ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Аглаг тайгаас ардын багш болсон зам

O.Admin
2018-04-30

Чингэлтэй дүүргийн 247 дугаар цэцэрлэгийн хөгжмийн багш, эгэл хэрнээ эгэл бус амьдралыг туулж ирсэн залуухан тайгын бүсгүйг энэ удаагийн эгэл амьдрал буландаа урилаа. Тохиролцсон ёсоор товлосон цагтаа түүний ажил дээр очив. Гарч ирэхийг нь хүлээх зуур түүнийг төсөөлөхдөө даруухан, бүрэг бүсгүй байх болов уу гэж бодож зогслоо. Гэтэл гурван давхрын шатаар өндөр өсгийт өмсөж, дүрлэгэр нүд эргэлдүүлсэн царайлаг, хээнцэр “хотын” бүсгүй бууж ирэв. Хэн ч харсан түүнийг өндөр уулс, өтгөн шугуйт аглаг тайгын охин гэж хэлэхгүй.

Сайхан инээмсэглэж, зөөлөн ярих энэ бүсгүйг Солонгоо гэдэг. Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Зүүн тайгад төрж, хүүхэд насаа Өртөнгурхийн хөндийд цаа унаж, уул хадаар хөл нүцгэн дэгдэж өнгөрөөсөн ажээ.

Үлгэрийн оронд өнгөрүүлсэн хүүхэд нас

Хотын цэцэрлэгийн дуу хөгжмийн багш, Улаанбаатарын суугуул иргэн, үзэсгэлэнтэй бүсгүйг 20 жилийн өмнө аглаг тайгын гүнд ээжийнхээ хамт урцанд аж төрж, саарин нүүрт, улаан хацарт, хөл нүцгэн бяцхан охин байсан гэж хэн төсөөлөх билээ. Түүний бага нас үлгэрийн гэмээр үзэсгэлэнтэй Өртөнгурхи гэх буйдхан хөндийд өнгөрсөн аж. Түүний зураглан ярьснаар өндөр өндөр сарьдгаар хүрээлүүлсэн, хивс дэвссэн мэт өнгийн цэцэг найгасан, ардаа хүрхрээтэй, өвөртөө даваатай, даваан дээр гараад харахаар тайгын айлын урцан гэрүүд хөмөрсөн аяг шиг жижигхэн харагддаг тийм л үзэсгэлэнтэй газар гэнэ лээ. Тэрбээр Өртөнгурхийн зуслангаа, тэнд ээжтэйгээ өнгөрүүлсэн зүүд мэт жаргалтай он жилүүдээ дурсах ярих туйлын дуртай. Жижигхэн урцан гэртээ хоёр ах, гурван эгч, ээжийнхээ хамт хоёр идэж хоосон хонохгүй өссөн, айлын бага, ээжийн эрх охин. Тэдний амьдрал хангалуун сайхан байгаагүй ч хөдөлмөрч ээжийнхээ ачаар мөр бүтэн өсөцгөөсөн хэмээн ярив. Ээжийнхээ хийсэн ээтэн гутал, ногоон цоохор тоодон дээлээр гоёж өсчээ. Тайгын хүүхдүүдийн л нэгэн адил зундаа голын чулуу, талын цэцэг, бургас мөчрөөр тоглож өссөн байна. Үеийн хүүхдүүдтэйгээ өдөржин уул хадаар хэрэн явж, жимс самраар хооллон үдшийн бүрийтэй уралдан урцан гэртээ ирдэг томоогүй хүүхэд байжээ. Тавхан настайгаасаа тайгын бартаад замын нүүдэлд ээжтэйгээ цаанд ачаа ачилцаж, ганцаар цаа хөлөглөн явж сурсан тэрбээр хэрсүү сэргэлэнгээрээ отгийнхондоо гайхагддаг байсан гэдэг. Эмнэг цаа сургаж, хээрээр гэр, хэцээр дэр хийн ядмаг эр хүнээс илүүтэй эршүүд охин байсан хэмээн хүүхэд насаа дурсав.

Сурагч болсон түүх

Тэрбээр долоон настайдаа анх удаа тайгаасаа гарч, сурагч болохоор ээжийнхээ араар моринд сундалж Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын төвийг зорьж байжээ. “Сурагч болохоор явж асан тэр зам бороотой, хяруутай, дурсамжтай зам байсан даа” хэмээн инээсэглэн дурслаа. Сумын төв хол тул замдаа ээжийнхээ өвөрт берзинтээр хучин хээр хонож, шөнөжин бороонд цохиулан, намрын хяруут өглөө сурагч болох замдаа гарснаа нандигнан ярьсан юм. Ингэж л анх удаа байшин гэдэг зүйлийг харж, тэрүүхэндээ л юм үзэж нүд тайлжээ. Түүнийг ээж нь холын хамаатныдаа захиж үлдээгээд алс тайгадаа харихаар мордоход мэдэхгүй газар, танихгүй шахам хүмүүсийн дунд сэтгэл түгшсэн бяцхан охин нулимс урсган үүдэж байсан хэмээн ярилаа. Охиноо сурагч болгочихоод буцаж яваа ээжийгээ сумын төвийн хөтөл давтал нь айлын гадаа уйлж зогсч билээ гээд инээмсэглэх түүний сайхан төрхний цаана далдын далд хөнгөхөн гуниг цухуйж байх шиг.

