай ажээ. Гэмтсэн ном бүр хүнээр ярьвал өөр, өөр оноштой гэсэн үг. Тиймээс түүнийг сэргээх буюу эмчлэх “эмчилгээ” нь ч өөр байдаг ажээ. Ямар технологиор засах вэ гэдэг нь ч өөр хэмээлээ. Сүүлийн үед таны энэ мэргэжлийг хэр олон залуус их сонирхож байна хэмээн асуухад “Манай мэргэжлээр залуус их бэлтгэгдэж байна. Соёлын өвийн төв, архив гэх газрууд маш сайн ажиллаж байгаа” гэсэн хариулт өгөв. Б.Эрдэнэцэцэгийн хийж буй ажлыг сонирхож, өдөржин хажууд нь суухад хором ч зүгээр суухгүй босч, суун ажилласаар байв. Сэргээн засах, сэлбэн засах гэдэг нь тэс өөр зүйл гэдгийг ойлгоод гарав.

Сэргээн засах ажил алт, мөнгөний орцтой, ховор, нэн ховор хуучны ном, гар бичмэл, судар, газрын зургуудад ихэвчлэн хийгддэг бол хамгийн их уншигддаг буюу өөрөөр хэлбэл эрэлт, хэрэгцээ ихтэй номын гэмтлийг сэлбэн засдаг ажээ. Номын сангаас хамгийн их авч уншдаг номууд хавтас нь салахаас эхлээд хуудас дутах, урагдах, ханзрах зэргээр элэгдэл, хоргодол их байдаг аж. Тиймдээ ч богино хугацаанд тухайн номыг бүрэн бүтэн болгохыг “сэлбэн засах” гэж ойлгов. Сэргээн засах ажил урт хугацаа шаарддаг, нарийн ажиллагаа ихтэй бол сэлбэн засах ажил аль болох хурдан хийгдэх шаардлагатай байдгаараа онцлогтой юм билээ.  

Хэвлэлийн чанараар хамгийн сайн ном хэдий үеийн ном бэ гэдгийг түүнээс асуусан юм. Б.Эрдэнэцэцэгийн хэлж буйгаар бол Германд хэвлэгдсэн номнууд аль ч цаг үеийн орчин цагийн залуусын хэллэгээр “best” нь байдаг аж. Манай улсын тухайд 1960, 1970-аад онд хэвлэгдсэн номууд эдэлгээ сайтай байдаг аж. Тэрбээр, үргэлжлүүлэн “Номыг уншиж, хэрэглэхээс гадна хадгалалтад ч анхаарч хэвлэх хэрэгтэй санагддаг. Зөөлөн хавтастай, муу цаастай номыг босоогоор нь өрөхөд үзүүрээсээ эхлээд нугарч, урагдаад эхэлдэг. Чийг авах нь амархан гээд сүүлийн үеийн ном хэт хээнцэрээс цаашгүй болчихсон. Иргэд ч гэсэн авсан номуудынхаа хадгалалт хамгаалалтад сайн анхаарах хэрэгтэй.

Хурц биш гэрэлд /50-60 люкс/ буюу гэрлээс аль болох хол газар, зарим тохиолдолд картон хайрцагт хадгалах нь зохимжтой” гэлээ. Сүүлийн үед хувь хүмүүс “Судрын домч”-ийг маань залж, гэрийнхээ номыг ариутгуулж, цэвэрлүүлэхээр залдаг болжээ. Б.Эрдэнэцэцэг хоёр хүүхэдтэй. Хань Б.Пүрэвдорж нь Москвагийн Кино урлагийн дээд сургуулийг зураглаач мэргэжлээр төгссөн киноны зүтгэлтэн. Тэрбээр “Нохойн орон” киноны зураглаач бөгөөд өдгөө Өвөр Монголын өөртөө засах оронд багшилж байгаа аж.

Б.Эрдэнэцэцэг амралтаа аваад БНХАУ-д очиж Хятадын хуучны ном сэргээн засварлагч Жи Шилагийн урлангаар зочлоод амжжээ. Судрын домч маань чөлөөт цагаараа интернет орчноор зугаалж, орос хэл дээр шинэ соргог сайхан мэдээ, мэдээлэл олж уншдаг гэнэ лээ. Тэр оросоор ус цас л ярьдаг юм билээ. Түүний аав ЗХУ-д худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхад Б.Эрдэнэцэцэг Москвагийн 169 дүгээр сургуульд суралцаж, төгсчээ. Өөрөөр хэлбэл, тэр унаган орос хэлтэй. Түүнийгээ ашиглаж, ажилтайгаа холбоотой шинэ технологи, мэдээллийг олж авдаг хэмээн хуучлав. Бидний яриаг “дуусгая” гэх шиг элэнц, хуланцаасаа уламжлагдан ирсэн хуучны судар барьсан нэгэн хүн орж ирэн “Судрын домч”-оос маань зөвлөгөө авахаар өмнө нь судрынхаа баринтагийг дэлгэлээ.