Кино жүжигчин байлаа

Угийн сэргэлэн цовоо тэрбээр онц сурлагатан байжээ. Сурагч байхдаа Япон Улсын уран бүтээлчдийн хийсэн Монголын тайгынхны тухай баримтат кинонд ч тоглоод авсан гэнэ. Түүнийг багад жуулчид тайгад баримтат кино хийхээр их очдог байсан тул ийнхүү кинонд тоглох боломж олджээ. Тайгын бяцхан авьяастантай хэдийнэ танил болсон зураг авалтын багийнхан сургуулиас нь чөлөө авч гэрт нь дагуулж очиж кино хийдэг байсан аж. Энэ тухай тэрбээр “Гэртээ харих болсондоо хагартлаа баярлаж, шуудайд хувцсаа чихэж аваад бөөн баяр явдаг байж билээ” хэмээн ярина. Багын дуулах авьяастай учраас томчуудын дуулсан дууг нэг удаа сонсоод л сурчихдаг байсан тул нэлээд олон дууны сантай. Тэдний тайгад жуулчид очиход сэргэлэн Солонгоо дуулж өгдөг байжээ. Гэтэл нэгэн зун сумын төв рүү гурил будаандаа явсан ээжийгээ хүлээн эгчтэйгээ гэртээ байж байтал том цагаан машин тэдний отогт ирсэн байна. Тэр машинаас Солонгын нагац ахаасаа сурсан цаатан ардын дуу яг түүний дуулснаар сонсогдож байх нь тэр. Өмнө жил түүний жуулчдад дуулж өгсөн дууг хэлмэрч нь кассетад бичүүлэн түүнд бэлэглэхээр ирсэн нь тэр байв. Тэр кассет ээжийнх нь ачмаганд одоо хүртэл хадгалаастай явдаг хэмээн ярилаа.

Суян удганы хуурай зээ

Тэрбээр Жангас тайгын алдарт Суян удганы хуурай зээ охин. Их удганы зээ болсон түүх бас л эгэл бус. Тэрбээр хоёр настай байхдаа хүндээр өвдөж, найдвар тасарч ээж нь тэнгэр хол, газар хатуу тэвдэж байхад тэдний отгын Суян удган хэмээх их улаач түүнийг амьдруулсан хэмээн ярив. Тайгынхан угаас бөөгийн шүтлэгтэй ард түмэн. Тэд онгодыг ээрээн хэмээн нэрлэдэг байна. Их удганы ээрээн амьдрал хайрласан болохоор эртнээс өдгөөг хүртэл шүтэж ирсэн ээрээндээ жил бүр очиж мөргөж залбирдаг хэмээн ярилаа.
Сурагч байхдаа ч сургуульдаа нэртэй дуучин охин байжээ. СУИС-ийн оюутан болохоор 2008 онд ээжийнхээ хамт улсын нийслэл Улаанбаатарыг анх үзжээ. Энэ тухайгаа ярихдаа “Ээж бид хоёр хотод ирээд очих айлгүй дэмий л Драгон дээр хэсэг зогссоноо, энд нутгийн танил хөгшнийх байдаг гэж сонссоноо санаж сумын холбоо руу утасдсан. Тэрүүхэндээ л бөөн юм болж байж тэр айлыг олж билээ” хэмээв. Энэ дурсамж нь түүний хамгийн сайхан дурсамжуудын нэг байх гэлтэй хөгжилтэй инээх аж. Хотын амьдрал түүний хувьд тийм ч дардам сайхан байгаагүй ажээ. Хэл ярианаас эхлээд түүний “зовлон” их. Тэр бол анхны цаатан оюутан. Үймээнт хотын амьдралд идээшихгүй багагүй зовсны эцэст элссэн сургуулиа орхиод нутгийн зүг зориг шулуудан буцсан байна. Гэвч хувь тавилан түүнийг аглаг тайгын гүнд цаа маллан амьдрах замд хөтлөөгүй юм. Гурван жилийн дараа эргэн ирж СУИС-ийг Хөгжмийн багшийн мэргэжлээр дүүргэжээ. Өдгөө тэрбээр хоёр хүүхдийн ээж, баруун хязгаар Увс нутгийн бэр. Түүний туулж өнгөрүүлсэн 29 жилийн амьдрал энгийн хэрнээ эгэл бус, зүүд зэрэглээ шиг он жилүүдээр дүүрэн. Сэтгүүлч миний бие түүний зүүд шиг сайхан нутаг, хүүхэд насны дурсамжид автаж тэр үлгэрийн орныг, тэнд гүйх хөл нүцгэн жаахан охиныг төсөөлөн харж суухад хөөрхөн эгч дуу аялав. Багадаа дуулдаг байсан цаатан ардынхаа дууг дуулахдаа холын холд байгаа аглаг тайга нутгаа, хүүхэд насаа, хайртай ээжийгээ уяран бодвуу гэлтэй давхраат алаг нүдэнд нь нулимс дүүрээд ирлээ.